| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2019/01223/и |
| Дугаар | 001/ХТ2021/00317 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2021/00317
2021 04 01 001/ХТ2021/00317
“.................” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1756 дугаар магадлалтай,
“.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй
.................ид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,729,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................. нь .................ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/2015/31, БГ/2015/30 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалж 3 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч ................. нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн барьцаанд тавьсан Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлж, худалдан борлуулсан байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр автомашиныг эрэн сурвалжлуулж барьцааны зүйлийн байгаа газрыг олж тогтоон, хураан авч, хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнийг 3 000 000 төгрөгөөр тогтоосон. ................. болон .................оос автомашиныг худалдан авсан хүн нь зээлийн төлбөрт 3 000 000 төгрөгийг төлсөн тул автомашиныг худалдан авсан хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн. Зээлдэгч ................. нь үлдэгдэл зээлийн төлбөрөө хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөө баталсан. Иймд хариуцагч .................оос ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 229 712 төгрөг нийт 5 729 712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ................. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр .................ХХК-тай ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээ, БГ/2015/30 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан өөрийн эзэмшлийн 25-74 УНГ улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр үнэлэн барьцаалж 3 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. .................нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тухайн автомашиныг 4 400 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Барьцааны гэрээний дагуу уг автомашиныг худалдан төлбөрийг барагдуулах эрх нь тухайн ББСБ-д нээлттэй бөгөөд үүгээрээ би зээлийн төлбөрийг төлсөн гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 729 712 төгрөг нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан .................оос 5 729 712 төгрөгийг гаргуулж .................ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар .................ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................оос 106 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1756 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 106 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насажаргал хяналтын гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх “.................” ХХК нь банктай адил зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-т заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.3.1-т “банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэнэ”, мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.10-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэж Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан бөгөөд хэргийн материалд нэхэмжлэгч “.................” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн байдлыг нь тодорхойлсон баримт бичиг байхгүй байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг зээл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гэж дүгнэсэн хуульд нийцэхгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 451-453 зүйл нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох харилцааг зохицуулах бөгөөд “.................” ХХК нь хуульд заасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд мөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир хариуцагчаас Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд заасан нийтлэг зохицуулалт үйлчилнэ гэж үзсэн бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 281,282-р зүйлд заасны дагуу гэрээний хугацаан дахь хүү, үндсэн зээлээ төлсөн талаарх татгалзлаа илэрхийлж тайлбараа гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь түүнийг үгүйсгэж банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд гэдгээ нотлоогүй. Магадлалын хянавал хэсэгт “...улсын бүртгэлийн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч “.................” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа болох нь нотлогдож байх тул зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451-453 дахь хэсгийн зүйл, заалтаар зохицуулна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.10-т “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цаасан болон цахим хэлбэрээр олгох баримт бичгийг; хэлнэ гэж заасан ба уг баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг биш юм. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, хугацаа дууссан эсэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрээс харах боломжгүй. Түүнчлэн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх үйл ажиллагааны чиглэлийн кодыг хайж үзэхэд 6621 дээр “Эрсдэл ба хохирлын үнэлгээ өгөх үйл ажиллагаа”-ны чиглэл гэж гарч ирсэн. Иймээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 453-р зүйлд заасан 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн заалт нь хамаарахгүй бөгөөд Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12-р сарын 19-ний өдөр дуусан тул зээлийн гэрээний хугацаан дахь 6 сарын хүүгээ авах эрх үүссэн гэж үзэж байна. Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ................. нь өөрийн эзэмшлийн 28-74 УНГ улсын дугаартай Nissan-Bluebird маркийн автомашинаа нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 5,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан боловч уг автомашиныг гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн эзэмшилд ................. нь шилжүүлсэн бөгөөд уг эд хөрөнгийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлж зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсан. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээг 3,000,000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулсан гэж нэхэмжлэгч нь тайлбарладаг ч энэ талаарх баримт хэрэгт байхгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“.................” ХХК нь .................ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,729,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр “.................” ХХК нь 3,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай .................ид зээлдүүлсэн, зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч ................. өөрийн өмчлөлийн Ниссан блюбэрд /Nissan bluebird/ маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалсан, ................. нь 860,000 төгрөг төлснөөс гадна барьцааны зүйлийг бусдад худалдсанаас 3,000,000 төгрөг нийт 3,860,000 төгрөгийг төлсөн, үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний төрөл, барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
“Азикапитал корпорэйшн” ББСБ ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь зээлийн үйл ажиллагаа болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг зохигч маргаагүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ.
Хариуцагч нь барьцааны зүйлийг 4,400,000-5,000,000 төгрөгийн үнэтэй тул зээлийг төлөгдсөнд тооцно гэж маргаж байгаа боловч өөрөө автомашиныг бусдад худалдсан, худалдан авсан этгээд ББСБ-д 3,000,000 төгрөгийг өгсөн, ................. нь үлдэх төлбөрөө төлнө гэх баримт /хх34, 44,45, 46/ бичиж өгснөөс үзэхэд хариуцагчийн татгалзал, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хариуцлагыг хүлээж, хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагчийн биелүүлэх үүргийг үндэслэлтэй тогтоожээ.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1756 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН