Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1576

 

 

           

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Казакстан улсын иргэн Б-ийн Г /паспортын дугаар №/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт А-ийн Т /РД: /-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 62.922.850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч А.Т нь 2013 оны 7 сард өөрийнхөө Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 мкв орон сууцыг мкв-ыг нь 2.200.000 төгрөгөөр үнэлэн нийтдээ 103.400.000 төгрөгөөр 8 хувийн зээлд хамруулж, нэхэмжлэгч Б.Гд худалдахаар болж, урьдчилгаанд 40.000.000 төгрөг авсан юм. Гэтэл 2013 оны 10 сард нөгөө зээл гаргаж мөнгөө авч надад байраа өгөх асуудал юу болсон гэж асуухад “Чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя. Чи түүнийг нь төлж байгаач гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч  байрандаа оруулсан. Ингээд Б.Г нь 2014 оны 1 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу, өгсөн дансанд нь сар бүр 474.982 төгрөг төлөөд 2014 оны 11 сарыг дуустал төлсөн. Энэ хугацааны дунд үед буюу 2014 оны 4 сарын 12-нд Т яриад “10.000.000 төгрөг хэрэг болоод байна. Дараа тооцоондоо оруулчихна.” Биз гэхээр би нөхөртөө байсан 8.000.000 төгрөгийг түүний өгсөн Худалдаа хөгжлийн банк 453082217 тоот дансруу шилжүүлсэн байсан. Гэтэл 2014 оны 12 сард Т надруу бас утсаар яриад “Манай нөхөр Нэргүй чамд энэ байрыг 8-хан хувийн зээлтэй өөрийнхөө нэр дээр зээл гаргуулж худалдлаа гэж уурлаад бид 2-н маргаан гараад төвөгтэй болоод байна. Би чамаас авсан мөнгөө буцааж өгье. Чи байраа буцаагаад өгчих.” гэсэн. Тэгэхээр нь би “чи мөнгөө өгчих. Би байрыг чинь суллаад өгчихье.” гэж хэлээд, мөн зээлийг нь ч төлөхөө зогсоосон юм. Ингээд Т мөнгөө өгөхгүй цаг алдаж байснаа 2015 оны 02 сард цагаан сараас 3 хоногийн өмнө “надад миний нэр дээрх байрны зээлийг дуусгаад асуудлыг зохицуулах боломж гарлаа. 2000 ам.доллар төлчихвөл болох гээд байна. Тэгээд хүргэний чинь нэр дээр байрны зээлийг 8 хувийн хүүтэйгээр гаргаад өгчих боломжтой боллоо гэхээр нь өөрийнх нь Аксис ресторанд нь аваачиж өгсөн. Асуудал зохицоод болох юм байх гэж хараад бүтэхгүй болохоор нь нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 06 сарын 24-ний өдөр өмнө бүх яриага дуусгаж “Төлбөр барагдуулах гэрээ” хийж нотариатаар батлуулсан юм. Энэ гэрээгээр А.Тгийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ ч багасгаж 40.000.000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь ч сунгаж 2015 оны 10 сарын 01-ний өдөр болгосон юм. Гэсэн ч энэ тохиролцоо маань хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 06 сарыг хүргэсэн. Иймд А.Тгаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний “Хэлцлийн агуулга”-д заасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо нарны зам гудамж 100/2 дугаар байрны 1 тоотод байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 40.000.000 төгрөгийг, гэрээний “Талуудын хүлээх хариуцлага” хэсэгт заасан алдангийн 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг гаргуулж Б.Гд олгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Т шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн А.Т би 2013 оны 7 дугаар сард Цэцэгмаа буюу Г хэмээх эмэгтэйтэй найзаараа дамжуулан танилцсан. Байр авах гэсэн чинь урьдчилгаа 30 хувийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь ярьж байгаад Хурдын нарны хороололд 3 өрөө байр урьдчилгаа 5.000.000 төгрөгөөр захиалж өгөхөд Г нь авч чадахаа байлаа, чиний зарах гэж байгаа 2 өрөө байрыг авъя гэхэд охин маань хойд эцэгтэйгээ таарахгүй байна гэж уйлж орж ирэн баахан зовлон ярьсан. Над дээр анх Байгальмаа гэх найз эмэгтэйтэйгээ ирж тэр хүнийхээ нэр дээр 8 хувийн зээл гаргана гэж байснаа Байгалмаа нь сүүлд харагдахгүй болсон. Гэтэл өөрөө Казакын иргэн, иргэншлээ 2-3 сарын дараа авна, надад мөнгө орж ирэхээрээ 10, 20 саяаараа бөөн орж ирдэг, чи өөрийнхөө нэр дээр авчих, би 1 жилийн дотор төлж дуусгана гэж хэлсэн. Би тэгэхэд нь 1 жил бол болноо, жилийн дараа бол чадахгүй, өөрийнхөө хүүд 8 хувийн зээл авна, бас бизнесийн зээл авч ажлын байраа засна гэж хэлээд  2 өрөө 47 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 2.200.000 төгрөгөөр тохирч нийт 103.400.000 төгрөгөөр байр авахаар болсон. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51.000.000 төгрөгийн зээл гарч болно гээд Г надад үлдэгдэл 52.400.000 төгрөг  өгөх ёстой байсан. Үүнийгээ гүйцэд өгөөгүйгээс бидний хооронд маргаан гарсан. Эхлээд 16.000.000 төгрөг, дараа нь 7.600.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын байдлаар 23.600.000 төгрөгийг надад өгсөн байсан. Би энэ хүнээс 52.400.000 төгрөг авах байтал өгөхгүй бөөн асуудал үүсгэж байж, утсаа авахгүй, мессэж бичээд хариу өгдөггүй байж байгаад 2014 оны 2 дугаар сард 1180 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.019.600 төгрөг, мөн 800.000 төгрөгийг цувуулж, бөөн нэхэл дагал болж байж өгсөн. Гэхдээ урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөөгүй байж сар бүрийн банкны зээлд 475.000 төгрөг Г төлдөг байсан. Ингээд 2014 оны цагаан сарын баярын дараа урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөхгүй бол байраа буцааж авна гэхэд 2014 оны 4 дүгээр сард 8.000.000 төгрөг өгөөд үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж, утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 33.619.600 төгрөгийг надад өгсөн байсан. Үүнээс хойш Г нь сар бүр банкинд төлдөг байсан 475.000 төгрөгөө 2014 оны 9 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөхөө больсон. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд би өөрөө сар бүр 475.000 төгрөгөө төлж байсан. Энэ тухай би нөхөртөө хэлээгүй байж байгаад арга буюу хэлэхэд одоо наад хүн чинь төлөх нь худлаа, байрнаасаа гаргаад шүүхэд өг гэж хэлэхэд би өрөвдөөд шүүхэд өгөөгүй. Би байнга мессэж бичиж байгаад байраа авч чадахгүй бол буцаая, хэн хэнийгээ хохироохоо болъё гэж өдөр бүр мессэж бичдэг байсан. 2015 оны 6 дугаар сард Гтай уулзаад би амармаар байна, чи байраа чөлөөлөөд өгчих, би чамаас авсан мөнгөө өгье гэхэд ба банкны хүүнд 4.750.000 төгрөг өгсөн, тэрийгээ авъя гэхээр нь би өгөхгүй, чи шинэ байранд суусан, тэгвэл түрээс тооцно гэхэд уйлаад гуйсан. Тухайн үед нь би хүн байр авах гээд авч чадахгүй юм чинь 33.619.000 төгрөгийг манай ах, эгч хоёроос авсан, 2.000.000 төгрөгийг нь суутгаад 31.619.000 төгрөг гээд гүтгээд байсан. Ам.долларын зөрүү 1.400.000 төгрөг, дээр нь 4.750.000 төгрөгийн гал зуухны  тавилга хийсэн, тэндээ үлдэнэ гэхээр нь 40.000.000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд 3 хоногийн дотор байр чөлөөл, би 10 дугаар сарын 1-нд мөнгийг чинь өгье гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Би зун амраад явахдаа ажилчиддаа тэр байрыг түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500.000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байрыг маань чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн, тэгэхээр нь би байрыг чөлөөл, наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд байр зарах зар тавьсан. Зарын дагуу хүмүүст үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Энэ хүнд туслах гэж яваад одоо элдэв янзаараа гүтгүүлж байгаад маш их гомдолтой байна. Энэ хүнд тусалсаныхаа төлөө би одоогийн байдлаар банкинд төлсөн хүүний дүн 19.000.000 төгрөг, энэ байрыг авахын тулд 20.000.000 төгрөгт оногдох бизнесийн зээлийн хүүнд 13.000.000 төгрөг төлсөн. Мөн жил бүр амь насны даатгал 780.000 төгрөг, зээл авахад нотариатын зардал 255.000 төгрөг, зээлийн судалгаанд 260.000 төгрөг, нийт миний хохирлын дүн 43.895.000 төгрөг болсон. Өөрийн хохирлыг барагдуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие А.Т нь 2013 оны 07 сард Цэцэгмаа буюу Г гэх эмэгтэйтэй өөрийн захиалаад зарах гэж байсан 47 мкв 2 өрөө байрыг 103.400.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Ингээд Байгальмаа гэж хүний нэр дээр 8 хувийн зээл авна гэж байгаад больсон. Гэтэл өөрөө Казакстаны иргэн монголын иргэншлээ 2-3 сарын дотор авна гэж ярьж байгаад чи өөрийнхөө нэр дээр авчих гэхэд нь би 1 жил бол болно. Жилийн дараа бол би өөрийнхөө хүүхдэд 8 хувийн зээл авч бас бизнесийн зээл авч ажлын байраа засна гэхэд ямар ч асуудалгүй би 1 жилийн дотор бүгдийг нь төлнө гэж хэлсэн. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51 сая төгрөгийн зээл гарч болно гээд Г надад 52.400.000 төгрөг өгөх ёстой байтал эхлээд 16 сая төгрөг, дараа нь 7.600.000 /1.180 ам.доллар/ төгрөг тухайн үеийн ханшаар 2.019.600 төгрөг, 8.000.000 төгрөгийг цувуулж бөөн нэхэл дагуул болж байж өгсөн. Урьдчилгаа мөнгөө өгөөгүй байж сар бүрийн 475.000 төгрөгөө төлдөг байсан. Ингээд урьдчилгаа мөнгөө гүйцэт өгөхгүй бол байраа буцаалаа гэхэд 2014  оны 4 сард 8 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 31.619.000 төгрөг өгсөн. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд өөрөө сар бүр зээл, зээлийн хүүгээ төлж байна. Би байнга мессэж бичиж байгаад байраа авч чадахгүй бол буцаая хэн хэнийгээ хохироохоо больё гээд өдөр бүр мессэж бичиж байгаад 2015 оны 06 сард уулзаад би амармаар байна. Чи байраа чөлөөлөөд өгчих. Би чамаас авсан мөнгөө өгье гэхэд би банкны хүүнд өгсөн 4.750.000 төгрөгөө авъя гэхээр нь би өгөхгүй чи шинэ байранд суусан. Тэгвэл түрээс тооцоё гэхэд уйлаад гуйсан. Тухайн үед нь би өрөвдөөд 31.619.000 төгрөг + гүтгээд байсан долларын зөрүү  1.400.000 төгрөг +  банкинд төлсөн 4.750.000 + гал зуухны тавилга хийсэн тэндээ үлдэнэ гэхээр нь 40.000.000 төгрөг дээр тохирч гэрээ хийгээд 3 хоногийн дотор байр чөлөөл би 10 сарын 1-нд мөнгийг чинь өгье гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Гэтэл байраа цэвэрлээд чөлөөлсөн гээд түлхүүр өгсөн. Би зун амраад явахдаа ажилчдаа байр түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500.000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байр чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн. Тэгэхээр нь би байр чөлөөл. Наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд зар тавиад хүнд үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Энэ хүнд тусалсаныхаа төлөө би одоогийн байдлаар банкинд хүү төлсөн дүн 19.000.000 /51 саяд/, бизнесийн зээлийн хүүнд 13.600.000 төгрөг болсон. Жил бүр амь насны даатгал 780.000 төгрөг, зээл судалгаанд 255.000 төгрөг, нотариат 260.000 төгрөг тус тус төлсөн.  Нийт мөнгөн дүнгээр бодоход зээлийн хүүд төлсөн 38.895.000 төгрөг, хүний барааны мөнгө 2.800.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 727.850 төгрөг, орон сууцыг хөлслүүлсэн төлбөр 20.500.000 төгрөгийг Б.Гагаас гаргуулан авч байр чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа:  Сөрөг нэхэмжлэлтэй танилцсан. Гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэлгүй, иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй, нотлох баримтууд авагдаагүй байгаа. Сөрөг нэхэмжлэлээр гэм хор нэхээд байгаа юм уу эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхой харагдаж, хуулийн тухайлсан заалтад хамрагдаж өгөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа үйл баримтын талаар миний үйлчлүүлэгч нэмэр хачиргүй, байгаа байдлаар нь тодорхой дурдсан байгаа. Гэтэл хариуцагч А.Т нь жинхэн нөхцөл байдлыг  илтэд гуйвуулан гүтгэсэн шинжтэй зүйлс их бичсэн ба тэдгээр нь нэг ч нотлох  баримтаар нотлогдохгүй учир сөрөг нэхэмжлэлдээ  нэгээхэн ч баримт хавсаргаагүй байна. А.Т нь Б.Гг 8 хувийн зээлд хамрагдах боломжтой орон сууц хайж байгааг сонсоод 2013 оны 7 дугаар сард өөрийнхөө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоотын 2 өрөө 47 м.кв орон сууцыг  1 м.кв-ыг нь 2.200.000 төгрөгөөр  үнэлэн нийтдээ 103.400.000 төгрөгөөр 8 хувийн зээлд хамруулж, түүнд худалдахаар болж, урьдчилгаанд 40.000.000 төгрөг авсан гэдгийг, 2013 оны 10 дугаар сард “чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя, чи түүнийг нь төлж байгаа ч гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч түүнийг байрандаа оруулсныг ч, 2014 оны 12 дугаар сард гэнэт түүн лүү утсаар ярьж “манай нөхөр Нэргүй чамд энэ байрыг наймхан хувийн зээлтэй өөрийнхөө нэр дээрзээл гаргуулж худалдлаа гээд уурлаад,бид хоёрын дунд маргаан гараад төвөгтэй болоод байна. Би чамаас авсан мөнгөө буцааж өгье, чи байраа буцаагаад өгчих” гэснээр нь чи мөнгөө өгчих, би байрыг чинь суллаад өгчихье гэж хэлээд, мөн зээлийг нь ч төлөхөө зогсоосноо ч , энэ тохироо нь бүтэхгүй, нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр урьд өмнөх бүх яриагаа дуусгаж, А.Тгийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ багасган 40.000.000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь ч сунгаж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ гэрээ, тохиролцоо нь ч хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 6 дугаар сарыг хүргэсэн тул тэрээр А.Тг ер нь залилаад яваад байна гэж үзэж, хууль хяналтын байгууллагад хандсанаа  ч, энэ гомдлынх нь дагуу 2016 оны 7 дугаар сард А.Тд 201625031346 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгож, иргэний маргаан учир харъяалах дүүргийн шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн шийдвэр гаргасныг ч мөн адил нэхэмжлэлдээ дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдсан байрны тухайд одоо Б.Г нь эзэмшдэггүй, өөрийнх нь сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан аль 2015 онд гэрээ хийснийхээ дараа байрных нь түлхүүрийг хүлээлгэн өгч, нэгэнт тэр байранд нь тааруулж хийлгэсэн гал тогооны тавилга болон бага сага тавилгаа үлдээгээд байрнаас нь гарсан бөгөөд тийм ч учраас сөрөг нэхэмжлэлдээ ч түхүүрийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хүн амьтанд үзүүлж явснаа ч дурдсан байна. Ийм болохоор орон сууцыг нь эзэмшээгүй  хүнээс тухайн байрыг нь чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохүй байна. Иймд хариуцагч А.Тгийн нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.Тд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 62.922.850  төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэхээр шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Учир нь хариуцагч А.Т нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоотын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан 103.400.000 төгрөгөөр хариуцагч Б.Гд худалдахаар  харилцан тохиролцсон байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь Казакстан улсын иргэн учир түүний нэр дээр ипотекийн зээл гарах боломжгүй гэсэн учир хариуцагч А.Т нь нэхэмжлэгчийн урьдчилгаанд өгсөн мөнгийг авч  өөрийн нэр дээр орон сууцны ипотекийн зээл гаргуулж, нэхэмжлэгч Б.Г нь 1 жилийн хугацаанд орон сууцны зээлийн болон орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсаны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар амаар тохиролцжээ.

            Зохигчдын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан гэрээний зүйл, агуулга зэргээд үзэхэд талуудын хооронд  орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь  эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой  баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атал худалдсан орон сууц нь эрхийн зөрчилтэй буюу орон сууцны ипотекийн зээлийн барьцаанд барьцаалагдсан эд хөрөнгө байсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар батлуулах хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

            Гэвч зохигчид нь уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч хариуцагч А.Т нь орон сууцыг нэхэмжлэгч Б.Ггийн эзэмшилд шилжүүлэн өгч, нэхэмжлэгч Б.Г нь орон сууцны ипотекийн зээлийн сар бүрийн 474.982 төгрөгийг төлж ирсэн байна.

            Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохигчид уг орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлээсээ татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 40.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.

            Зохигчид гэрээнээс татгалзсан үндэслэлээ харилцан зөрүүтэйгээр тайлбарлаж байх боловч талууд гэрээнээс татгалзсан асуудлаар маргахгүй байгаа учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар зохигчид гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөхөөр үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь дээрх үүргээ зөрчиж худалдан авахаар тохиролцсон байсан орон сууцаа өдийг хүртэл хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөөгүй, бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон “Хүслийн өргөө” сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12/2017 тоот тодорхойлолтоор тогтогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасан энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэг хангагдаагүй байх тул урьдчилгаанд өгсөн 40.000.000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хариуцагчид 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ хийсний дараа хүлээлгэж өгсөнөөс бус орон сууцыг биет байдлаар нь хүлээлгэж өгсөн байдал тогтоогдохгүй, төлбөр барагдуулах гэрээнд энэ талаар дурдаагүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэв.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч А.Тгийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд зээлийн  хүүд төлсөн 38.895.000 төгрөг, орон сууцыг хөлслүүлсэн төлбөр 20.500.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 727.850 төгрөг, хүний барааны мөнгө 2.800.000 төгрөг, нийт 62.922.850 төгрөг гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.

            Учир нь хариуцагч А.Т нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчид урьдчилгаанд төлсөн 40.000.00 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

            Тэрээр өөрийн  орон сууцны ипотекийн зээлээр худалдан авсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоотын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар  тохирсон бөгөөд орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой  амь насны даатгал, зээлийн судалгаа, нотариатын зардлыг нэхэмжлэгч тал хариуцан төлөх талаар анхнаасаа тохиролцсон зүйл тогтоогдохгүй байна.

            Мөн хариуцагчийн банкнаас авсан бизнесийн зээл нь орон сууцны ипотекийн зээлтэй хэрхэн уялдаж байгаа байдал тодорхой бус, хариуцагч нь банкнаас авсан бизнесийн зээлийн зарим хэсгийг орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд зарцуулсан гэх боловч энэхүү тайлбар нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлээр шаардсан хүний бараа 2.800.000 төгрөгийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 727.850 төгрөгийг хариуцагч А.Т  өөрөө Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар төлж барагдуулах үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь маргаан бүхий орон сууцыг бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа нь тогтоогдсон хэдий ч түүнээс ашиг олсон байдал тогтоогдохгүй, хариуцагч нь орон сууцыг сард 500.000 төгрөгөөр хөлслүүлээд 20.500.000 төгрөгийн ашиг олох байсан байдал нотлогдохгүй байна.  

            Иймд хариуцагч А.Т нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь нэгэн зэрэг буцаан өгөх үүргээ биелүүлсний дараа гэрээний үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэх эрхтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472.564 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ггийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг, хариуцагч А.Тгийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 62.922.850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472.564 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР