| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 135/2019/00513/И |
| Дугаар | 001/ХТ2021/00378 |
| Огноо | 2021-04-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00378
“..банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “..банк” ХХК
Хариуцагч: М.О.
Хариуцагч: Д.Б.
нийт 40,582,277.56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар хариуцагч нарын төлөөлөгч И.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунбат, хариуцагч М.О., нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.О., Д.Б. нар нь 2017-06-21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ЗГ4305111704 тоот зээлийн, хөрөнгө оруулалтын ЗГ4305111705 тоот зээлийн, Орон сууцны зээлийн ЗГ4305111706 тоот гэрээг “..банк” ХХК-тай байгуулсан. Зээлийн гэрээгээр банк нь М.О., Д.Б. нарт ЗГ4305111704 тоот зээлийн гэрээгээр 6,400,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг жилийн 8,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, ЗГ4305111705 тоот зээлийн гэрээгээр 9,600,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийг нэг жилийн 27,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, ЗГ4305111706 тоот Зээлийн гэрээгээр 32,478,000 төгрөгийг Орон сууцны зээлийн нэг жилийн 19,56 хувийн хүүтэй 174 сарын хугацаатай олгосон болно. М.О., Д.Б. нараас ЗГ4305111704 тоот зээлийн гэрээний дагуу нийт 3,190,428.87 төгрөгийг, ЗГ4305111705 тоот зээлийн гэрээний дагуу 7,432,670.79 төгрөгийг, ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,137,196.40 төгрөг, үндсэн хүү 9,995,784.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,128.40 төгрөг- нийт 42.271.408,99 төгрөг. Нийт 52,854,508 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч нар 2019-05-20-ны өдөр ЗГ4305111704 тоот зээлийг 3,156,357.9 төгрөгөөр, ЗГ4305111705 тоот зээлийг 7,474,535.46 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан. ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний зөрчил бүрэн арилаагүй хэвээр үлдсэн. Зээлийн гэрээний 3.1.2-д зааснаар М.О., Д.Б. нар нь гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний 2.5, 2.6, 4.1, 4 2, 4.4.1, 4.6-г ноцтой зөрчсөн тул 4.4.1-т заасан үндэслэлээр банк өөрийн санаачилгаар ЗГ4305111706 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019-05-28-ны өдөр 100,000 төгрөг, 2019-05-31-ний өдөр 3,600,000 төгрөг, 2019-06-05-ны өдөр 30,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд энэхүү төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн төлбөр гэсэн дарааллаар зээлийн төлбөрт тооцож хассан. Иймд ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг нийт 40,582,277.56 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 17-р байрны 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч талаас тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Төлсөн төлбөрийг банк үндсэн төлбөрөөс бус, харин нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнээс хасаж тооцоод байна. Энэ нь банк орон сууц худалдан авах зээлээр далимдуулж, мөнгө хүүлэлтийн ажиллагаа явуулж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн “..банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Анх банк нь өөрийн хөрөнгөөс зээл олгохдоо явцын дунд 8%-н зээлд хамруулж өгнө гэж тохирчхоод одоог хүртэл хамруулаагүй, одоог хүртэл өндөр хүүтэй зээл төлүүлж хохироож байна. Иймд “..банк” ХХК-ны гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нарын зүгээс амьдралын хүндрэлтэй байдалд ороод зээлээ төлж чадахгүй нөхцөл байдлын улмаас хугацаа хэтэрсэн зүйл байгаа. Гэхдээ зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй. Нөгөө талаар Иргэний хуульд зааснаар зээлийн төлбөрийг тооцож авахдаа эхлээд үндсэн зээл, дараа нь зээлийн хүү гэсэн дараалал байгаа. Гэтэл банк нь гэрээндээ нэмэгдүүлсэн хүү, хүүг эхэлж тооцож авна гэсэн хэт нэг талын эрхийн хангасан заалтаар үндсэн зээлээс маш бага хасалт хийж байгаа нь хууль зөрчиж байна. Гэрээнээс илүү Иргэний хуулийн заалтыг баримтлах ёстой. Банк анх нэхэмжлэл гаргахдаа 42,271,408.99 төгрөг орон сууцны зээлийн дагуу нэхэмжилж байсан. Гэтэл одоо 40,582,277.56 төгрөг нэхэмжилж байна. Банкны нэхэмжлэл тодорхойгүй. Учир нь зээлийн бодолт нь их, бага янз бүрээр гараад байгаа бөгөөд үүнийг нарийн тооцоо хийж тооцох шаардлагатай. 2019-05-13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа түүнээс хойш зээлийн хүүг зогсоогоогүй байна. 2019-05-31-ний өдөр төлсөн 3,600,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орон сууцны зээлийн гэрээг үргэлжлүүлж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 842 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан “..банк” ХХК, М.О., Д.Б. нарын хооронд байгуулагдсан 2017-06-21-ний өдрийн ЗГ4305111706 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.О., Д.Б. нараас зээлийн үндсэн төлбөрт 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөг гаргуулж “..банк” ХХК-ны Дархан салбарт олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 17 дугаар байрны 19 тоотод байрлах, 38,67 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 422,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.О., Д.Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 360,861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч гомдол гаргахдаа төлсөн 360,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх, хэтэрхий нэг талыг барьж “..банк” ХХК- д ашигтай шийдвэр гаргасан. Анх яагаад тус банкнаас зээл авсан, зээлийг ямар журмаар яаж төлсөн байдалд дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. “..банк” ХХК нь анх зээл олгохдоо өөрийн дотоод эх үүсвэрээс олгосон ба удахгүй ипотекийн 8%-н зээлд хамруулж өгнө гээд өндөр хүүтэй зээл олгосон боловч энэ зээлдээ хамруулж өгөөгүй илт хохироосон. Энэ талаар “..банк” ХХК-ны холбогдох хүмүүст ипотекийн 8%-н зээлд хамруулах талаар удаа дараа хэлж ярьсан, бичгээр хүсэлт гаргасан боловч хүлээж авдаггүй байсан. Гэтэл шүүх энэ талаар нотлогдохгүй байна гэж үзэж асуудлыг нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. “..банк” ХХК-с авсан зээлээс эхний удаа 5,863,000 төгрөг, дахин 10,198,720 төгрөг төлсөн байхад үүнийг үндсэн зээлээс хасч тооцолгүй, зөвхөн хүү, торгуульд тооцон авч байгаа нь зээлээ төлөх ямар ч боломжгүй байдалд хүргэж байна. Энэ нь Хятад эзэнтэй пүүсүүд өндөр хүүтэй мөнгө хүүлдгээс илүү хүүтэйгээр мөнгө хүүлэлт явагдаж, зориуд санаатай хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна. Иргэний хуульд эхлээд зээл, дараа нь хүү, алданги гэсэн дарааллаар төлөхөөр заасан байхад графикийн дагуу төлж байгаа мөнгийг торгууль, хүү, алданги, зээл гэсэн дарааллаар эсрэгээр нь авч байгаагаас болж үндсэн зээл төлөгдөх боломжгүй болгож байна. Энэ нь улс даяар үргэлжилж үүнд нь төр засаг, хуулийн байгууллага, банкууд нүд дасч, энэ байдлыг зөнгөөр нь орхиж, зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай мөнгө хүүлэлт явагдаж байна гэж үзэх бүрэн үндэстэй юм. Банкнаас 32,478,000 төгрөг аваад үүнээс 10,198,722 төгрөг төлсөн байхад үлдэгдэл 40,582,000 төгрөг нэхэмжилж байгаа нь авсан зээлээсээ төлсөөр байхад хасагддаггүй, зээл нь өсч байдагт гайхаж байна. Зээлийг зохих журмын дагуу төлж байсан баримт хэрэгт хавсаргагдсан байгаа болно. Мөн нэхэмжилж байгаа зээлийн дүн, Монголбанкны гаргасан зээлийн дүн хоёр нь хоорондоо илт зөрүүтэй /2,000,000 гаран төгрөг/ гарч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Би одоо тус банкинд 28,737,609 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. “..банк” ХХК нь биднийг хуурч мэхлэн, өөрийн эх үүсвэрээс гэж жилийн 19,56%-н хүүтэй зээл олгосон бөгөөд хэрэв намайг тухайн үедээ ипотекийн 8%-н зээлд хамруулсан бол 2 дахин бага хүү, торгууль төлөх байсан юм. Иймд үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“..банк” ХХК нь 2019-05-14-ний өдөр шүүхэд хандаж, М.О. Д.Б. нараас 2017-06-21-ний өдрийн ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31,846,751.60 төгрөг, хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг нийт 40,582,277.56 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 17-р байрны 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас хангуулахыг шаардсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгааг зөвшөөрөхгүй... 8%-н зээлд хамруулах тохиролцоогоо биелүүлээгүй... зээлээ төлж байгаа... төлсөн зарим мөнгийг хасаагүй мөн үндсэн зээлээс хасаж тооцоогүй байна...” гэж мэтгэлцжээ.
Анхан шатны шүүх гэрээг цуцалж, 2017-06-21-ний өдрийн ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 31,846,751.60 төгрөг, хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. “..банк” ХХК нь 2017-06-21-ний өдрийн ЗГ4305111704 дугаартай зээл болон ипотекийн гэрээгээр 6,400,000 төгрөгийг 24 сарын хугацаатай нэг жилийн 8,4 хувийн хүүтэй, ЗГ4305111705 тоот зээл болон ипотекийн гэрээгээр 9,600,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг жилийн 27,6 хувийн хүүтэй, ЗГ4305111706 тоот зээл болон ипотекийн гэрээгээр 32,478,000 төгрөгийг 174 сарын хугацаатай, нэг жилийн 19,56 хувийн хүүтэй зээлүүлэх, М.О., Д.Б. нар зээлийг хүлээн авах, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Хоёр шатны шүүх зохигч нарын хооронд зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.
Гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
“..банк” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зүйлийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн, энэ талаар зохигч маргаангүй байх тул гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгчийг биелүүлсэн гэж үзнэ. Шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй байна.
2. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд төлбөрийг хийгээгүй нь тогтоогдсон байх тул шүүх зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн тооцоо буруу...” гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд шүүх хариуцагч нарын тайлбарын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 216 дугаар зүйлийн 216.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25, 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
3. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар удаа дараа зөрчиж, зээлийн төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй учир нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т заасан шаардлагад нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зээлийн үүргийн тооцооллыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх ба шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой туссан зээлийн гэрээний үүргийн талаарх эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа М.О. улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 360,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД