| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 182/2019/00413/И |
| Дугаар | 001/ХТ2021/00322 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2021/00322
Монтрекс ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1747 дугаар магадлалтай,
Монтрекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Премиум болор ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 34,600,755 төгрөг гаргуулах тухай үндсэн,
168,378,790 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Тогтохбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Монтрекс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Премиум болор ХХК-тай 2018 оны 06 сарын 04 өдөр №ТА-18/04 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний 2.1-д 20.000 мян.куб уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэхээр, ажлын хөлс нь хавсралтад зааснаар нийт 55.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл ажлын хэмжээ нэмэгдэж 32.300 мян.куб болсон тул талууд харилцан тохиролцож 2018 оны 06 сарын 09 өдөр №05/18 дугаартай Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ-г шинээр байгуулсан. Гэрээний 2.2-т ажлын нийт хөлс нь 75 сая төгрөг байхаар тохиролцсон, гэрээний 7.5-д зааснаар гэрээ 2018 оны 07 сарын 31-ний өдөр дуусах байсан боловч бид хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 07 сарын 02 өдөр ажлаа бүрэн гүйцэтгэж дуусан ажлаа хүлээлгэн өгсөн. Манай компани ажлын хөлсөнд авах ёстой 75.000.000 төгрөгөөс 42.541.385 төгрөгийг л авсан. Үлдэгдэл 32.458.615 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэрээнд 0.03 хувийн алданги тооцохоор заасан. Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 220 хоногийн хугацаа өнгөрсөн. 32.458.615 төгрөгийн хоногийн 0.03 хувийн алданги нь 9.737 төгрөг үүнийг 220 хоногоор үржүүлбэл 2.142.140 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүргийн үлдэгдэл 32.458.615 төгрөг, алданги 2.142.140 төгрөг, нийт 34.600.755 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Премиум болор ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани 2 гэрээ байгуулсан гээд хэрэгт хавсаргасан байна. Гэтэл Од сүрвээ ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээ байгуулсны дараа, тэсэлгээ хийхээс өмнө 25.149 м.куб болоод өөрчлөгдсөн байхад 32.300 м.куб уулын чулуулаг буталсан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн уулын чулуулаг бутлах ажил бол 0518 гэх хоёр дахь удаагаа байгуулсан гэрээний 3.10-д зааснаар 10 хоногийн дотор тэсэлгээ хийх байсан. Тэсэлгээний үр дүн нь тэсэлгээний дараа экскаватораар суурийг тэгшлэхэд барилга баригдаж болохуйц тэгшхэн суурь гараагүй уулын чулуу том томоороо байсан тул гэрээний үр дүн гүйцэд гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Премиум болор ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайх Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй Болор амралтын цогцолбор-ын барилга угсралтын ажлыг Ажил гүйцэтгэх гэрээгээр Грийт констракшн ХХК-иар гүйцэтгүүлж байгаа. ТА-18/04 тоот Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээний З.10-т заасны дагуу 10 хоногт хийж гүйцэтгэх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 7 дугаар сарын 2-ны өдөр хүргэсэн. Гэвч тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулаг нь суларч зөөлрөх ёстой байсан боловч тал хэсэг нь уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй. Иймд бид Тэргүүн чансаа ХХК-ийн экскаватораар уг бул чулуу, чулуулгийгбутлуулан хугацаа алдаж А блокын суурийн нүхийг 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр В блокын суурийн нүхийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, С блокын суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тус тус ухаж дууссан. Гэтэл Грийт констракшн ХХК-иар Барилгын ажил гүйцэтгүүлэх ёстой байсан хугацаа нь2018 оны 4 сараас 9 дүгээр сарыг дуустал гүйцэтгүүлж дуусах ёстой байтал суурийн нүхийг ухах ажил хойшилсоор Грийт констракшн ХХК-ийн Увс аймгаас авч ирж ажиллуулсан 100 орчим ажилтнууд сул зогссон. Энэхүү сул зогсолтын хөлсийг Грийт констракшн ХХК-д манай компаниас 42.150.000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн байдлаас шалтгаалан Грийт констракшн ХХК-д манай компаниас төлсөн 42.150.000 төгрөгийг бид өөрт учирсан хохиролд тооцон Монтрекс ХХК-иас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тэсэлгээ дуусах ёстой байсан боловч 13 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Гэвч Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй Болор амралтын цогцолбор"-ын барилгын A, В, С блокуудын суурийн бул чулуу, уулын чулуулаг уг тэсэлгээний үр дүнд суларч зөөлрөөгүй бөгөөд манай компани Тэргүүн чансаа" ХХК-тай Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан суурийн нүхийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл ухуулсан. Иймд хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан Грийт констракшн" ХХК-д манай компаниас төлсөн. 42.150.000 төгрөг дээр нэмж Тэргүүн чансаа ХХК-д төлсөн 26.228.790 төгрөгийг буюу нийт 68.378.790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Тэсэлгээний ажлын үр дүнд бутраагүй чулуулгийг эксковатор ашиглан молотокдуулахад Тэргүүн чансаа ХХК-иас 100 сая төгрөгийн зардал гаргасан талаарх нэхэмжлэлийг 5 дугаар сарын 23-ны өдөр манай компанид ирүүлсэн тул энэхүү суурийн цул чулуулгийн үлдэгдлийг молотокдуулсан зардал болох 100 сая төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэгч талын хугацаа хэтрүүлэн дутуу гүйцэтгэсэн ажил гүйцэтгэлээс шалтгаалан Грийт констракшн ХХК-д манай компаниас төлсөн 42.150.000 төгрөг дээр нэмж Тэргүүн чансаа ХХК-д төлсөн 26.228.790 төгрөг, барилгын суурийн ажлын молотокын зардалд 100 сая төгрөгийг буюу нийт 168.378.790 төгрөгийг манай компанид учирсан хохиролд тооцон Монтрекс ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Монтрекс ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд ...уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй буюу тэсэлгээний үр дүнд бүрэн хүрээгүй... гэжээ. Тэсэлгээний ажил өөрөө нарийн дүрэм журамтай. Бид баталгаажсан зураг төсвийн дагуу тэсэлгээгээ хийсэн. Мөн манай компани Грийт констракшн ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй учир энэ компанийн сул зогсолтын мөнгийг бид хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Премиум болор ХХК-иас 34.600.755 /гучин дөрвөн сая зургаан мянга долоон зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрекс ХХК-д олгож, Премиум болор ХХК-ийн Монтрекс ХХК-д холбогдуулан 168.378.790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Монтрекс ХХК-ийн 331.000төгрөг, хариуцагч Премиум болор ХХК-ийн 999.845 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Премиум болор ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид 331.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрекс ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1747 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 330 845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Тогтохбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Гүйцэтгэгч мэргэжлийн бус, холбогдох стандарт, норм, дүрэм, журмыг баримтлалгүйгээр тэсэлгээ хийснээс уулын цул, чулуулаг нь суларч, зөөлрөөгүй буюу гэрээнд зааснаар уулын цулыг сийрэгжүүлэн тэгшилж чадаагүй байсан. Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн акт үйлдсэн гэх үндэслэлээр бодит байдалд хийгдээгүй ажлын үр дүнг хүлээн авсан байна гэж үзсэн нь учир дутагдалтай, хэргийн бодит байдалд нийцээгүй. Энэхүү доголдлыг ажлыг хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн боловч давж заалдах шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс Монтрекс ХХК нь гэрээт тэсэлгээний ажлыг холбогдох стандарт, дүрэм, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тэсэлгээ хийсэн гэх газар нь ямар хэмжээ, эзлэхүүнд хийгдсэн эсэх буюу гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, чанарт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй атлаа шийдвэрийн үндэслэлдээ: Монтрекс ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хэдий хэмжээний уулын бул чулуу, чулуулгийг бутлаагүй, тэсэлгээний үр дүн бүрэн хүрээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад өгч гомдлыг хангахгүй орхисон. Гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлж дахин зардал гаргаж хохирсон талаарх баримтыг хангалттай өгсөн боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Монтрекс ХХК нь Премиум болор ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 32,458,615 төгрөг, алданги 2,142,140 төгрөг нийт 34,600,755 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч нь хохиролд 168,378,790 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч үндсэн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1.Монтрекс ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг байна.
Зохигчийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нь Монтрекс ХХК нь Премиум ресорт амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт 1495-р түвшин хүртэл 20.000 м.куб уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэх, захиалагч буюу Премиум болор ХХК нь м.куб тутмын үнийг 2.750.000 төгрөгөөр тооцож, нийт 55,000,000 төгрөгийг тэсэлгээг амжилттай гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Гүйцэтгэх ажлын хэмжээнд өөрчлөлт орсон гэх үндэслэлээр талууд дээрх гэрээнд 2018.6.9-ний өдөр нэмэлт оруулсан ба ажлын хөлсийг НӨАТ-ын хамт 75,000,000 төгрөгөөр тогтоож, гүйцэтгэгч ажлыг гэрээ байгуулснаас хойш 10 хоногт багтаан гүйцэтгэхээр тохирчээ /хэргийн 4-9 дүгээр тал/.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, хариуцагч төлбөр төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2., 343.3.-т заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Монтрекс ХХК нь тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн нь 2018.7.02-ны өдрийн тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай акт, өрөмдлөг тэсэлгээний ажлын паспортаар тогтоогдсон ба хариуцагч эдгээр баримтыг үгүйсгэж чадаагүй байна.
Тэсэлгээний ажил гүйцэтгэсэн тухай 2018.7.02-ны өдрийн актад тэсэлгээгээр сийрэгжүүлсэн уулын цулыг 32.300 м.куб гэж заасан ба баарсан цэнэг байхгүй, тэсэлгээ амжилттай болсон талаар дурдсан, актад Премиум болор ХХК-ийн ХАБЭА-н инженер Я.Ариунжаргал гарын үсэг зуржээ /хэргийн 10, 119-141 дүгээр тал/.
Хариуцагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тул нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба гэрээний 4.4-т тэсэлгээний ажил хийгдэж, гүйцэтгэгч болон захиалагч тал тэсэлгээг амжилттай гүйцэтгэсэн тухай акт үйлдсэнээс хойш нэхэмжилсэн төлбөрийг ажлын 3 хоногийн дотор төлнө гэжээ.
Хариуцагч гэрээнд зааснаар 75,000,000 төгрөг төлөхөөс 42,541,385 төгрөгийг төлсөн, үлдэх 32,458,615 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алдангийн хамт төлөх үүрэгтэй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчаас ажлын хөлс 32,458,615 төгрөг, алданги 2,142,140 төгрөг нийт 34,600,755 төгрөг гаргуулахдаа хэргийн баримтад үндэслэсэн ба хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Хохиролд нийт 168,378,790 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...тэсэлгээний үр дүнд уулын цул, чулуулгийг бутлаагүй тул Тэргүүн чансаа ХХК-ийн эксковатороор дахин бутлуулахад 168,378,790 төгрөгийн зардал гаргасан, үүнээс шалтгаалж барилгын ажил гүйцэтгэх хугацаа хойшилж Грийт констракшн ХХК-ийн ажилчдын сул зогсолтын хөлс 42,150,000 төгрөг төлж хохирсон тул гаргуулна гэжээ.
Монтрекс ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэх байдал тогтоогдоогүй, энэ тохиолдолд хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
3. Хариуцагч шүүхэд ...Болор амралтын цогцолборын барилгын А,В,С блокуудын суурийн зураг, тухайн тэсэлгээний үед нэхэмжлэгч талын тооцоолсон талбай, сул чулуулаг нь ямар эзлэхүүн бүхий хэмжээтэй байх ёстой байсан, түүнийг HOWO маркийн автомашинаар ямар хугацаанд тухайн газраас зайлуулан зөөх боломжтой талаар мэргэжлийн төсөвчнөөр дүгнэлт гаргуулах-аар шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх шинжээч томилуулах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн ...хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах зэрэг гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01147 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1747 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Тогтохбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1,330,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ