Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00292

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            30                                          001/ХТ2021/00292

 

 

 

.................ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2019/00369 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

 

.................ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

.................ХК-д холбогдох

 

Үйлчилгээний хөлс 6,756,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч .................ТӨХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .................нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан “үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий” төрийн өмчит хувьцаат компани юм. “Гурил тэжээл Булган” ХК нь 1993 оны 2 сарын 8-ны өдөр “.................” ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу “.................” ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч .................ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. .................ХК -ийн төлбөл зохих төлбөр 2010-2011 онд 456676 төгрөг, 2012 -2016 онд 4800000 төгрөг, 2017-2018 онд 1000000 төгрөг, 2019 онд 500000 төгрөг буюу өнөөдрийн байдлаар нийт 6756676 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд Гурил тэжээл Булган" ХК -иас нийт 6756676 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .................ХК нь 1950 онд байгуулагдсан. 2011 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа зогсоосон. Тоног төхөөрөмж нь муудаж, хоцрогдож элэгдсний улмаас цахилгаан зарцуулалт их болсон. Мөн хөдөлмөрийн бүтээмж их муу орлого нь зарлагаа нөхөж чадахгүй болсон тул хаагдсан. Татан буулгах гэхээр 1% хувьцаа эзэмшиж байгаа 3000 жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн гээд одоог хүртэл шийдвэр гараагүй тул .................ТӨХК-ийн нэхэмжилсэн мөнгийг өгөх бололцоогүй болно. Манай компани .................ТӨХК-нд бүртгэлтэй гэдгээ мэдээгүй, Энэ олон чимээгүй байж байгаад гэнэт ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Иймд өнөөдрийн бидний байгаа бодит нөхцөлийг харгалзан үзэж нэхэмжлэлээ татан авах, эсхүл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаартай шийдвэрээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасныг баримтлан хариуцагч .................ХК-иас үйлчилгээний хөлс 6756676 /зургаан сая долоон зуун тавин зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................ТӨХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .................ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123060 /нэг зуун хорин гурван мянга жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .................ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123060 /нэг зуун хорин гурван мянга жар/ төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123.060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрээр хариуцагч .................ХК-иас үйлчилгээний хөлс 6,756,676 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 49.4, 56.1.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны байж чадаагүй байна. 1.Магадлалын хянавал хэсэгт: “...Нэхэмжлэгч .................ТӨХК нь ... нийт 6,756,676 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа бусад байдлаар нотлоогүй...” гэсэн нь үндэслэлгүй. 1992 оны 2 сарын 20-ны өдрийн Булган аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 50 дугаар тогтоолоор Булган аймгийн Гурил тэжээлийн комбинатыг хувьцаат компани болгон хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн байдаг. .................ХК нь 1993 оны 2 сарын 8-ны өдөр .................ид өргөдөл гарган, 1993 оны 8 сарын 8-ний өдөр бүртгэлийн гэрээ байгуулжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл тус компанийн 570,845 ширхэг хувьцаа .................дээр өнөөдрийг хүртэл арилжаалагдаж байна. .................ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд тус хуулийн 47.1-т заасны дагуу үнэт цаас нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны арилжааг зохион байгуулдаг хуулиар олгогдсон тусгай эрхтэй байгууллага юм. Үүнийхээ хөлс, урамшууллыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу өөрийн дүрэм журмаар тогтоодог. Манай байгууллага нь анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрөл, үйлчилгээний хөлс тогтоосон бүхий л дүрэм журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3, Иргэний хуулийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж чадсангүй. 2. Магадлалын хянавал хэсэгт: “...хариуцагч .................ХК, нэхэмжлэгч .................ТӨХК-ийн хооронд үнэт цаас гаргагчтай байгуулсан 263 дугаартай гэрээ нь ...Иргэний хуулийн 51.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл...” гэжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хэлцлийн хэлбэрийг хуулиар тусгайлан заагаагүй байхад шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн гэрээнд сар, өдрийг заагаагүй байгаа нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарахгүй байхад шүүх Иргэний хуулийн 51.1.8 дахь хэсгийг хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн түүнчлэн талуудын хооронд 1993 оны 8 сарын 8-ны өдөр бүртгэлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх хариуцагчийн үүрэг хэвээр байгаа, талууд 1993 онд байгуулагдсан гэрээг 2011 онд шинэчлэн байгуулсан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. 3. Магадлалын хянавал хэсэгт: “...хариуцагч .................ХК, нэхэмжлэгч .................ТӨХК-ийн хооронд үнэт цаас гаргагчтай байгуулсан 263 дугаартай гэрээ нь ...Иргэний хуулийн 49.4-д заасан “...түүнээс гарах эрх үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэснийг зөрчжээ...” гэж гэсэн нь ойлгомжгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно. .................ТӨХК нь нэг төрлийн бирж мөн боловч биржийн үйл ажиллагаанд хийгдэж буй гэрээ хэлцэл бүрийг биржийн хэлцэл гэж үзэхгүй. Тухайлбал бирж тодорхой ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлсэн бол ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд, иргэнийг ажилд томилж ажиллуулсан бол хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож, өөр өөрийн хэм хэмжээгээр зохицуулагдана. Иргэний хуулийн 49.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь биржээр худалдагдаж буй хөрөнгө, хөрөнгийн эрх, түүний худалдагч, худалдан авагчийн хоорондын харилцааг зохицуулсан ерөнхий хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл энэ хэм хэмжээ нь биржийн дотор хийгдэж буй арилжааг зохицуулсан хэм хэмжээ болохоос биш бирж өөрөө бусад этгээдтэй гэрээний харилцаанд ороход баримтлах хэм хэмжээ биш. .................ТӨХК болон .................ХК-ийн хоорондын харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээтэй төстэй, Иргэний хуулийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний төрөлд орох харилцаа бөгөөд биржийн хэлцэл гэж үзэхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .................ТӨХК нь Булган аймгийн .................ХК-д холбогдуулан хөлс 6 756 676 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “2011 оны 11 сараас үйл ажиллагаа явуулаагүй, жижиг хувьцаа эзэмшигч нараас шалтгаалж дампууруулж болдоггүй, хөрөнгийн биржид бүртгэлтэй гэдгийг мэдээгүй, хувьцаа арилжигдаж байгаа талаар мэдээлэл өгч байгаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй, магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй, шүүхийн нэрийг буруу бичсэн, хэнд холбогдох ямар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

 

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

.................ХК нь 1993 оны 2 сарын 8, 2011 онд .................ТӨХК-тай тус тус гэрээ байгуулсан, компанийн үнэт цаасны арилжааны бүртгэлийг гүйцэтгүүлэх, үүний төлөө хөлс төлөх 2 талын үүрэг үүссэн үйл баримт тогтоогджээ. 2011 оны гэрээнд талууд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан ба сар, өдрийг заагаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохыг хуульд заагаагүй юм.

 

Талуудын дээрх тохиролцоо гэрээний үндсэн шинж хэлбэрийг агуулсан, Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээ, гэрээ хүчин төгөлдөр, .................ТӨХК хувьцааны арилжааны мэдээллийг бүртгэх үүргийг .................ХК-ийн өмнө хүлээсэн, үүргээ биелүүлсэн бол Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй байх ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Анхан шатны шүүхийн баримталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасан зохицуулалт нь хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрх хэмжээг олгосон заалт болохоос бусдаас хөлс, урамшууллаа шаардах эрхэд хамааралгүй, хэрэглэвэл зохих хууль биш юм.

 

Гэрээний дагуу .................ТӨХК нь 2010-2019 оны 6 сар хүртэл хугацаанд .................ХК-ийн 69 221 991 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 39 942 ширхэг хувьцаа арилжигдсан бүртгэлийг хийсэн нь баримтаар тогтоогджээ. Гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул хөлс шаардах эрхтэй, бүртгэлийн хөлс төлөх журам 2015, 2018 онд тус тус өөрчлөгдөж, батлагдсан, уг журмын дагуу нэхэмжлэгч хөлсний хэмжээг тодорхойлсон байх ба .................ХК гэрээний 1.1, 1.3-т зааснаар уг журмаар тогтоосон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу  хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба уг хугацааг шаардах эрх зөрчигдсөн үеэс тоолоход нэхэмжлэгч нь 2010-2015 оны гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байна. Хөөн хугацаа зогссон, эсхүл тасалдсан, хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул энэ хугацааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагчаас 2016, 2017, 2018 оны хөлс 2 000 000 төгрөг, 2019 оны 500.000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 132/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч .................ХК-иас 2 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................ТӨХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 256 676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтад “...хариуцагч .................ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123 060 /нэг зуун хорин гурван мянга жар/ төгрөгийг гэснийг хариуцагчаас ...54 950...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 123 060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

           ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

 

                                                                                      Х.СОНИНБАЯР

 

                                                                                      Г.ЦАГААНЦООЖ

 

                                                                                      Д.ЦОЛМОН