Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2019/01967

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 52,029,480 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Б ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу тус компанийн захирал Ч.Т-ийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, хуучин 22-н товчоо Магнай трейдын агуулахын баруун урд байрлах газар дээр 2 давхар оффисын барилга, сэндвичэн гражийн хамт барьж өгөхөөр болсон. Талууд гэрээг бичгээр байгуулахаар төсөл хэлбэрээр харилцан санал солилцож байсан боловч Б ХХК-ийн зүгээс барилгын ажлыг дулааны улиралд яаралтай гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 5 дугаар сард манай туслан гүйцэтгэгч Л ХХК ажлаа эхэлсэн. Л ХХК нь манай компанид төлөх ёстой төлбөртөө уг барилгын ажлыг хийж гүйцэтгэх, материалын зардлыг манай компани өөрөө гаргахаар тохирсон байсан юм. Гэтэл захиалагч Б ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцад бичгээр гэрээ байгуулж нөхцөлийг нарийн тохиролцоогүй, барилгын зураг төсөл байхгүй байдлыг далимдуулж барилгын нөхцөлийг нэмэгдүүлсэн шаардлага удаа дараа тавьж байсан тул талуудын хооронд маргаан гарч аргагүйн эрхэнд ажлаа зогсоосон. Бидний хийсэн тооцоогоор тус барилгад ажлыг гүйцэтгэх хугацаанд Л ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 19,739,880 төгрөг, манай компаниас гаргасан материалын зардал 32,289,600 төгрөг, нийт 52,029,480 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахад тээврийн зардалд 2,000,000 төгрөгийг оролцуулан нийт 54,029,480 төгрөгийг шаардсан боловч тээврийн зардлын баримтыг гаргаж өгч чадаагүй тул 2,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулж байна. Иймд манай компанийн тус барилгын ажилд оруулсан хөрөнгө болох 52,029,480 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 251,656,500 төгрөг гаргуулан манай Б ХХК-д олгохоор шийдвэрлэж байсан бөгөөд Х ХХК нь энэ үүргээ гүйцэтгэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах манай компанийн барилга болох цутгамал бетон бүтээц /карказ/ нь боссон 2 давхар офиссын барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Ийнхүү харилцан тохиролцохдоо Х ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэх болон материалын зардлыг өөрөө хариуцан гаргах байсан. Гэтэл гүйцэтгэгч Х ХХК-ийн зүгээс барилгын материалаа цаг тухайд нь нийлүүлэхгүй барилгын ажлыг удаашруулж, ажилчид нь сул зогсолт хийж тохиролцсон хугацаанд дуусгаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул талуудын хооронд маргаан үүсч 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил зогссон. Х ХХК нь Л ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлж байсан нь үнэн бөгөөд Л ХХК нь эхлээд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ажил гүйцэтгэж байсан боловч нэхэмжлэгчийн хийж байсан ажил зогссоноос хойш манай компанитай гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед Х ХХК нь уг хугацаанд 1 дүгээр давхрын шалны тэгшилгээний ажил, гадна блок болон дотор өрөө тусгаарлах ханын өрлөг, парапетны өрлөг, дээврийн ажил, гадна фасадны хөөс хадах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байсан. Уг ажлын үнэлгээг зах зээлийн ханшаар тооцвол ажлын хөлсөнд нэхэмжилж байгаа 19,739,880 төгрөгт огтхон ч хүрэхгүй юм. Мөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд оруулсан гэх материал нь бодитой биш бөгөөд хийсэн ажлаас нь материалыг тооцож үзэхэд 32,289,600 төгрөгт хүрэхгүй. Бидний тооцоолсноор ажлын хөлс 9,390,000 төгрөг, материалын зардал 14,195,600 төгрөг, нийт 23,585,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 28,443,880 төгрөгийг эс зөвшөөрч байна гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар, цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Б ХХК-д холбогдуулан 52,029,480 төгрөг шаардсаныг хариуцагч 23,585,600 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахад 54,029,480 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны явцад тээврийн хөлсөнд хамаарах 2,000,000 төгрөгийн хэмжээгээр бууруулсан байна.

Х ХХК нь Б ХХК-ийн захиалгаар Сонгинохайрхан дүүрэгт, хуучин 22-ын товчоонд байрлах 2 давхар ажлын байр (оффис)-ны зориулалттай барилга, сэндвичэн гражийг барих ажлыг гүйцэтгэгч өөрийн материалаар гүйцэтгэхээр аман тохиролцоо хийжээ. Барилга байгууламжийг төлөвлөх, ажил гүйцэтгэхэд шаардлагдах загвар зураг, эскиз, техникийн болон ажлын зураг, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг зураг төсөлгүй байжээ. Барилгын ажлыг туслан гүйцэтгэгч Л ХХК нь гүйцэтгэж, талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хүлээлцсэн тухай баримт үйлдээгүй байна. Эдгээр үйл баримтад талууд маргаагүй ба зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Харилцан тохиролцсон нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

Мөн талууд гэрээний харилцааг дуусгавар болгосон (цуцлах, татгалзах) шалтгаан, журмын талаар маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Х ХХК нь биет байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын зардлыг захиалагч Б ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь газар шорооны ажил (гараар тэгшилгээ хийх), гадна блокон өрлөг, хар шал цутгах, 12 см-ийн зузаантай хананы тоосгон өрлөг, дээврийн ажил, парапетны өрлөг, барилгын фасадны хөөс хадах ажлын хөлс 19,739,880 төгрөг, дээрх ажилд хамаарах материалын зардал, түүнчлэн сантехник, цахилгааны ажлын гүйцэтгэлд хамаарах материалын зардалд 32,289,600 төгрөг, нийт 52,029,480 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч нь гадна блокон өрлөг, хар шал цутгах, 12 см-ийн зузаантай хананы тоосгон өрлөг, дээврийн ажил, парапетны өрлөг, барилгын фасадны хөөс хадах, сантехник, цахилгааны ажил гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөвч талбайн хэмжээ, материалын зах зээлийн үнийг эс зөвшөөрчээ. Харин дээврийн ажлыг гүйцэтгэсэн боловч борооны ус гоожих тул чанарын шаардлага хангаагүй хэмээн эс зөвшөөрч, газар шорооны ажлыг гараар тэгшилгээ хийх шаардлагагүй байсан, хариуцагч байгууллагаас тоног төхөөрөмж гарган хийсэн гэж үзжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд 9,390,000 төгрөг, материалын зардал 14,195,600 төгрөг, нийт 23,585,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсний талаарх шаардлага нь Х ХХК болон Л ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 18/10 дугаар гэрээгээр тогтоогдоно гээд гэрээгээр Л ХХК нь Х ХХК-д төлбөл зохих төлбөрт Б ХХК-ийн барилгын ажлыг 19,739,880 төгрөгийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн болохыг дурджээ. /хх-5-8/

Хариуцагч нь тухайн үед хяналтын инженерээр ажиллаж байсан О.Э нь Х ХХК-ийг 5,735,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухай тооцоо гаргасан хэмээн тооцооллыг гаргаж өгчээ. /хх-89/ Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар барилга байгууламжийн төсвийн тооцоог хараат бус мэргэшлийн зэрэгтэй төсөвчин хийж гүйцэтгэхээр заасан бөгөөд энэ тохиолдолд төсвийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үндэслэл бүрдэнэ. Харин хяналтын инженер төсөв гаргаж байгаа энэ нөхцөлд уг тоо хэмжээ, зах зээлийн үнэ зэрэг нь бусад баримтаар нотлогдож гэмээ нь шүүх эргэлзээгүй гэж үзнэ.

Түүнчлэн дээврийн ажил биет байдлын доголдолтой хэмээн хууларсан хар цаас, дээврээс дусаал гоожсон байдалтай фото зураг гаргаж өгчээ. Эдгээр фото зураг маргаан бүхий барилгын зураг мөн гэж үзэхэд эргэлзээтэйн зэрэгцээ гэрч О.Э-ын . . . дээврийн хувьд мэргэжлийн хүний зүгээс засварлах боломжтой . . ., гэрч М.Б-ын . . . фото зургаас харахад механик гэмтэл авсан байна гэх мэдүүлгээс дээврийн ажлыг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна. Газар шорооны ажлыг гараар тэгшилгээ хийх шаардлагагүй гэж тайлбарласан боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тул Л ХХК болон Х ХХК-ийн хоорондын гэрээ, ажил хүлээлцсэн актад дурдсан тоо хэмжээ, үнийн дүнг хариуцагч талаас гаргаж өгсөн баримт үгүйсгэж чадаагүй гэж үзлээ.

Иймээс хариуцагч Б ХХК-аас нэхэмжлэгч Х ХХК-д ажлын хөлсөд төлбөл зохих төлбөрийн үүрэг нь 19,739,880 төгрөг байна.

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд хамаарах материалын зардалд 32,289,600 төгрөг гарсан хэмээн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдөрт хамаарах зарлагын баримт, М.Г-өөс мөнгө шилжүүлсэн тухай банкны дансны хуулгыг баримтаар гарган өгчээ. /хх-11-35/ Хавтаст хэргийн 13, 22, 27, 33 дахь талд авагдсан баримт нь барилгын материал худалдан авсныг гэрчлэх баримт гэж үзэхэд эргэлзээтэй, 34-35 дахь талт авагдсан Х ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх М.Г-ийн банкны харилцах дансны гүйлгээний хуулгаас компанийн нэрийн өмнөөс барилгын материал худалдан авсан гэж дүгнэхэд мөн эргэлзээтэй байна. Үлдэх зарлагын баримтууд нь цахилгаан, сантехникийн материал худалдан авсан баримтууд бөгөөд хариуцагч тал уг зардлыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймээс материалын зардлыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу гадна блокны өрлөгт 5,479,500 төгрөг, дотор хананы өрлөг, парапетны өрлөгт 2,600,100 төгрөг, гадна фасад 3,108,000 төгрөг, элс, цемент 750,000 төгрөг, сантехникийн материал 1,363,000 төгрөг, суурилуулалт 1,135,000 төгрөг, цахилгааны материал 910,000 төгрөг, нийт 15,330,600 төгрөгийн зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хх-88-92/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ХХК-аас ажлын хөлс 19,739,880 төгрөг, материалын зардал 15,330,600 төгрөг, нийт 35,070,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 16,959,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 35,070,480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 16,959,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 428,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 333,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН