Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2066

 

"Ман-Ад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01379 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК-ийн, хариуцагч “Алтанбарга” ХХК, Ц.Нарангэрэл нарт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 38 475 000 төгрөг, засварын зардалд 11 556 000 төгрөг, нийт 50 031 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагч Ц.Нарангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ман-Ад” ХХК нь “Алтанбарга” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар түрээсийн гэрээ байгуулсан. Уг компани нь 509 тоот 40 м.кв талбайг түрээсэлж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 601 тоот 100 м.кв талбайг түрээсэлж эхэлсэн. Түрээслүүлэгч 601 тоот өрөө 100 м.кв талбайг түрээслэхийн тулд эрэгтэй, эмэгтэй 00-н өрөөг шинээр бий болгож, паркетан шал шинээр тавьж, гэрэлтүүлэг болон хана болгоныг 4 янзын эмульсээр будах зэрэг засварын ажил хийж, 11 556 000 төгрөгийн зардал гарсан. Түрээсийн төлбөрт засварын ажлын зардлыг шингээж төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 1 жил дээрх талбайг ашиглаад түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг төлөхгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. Иймд хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17 000 000 төгрөг, 601 тоот өрөөний түрээсийн төлбөрт 21 375 000 төгрөг, засварын зардалд 11 556 000 төгрөг, нийт 50 031 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн “Алтанбарга” ХХК-ийн өмнөөс Ц.Нарангэрэл түрээсийн гэрээг хуурамч бичиг баримтад үндэслэн байгуулсан гэв.

Хариуцагч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Ман-Ад” ХХК, “Алтанбарга” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээний “Мон Ар” ХХК-ийг “Ман-Ад” ХХК болгон үг, үсэг, тоог нь засварласан, тамга, тэмдэг нь харагдахгүй байна. Мөн би энэ гэрээг байгуулаагүй, гарын үсэг зурж байгаагүй, түрээсийн гэрээ гэх хэргийн 19-20 дугаар талд хавсаргасан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Би “Ман-Ад” ХХК-ийн нэр болон Ц.Даваадоржийн бүтэн нэрийг энэ нэхэмжлэлтэй холбогдуулан мэдэж авч байгаа ба хэргийн 5-10 талуудад авагдсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зүйн байдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хэргийн 7 дугаар талд байх Ү-2202024630 улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь оффис түрээслэх 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөртэй хамааралгүй буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэлтэй байхаас гадна, “Мон Ар” ХХК-ийн өмчлөлийн бус иргэн Н.Даваадоржийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байна. Нэхэмжлэлд хавсаргасан үнэн зөв баримт нь хэргийн 17-18 талд авагдсан байна. Үүнд: Ц.Нарангэрэл, Н.Даваа нар түрээсийн төлбөрийн тооцоо 11 400 000 төгрөгт нийлсэн баримт байх ба уг төлбөрийг Н.Даваа, Ч.Дашвандан гэгчийн Төрийн банкны 100100086313 тоот валютын дансанд төлөхийг шаардаж байсан баримтууд байна.

Би Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг үндэслэн нэхэмжлэл, төлбөр тооцоо хуулийн дагуу хийгдсэний дараа төлбөрөө төлнө гэснээр Н.Даваа нь манай оффис доторх бүх эд хөрөнгийг авсан. Иймд Н.Даваагийн манай компанид учруулсан хохирол болон эд хөрөнгийн байдалд шүүхийн үзлэг хийлгэсний дараа түрээсийн төлбөрийн 11 400 000 төгрөгийн тооцоог шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дугаар зүйлийн 319.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Нарангэрэлээс 31 761 638 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 269 362 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Алтанбарга” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг нөхөн гаргуулж, Төрийн санд олгож, хариуцагч Ц.Нарангэрэлээс 316 758 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Нарангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би шүүхэд төрөөд бие тэнхрэх, нярайн асаргааны хугацаа авах гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарган, шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр товлон хуралдуулжээ.

Шүүх хуралдааныг түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтий хангахаас татгалзсан захирамжийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрт хүргэсэн. Шүүх хуралдааныг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай захирамж гэрийн хаягаар хүргэгдсэн болон шүүх хуралдаан болсон 6 дугаар сарын 15-ны өдөр ба 21-ний өдрүүдэд миний бие төрөөд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Ийнхүү шүүх зүрхний оношоор Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хяналтанд байгаа эмнэлгийн тодорхойлолтыг эрүүл мэндийн шалтгааны үндэслэл болохгүй гэж үнэлснээс үүдэн шүүгчийн захирамжид гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэн өөрийгөө өмгөөлөх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг эрхээ эдлэх боломж олгоогүйд гомдолтой байна.

Түүнчлэн миний эзгүйд болсон хуралдаанаар шүүх засварласан гэрээ болон байгуулаагүй гэрээг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүхэд эдгээр хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаас хасуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхой болгох үүднээс шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэргийн харилцан хамаарал, уялдаа холбоог гаргалгүйгээр буюу надад учирсан хохирлыг тооцолгүйгээр хэрэг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Мон Ар” ХХК-ийн Н.Даваад би 509 тоот өрөөний 11 400 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн тооцоотой ба энэ тооцоонд Н.Даваа нь оффист байсан эд хөрөнгийг аваад байгаагаа нэхэмжлэлдээ дурдаж талууд хүлээн зөвшөөрч байна. Миний эд хөрөнгийг хэрхэн үнэлж тооцох, хоорондоо хэрхэн харилцан тооцоо хийх талаар шийдвэрт тусгагдсангүй. Нэхэмжлэгч тал өөрийгөө бүрэн нотолж чадахгүй байхад нэхэмжлэгч талын хууль ёсны эрх зөрчигдсөн хэмээн үзэж, шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Н.Даваа нь Ц.Даваадорж болон “Мон Ар” ХХК нь “Ман Ад” ХХК болон тус тус хувираад байгаа талаар тайлбартаа олонтаа дурдсан боловч шүүх дүгнэлт хийхийг хүсээгүй ба ийнхүү зөрчилтэй нэрээр хэргийг шийдвэрлэжээ.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1 ширээ, 1 компьютер авсан гэж 1 өрөөний түрээсийн тооцоотой болохоо тодорхой өөрөө бичсээр байтал шүүх үүнд мөн дүгнэлт хийсэнгүй. Түүнчлэн орон сууцны зориулалттай байранд 509 дугаартай өрөө байх боломжгүйг, Ц.Даваадоржийн өмчлөлд түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн орон сууц ямар учраас түрээсийн обьект мөн болох талаар шүүх дүгнэлтээ гаргалгүйгээр шийдвэр гаргажээ.

Шүүх хариуцагч намайг нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж үзсэнээ үндэслэх хэсэгтээ дурджээ. Миний гарын үсэг зурагдааүгй гэрээний тухайд мэтгэлцэж эх гэрээг үзэж шийдвэрлэх асуудал, завсарласан гэрээний хувьд надад үлдсэн эх хувь оффист байж байгаад нөгөө талын мэдэлд орсныг би тайлбартаа дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт байгуулаагүй гэрээг үндэслэн надаад төлүүлэхээр гаргасан түрээсийн төлбөр гэх 31 761 638 төгрөгөөс 11 400 000 төгрөгийг хасаад нийт 20 361 638 төгрөгийг хасаж тооцож, надад учирсан хохирол байгаа эсэхийг шүүхийн үзлэгээр тодруулж тодорхой болсны дараа нэхэмжлэгчид төлөх 11 400 000 төгрөгийг төлөх үүрэг хэрэгжихийг талуудад даалгахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “Ман-Ад” ХХК нь хариуцагч “Алтанбарга” ХХК, Ц.Нарангэрэл нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 031 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт талуудын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамжны 37 дугаар байрны 5 давхарт байрлах 509 тоот өрөөг 18 сарын хугацаагаар ажлын байрны зориулалтаар ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлэх, хариуцагч Ц.Нарангэрэл гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох 950 000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан байна. /хх-11-13/

Хариуцагч Ц.Нарангэрэл түрээсийн эд хөрөнгийн өмчлөгчийн талаар маргасан төдийгүй хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүндсамбаас татгалзсан тухай шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бичгээр мэдэгдсэн байх бөгөөд энэ тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заажээ. /хх-76/ Шүүх хариуцагчийн, төлөөлөгчөөсөө татгалзсантай холбогдуулан Ц.Нарангэрэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулаагүйгээс гадна шүүх хуралдааны товыг төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Гүндсамбад мэдэгдсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд тооцогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ.

Мөн хариуцагчийн маргаж буй түрээсийн зүйлийн өмчлөгч нь иргэн, хуулийн этгээдийн хэн болохоос хамаарч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн төлбөрийн шаардах эрх үүссэн эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болно.

Иймээс хариуцагч Ц.Нарангэрэлийн шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                       ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД