Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00223

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            16                                          001/ХТ2021/00223

 

 

 

...........ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1640 дүгээр магадлалтай,

 

...........ХХК-ийн нэхэмжлэлтэй

..........., ...........нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ..........., ...........нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Заг констракшн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...........тай 5001017540 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23,64 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Заг констракшн ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх зорилгоор тус компанийн захирал ..........., ...........нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...........тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлийн ........... дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 81 000 000 төгрөгөөр ...........анд худалдсан. ...........нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Банк нь 2018 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд зээлдэгчийг орон сууцаа буцааж худалдан авах нөхцөлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй ба 2018 оны 7 дугаар сараас худалдан авсан орон сууцаа худалдан борлуулахаар болж банканд хүлээлгэн өгөхийг хүсэхэд өөр санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байгаа, удахгүй төлнө, суллан өгөх боломжгүй гэдэг. Уг байранд өнөөдрийг хүртэл хариуцагч ..........., ...........нар нь амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон хохирол учруулсаар байна. Иймд улсын бүртгэлийн ........... дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч ..........., ...........нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Заг констракшн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...........ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилга болон газрыг барьцаалсан. Мөн ...........ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 дугаартай зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 118 тоот 62.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол. Нарны зам гудамж, 62 дугаар байр, 23 тоот 16 м.кв авто зогсоолыг барьцаанд тус тус тавьж нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан. ..........., ...........нар зээлийн хүү болон зээлийг боломжоороо төлж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээр санхүүгийн хүнд байдалд орж, төлж чадахгүй болсон юм. ..........., ...........нарын зүгээс зээлийн гэрээний дагуу ...........ХХК-ийн барьцаанд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг аваад, худалдан борлуулж, зээлээ хаалгаад илүү гарсан зөрүү мөнгийг нь авъя гэсэн санал тавьсан боловч ...........ХХК-иас манай банк нь үйлдвэрийн объектыг зээлийн төлбөрт авдаггүй, харин орон сууц, автомашины зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөр зээлийг хаадаг гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь бид ...........ББСБ-аас зээл авсан байгаа, барьцаанд нь 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол тавьсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг авч болно гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш ...........ХХК нь ...........ББСБ-тай холбогдон орон сууцууд болон авто машины зогсоолыг зээлийн гэрээний барьцаанаас нь гаргуулан, зээлийн гэрээг нь хаан тухайн орон сууц болон автомашины зогсоолуудыг ..........., ...........нараас худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа давхар амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан. Амлалтын үүрэг хүлээх гэрээ нь орон сууцыг ............ ...........нар нь буцаан худалдан авах нөхцөлтэй, буцаан худалдан авахдаа хүү тооцох заалттай гэрээ байсан. Мөн энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулахад хэрэв ..........., ...........нар амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авч чадахгүй бол ...........ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан. ..........., ...........нар нь орон сууц болон авто зогсоолыг ...........ХХК-ийн хэлснээр худалдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнийн ханшаар худалдаж авах ёстой байсан. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц нь Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115 505 832 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 81 000 000 төгрөгөөр бус 115 505 832 төгрөгөөр хийх ёстой байсан гэсэн үг юм. Бид зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан бөгөөд эрх зүйн ямар ч мэдлэггүй биднийг хуурч мэхлэн, гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлж аваад, орон сууцнаас минь хөөж гаргаж байгаад гомдолтой байна. Иймд ..........., ...........нар дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэлцэл юм. Учир нь, банк нь зээлийг хаахдаа шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр зээлдэгчээс гаргуулан авах, эсхүл барьцаа хөрөнгөөр хангуулах гэх мэтээр зээлийг хаах байтал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн зээлийг хаасан нь үндэслэлгүй юм. ...........ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үйлдвэрийн өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан байхад тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний барьцааг хангах боломжтой байсан. ...........ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа компанийн тухайн үйлдвэрийн барилга болон газар нь зээлийн гэрээний барьцаанд авах шаардлага хангасан болоод зээлийн гэрээний барьцаанд авсан байгаа. Гэтэл дараа нь манай байгууллага үйлдвэрийн барилга авдаггүй гэсэн нь зээлийн гэрээгээр тохиролцсон зүйлээс тэс өөр байна. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан бөгөөд ...........ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, ...........ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хамт хийгдсэн амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээс илт тодорхой байна. Иймээс худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч ...........ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд ...........болон ..........., ...........нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Заг констракшн ХХК нь ...........анд хүсэлт гаргаж үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлэн ...........ББСБ-аас авсан зээлээ хаах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Заг констракшн ХХК болон ...........ББСБ-ын ...........анд гаргасан хүсэлтийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн болно. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээг тус тус байгуулсан ба гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулан, гэрээг хуульд заасан шаардлагыг хангуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Амлалт үүрэг хүлээх гэрээгээр талууд зорилгоо тодорхойлж, худалдагч тал заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгөнүүдийг буцаан худалдан авах, уг хугацаанд худалдан авагч тал өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхаар үүрэг амлалт хүлээж, хүсэл зоригоо илэрхийлэн агуулгаа тодорхойлж байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул ...........ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох ..........., ...........нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ..........., ...........нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 562 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 492 750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 562 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1640 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ..........., ...........нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэг мөн тус зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх зохигчдын болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “3аг констракшн” ХХК нь 2013 онд “...........” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө /үйлдвэрийн барилга/ болон газрыг барьцаалсан. Мөн “...........” ББСБ-аас 2015 он болон 2016 онд тус тус зээлийн гэрээ байгуулж буюу нийт 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэгт байрладаг 2 өрөө орон сууц болон автомашины зогсоол, Сүхбаатар дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан. “Заг констракшн” ХХК нь “...........” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний төлбөрийг чадах боломжоороо төлж ирсэн боловч төлөх боломжгүй болсны улмаас тухайн зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан үйлдвэрийн объект болон газрыг үүргийн гүйцэтгэлд хангуулъя гэсэн боловч үйлдвэрийн объектоор үүргийн гүйцэтгэл хангахгүй гэж хэлсний улмаас “...........ББСБ” ХХК-д тавьсан байсан 3 объектыг худалдаж зээлийн гэрээг хаасан юм. Хэрэв анхнаасаа үйлдвэрийн объектыг үүргийн гүйцэтгэлээр хангадаггүй байсан юм бол ямар үндэслэл агуулгаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож авсан нь ойлгомжгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангаж авдаггүй юм бол анхнаасаа орон сууцнуудыг барьцаанд тавих боломж байсан. Гэтэл аль хэдийн барьцаанд тавьсан зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангадаггүй гэхдээ орон сууц болно гэж байгаа нь банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд зүй ёсны эсэхийг гайхаж байна. Иргэдийг хууран, иргэдийн өмч хөрөнгийг хууран мэхэлж өмчид халдаж байгаагаас ялгаагүй байна. ..........., ...........бид ямар ч аргагүй болсны улмаас бид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан гарын үсэг зурсан бөгөөд тухайн худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэрэв худалдан авч чадахгүй бол “...........” ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан. Тухайн үед хэлцлийн тохиролцооны зүйл болох орон сууц нь Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний Үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115 505 832 төгрөг гэж үнэлсэн. Талууд хичнээн худалдах, худалдан авах гэрээг 81.000.000 төгрөгөөр тохиролцон байгуулсан ч гэсэн тухайн орон сууц нь үнэндээ 115 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад “...........” ХХК нь зах зээлийн үнэлгээнээс бага үнийн дүнгээр худалдан авах гэрээ байгуулчихаад орон сууцыг чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь анхнаасаа үндэслэлгүй бөгөөд иргэн ..........., ...........бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг тусгасан гэрээ байсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Энэхүү гэрээний 4.1.3, 4.1.5-д заасны дагуу гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг хавсралт 1,2-т заасан үнээс илүү үнээр худалдсан тохиолдолд үнийн зөрүүг худалдагчид, хэрвээ худалдагч нь банкинд өөр бусад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол тэдгээрийн төлбөрт шилжүүлнэ” гэж заасан нь зөвхөн амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний хугацаа буюу 2017 оны 12-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд л зөрүү мөнгийг олгоно гэж өөрт ашигтай гэрээ байгуулсан. Тухайн үед энэхүү “...........” ХХК-ийг ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай гэж хэлсний дагуу л тус гэрээг байгуулсан. Иймээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ...........ХХК нь хариуцагч ..........., ...........нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтад дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

...........нь ...........ББСБ-д хариуцагч нарын зээлийн үүрэг болох 40 270 000 төгрөг, Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нарын зээлийн гэрээний үүрэг болох 44 692 000 төгрөгийг төлж барагдуулснаар хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 172 134 572 төгрөгт худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 35-44 дүгээр тал/

 

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 12 сарын 20-ны өдөр ...........ХХК нөгөө талаас Б.Ганбаатар, ........... нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүх талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольсон буюу зээлийн үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, талууд үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгө тооцон авсан эсэхийг зааглаж дүгнэлт хийсэн эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлдэг бол мөн зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилсан болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог, дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл нь байдаг.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн дээрх зохицуулалтыг хамааруулж хэрхэн үзэж байгаагаа дүгнээгүйгээс гадна талуудын хооронд өмнө нь зээлийн үүрэг байсан, хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээ хэд байсан, зээлийн үүрэгт тооцож өгсөн үл хөдлөх хөрөнгийн үнэ дүйцсэн эсэх, орон сууцны үнэ 115 000 000 төгрөг байсан гэх хариуцагчийн тайлбар, баримтыг хэрхэн үгүйсгэн дүгнэсэн нь тодорхой бус байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээний хоорондын уялдаа холбоог үндэслэл бүхий тогтоож, тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Банк зээлийн үүргийг ипотекийн зүйлээс хангуулахаар бол шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эсвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу шүүхийн бус журмаар хангуулна. Үүнээс гадна талууд төлбөрт тооцохоор хоорондоо тохиролцох нь хууль зөрчихгүй боловч зээлийн үүрэгт үл хөдлөх хөрөнгөө харилцан тооцох тохиролцоо талуудын хүсэл зоригийн дагуу, хэн алины эрх ашгийг зөрчөөгүй, тэгш байдлыг хангасан байх учиртай.

 

Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаар дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1640 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 633 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              Х.СОНИНБАЯР

                            

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                               П.ЗОЛЗАЯА