Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00284

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            25                                          001/ХТ2021/00284

 

 

 

...........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1724 дүгээр магадлалтай,

 

...........гийн нэхэмжлэлтэй

...........д холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн  гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37-08 тоотод оршин суудаг, уг хаягт байрлах 12 мкв 1 өрөө орон сууцыг өөрийн төрсөн эгч ........... 2007 онд Голомт банкны зээлээр худалдан авсан болохыг мэдэж байсан бөгөөд эгчийгээ 2007 онд нурууны хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд хүнд байхад нь туслах зорилгоор түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 499184744 тоот вальютын данс руу 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14 016 ам.доллар шилжүүлсэн. ........... нь Швейцарь улсад ажиллаж амьдрах хугацаанд олсон орлогоосоо гуйвуулга хийсэн. ...........д дээрх мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж өгсөн боловч ........... уг мөнгөөр 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкны зээлийн 3 430 000 төгрөгийг төлж, мөн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 6 994 192 төгрөгийг төлж зээлээ хаасан болохыг өөрөөс нь асууж мэдсэн. Ийнхүү Б.Гантулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гэдгээ мэдсэнээс хойш дээрх байрны өмчлөгч болох саналаа ...........д удаа дараа гаргасан боловч маргаан үүссээр өнөөдрийг хүрсэн. ........... 2016 онд дээр байрыг Хос Маркшейдер ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд тавьж уг Хос Маркшейдер ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01050 тоот захирамж гарч уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-08 тоотод байрлах 12 мкв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдсэн. Иймд Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 101.1, 108.1 дэх хэсэгт зааснаар ...........г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-08 тоотод байрлах 12 мкв, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн төлөөлөгч Д.Тэрбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37 дугаар байр, 8 тоот хаягтай 1 өрөө 12 м.кв талбайтай байрыг Хос маркшейдер ХХК нь манай байгууллагаас зээл авч, барьцаанд нь тавьсан. Гэвч зээлээ төлж чадаагүй улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд шийдвэр гарч, бид эвлэрсэн. Ингэхдээ зээлээ төлж чадаагүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон. Харин зээлдэгч зээлээ төлөөгүй учир бид хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Харин энэ хэрэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Нэхэмжлэгч ........... өнөөдрийг хүртэл гадаадад байгаа, маргаан бүхий байранд оршин сууж байгаагүй гэж ойлгож байгаа. Тэгээд ч байр худалдан авахад зориулсан гээд байгаа мөнгөний эх үүсвэр байранд биш эгчийнхээ эмчилгээнд зориулж өгсөн мөнгө гэдэг нь тодорхой байна. ........... байрны хамтран өмчлөгч байх боломжгүй. Миний ойлгож байгаагаар хариуцагч, нэхэмжлэгч нар нь төрсөн эгч, дүүс тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор л шүүхэд хандсан. Манай барьцаанд байгаа тухайн байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2 дахь дуудлага худалдаагаар худалдаалагдсаны дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хэрэг өнөөдрийг хүрсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явсан бол манай төлбөр барагдах байсан ч төлбөрөө аваагүй учир бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр орж байгаа гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх заалтыг баримтлан ...........д холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай ...........гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...........гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1724 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын гомдолдоо:Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. ........... Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37-08 тоотод оршин суудаг, уг хаягт байрлах 12 мкв 1 өрөө орон сууцыг өөрийн төрсөн эгч ........... 2007 онд “Голомт” банкны зээлээр худалдан авсан болохыг мэдэж байсан бөгөөд эгчийгээ 2007 онд нурууны хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд хүнд байхад нь туслах зорилгоор түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499184774 тоот валютын данс руу 2012 оны 02 сарын 09-ний өдрөөс 2012 оны 11 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14,016 доллар шилжүүлсэн байдаг. ........... нь тэр үед Швейцарь Улсад ажиллаж амьдрах хугацаанд олсон орлогоосоо гуйвуулга хийсэн. Тухайн үед дээрх байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргах, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрээ оруулах боломж байгаагүй. 2. ...........д дээрх мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж өгсөн боловч ........... уг мөнгөөр 2012 оны 03 сарын 23-ны өдөр “Голомт” банкны зээлийн 3 430 000 төгрөгийг төлж, мөн 2012 оны 04 сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 6 994 192 төгрөгийг төлж зээлээ хаасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... хариуцагч ...........д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоот 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ........... хариу тайлбар гаргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ингүүмэл-Инвест ББСБ ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. /хх 32 дугаар тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хамтран өмчлөх эрхийн хүрээнд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс эгч ...........д 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд 14 016 ам.долларыг шилжүүлсэн нь Б.Гантулгын өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болоогүй талаар шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч нь орон сууцыг хамтран өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр үүссэн болохыг баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар ........... нь 2015 оны 01 сарын 07-ны өдөр Ингүүмэл-Инвест ББСБ ХХК-тай 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх 1 өрөө орон сууцыг барьцаалсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1050 дугаар шүүгчийн захирамжаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх36-37 дугаар тал/

 

Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.2, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.6-д зааснаар барьцааны хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн эсэхээс үл хамаарч барьцааны үүрэг хэвээр үлддэг байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1724 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Д.ЦОЛМОН