Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00187

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            09                                          001/ХТ2021/00187

 

 

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1562 дугаар магадлалтай,

 

...........ийн нэхэмжлэлтэй

...........т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ...........ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/09843 дугаар захирамжаар иргэн ........... нь 69 266 667 төгрөгийг ...........-д төлөхөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. ........... нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ...........-аас 2016/11 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 хороолол, 33 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцаа барьцаалсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан ...........ийн өмчлөлийн эрхийн улсын ...........дугаарт бүртгэлтэй, дээрх 3 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь 83 806 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. ...........ийн байгууллага шинжээч томилохдоо шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ... санал болгосон үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тогтоож болдог ба ... энэ талаар ажиллагаа явуулаагүй, шинжээч томилсон, зах зээлийн харьцуулах үнэлгээг ашигласан гэх боловч орон байрыг минь хэт доогуур үнээр үнэлж эрх ашгийг маань дордуулж байна. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09843 дугаар  захирамжаар  Огтбишийн

Оюунчимэгээс 69 266 667 төгрөгийг гаргуулж ...........-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ...........т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот 40 мкв орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18290667/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18290667/140 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгчид 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 4/4941 дүгээр албан бичгээр үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ...........нь хөндлөнгийн шинжээчээр томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК үнэлүүлэхэд уг орон сууцыг 83 800 000 төгрөгөөр үнэлсэн тул мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4/7063 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуад гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 58 660 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахаар нийтэд зарласан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/04090 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ...........т холбогдох Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019.03.07-ны өдрийн №27/Ш тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн ...........ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 эх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.3.26-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1562 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ........... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие ........... нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “ Мөнх Оргил Трейд “ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, иргэн намайг хохироосон шийдвэр гэж үзэн гомдолтой байна. Мөнх Оргил Трейд ХХК нь миний 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж миний эрхийг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдаж, банк бус санхүүгийн байгууллагад үндэслэлгүй хөрөнгөжих боломж өгч шүүх шударга бус шийдвэр гаргаж байна. Шүүх шийдвэртээ миний өмгөөлөгчийг “…итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй, тэрээр шүүх хуралдааны танхимаас гарсан болно” гэх нь миний эрхийг дордуулж, шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй, миний хүсэлтийг үндэслэлгүй шалтгаан зааж миний өмгөөлөгчийг хуралдааны танхимаас хөөж гаргасан, нотлох баримт гаргах эрхийг минь хааж боогдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгчөөр оролцоно гэсэн миний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахгүйгээр итгэмжлэлээ дахин нотариатаар батлуулаагүй гээд хөөж гаргах нь шүүх хэрэгт оролцогчийн эрхэд бүдүүлгээр халдаж, эрхийг маань эдлүүлэхгүй хааж боогдуулж буй хэрэг юм. Миний

 

зөвшөөрөлгүйгээр өмгөөлөгч би хэрэгт нь оролцоно гэж явахгүй шүү дээ. Банк бус санхүүгийн байгууллага зээлийг өөр хүнд өгч завшуулаад миний гурван өрөөг авах гэж улайрч байхад шүүх хуульд нийцсэн гэж үзэж, зах зээлийн ханшаас илт доогуур үнэлгээ хийн эрхийг минь улам дордуулж байгааг би зөвшөөрч чадахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх боломж олгон миний нотлох баримт гаргах, мэтгэлцэх, шүүх хуралдаанд төлөөлөгч өмгөөлөгч оролцуулах эрхээр хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ...........т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаар захирамжаар ........... нь 69 266 667 төгрөгийг ...........-д 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33-р байр, 68 тоот, 3 өрөө, орон сууцаас үүргийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг захирамжийн дагуу бичигдсэн 2017 оны 11-р сарын 09-ний өдрийн 1158 дугаар гүйцэтгэх хуудасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

Барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах, шинжээч томилох ажиллагаа, орон сууцыг 83 800 000 төгрөгөөр үнэлсэн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг нэхэмжлэгчид танилцуулсан ба ........... нь нэхэмжлэлээ нотлоогүйгээс гадна шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах эрхийг хангасан байхад эрхээ эдлээгүй тул шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон,ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01426 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1562 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.СОНИНБАЯР

 

                       ШҮҮГЧИД                                                 Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                         Д.ЦОЛМОН

 

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                                         П.ЗОЛЗАЯА