Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00318

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           04            01                                          001/ХТ2021/00318

 

 

 

.................ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1594 дүгээр магадлалтай,

 

“Гацуурт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

.................анд холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .................ХХК болон .................ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 176 толгой үхэр шаардахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоогийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, түүний өмгөөлөгч О.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд .................ХХК гаргасан нэхэмжлэлдээ: .................ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай .................наас зарласан Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр .................тай №45 тоот Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээнд заасан LIMOUSINE үүлдрийн 144 толгой үхэр, MONTBELIARDE үүлдрийн 32 толгой үхэр нийт 176 цэвэр үүлдрийн үхрийг оруулж ирсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захиалагч .................ыг төлөөлж МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, СТБГ-ын мэргэжилтэн Ү.Алтаншагай, МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтанцэцэг, МЭҮГБМА-ны дарга Г.Дээшин, ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, МААБХЗГ-ын дарга П.Ганхуяг, мэргэжилтэн Я.Алтангэрэл нар, .................ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг нар №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон. Уг гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн 2-т ...гүйцэтгэгч нь гэрээний дагуу махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортлох захиалгыг бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл санхүүжилтийг .................ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв гэсэн байдаг. Захиалагч тал дээрх гэрээ, гэрээ дүгнэсэн актад заасан үлдэгдэл санхүүжилтийг олгох үүргээ 1 жил гаран биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас манай компани ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дугаар ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ гэгчид гарын үсэг зурвал үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэж тулган шаардаж, гарын үсэг зуруулсан бөгөөд манай компанийн зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь .................ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай .................наас зарласан Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .................ХХК болон .................ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн манай компаниас 176 үхэр шаардахгүй байхыг хариуцагч .................анд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .................ны төлөөлөгч Б.Цэнд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .................наас Махны чиглэлээр цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх ТШ/12/02/01/ЭМААХДХ дугаартай төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж тухайн төсөл сонгон шалгаруулалтанд .................ХХК-ийн ирүүлсэн төсөл шалгарсан байдаг. ................. нь .................ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Гэрээний агуулга нь Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулж өндөр технологийг монгол улсад дамжуулан нутагшуулах, өндөр ашиг шимт малын үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглах, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг биотехнологийн дэвшилтэд аргыг нэвтрүүлэн донор сүрэг бий болгон иргэд, аж ахуйн нэгжийн өндөр ашиг шимт үхрийг цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино. Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах ажлыг хүлээн авах ажлын хэсэг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний дагуу импортоор оруулж ирсэн үхрийг хүлээн авч 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлцэн акт үйлдсэн байдаг. Тухайн актад Гэрээний 2.9, 3.7-г тус тус үндэслэн импортоор оруулж ирсэн нийт үхрийг цаашид махны чиглэлээр цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж иргэн, аж ахуйн нэгжийн мал сүргийн чанарыг сайжруулах махны чиглэлээр үхрийн үржлийн аж ахуй байгуулах зорилгоор .................ХХК-д шилжүүлэн өгч, маллуулан үржүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэв гэжээ. .................яам, .................ХХК хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ20131220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлээр цэвэр үүлдрийг үржүүлж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү төсөл сонгон шалгаруулалтыг зарлахын тулд төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга батлан төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүд нь авч танилцан тухайн баримт бичгийн дагуу шаардсан шаардлага, нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна. Төслийн баримт бичгийн 2.3-т төслийн үе шатыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот гэрээ нь төслийн эхний үе шатны гэрээ бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ 20131220-001 тоот гэрээ нь Төслийн хоёрдугаар үе шатны гэрээ бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг эргэн төлөх харилцааг зохицуулсан байна. Нэхэмжлэгч тал нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .................ХХК болон .................ны хооронд байгуулсан ХАГ2013- 1220-001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар дурдаагүй байна. Дээрх 2013 оны 12 дугаар сарын 16-ны ХАГ2013-1220-001 тоот гэрээг Иргэний хуульд заасныг баримтлан байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласантай адил тулган шаардсан зүйл байхгүй бөгөөд төслийн жишиг баримт бичигт заасны дагуу гэрээний 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулж гарын үсэг зурсан юм. Бид тухайн аж ахуйн нэгжээс мөнгө шаардаагүй бөгөөд гэрээний үүргийн дагуу 176 толгой үхэр шаардсан юм. Иймд .................ХХК-иас гаргасан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч .................анд холбогдох ХАГ20131220-001 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 176 толгой үхрийг шаардахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч .................ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 10 228 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1594 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, дараахь гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж, зохигчдыг мэтгэлцэж, хэргээ шийдвэрлүүлэх тэгш бололцоогоор хангаагүй байдаг. Анхан шатны шүүх 2019.06.24-ний өдөр болсон шүүх хуралдааны товыг оролцогч нарт өмнөх шүүх хуралдаан дээр мэдэгдсэн байдаг бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч өвчний акттай байсан тул оролцоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчид товыг мэдэгдээд нэхэмжлэгчид мэдэгдээгүй байдаг. Үүний улмаас 2019.06.24-нд болсон шүүх хуралдаанд биечлэн оролцох, өөрийн байр сууриа илэрхийлэх, эрх ашгаа хамгаалж, мэтгэлцэх боломж нэхэмжлэгчид олдоогүй. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад “шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэн 2019.06.12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг мөн сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандоржид мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 107-109 дэх талд авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймээс шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх оролцох эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэж, гомдлыг хангахгүй орхисон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх талаар зохигч нарт болон шүүх хуралдааны бусад оролцогч нарт шүүхийн зүгээс, мэдэгдэх үүрэгтэй талаар заасан байдаг. Тус хуульд зааснаар зохигч гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч болон хуульд заасны дагуу эдгээртэй ижил эрх, үүрэгтэй оролцож байгаа этгээдийг хэлдэг. Эндээс дүгнэхэд өмгөөлөгч гэдэг субьект зохигч биш бөгөөд өмгөөлөгч, нэхэмжлэгч нар нь хэрэгт өөр өөрийн байр сууринаас оролцдог, хэн алиныгаа төлөөлөхгүй, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэнийг нэхэмжлэгч, хариуцагчид мэдэгдсэнтэй адилтгаж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрийг нь хэвээр үлдээснээр тус хэрэгт зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар оролцож байгаа нэхэмжлэгчийн нөгөө талтайгаа мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэл тайлбараа гаргах, нотлох, шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцож, өөрийн байр суурийг хамгаалах, шүүх хуралдаанд үг хэлэх зэрэг хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, эрх ашгийг минь асар ихээр хохироолоо. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК нь хариуцагч ................. /ХХААХҮЯам/-д холбогдуулан 2013 оны 12  сарын 16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 176 толгой үхэр шаардахгүй байхыг даалгуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой заагаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

1.”Гацуурт” ХХК нь ХХААХҮЯамнаас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төсөл” сонгон шалгаруулалтад шалгарч 2012 оны 7  сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан, гэрээгээр тохирсон махны чиглэлийн үүлдрийн 176 үхрийг импортоор оруулж ирэх үүргээ биелүүлсэн тул 2013 оны 12 сарын 16-ны өдөр хамтран ашиглах гэрээг байгуулж үлдэгдэл санхүүжилт 1 тэрбум төгрөгийг авсан, 6 жилийн хугацаанд үржлийн аж ахуйг явуулж, 176 толгой үхрийг ХХААХҮЯаманд хүлээлгэн өгөхөөр тохирсон үйл баримт тогтоогджээ. /хх-7-10, 12-14, 48-56/

 

Хариуцагчийн зүгээс мөнгөн хөрөнгө гаргах, нэхэмжлэгч махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр оруулж ирэн үржүүлэх, тодорхой хугацааны дараа мөнгөний оронд гэрээгээр тохирсон үүлдрийн үхэр өгөх талуудын тохиролцоог худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд ашиг алдагдлыг хариуцах, хамтын ажиллагааны шинж байхгүй тул хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ тодорхойлохдоо “...Төрийн байгууллага тулган шаардаж гарын үсэг зуруулсан..., үлдэгдэл санхүүжилтээ авахын тулд гэрээнд гарын үсэг зурсан...гэрээний агуулгыг тохиролцож чөлөөтэй тодорхойлох эрхийг хязгаарласан,” гэсэн боловч баримтаар нотлоогүйгээс гадна гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан аль ч үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, 2013 оны ХАГ2013220-001 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсхүл хүчин төгөлдөр бусд тооцох аль ч үндэслэл тогтоогдоогүй талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

2. ХХААХҮЯамнаас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төсөл”-ийн урилгад “...төслийн зээл нь 6 жилийн хугацаатай, 2 тэрбум төгрөгийн зээлийг үржлийн өсвөр үхрээр буцаан төлнө.” гэх нөхцөлийг тавьсан,  төсөл сонгон шалгаруулах баримт бичиг буюу гэрээний стандарт нөхцөлийн 2.3-т “Гэрээ 2 үе шаттай байх, эхний үе шат нь үржлийн үхрийг импортоор оруулж ирэх ажлыг гэрээ байгуулж зохион байгуулах, 2 дах үе шат нь ...үржлийн өсвөр үхрийг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж 6 жилийн хугацаанд эргэж нийлүүлнэ...” гэсэн санал тусгагдсан, уг саналыг “Гацуурт” ХХК зөвшөөрч, гэрээ байгуулжээ.

Төсөлд анхнаасаа зээл олгож, тодорхой хугацааны дараа уг зээлийн оронд махны чиглэлийн цэвэр үүлдрийн өсвөр насны тодорхой тооны үхэр авах стандарт нөхцөл тодорхой тусгагдсан, нэхэмжлэгч нь зөвшөөрч гэрээг байгуулсан тул 176 толгой үхэр шаардахгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан “...Шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдснийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж адилтган үзэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх нэхэмжлэлд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. 2019 оны 6 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоод мэдэгдсэн, тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж оролцож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 6 дугаар сарын 24-ний өдөр хийхээр хойшлуулж, хуралдаанд биечлэн оролцох нэхэмжлэгчийн эрхийг хангасан байна. Үүнээс гадна ИХШХШТухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

 

Шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

4. Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэхдээ талуудын тохиролцоо хууль зөрчсөн эсэх, ноцтой төөрөгдсөн, хүч хэрэглэсэн эсэх хүрээнд Иргэний хуулийг хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг бүрэн баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1594 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.1 гэсний дараа 57 дугаар зүйлийн 57.1...” гэж нэмж, өөрчлөн магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Б.УНДРАХ

                                                                                               Д.ЦОЛМОН