Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2017/03793/И |
Дугаар | 001/ХТ2021/00278 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00278
Д.Б.ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1464 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.Б.
Хариуцагч: Ж.Э.
нэхэмжлэл: зээлийн гэрээний үүрэгт 4,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ж.Э.ийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б., хариуцагч Ж.Э., хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ж.Э.тэй зээлийн гэрээ байгуулж, 2013-01-28-ны өдөр 2 сая төгрөг, 2013-04-08-ны өдөр 2 сая төгрөг, нийт 4 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч 4 сая төгрөгийн зээл аваад 2014 онд 1 сая төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3 сая төгрөг, хүү 180,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,680,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: 2013 онд 2 сарын зайтай 2 сая төгрөг зээлж, тус төлбөрийг 2013 онд төлсөн. 2013-04-08-ны өдөр Д.Б.тай 1 сарын зээлийн гэрээ байгуулсан боловч Д.Б.аас мөнгө хүлээж аваагүй. Нэхэмжлэлийн шаардах эрх эхний зээлийн гэрээний дагуу 2013-02-28-ны өдөр, хоёр дахь зээлийн гэрээний дагуу 2013-05-08-ны өдөр үүсч, 2016-05-08-ны өдөр дуусгавар болсон. Д.Б. нэхэмжлэлээ 2017-11-21-ний өдөр гаргасан байдаг. Тухайн өргөдөл гомдол гаргасан гэдэг нь СБД-н прокурорын газрын прокурор н.Бат-Очирын нэхэмжлэгчид олгосон мэдэгдэх хуудас байгаа. Тус мэдэгдэх хуудаст тухайн өргөдөл, гомдлыг н.Болорчулуун, Б.Д. нарт холбогдуулж гаргасан гэх хариу өгсөн байгаа. Харин Ж.Э.т холбогдуулж өргөдөл, гомдол гаргаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ж.Э.ээс 4,180,000 төгрөг гаргуулж, Д.Б.д олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид Ж.Э.ээс 81,830 төгрөгийг гаргуулж Д.Б.д олгож, нэхэмжлэгчээс төлсөн 89,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1464 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Б. Ж.Э. нарын хооронд 2013-01-28, 2013-04-08-ны өдөр тус бүр 2 сая төгрөгийг нэг сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ тус тус байгуулсан нь ИХ-н 281.1, 282.1-г тус тус зөрчөөгүй гэж шүүх дүгнэжээ. ИХ-н 281.1-р зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх талаар заасан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Зээлийн гэрээнд заасан 2 сая төгрөгүүдийг нэхэмжлэгч гэрээг нотариатаар баталгаажуулах үед өгсөн үү, эсхүл хэдийд ямар нотлох баримтаар хариуцагчид хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй байхад мөнгийг Д.Б.ынх гэдгийг ямар нотлох баримт үндэслэсэн талаар тодорхой заагаагүй, хяналтын шатны тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байна. Хариуцагч гэрээний зүйл болох 4 сая төгрөгийг түүний хамтран амьдрагч Б.Д.гээс авсан гэж марган түүнд төлөлт хийж байсан талаарх бичгийн баримт болох Ж.Эрдэнчимэгийн Хаан банкны депозит дансны хуулбар... мобиал банкны гүйлгээ хийж байсан талаар /хх32-35/ нийт 1сая төгрөгийг дансаар төлсөн байхад түүнийг Д.Б.д төлсөнгүй гэж нотлох баримтаар үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Хэрэгт мөн бор өнгийн тэмдэглэлийн дэвтэрт 2014-04-13-нд Б.Д.д 1 сая төгрөг өгч байсан баримтыг хавсаргасан үзлэг хийж баталгаажуулаагүй. Б.д 2014-04-14-нд Б.Д.тэй хамт явж байхдаа Б.Д.д өгсөн 1 сая төгрөгийг үнэлсэн. Мөн гэрч Б.Болорчулууны мэдүүлгийг шүүх үнэлэх боломжтой байхад үнэлсэн үнэлээгүй нь тодорхой биш зөвхөн зээлийн гэрээ хийгдсэн зээлдэгч зээлдүүлэгчийн хоорондын харилцааг үнэлж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ гэснийг зөрчсөн. Ж.Э. нь 2013-01-28-нд зээлсэн 2 сая төгрөгийг Б.Д.гээс хүсэл зоригоо илэрхийлж авсан учраас төлж барагдуулсны дараа дахин 2013-04-08-нд 2 сая төгрөгийг зээлэхээр тохиролцсон боловч цувуулж шилжүүлж байсан. 2014-04-10-нд 1 сая төгрөгийг төлж дуусгасан. Би Б.Д.гээс мөнгө авсан болохоос Д.Б.аас мөнгө аваагүй гэж маргаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Д.Б. нь Б.Д.д зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй гэжээ. ИХ-н 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснийг зөрчсөн. 2014-1-28-ны өдрийн зээлийн гэрээнд 1,680,000 төгрөг, 2014-4-08-ны өдрийн 2 сая төгрөгт 1,440,000 төгрөг бүгд 3,120,000 төгрөгийн хүү төлсөн. Нийт 7,120,000 төгрөгийг Д.Б., Б.Д. нарт өгсөн. Б.Д.д өгсөн мөнгийг шүүхээс нотлох баримтаар үнэлүүлэхийг хүсч байна. Гар гараа дагадаг гэж би Б.Д.гээс мөнгийг авсан учраас төлж дуусгасан. Гэтэл шүүх үнэлэхгүй орхиж байгаа үндэслэлээ заагаагүй орхисон. Давж заалдах шатны шүүхээс Д.Б. нь хорих ял эдэлсэн, ял эдлэх хугацаандаа нэхэмжлэл бичсэн боловч хорих ангийн захиргаа хүлээн авч дамжуулж өгөөгүй үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна Ж.Эрдэнчимэг нарт холбогдуулан 2017-1-16-ны өдөр СБД-н Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдсон. Их-н 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж зөрчигдсөн эрхийг хамгаалж болох тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэжээ. СБД-н ИХАШШ-н шүүгчийн 2019-1-03-ны өдрийн 181/Ш32019/00389 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Д.Б. ямар хорих ангид ял эдэлж байсан болон нэхэмжлэгч Д.Б. ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн захиргаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлт гаргаж байсан эсэх, эрх хязгаарлагдсан гэж хариу өгч байсан эсэх талаар лавлагаа тодорхойлолтыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан 2019-1-03-ны өдрийн дотор ирүүлэхийг ШШГГ-т үүрэг болгосон байна. / х.х-ийн 113-114-рх/ ШШГГ 2019-1-04-ны өдөр 03/52 дугаартай албан бичгээр Д.Б. нь 2014-2016 онд тус албаны харъяа 433 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2016-12-02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаа болон бусад албан байгууллагад ямар нэгэн өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно. Дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд гэсэн төрийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор Нэхэмжлэгч Д.Б...Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлсэн боловч .... боломжгүй ... гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү? гэсэн нь үгүйсгэгдэнэ. Гэтэл шүүх төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаа, у тодорхойлолтыг үнэлээгүй, шийдвэр магадлалд алинд ч заагаагүй орхисон хирнээ ашиг сонирхлын зөрчилтэй Ууганбаярын мэдүүлгийг үнэлж байгаад гомдолтой байна. Хяналтын шатны тогтоолын хянавал хэсэгт: Хариуцагч хэнээс мөнгө зээлсэн, зээлийг хэзээ хэнд буцааж төлж байсан, үүрэг биелүүлэх хугацаа сунгагдаж байсан эсэх нь хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байхад энэ нөхцөл байдал тодорхой бус байна. Түүнчлэн Ж.Э. нийт 4 сая төгрөгийг .. Д.Б., Б.Д. нараас зээлсэн... зээлүүлсэн мөнгөө буцааж авахдаа Д.Б., Б.Д. нар хамтдаа эсхүл аль нэг нь ирж авдаг гэж мэдүүлсэн, үүнийг нэхэмжлэгч мөн үгүйсгээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. Зээлийн гэрээг амаар эсхүл бичгээр байгуулах нь Иргэний хуулийг зөрчихгүй тул хариуцагч Д.Б., Б.Д. нараас эсхүл Д.Б.аас мөнгө зээлсэн эсэхийг тодруулах шаардлагатай, энэ нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Ж.Э. зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. Мөн хариуцагчаас мөнгө шаардахад гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагатай, энэ нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Ж.Э. нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа ... Д.Б., Б.Д. нар бусдад хүүтэй мөнгө зээлүүлдэг.. гэж мэдүүлсэн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр явуулна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцээгүй байх тул 2 шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар заасан байхад энэ ажиллагаа нотлох баримтын дагуу хийгдээгүй байна. Хариуцагч нарт удаа дараа зээл гаргаж эрх ашиг нь хөндөгдсөн тухай нэхэмжлэгч нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өргөдлөөс харагдана. Гэтэл нэхэмжлэгч Д.Б. нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.1, 6.1.3, 22.1-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь баримтаар нотлогддоггүй болно.Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээг 2013-1-28, 2013-4-08-нд зээлийн гэрээнүүдийг 1 сарын хугацаатай байгуулсан ба Д.Б. нь 2014-4-11-нд ял шийтгүүлсэн. Үүнээс өмнө эрх нь зөрчигдсөн талаар гомдол, нэхэмжлэл гаргах хангалттай хугацаа байсан, нөгөө талаас нэхэмжлэгч Б.Д., Б.Болорчулуун нарт итгэмжлэл олгож байсан талаар мэдүүлжээ. / Хяналтын шатны шүүх дээр/ Энэ талаар аль ч шатны шүүхээс тодруулж асууж байгаагүй бөгөөд энэ итгэмжлэлийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргуулах шаардлагатай. Энэ нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход чухал ач холбогдолтойг анхаарч үзэлгүй орхигдуулсан. ИХ-н 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэснийг хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчиж байх тул үндэслэлийг нотлох баримтанд тулгуурлан хянуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Б. 2017-11-24-ний өдөр шүүхэд хандаж, нийт 4,680,000 төгрөг шаардахдаа “....2013-01-28-ны өдөр болон 2013-04-08-ны өдрийн зээлийн гэрээгээр тус бүр 2 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлүүлсэн... үндсэн зээлээс 1 сая төгрөг төлөгдсөн...тул Ж.Э.ээс үндсэн зээлийн үлдэгдэл 3 сая төгрөг, нэг сарын хүү тооцож 180,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг гаргуулна...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “..Д.Б., Б.Д. нараас 4 сая төгрөг зээлж.. төлж дуусгасан, хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэх үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Анхан шатны шүүх Ж.Э.ээс 4,180,000 төгрөг гаргуулах, үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзсэн байна.
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхийн 2014-04-11-ний өдрийн 40-р тогтоолоор Д.Б. ..хорих ялаар шийтгүүлсэн байна. /хх9-13/
-Ж.Э. Цагдаагийн газар 2017-03-06-ны өдөр өгсөн тайлбартаа “...Д.Б.аас зээлсэн ..мөнгө төлж дуусгасан..” талаар дурджээ. /хх123/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гүйцэтгэх газрын 2017-04-11-ний өдрийн 221 дугаартай албан бичигт “...Д.Б. ...2014-04-11-ний өдөр 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж...2016-12-02-ны өдөр суллагдсан..” гэжээ. /хх8/
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017-04-25-ны өдрийн 5/227 дугаартай Д.Б.д хаягласан хариу мэдэгдэх хуудаст “...материалд авагдсан баримтыг дүгнэж үзэхэд та Ж.Э....нарт ...мөнгө зээлдүүлсэн...2013-10-28-ны өдөр Б.Болорчулуунд 15 сая төгрөг зээлдүүлсэн...-р иргэд хооронд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсчээ...Ж.Э. ...нар таниас зээлсэн үндсэн зээл болон зээлийн хүүг тухай бүр төлж барагдуулж байсан байна. Уг зээлийн эргэн төлөлтийн зарим нэг төлөлтийг...Б.Д.д өгч байсан байна....Б.Болорчулуун, Б.Д. нарын үйлдэл нь ...гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна...зээлийн ..асуудал нь...иргэний эрх зүйн маргаан байна...гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна..” гэжээ. /хх122/
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-06-14-ний өдрийн 101/ШЗ2017/10729 дугаар захирамжаар Д.Б.ын нэхэмжлэлтэй Ж.Э.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг “...хариуцагчийн хаяг тодорхойгүй...” гэж хэрэгсэхгүй болгожээ. /хх14-15/
-Ж.Э.ийг эрэн сурвалжлах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-24-ний өдрийн 184/ШШ2017/01654 дугаар шийдвэр. /хх16/
-Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2017-11-20-ний өдрийн 1445/5248 дугаар албан бичигт “....Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/01654 дугаар шийдвэрээр Ж.Э.ийг эрэн сурвалжилж ..хаяг нь тогтоогдсон тул эрэн сурвалжлах ажиллагааг...” зогсоосон талаар мэдээлсэн байна. /хх17/
-Баянзүрх,Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд О.Ууганбаатар гаргасан гэх тодорхойлолтод “...Д.Б.тай хамт ял эдлэж байсан...Д.Б. нь хүнд ..мөнгө зээлүүлсэн гэж ярьж байсан...2015 оны 10 сард гэрээсээ 185,000 төгрөг авч тэмдэгтийн хураамж төлнө гэсэн боловч шоронгийн хуяг хураан авч...10,000, юм уу 20,000 төгрөг сардаа авч болно гэж акт тавьж ...дансанд байршуулсан....нэхэмжлэл гаргасан ч та биеэр бичих боломжгүй...гэж Мөнхгэрэл хурандаа хэлж байсан...гэдгийг гэрчилж байна...” гэжээ. /хх136/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гүйцэтгэх газрын 2019-01-24-ний өдрийн 41 дугаартай албан бичигт “...О.Ууганбаатар ...2014-04-21-ний өдөр 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж...ялд өөрчлөлт орж.... 2017-07-05-ны өдөр суллагдсан..” гэжээ. /хх137/
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “...миний бие Д.Б. нь Израйль улсад 2005 оноос 2012 ажиллаж байгаад ирсэн. Ирсэнийхээ дараа 2013-01-18-ны өдөр С.Нарантунгалагт 2 сая төгрөгийг 6%-ийн хүүтэй, Б.Оргилмаад 4 сая, Ж.Э.т 2 сая төгрөг тус бүр 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийж өгсөн. 2013-04-28-ны өдөр Ж.Э.т бас дахин 2 сая төгрөг, Г.Энхжаргалд 2 сая төгрөг Т.Уранчимэгт 1 сая төгрөг, Цэрэндэжидэд 2 сая төгрөг тус тус 6%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ хийсэн. 2013-10-28-нд Б.Д.д 12 сая төгрөгийг 6%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн. Мөн Б.Болорчулуун нь барилгын материал оруулан ирж хамтарч ажиллая, их ашигтай тиймээс би чамд 10%-ийн ашиг өгнө гэж хэлсэн тул би 23 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь дахин Истана маркийн машинаа 12 сая төгрөгөөр зарж Б.Болорчулуунд уг мөнгийг өгсөн. Ингээд нийтдээ 35 сая төгрөгийг өгч оронд нь би 10%-ийн ашиг авахаар тохирч хамт олон удаа Эрээн явж барилгын материал оруулж ирэн тухайн үедээ ашиг олж байтал би нэгэн хэрэгт холбогдож ЭХ-ийн 181.3-р 5жил 1сарын ял өгсөн. 2014-04-11-нд шүүгдэж явсан. Явах үедээ зээлийн гэрээнүүд миний карманд байсан учир Б.Д.д итгэл хүлээлгэж энэ хүмүүсээс мөнгөний хүүг авч намайг эргэж байгаарай, харин оронд нь чамд зээлдүүлсэн 12 сая төгрөгний хүүг би авахгүй харин үндсэн мөнгөө авна шүү гэж тохироод зээлийн гэрээнүүдээ өгсөн. Б.Д. эхний 6 сар намайг эргэж байсан, сүүлийн 2 жил эргээгүй, ирэхээ больсоноор барахгүй эхэн үедээ хүмүүсийн мөнгөний хүүг авч байгаад сүүлдээ зээлдүүлсэн үлдсэн мөнгийг авч бүх зээлийн гэрээг устгаж зугтах болсон. Би 2016-12 сард гараад Бандийн Болорчулуун болон Бандийн Д. нартай уулзаж зээлийн гэрээ болон үндсэн мөнгөө нэхэхэд бичиг баримт нэхэж танхайрч байна, цагдаад өгч дахин шоронд явуулна шүү нэг ял авсан хүн хүнтэй маргалдаж танхайрсан бол давтан хэрэг гэж 10 жил авдаг шүү, бид хууль судалсан мөнгөний баримт болох зээлийн гэрээг огт өгөхгүй, баримтгүй бол чамд хэн ч итгэхгүй бид 2 энэ баримт мөнгийг өгөхгүйн тулд чамайг 10 жил явуулна гэж заналхийлж дарамталсан. Тэгэхээр би ингэж яваад мөнгөө авч чадахгүй юм байна. Мөнгөний төлөө хүнийг юу гэж ч гүжирдэж худлаа ярьж магадгүй хүмүүс юм байна гэж бодоод нотариатчдын танхимд хүсэлт гаргаж архив шүүлгэж хүмүүстэй хийсэн гэрээнүүдээ олж авсан. Энэ бүгдийг сар гаруйн хугацаанд хөөцөлдөж нотлох баримтыг бүрдүүлсэн болно. Дараа нь би иргэний шүүхэд хандахад: энэ хүмүүс чинь нотлох баримт устгасан, гэрээ хийгээгүй байж бусдын өмнөөс мөнгө авсан, итгэл хүлээлгэж байхад итгэл эвдсэн, шунахайн сэдэлтээр бусдын их хэмжээний мөнгийг авсан хүмүүс байна. Чи эрүүгийн цагдаад өгөө манайх шийдэхгүй гэсэн. Б.Болорчулуун Б.Д. нараас мөнгөө нэхэхэд нойлын цаас гар утас зэргийг миний өөдөөс шидэж мөнгө нэхэж дарамталлаа, танхайрсан гэж орилж хашгачин цагдаа дуудаж чамайг өгнө шүү гэсэн, тэр өдрөөс хойш энэ хүмүүс мөнгө өгөхгүйн тулд элдэв арга хэрэглэж байгаад намайг хэрэгтэн болгох хүмүүс байна. Тийм учир шүүх хуулийн байгууллагаар шийдүүлсэн нь дээр юм байна гэж ойлгосон. Б.Болорчулуун нь Истана маркийн машин зарсан 12 сая төгрөгийн хүүг 3 жил өгөөгүй байж дахин нэг жил сунгаж өгнө гэсэн би зөвшөөрөөгүй,тийм зүйл одоо байхгүй гэсэн. Мөнгө зээлсэн хүмүүс маань 100 айлын Откон худалдааны төв дээр бүгд барилгын материал зардаг, 2-3 лангуу павилон эзэмшдэг машингүй хүн байхгүй. Б.Болорчулуун Б.Д. нар тус бүр 2 2 машинтай байртай төлбөрийн бүрэн чадвартай. Одоог хүртэл барилгын материал зарж мөнгө олдог хэвээрээ байж өгье гэсэн сэтгэлгүй залилан хийж өгөхгүй элдэв арга заль хэрэглэж байгаа тул аргагүйн эрхэнд шүүх цагдаагийн байгууллагад хандаж байна. Иймээс миний зүгээс нотлох баримт болох зээлийн гэрээ ...... эргүүлэн олгож хохирол гомдлыг барагдуулж, үнэн мөнийг олж шийдвэрлэж өгнө үү...2017-01-16....” гэжээ. /хх138-139/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2019-01-04-ний өдрийн 03/52 дугаар бичигт “Д.Б. 2014-2016 онд....хаалттай хорих ангид ял эдлэж байгаад 2016-12-02-ны өдөр.. суллагдсан. Ял эдэлж байх хугацаандаа ангийн захиргаа болон бусад албан байгууллагад ямар нэгэн өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно...” гэжээ. /хх141/
-Б.Болорчулууныг гэрчээр асуусан тэмдэглэлд “...Э. нь ...нотариатад Б.тай орж мөнгийг Д.гээс авсан...Б. нь Э..... нарын 5-6 хүнд зээл өгсөн...Э. гэдэг хүний зээлсэн мөнгийг Б.д өгсөн...нэг сая төгрөгийг Э.ээс авч Д.д өгсөн...Д. хохирогч Долгорсүрэнд өгсөн....мөнгө нь дундын хөрөнгө байсан....” гэжээ. /хх151-155/
-гэрч О. Ууганбаатар “...Б. тэмдэгтийн хураамж эхнэрээсээ авч шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байх үед ангийн дарга тийм юм байхгүй гэж зодож байсан асуудлыг мэднэ.... Б. шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байхад нь ангийн дарга түүнийг урж байсныг харсан...” гэжээ. /хх174-175/
-2019-05-06-ны өдөр “..нэхэмжлэгч Д.Б. хариуцагч Ж.Э. нарын хооронд байгуулсан 2013 оны 04-р сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ”- ний 3 дахь заалтад алданги гэсэн хэсэгт хувь хэмжээ тоо болон үсгээр тохиролцсон зүйл байхгүй уг хэсэгт “үнийн дүнгийн гэсний ард – хувиар” гэж тэмдэглэсэн болохыг үзлэг хийв. 2013-04-08-ны өдрийн гэрээний 3 дахь заалтад ...хийсэн үзлэгийн тэмдэглэл...” гэжээ. /хх178/
2. Д.Б.ын нэхэмжлэлийн талаар
а. Д.Б. 2,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зургаан хувийн хүүтэй, 0,5 хувиар алданги тооцох тухай 2013-01-28-ны өдрийн гэрээг, мөн 2,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зургаан хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох тухай 2013-04-08-ны өдрийн гэрээг шаардлагын үндэслэл болгожээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Э. нь 2013-01-28-ны өдрийн, мөн 2013-04-08-ны өдрийн талуудын тохиролцоог үндэслэн нийт 4,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул шүүх энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцжээ.
Ж.Э. нь зээлийн гэрээний дагуу нийт 4,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүй тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
б. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн боловч Д.Б.аас мөнгө аваагүй, харин Б.Д.гээс 4,000,000 төгрөг аваад буцааж төлсөн... Д.Б. Б.Д. нар хамтдаа мөнгө зээлүүлдэг.. мөн зээлүүлсэн мөнгөний хүүгээ хамт ирж авдаг байсан...4 сая төгрөгийг хүүгийн хамт Б.Д.д төлж дуусгасан...” гэсэн тайлбар өгсөн ба үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Түүнчлэн, гэрч Б.Болорчулуун “...Д.Б. Б.Д. нар хамт амьдарч байсан... ” талаар мэдүүлсэн /хх152/ бөгөөд 6 ширхэг фото зураг /хх142-144/-г хэрэгт авагджээ.
Д.Б. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 2017-01-16-ны өдөр гаргасан өргөдөлдөө “... Ж.Э....нартай ... зээлийн гэрээ хийж мөнгө өгсөн.... би эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн бөгөөд ял авах үед зээлийн гэрээнүүд миний халаасанд \карманд\ байсан учир Б.Д.д итгэл хүлээлгэж энэ хүмүүсээс мөнгөний хүүг авч намайг эргэж байгаарай... гэж тохирсон...Д.... эхэн үедээ хүмүүсээс хүүг авч байгаад сүүлдээ зээлдүүлсэн үлдсэн мөнгийг авч бүх зээлийн гэрээг устгаж зугтах болсон....” тухай дурдаж байсан, эдгээрийг үгүйсгэх баримтгүй байна.
в. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.
Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно.
Хариуцагч зээлж авсан мөнгөө буцааж төлсөн гэх үндэслэлтэй бөгөөд энэ талаарх зээлдэгчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүйгээс гадна Прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан Д.Б.ын гомдол /хх138-139/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар Ж.Э.ийн татгалзал тогтоогдсон байх тул зээлдэгч зээлийг буцаан төлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Э.ээс “...үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, нэг сарын хүү 180,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,680,000 төгрөг гаргуулах...” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1464 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Э.ээс 4,680,000 төгрөг гаргуулах тухай Д.Б.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.Б. анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017-11-24-ний өдөр төлсөн 89,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 81,900 төгрөгийг Ж.Э.т захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН