Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01646

 

 Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00783 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1336 дугаар магадлалтай,                                                              Б гийн нэхэмжлэлтэй,

            А д холбогдох

             Гэрээнээс татгалзаж нийт 60,000,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

    Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 57,922,850.00  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А  нь 2013 оны 7 сард өөрийнхөө Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 2,200,000 төгрөгөөр үнэлэн нийтдээ 103,400,000 төгрөгөөр, 8 хувийн зээлд хамруулж, нэхэмжлэгч Б д худалдахаар болж, урьдчилгаанд 40,000,000 төгрөг авсан. Гэтэл 2013 оны 10 сард нөгөө зээл гаргаж мөнгөө авч надад байраа өгөх асуудал юу болсон гэж асуухад “Чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя. Чи түүнийг нь төлж байгаач” гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч байрандаа оруулсан. Ингээд Б  нь 2014 оны 1 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу, өгсөн дансанд нь сар бүр 474,982 төгрөг төлөөд 2014 оны 11 сарыг дуустал төлсөн. Энэ хугацааны дунд үед буюу 2014 оны 04 сарын 12-нд А  яриад 10,000,000 төгрөг хэрэг болоод байна. Дараа тооцоондоо оруулчихна биз гэхээр би нөхөртөө байсан 8,000,000 төгрөгийг түүний өгсөн Худалдаа хөгжлийн банк 453082217 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл 2014 оны 12 сард А  надруу бас утсаар яриад “Манай нөхөр н.Нэргүй чамд энэ байрыг 8-хан хувийн зээлтэй өөрийнхөө нэр дээр зээл гаргуулж худалдлаа гэж уурлаад бид хоёрын дунд маргаан гараад төвөгтэй болоод байна, би чамаас авсан мөнгөө буцааж өгье, чи байраа буцаагаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “чи мөнгөө өгчих, би байрыг чинь суллаад өгчихье” гэж хэлээд, мөн зээлийг нь ч төлөхөө зогсоосон юм. Ингээд А  мөнгөө өгөхгүй цаг алдаж байснаа 2015 оны 2 сард цагаан сараас 3 хоногийн өмнө надад миний нэр дээрх байрны зээлийг дуусгаад асуудлыг зохицуулах боломж гарлаа. 2000 ам.доллар төлчихвөл болох гээд байна. Тэгээд хүргэний чинь нэр дээр байрны зээлийг 8 хувийн хүүтэйгээр гаргаад өгчих боломжтой боллоо гэхээр нь өөрийнх нь Аксис ресторанд нь аваачиж өгсөн. Асуудал зохицоод болох юм байх гэж хараад бүтэхгүй болохоор нь нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 06 сарын 24-ний өдөр өмнө бүх яриагаа дуусгаж Төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар батлуулсан юм. Энэ гэрээгээр А гийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ ч багасгаж 40,000,000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь ч сунгаж 2015 оны 10 сарын 01-ний өдөр болгосон. Гэсэн ч энэ тохиролцоо маань хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 6 сарыг хүргэсэн. Иймд А гаас Төлбөр барагдуулах гэрээ-ний хэлцлийн агуулгад заасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо нарны зам гудамж 100/2 дугаар байрны 1 тоотод байрлах 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 40,000,000 төгрөгийг, гэрээний талуудын хүлээх хариуцлага хэсэгт заасан алдангийн 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2015 оны 06 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, тооцоо нийлж, 40,000,000 төгрөгийн төлбөр байгааг А  хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол 2012 оны 06 сарын 30-нд орон сууц захиалгын гэрээ хийж, уг байрыг А  авсан. 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр буюу нийт 72,850,000 төгрөгөөр авсан байж уг байрыг ашиг олох зорилгоор Б д 103,400,000 төгрөгөөр зарах гэж оролдсон дүр зураг харагддаг гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2013 оны 7 сард н.Цэцэгмаа буюу Б  хэмээх эмэгтэйтэй найзаараа дамжуулан танилцсан. Байр авах гэсэн чинь урьдчилгаа 30 хувийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь ярьж байгаад Хурдын нарны хороололд 3 өрөө байр урьдчилгаа 5,000,000 төгрөгөөр захиалж өгсөн. Гэтэл Б  нь авч чадахаа байлаа, чиний зарах гэж байгаа 2 өрөө байрыг авъя гэхэд охин маань хойд эцэгтэйгээ таарахгүй байна гэж уйлж орж ирэн баахан зовлон ярьсан. Тэрээр Казакын иргэн, иргэншлээ 2-3 сарын дараа авна, надад мөнгө орж ирэхээрээ 10, 20 саяаараа бөөн орж ирдэг, чи өөрийнхөө нэр дээр авчих, би 1 жилийн дотор төлж дуусгана гэж хэлсэн. Би зөвшөөрч, өөрийнхөө нэр дээр 8 хувийн зээл авч, 2 өрөө 47 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 2,200,000 төгрөгөөр тохирч нийт 103,400,000 төгрөгөөр байр авахаар болсон. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51,000,000 төгрөгийн зээл гарч болно гээд Б  нь надад үлдэгдэл 52,400,000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнийгээ гүйцэд өгөөгүйгээс бидний хооронд маргаан гарсан. 2013 оны 12 сарын байдлаар 23,600,000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь 2014 оны 2 сард 1180 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2,019,600 төгрөг, мөн 800,000 төгрөгийг цувуулж өгсөн. Гэхдээ урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөөгүй байж сар бүрийн банкны зээлд 475,000 төгрөг Б  төлдөг байсан. Ингээд 2014 оны цагаан сарын баярын дараа урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөхгүй бол байраа буцааж авна гэхэд 2014 оны 4 сард 8,000,000 төгрөг өгөөд үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж, утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 33,619,600 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш Б  нь сар бүр банкинд төлдөг байсан 475,000 төгрөгөө 2014 оны 9 сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөхөө больсон. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд би өөрөө сар бүр 475,000 төгрөгөө төлж байсан. Ам.долларын зөрүү 1,400,000 төгрөг, дээр нь 4,750,000 төгрөгийн гал зуухны тавилга хийсэн, тэндээ үлдэнэ гэхээр нь 40,000,000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд 3 хоногийн дотор байр чөлөөл, би 10 сарын 1-нд мөнгийг чинь өгье гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Би зун амраад явахдаа ажилчиддаа тэр байрыг түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500,000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байрыг маань чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн, тэгэхээр нь би байрыг чөлөөл, наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд байр зарах зар тавьсан. Зарын дагуу хүмүүст үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гаргуулахаар тооцоолж анх 62,933,850 төгрөг гаргуулна гэж бичсэн. Одоо шаардлагаа өөрчилж, банкинд төлсөн хүү 19,000,000 төгрөг, бизнесийн зээлийн хүү 13,600,000 төгрөг, амь насны даатгал 780,000 төгрөг, зээлийн судалгаа 255,000 төгрөг, зээл судалгаанд 255,000 төгрөг, нотариат 260,000 төгрөг, хүний барааны мөнгө 2,800,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 727,850 төгрөг, уг байрыг бусдад нэг сарын 500,000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олох байсан ашиг 20,500,000 төгрөг, нийт 57,922,850 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 51,000,000 төгрөгний орон сууцны зээлд 19,000,000 төгрөгийн хүү төлсөн гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Мөн бизнесийн зээлийн хүү 13,600,000 төгрөг нь үндэслэлгүй. Яах гэж бизнесийн зээл авсан нь тодорхойгүй. Хариуцагч байрны мөнгөө төлсөн бол зээл авахгүй байсан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 103,400,000 төгрөгөөр байраа Б д худалдахаар А  харилцан тохирсон. Нэхэмжлэгчийн хувьд бол орон сууцны 30 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 8 хувийн зээлд оруулж өгнө гэж амласан. Гэтэл нэхэмжлэгч 30 хувь биш түүнээс илүү 40,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд төлбөр барагдуулах гэрээнд бичсэн байна. Тэгэхээр Б  бүрэн төлөөгүйгээс болоод би зээл авсан, тэр зээлийн хүүг Б  төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Амь насны даатгал 780,000 төгрөг, зээлийн судалгааны 255,000 төгрөг, нотариатын зардал 260,000 төгрөгүүд миний үйлчлүүлэгчид хамаагүй тул үүнийг төлөх үндэслэл байхгүй. Хүний бараа гэх 2,800,000 төгрөгийг мэдэхгүй байна. Тухайн байрны СӨХ-ны мөнгө 727,850 төгрөг, тухайн байрыг бусдад нэг сарын 500,000 төгрөг гэж тооцон 41 cap түрээслүүлснээс олсон ашиг 20,500,000 төгрөг зэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол 2015 оны 06 сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг хийснээр өгсөн, авсан зүйлээ буцаая гэдэг тохиролцоонд хүрээд энэ өдрөө Б  байрны түлхүүрийг А д өгсөн. Байр өөрөө хариуцагчийн нэр дээр байдаг тул хариуцагч өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг эдгээр төлбөрүүдийг төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00783 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А гаас 60,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б д олгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан 57,922,850 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,654 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 464,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1336 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч А гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/0783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1336 дугаар магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээрээ миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Б  болон А  бидний хоорондын энэхүү маргаан өмнө нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, уг шийдвэрийг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 2095 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан үндэслэлээ “...талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Нарны зам гудамж,100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууц нь хэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.” гэж тодорхойлж байсан. Гэтэл дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөлийн асуудал давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн дагуу хариуцагч А гийнх болох нь тогтоогдсон баримтыг эрх бүхий байгуулагаас ирүүлсэн байхад анхан шатны шүүх миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг “байр чөлөөлүүлэх тухай” шаардлагыг орхисноос болж дээрх маргаан бүхий орон сууцны эзэмшил, ашиглалт эцэслэн шийдвэрлэгдэхгүй маргаан дагуулсаар хоцорч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж, миний сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагад ч хууль зүйн бодит дүгнэлт хийх боломжгүй боллоо. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. Талууд 2015 оны 06 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болох нь... ...тогтоогджээ.” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэсэн, мөн 205.7 дахь хэсгийн “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.” гэсэн гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаварын талаарх хуулиар хүлээлгэсэн үүргээ нэхэмжлэгч Б  хэрхэн биелүүлснийг дүгнэхгүйгээр харин хариуцагч төлбөрөө барагдуулах хэлцлээр хүлээсэн үүргээ яагаад биелүүлээгүй талаар маргаж тэр ч бүү хэл үүн дээрээ үндэслэж хохирол төлбөр нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасаар байхад хариуцагчийг буруутгах болохоороо “...талуудын хэн аль нь маргаагүй... гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нь “9 төрлийн баримт” гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь миний өмчлөлийн орон сууцыг анхны худалдах, худалдан авах гэрээнээс талууд татгалзснаас хойш нэхэмжлэгч эзэмшсээр байсныг нотолсон баримтууд байснаас гадна, манай гаргаж өгсөн баримт болох 2015 оны 09 сарын 26-ны өдөр автомашины зогсоол хүсэж СӨХ-д гаргаж байсан хүсэлтийн эзэн М.Жаргал гэгч хэн болохыг шүүхээс лавлахад ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дожсүрэн нь “нэхэмжлэгч Гульзирагийн нөхөр нь” гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг орон сууцыг хариуцагчид биет байдлаар хүлээлгэж өгсөнөө нотлож чадаагүй байхад “байрнаас чөлөөлүүлэх тухай” миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэгэн байдлаар дүгнэж шийдвэрлээгүй нь хожим хойно нэхэмжлэгчийн зүгээс надад холбогдуулан ямар ч хохирол, төлбөр нэхээд ирэх боломжийг нээж өгч байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтуудын нэг болох нэхэмжлэгч Б гийн цагдаагийн байгууллагад 2016 оны 06 сарын 07-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн өргөдөлд өөрийн оршин суух хаягаа энэ маргаан бүхий орон сууцны хаягаар буюу бичсэнээс харахад ямар ч л байсан энэ хугацаа хүртэл буюу “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаас хойш бүтэн 1 жилийн дараа уг байрыг хариуцагчид биет байдлаар хүлээлгэн өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлож байсан нь илэрхий харагдаж байгаа болно. Тэр ч бүү хэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн шат, шатны прокуроруудын тогтоолын хамгийн сүүлийн тогтоолын хугацаагаар тооцоход л 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг биет байдлаар хүлээлгэж өгөөгүй нь бүрэн нотлогдож байгаа төдийгүй Б  нь 2017 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болон Б гийн нэхэмжлэлтэй, А д холбогдох 60,464,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 183/Ш32017/04480 дугаар захирамжийн хугацаа зэргээс харахад “...2015 оны 06 сарын 24-ний өдөр”-өөс хойш хариуцагч А  надад Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан “...өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх...”-ээ эдлэх боломж, цаг хугацаа байгаагүй гэдэг нь маш тодорхой байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх ч үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд харамсаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч А  би Б гийн хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлж авах эрхээ эдлэх нь бүү хэл өөрөө гүтгэгдэн Эрүүгийн хэрэгт шалгагдан ялтан болох дээр тулчихсан явж байгаад арай гэж үнэн мөн нь тогтоогдсоноос хойш 2-хон хоногийн дараа дахиад л шүүхэд дуудагдсан байгааг миний биш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь гаргаж өгсөн энэ олон баримтуудаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийж чадаагүй гэдэгт итгэхгүй байна.

Анхан шатны шүүх асуудалд ингэж хөнгөн хуумгай хандаж байхад давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаасан өөрийнх нь өмнөх үндэслэл нь хэрхэн, ямар үйл баримтаар яаж тогтоогдож вэ, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх яаж хүлээн авч, ямар хууль зүйн дүгнэлт хийж, хэрхэн шийдэж вэ гэдгийг огт анхаарч үзэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйг харуулж байна. Эрхээ эдлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал ч яригдахаар байхад анхан шатны шүүх “чи өөрийнхөө эрхээ эдлэж чадаагүй нь хохь чинь” гэсэнтэй утга нэг шийдвэр гаргаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “зөв” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б гийн хүсэлт, түүнийг анх над дээр дагуулж ирж танилцуулж байсан найзынхаа гуйлтаар би түүнд лизингээр орон сууц олж өгч туслахаар болсон, яриа бүтэх тийшээ хандахад Б  нь гадаадын харъяат байсан тул Монгол Улсын хуулиар лизингээр байр авах боломжгүй болсон төдийгүй Б  нь лизингийн урьдчилгаагаа ч төлж чадахгүй байсан тул би өөрийн нэр дээр “бизнесийн зээл” авч түүгээрээ энэ лизингийн байрны урьдчилгааг нь төлж гэрээ байгуулсан, ингээд би өөрийн нэр дээр лизингийн орон сууцны бүртгэлтэй болсон, нэхэмжлэгчийг уг лизингийн байранд нь оруулж хүлээлгэж өгсөн, тэр өнөөдрийг хүртэл уг байр, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримтууд хангалттай байхад анхан шатны шүүх энэ бүхнийг дүгнэж чадаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боломжоо алдахад хүргэсэн. Б  анх ярьснаараа лизингийн байрныхаа урьдчилгаагаа бүрэн төлчихсөн бол би бизнесийн зээл авч банкинд хүү төлж хохирохгүй, цаашлаад лизингийн байрны зээлийг цаг хугацаанд төлөөд явсан бол нэр дээрээ гэрээ байгуулснаараа би лизингийн төлбөрийг нь төлж хохирохгүй, ядаж л 2015 оны 06 сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” хийсэн даруйдаа байраа хүлээлгээд өгчихсөн бол өнөөдрийг хүртэл лизингийн төлбөр төлж хохирсон дээрээ хохироод явж байхгүй, би түүнийг нь аль алиндаа хохиролгүйгээр асуудлыг шийдчих бүрэн боломж байсан гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хараагүйд харамсаж байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэд хэдэн баримт өгч, 2 хүсэлт гаргасан. Нэг нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж миний дансыг хаалгах, хөрөнгийг битүүмжлүүлэх, хоёр дахь нь намайг цагдаагаар шалгуулж байсан эрүүгийн хэргээс материал авахуулах тухай байсан. Харин эдгээр гаргаж өгсөн баримт нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлж байх явцад “нэхэмжлэгч одоог хүртэл байр чөлөөлж өгөөгүй” гэдгийг нотлуулах гээд гаргаад байсан манай талын хүсэлтүүдийг маань нотлох баримтууд байсан. Нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүгч ямар ч байдлаар шийдвэрлэсэн бай түүнд нь талуудын аль нь ч гомдол гаргах хуулийн боломжтой болохоор манай зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтанд үндэслэсэн шинэ нотлох баримт гаргаж өгөх хугацаа гарч ирэх боломжтой боллоо гэж хараад байж байтал шүүгч завсарлаж орж ирээд 2 талын бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, үүнд “талууд гомдол гаргах эрхгүй” гэдгийг мэдэгдэж, шууд шүүх хуралдаанаа үргэлжүүлж шийдвэр гаргасан нь бас л хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-ийн заалтыг илт зөрчиж хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хаан боогдуулсан нь өөрийнх нь шийдвэр хүчингүй болох хангалттай үндэслэл гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчиж уг хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжаа бичгээр гаргаагүй нь давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй алдаа болсон нь мөн л шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл байсаар байтал давж заалдах шатны шүүх энэ алдааны хажуугаар нүдэн байлай, чихэн дүлий өнгөрч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “буруу жишиг” тогтсон хэрэг болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч А д холбогдуулан гэрээний үүрэгт 60,000,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 62,922,850.00 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх явцад 57,922,850.00 төгрөг болгож багасгажээ.   

 Хариуцагч А  нь 2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүрэгт 2 өрөө, 47 м.кв орон сууцыг 103,400,000.00 төгрөгөөр нэхэмжлэгч Б д худалдах, Б  нь ипотекийн зээл авах боломжгүй тул А  нь нэхэмжлэгчээс урьдчилгаанд 40,000,000 төгрөг авч, өөрийн нэр дээр зээл гаргуулахаар, Б  нь 1 жилийн хугацаанд орон сууцны зээл болон төлбөрийг бүхэлд нь төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар талууд амаар тохиролцжээ. Гэвч нэхэмжлэгч Б  орон сууцны төлбөрийг гүйцэд төлөөгүйгөөс талуудын дээрх тохиролцоо хэрэгжих боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон байна.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулсныг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ. Уг хэлцлээр хариуцагч А  нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40,000,000.00  төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцааж төлөх, хугацаа  хэтэрсэн  хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25 хувиар алданги тооцохоор  талууд харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч  нэхэмжлэгчийн  шаардах эрхийн үндэслэл болж буй “Төлбөр барагдуулах гэрээ”-ний талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

Талуудын тохиролцсон орон сууц худалдах-худалдан авах хэлцлийн нөхцөл   хэрэгжих боломжгүй болсноор зохигчид өмнө шилжүүлсэн төлбөрийг хэрхэн буцаах талаар “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан, нэхэмжлэлээр энэ хэлцлийн үүргийг  шаардсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ. 

          Түүнчлэн зохигчид хэлцлээр анзын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

            Хариуцагч А  нь нэхэмжлэгч Б д холбогдуулан орон сууцны зээлийн хүүнд 19,000,000.00 төгрөг, бизнесийн зээлийн хүүнд төлсөн  13,600,000.00 төгрөг, амь насны даатгалд 780,000.00 төгрөг, зээлийн судалгаанд төлсөн 255,000.00 төгрөг, нотариатын зардал 260,000.00 төгрөг, хүний барааны үнэ 2,800,000.00 төгрөг, тухайн байрны СӨХ-ны төлбөр 727,850.00 төгрөг, уг байрыг бусдад нэг сарын 500,000.00 төгрөгөөр түрээслэсэн гэж тооцвол 41 сарын олох байсан ашиг 20,500,000.00 төгрөг, нийт 57,922,850.00 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

           Талуудын анхны тохиролцооны зүйл болох орон сууц хариуцагч А гийн өмчлөлд байгаа нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгөө эрсдэлээс хамгаалж даатгалын төлбөр, орон сууцны зээлийн хүү, дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр, зээлийн судалгааны төлбөрийг нэхэмжлэгч Б  хариуцах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

         Түүнчлэн хариуцагч нь олох байсан орлогод 20,500,000.00 төгрөг нэхэмжилсэн боловч энэ тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн нотариатын зардлыг хэн хариуцах талаар тохиролцсон баримтгүй, барааны үнэ шаардсан нь үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэж дүгнэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

        Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулалгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу юм.

            Хариуцагч А  нь “... байр чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэсэн гомдол гаргасан ба тэрээр 57,922,850.00 төгрөгийн шаардлагын хэмжээнд тэмдэгтийн хураамж төлсөн, нөгөөтэйгүүр 2018 оны 3 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр орон сууцыг хариуцагч эзэмшилдээ буцаан авсан талаар тайлбар гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байх тул энэ гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

        Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1336 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Хариуцагч А гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН