Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
Хэргийн индекс | 101/2017/05355/И |
Дугаар | 1211 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 1211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Н.Сарангүн, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.М*ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Х-д холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч П.Х, иргэдийн төлөөлөгч Н.Саранчимэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Мийн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Х нь 2016 оны 9-р сарын 27-ний өдрийн 13 цагийн орчим *******, ******* дугаарын утсаар Ш.М уруу яриад Завхан аймгийн Нөмрөг сум яваад ирье машинаа өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Амартизатор нь муудсан байсан тул СБД-ийн Авто плаза дээр очиж 4 амарзитор аваад 32-ын тойргийн арын Турбо засварын төв дээр очиж солиулаад тэнд машины багаж, данхраад зэрэг бусад хэрэглэлүүдийн хамт П.Ход 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Монгол улсад 2007 онд орж ирсэн хар өнгийн ******* ******* улсын дугаартай исузу визард маркийн машинаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед П.Ход машины онцлог шинж болон 100 км/ цагаас хэтрэхгүй явбал бензин бага иддэг талаар сануулж хэлээд явуулсан юм. Гэтэл миний машиныг 2016 оны 9-р сарын 28-ны орой Завхан аймгийн Тэлмэн сумаас Нөмрөг сум уруу явах замдаа онхолдуулж Нөмрөг суманд ахынхаа хашаанд үлдээгээд ирсэн гэж сарын дараа хэлээд сүүлд нь авчирснаа хэлээгүй. Түүнтэй хамт явсан О.Б*******аас юу болсон талаар асуухад замдаа нийслэл пиво уусан. Нэг мэдэхэд машин 2 өнхрөөд зогссон, урд шил юу ч үгүй хагараад миний нүүр биенд шигдсэн байсан, миний толгой хавдсан, хаалга онгойхгүй болохоор жолооч талын хаалгаар гарсан гэж хэлсэн. П.Х нь 2017 оны 3-р сарын 20-ны үед 2,500,000 төгрөгийг авчирч өгөхдөө үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 14 хоногийн дараа төлнө гэж хэлээд явсан. Ш.Мийн хар өнгийн ******* ******* улсын дугаартай исузу визард маркийн машиныг одоо болтол надад хүлээлгэж өгөөгүй бөгөөд утсаар ярихаар утсаа авахгүй, авахаараа надад хууль үйлчлэхгүй чамайг харъя пизда гэх зэргээр утасны цаанаас хараагаад дарамтлаад, хүний эд хөрөнгийг эвдэж гэмтээчихээд учруулсан хохирлоо төлөхгүй байгаад гомдолтой байна. Энэ хугацаанд би хүний машин хөлсөлж Улаанбаатар хотоос өөрийн мал байдаг Өвөрхангай аймгийн Бүрд сум явж малаа 3 удаа эргэн давхар давхар хохирол учирч байгаа тул П.Хоос миний машиныг эвдэлж эд хөрөнгийн хохирол учруулсны төлбөрт 4,000,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг П.Хоос гаргуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулах гэсэн шаардлагаасаа татгалзсан. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, гэхдээ өмгөөлөгчийн гэрээ бас хийсэн, надад 500,000 төгрөг төлснийг хохиролд тооцож нэхэмжилж байгаа ...” гэв.
Хариуцагч П.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ш.Мийг урд таньдаггүй байсан, уг хүнийг надтай О.Б******* нь ******* ******* дугаартай машиныг гуйж авсан өдрөө танилцуулсан. О.Б******* надад “Миний танил Ш.М гэж залуу бий. Түүний машин сайн хоёулаа тэр машинаар хөдөө явъя би гуйгаад авчихна. Оронд нь өөрийнхөө ******* дугаартай истима маркийн машинаа үлдээнэ” гэж хэлээд намайг гэртээ байхад ирж аваад 32-ын шинэ замын засварын газар очтол уг машин засварт орж, 4 амортизатор солиулаад гарч, иргэн Ш.М гэгч залуу О.Б*******ид урд нь машинаа өгч хөдөө явуулж байсан талаар ярьж би энэ хэд ийм тийм гээд О.Б*******ид зааж өгсөн. Замдаа О.Б******* нь “Би архи уумаар байна” гээд дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво авсан. Тэрийгээ уух гэж надаар машин бариулсан. Бид өдөржин яваад шөнө 02.00 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж, цааш Нөмрөг сум уруу хөдөлсөн. Нөмрөг сум дөхөөд 30 км орчим үлдээд байхад замаа олохгүй төөрсөн. Тэгэхэд О.Б******* согтуу агсан тавиад “төөрөөд байхдаа яадаг юм бэ, хамаг түлш дуусгалаа, алив би машин барина” гээд уурлаад байсан. Би тэрийг “чи боль, согтуу машин барьж болохгүй” гэж хорьсон. Гэтэл “Тэгж яривал энэ чинь манай найзын машин” гээд руль булаасан. Хувилтай зам дээр руль булааж татсанаас болж машин унасан. Нэг бүтэн эргээд 4 дугуй дээрээ буусан, машин унтраагүй асаалттай байсан. Бид 2 хаалга онгойхгүй байхаар нь цонхоор гараад харахад бид 2-т ямар нэгэн гэмтэл шарх сорви, шил зоогдсон зүйл байгаагүй зүгээр байсан болохоор цааш 30 км яваад зүс таних айлын хашаанд оруулж тавьсан. Тэгээд О.Б******* “Хүнд битгий руль булаасан талаар хэлээрэй” гээд гуйгаад байсан. Бид 2 хамт явсан ******* ******* дугаартай 20 приус машинтай миний төрсөн дүү П.С*******гийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан бид 2 хотод ирээд О.Б******* агсам тавьсан, руль булаасан тараар хүнд битгий хэлээрэй. Эхнэр хүүхэд энэ тэр амьдрал хэцүү гээд гуйгаад байсан дахин дахин гуйгаад байсан болохоор би хүнд хэлээгүй. Тэгээд машины эзэн Ш.Мд хэд хоног хотод ирснээ хэлээгүй байж байгаад 15 хоног орчим хоногийн дараа О.Б*******ийг дагуулж очоод машин унасан, хувилтай замд дугуй хагарч, тэрнээс болж унасан гэж О.Б******* гуйсан болохоор хэлсэн. Гэтэл Ш.М “Төлж өг, би унасан машин авахгүй. 5,000,000 төгрөг өг” гэсэн. О.Б******* бид хувааж, 2,500,000 төгрөг төлөхөөр болоод тохиролцсон. Ш.М, О.Б*******ийн ******* дугаартай истима маркийн машиныг мөнгө өгтөл унахаар болсон. Бид мөнгөний боломж гарахгүй төлж чадахгүй байсаар байгаад цагаан cap өнгөрч хавар болсон. Энэ хугацаанд Ш.М гэгч хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгө нэхсэн. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр О.Б*******, Ш.М нар манай гэрийн гадаа машинтай ирж, Ш.М хөдөө явахаар болсон. О.Б******* “Би Мөнх-Эрдэмд 2,500,000 төгрөгөө өгсөн. Одоо та мөнгөө олж өг” гэсэн. Би маргааш төрсөн дүү П.С*******гийн эзэмшилд байгаа кроун маркийн машиныг ломбардад тавьж 2,500,000 төгрөгийн нь өгье гээд явуулсан. Маргааш нь 17-ны өдөр авто ломбард орж С*******гийн машиныг тавьж мөнгийг нь өгсөн. Тэгээд Ш.Мд өргүй болсон болохоор мөнгө авсан тухай гарын үсэг зуруулж авсан. Хэд хоногийн дараа О.Б*******тай утсаар ярьж, хөдөө байгаа унасан машинаа яаж авчрах вэ? гэхэд О.Б******* “Та машин олоод ачуулаад аваад ирээ. Би зардлынх нь тал мөнгийг өгнө” гэж хэлсэн. Зах орж, Завхан аймаг руу ачаа ачдаг машинтай хүнтэй 400.000 төгрөгөөр тохирч ачуулахаар болсон. Машин ачаад ирэхэд О.Б******* “Надад мөнгө байхгүй ээ. Өөрөө зохицуулж, учраа ол” гэсэн. Мөн л дүү С*******гаас 400,000 төгрөг авч зардалд нь өгсөн. Уг ******* ******* дугаарын исүзү визард машин манай хашаанд 4 cap орчим болсон. Энэ хугацаанд миний бие Төв аймгаас бүтэн кузов 600,000 төгрөгөөр худалдаж авч, янзлахаар болоод О.Б*******ид хэлсэн. Мөн л О.Б******* “Хүн олоод янзлуулчих. Би гарсан зардлынх нь талыг өгнө” гэж хэлсэн. Налайхаас засварчин авчирч 500,000 төгрөгөөр тохирч янзлуулахаар болсон. О.Б******* надтай холбоо барихгүй утсаар ярихаар “Машин янзлуулах мөнгө байхгүй байна аа. Янзалж болохгүй бол сэлбэгэнд зарчихвал яасан юм бэ?” гэж хэлсэн. Би зар өгөөд зарын дагуу сэлбэгэнд авдаг хүмүүс 1,800,000 төгрөгөөр уг машиныг худалдаж авсан. Уг 1,800,000 төгрөгийг нь би өрөндөө өгөөд цаана нь гарсан нийт зардалтайгаа 2,200,000 төгрөгийн өртэй үлдэж одоо болтол төлж чадаагүй байгаа. О.Б******* согтуу агсам тавьж, машины руль булаацалдаж, унагааж өрөнд оруулснаас Ш.М бид хоёр хохирч байгаа. Би О.Б*******тай утсаар маргасан болохоос Ш.Мтэй утсаар ярьж, “Надад хууль үйлчлэхгүй, чамайг харъя” гэх зэргээр утасны цаанаас харааж, дарамталсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.М хариуцагч П.Ход холбогдуулан “гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг гаргуулах, автомашины бичиг баримтыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “автомашины бичиг баримтыг гаргуулах” шаардлагаасаа татгалзаж, шүүх хуралдаанд “гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулах” шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч “авто машины хохирлыг 5,000,000 төгрөгөөр тохирч тал хувь 2.5 сая төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг О.Б******* төлөх ёстой, түүнээс нэхэмжлэх шаардлагатай” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Мийн исузу визард маркийн ******* ******* улсын дугаартай авто машиныг садан төрлийн холбоотой О.Б******* нь өөрийн танил П.Хын хамт Завхан аймгийн Нөмрөг сум уруу явахаар 2016 оны 10 сарын 3-ны өдөр гуйж авсан, тэд замдаа буюу 2016 оны 10 сарын 5-ны шөнө П.Х авто машиныг жолоодож явах үед зорьсон газар очихоос 30 орчим километрийн наана шороон замд онхолдсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Уг зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байх ба энэ талаар баримтгүй, талууд дээрх үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...нэхэмжлэгч Ш.М ******* ******* улсын дугаартай автомашинаа П.Ход хүлээлгэн өгсөн, тэрээр жолоодож яваад машиныг онхолдуулсан учраас автомашиныг 6,500,000 төгрөгөөр тооцож, төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж үлдэх 4,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байх боловч Ш.М П.Ход авто машинаа хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй, зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар худ ураг болох О.Б*******ид итгэж авто машинаа хүлээлгэн өгсөн, П.Х авто машиныг О.Б*******ид өгөх үед танилцсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрч О.Б*******, хариуцагч П.Х нар уг авто машиныг Нөмрөг суманд унаж очоод буцаж ирэхдээ уг авто машиныг орхиж ирсэн, ирснийхээ дараа өмчлөгч Ш.Мд авто машиныг нь унагаасан талаар мэдэгдэхэд Ш.М “унасан машин авахгүй” гэсний улмаас П.Х Завхан аймгийн Нөмрөг сумаас ачааны авто машинд хөлс төлөн Улаанбаатар хотод ачуулж ирэн сэлбэгэнд тооцож 1,800,000 төгрөгөөр зарсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ... О.Б******* машины жолооны хүрд булаацалдсанаас болж машин унасан тул хохирлыг хуваана.. гэх боловч уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ... автомашиныг П.Ход зарах зөвшөөрөл өгөөгүй, дур мэдэн зарсан... гэж тайлбарлаж байх боловч түүний энэ тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн ... унасан машин авахгүй гэсний дагуу хохирлыг нь төлөхөөр тохиролцсон, намайг уг машиныг зарах эсэхээ өөрөө мэд гэсэн учраас сэлбэгэнд 1,800,000 төгрөгөөр зарсан... гэх тайлбар болон Ш.М П.Хоос 2,500,000 төгрөг хүлээн авсан хэлцэл, авто машиныг завшсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаагүй нөхцөл байдал зэргээр няцаагдаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Ш.Мийн ******* ******* улсын дугаартай исузу визард маркийн авто машиныг садан төрлийн холбоотой О.Б******* хүлээн авсан атлаа өөрөө авто машины бүрэн бүтэн байдлыг хариуцаж жолоодоогүй, хамт явах үедээ согтууруулах ундаа хэрэглэн П.Хоор жолоодуулсааас тэрээр авто машиныг онхолдуулсан, О.Б*******, П.Х нар хохирлыг нь хувааж төлөхөөр тохирч О.Б******* “би төлөх ёстой мөнгөө төлсөн, тал хувийг нь төл” гэж П.Хоор 2.5 сая төгрөгийг Ш.Мд төлүүлчхээд өөрөө төлөөгүй зэргээс Ш.Мийн ******* ******* улсын дугаартай исузу визард авто машинд П.Хын болгоомжгүй үйлдлээс хохирол учирсан нь тогтоогдсон, уг гэм хор учрахад О.Б*******ийн авто машиныг гуйж авсан, жолоог П.Ход шилжүүлсэн зэрэг үйлдэл нөлөөлсөн байх тул О.Б******* хариуцлага хүлээх үндэслэлтэй.
Дээр дурдсанаас Ш.Мд учирсан гэм хорын хохирлыг О.Б*******, П.Х нар хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж, ******* ******* улсын дугаартай ато машиныг шинжээч 6,600,000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч нэхэмжлэгч тал 6,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул 6,500,000 төгрөгийн тал хувь 3,250,000 төгрөгийг П.Х хариуцах нь зүйтэй ба түүний Ш.Мд төлсөн 2,500,000 төгрөгийг тооцож, хариуцагч П.Хоос 750,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Харин өмгөөлөгчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь Б.Энхтуяа нэхэмжлэгч Ш.Мийг итгэмжлэлээр төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа атлаа өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг үндэслэж 500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь бусдаас эрх зүйн туслалцаа авах, эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд түүнийг эрхээ эдэлсний улмаас бусдад үүрэг үүсэхгүй юм.
Иймд хариуцагч П.Хоос гэм хорын хохиролд 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэлээс 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Хоос 750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэлээс 3,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Л.ЭНХЖАРГАЛ