Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 02 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00291                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЧХБ” ХХК- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.А ,

Хариуцагч: С.М ,

Хариуцагч: Д.А нарт холбогдох,

 

Гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгож, гэрээний үүрэгт хариуцагч нараас 491.747,81 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.С нь ЧХБтай 2007 оны 5 сарын 31-ний өдөр 0142/01/СС-2007 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээнд 2008 оны 2 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээгээр 2007 оны 6 сарын 11-ээс 2010 оны 2 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн олголтоор 500,000 ам долларын зээлийг 10 жилийн хугацаатай,  жилийн 4.8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг зээлээр 100 хувь санхүүжилтийг хийж захиалан бариулсан Хан-Уул дүүрэг, 11 хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот зоорийн давхрын 26, 27 тоот хаягтай Улсын бүртгэлийн Ү-2206011961 тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлдэгч Ч.С нь 2010 оны 6 сарын 09-ний өдөр нас барсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба өнгөрсөн хугацаанд зээлээс үндсэн зээлд 8,682.72, хүүнд 46,277, нийт 54,959.72 ам доллар төлөгдөж, зээлийн үлдэгдэл одоо үндсэн зээл 491,317.28, хүү 430,53, нийт 491,747.81 ам доллар байна. Иргэний хуулийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна" гэж заасан тул дээрх зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.  Монголын Нотариатчдын танхимын архиваас ирүүлсэн лавлагаагаар өв хүлээн авах хүсэлтийг С А, С М нар 2010 онд гаргаж байсан нь гарын үсгийн бүртгэлд бүртгэгджээ. Харин Иргэний хуулийн 520.3 болон 528.1 зэрэг зүйлүүдэд өвлөгч нар байгаа эсэх, дээрх хүсэлт гаргасан өвлөгч нар өвлөх эрхтэй этгээдүүд мөн эсэх, тэдгээр нь ямар хөрөнгийг ямар хувь хэмжээгээр өвлөх зэрэг нь тодорхойгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэж дуусалгүй өдийг хүргэсэн, нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой бус байна.  Өнгөрсөн хугацаанд энэхүү зээл, барьцааны үүргийн талаар зээлдэгчийн эхнэр Ат удаа дараа мэдээлэл, шаардлага хүргүүлж байсан. Харин нас барагчийн ар гэр, өвлөгч нарын зүгээс зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар ямар нэг гомдол, маргаан гаргаж байгаагүй. Иймд Ч.С ЧХБны хооронд 2007 оны 5 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний /2008 оны 2 сарын 28-ны болон 2009 оны 11 сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан/ үүргийг хариуцах этгээдээр С.А, С.М, Д.А нарыг тогтоож, зээлийн гэрээний үүрэг 491,747.81 ам долларыг хариуцагч нараас гаргуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “ЧХБ 2007 оны 5 сарын 31-ний өдрийн 2007 дугаартай зээлийн гэрээний үүрэг хариуцах этгээдээр тогтоож, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээний хугацаа 2016 онд дуусаагүй байсан. Тухайн үед хариуцагч нарын нотариатад гаргасан өвлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд мэдэгдэл хүргүүлж байсан. Тус мэдэгдэлд тухайн үеийн зээл, зээлийн хүүг тооцож гаргасан мөнгөн дүнг хариуцагч тус бүрээс нэхэмжилсэн. Нэхэмжлэлд зөрүүтэй байгаа учир нь нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэлх хүүгээр нь тооцож нэхэмжилсэн тул мөнгөн дүн өөрчлөгдсөн байгаа.  С.Мөнх-Номин, С.А нарыг 2016 онд банк өвлөгч гэж үзэж байсан учраас мэдэгдэл хүргүүлж байсан. Иргэний хуулийн 536 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй болсон гэж үзэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Гагцхүү үүрэг хүлээх этгээдүүд нь тодорхойгүй байсан тул шаардлагыг хүргүүлээгүй байж байгаад нотариатын танхимын лавлагаагаар ирсэн баримтын дагуу талийгаачийн хүү, охин нараас шаардах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ өнөөдөр ч хариуцагч нар нь шүүхээр тогтоолгох нэхэмжлэл гаргаад явж байгаа. Бид зөвхөн гэрээний барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг ярьж байгаа тул талийгаачийн эцэг, эхийн өвийн хөрөнгө нь хэрэгт хамааралгүй юм. Хариуцагч нар нь өөрсдийгөө өвлөгч гэж үзэж хүсэлт гаргаснаар Иргэний хуулийн 528.1-д зааснаар өвлөгч болж байгаа. Д.А нь талийгаачийн албан ёсны эхнэр нь мөн эсэх нь тодорхойгүй ч нотариатчийн танхимд эхнэр нь гэж хүсэлт гаргасан байсан тул банк түүнийг хариуцагчаар татсан. Тиймээс гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгож, хариуцагч нараас 491,747. 81 ам доллар гаргуулж, хэрэв төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧХБнаас тухайн үед гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан талийгаач Ч.С нь 2007 оны 5 сарын 31-ний өдөр зээл авч 2008 оны 2 сарын 28,  2009 оны 11 сарын 13-ны өдрүүдэд тус тус гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, нийт 500,000 ам долларын зээл авсан. Үүнийгээ орон сууц худалдаж авахдаа зарцуулна гээд барьцааны гэрээ байгуулж байжээ. Зээлдэгч нь 2010 оны 6 сарын 09-ний өдөр нас барсан. Талийгаачийг нас барсны дараа түүний хамтран амьдрагч Д.А нь түүний төрсөн хүү насанд хүрээгүй С.Аыг төлөөлж барьцааны эд хөрөнгийг өвлөж авах хүсэлтийг тойргийн нотариатчид гаргасан. Хүсэлт гаргасан боловч С.Аыг өвлөгчөөр одоог хүртэл өвлөгчөөр бүртгээгүй байна. Хүсэлт гаргаснаар дээрх хүмүүсийг өв хүлээн авсан гэж ойлгож болохгүй. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлийн гэрээний хугацаа 120 сар байна гэж бичсэн ч хэзээ дуусах нь тодорхойгүй. Тиймээс 10 жилийн хугацаатай гэрээ гэж үзэж байгаа. Талийгаачийг нас барснаас 1 жил өнгөрсний дараа өв нээгддэг. Үүний дагуу түүний хөрөнгүүдийг аав, ээж нь өвлөж авсан. Харин хариуцагч нар нь өвлөх хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар ч эд хөрөнгө өвлөж аваагүй байна. Талийгаач нас барах хүртлээ зээлээ хугацаанд нь төлж байгаад нас барснаас хойш зээлийг төлөөгүй. 2010 оноос хойш ЧХБнаас хариуцагч нарт өвлөгч юм байна. Зээлээ төлөх юм байна шүү гэсэн мэдэгдэл, албан бичгүүд нэг ч өгөөгүй байж байгаад 2016 оны 1 сарын 09-ний өдөр С.Н нотариатчаас өвлөх хүсэлт гаргасан талаарх баримт гаргуулж аваад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Үндсэндээ талийгаачийн нас барснаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага хариуцагч нарт гаргах ёстой байсан нь Иргэний хуулийн  536.2-т зааснаас тодорхой харагдана. Гэтэл энэ хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй байж 2017 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан нь гэрээний хугацаа дууссаны дараа гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэл үүсч байна. Хариуцагч нарт банкнаас хүргүүлсэн мэдэгдэлд хариуцагч тус бүрээс зээлийн эргэн төлөлтөд 33,742.59 төгрөг гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн үнийн дүнгээс зөрүү байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан ба барьцаа хөрөнгөд талийгаачийн эхнэр, хүүхдүүд өвлөх эрхгүй ч одоог хүртэл амьдарч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм бол насанд хүрээгүй хүүхдийн талийгаачийн ар гэрийхний эрх ашиг шууд хөндөгдөнө гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Тиймээс шаардах эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотариатын байгууллагад өвлөх хүсэлтэй этгээд талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дараагаар гаргах эрхтэй. Ингэж 1 жил хүлээдэг нь өөр өвлөгч байгаа эсэхийг шалгадаг байна. Д.А нь талийгаачийн нас барснаас хойш 3 сарын дараа буюу 2010 оны  8 сарын 20-ны, 2010 оны 9 сарын 20-ны өдрүүдэд нотариатад хүсэлт гаргасан ч өвийн хөрөнгийг бүртгэсэн зүйл байхгүй байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.А миний гэр бүлийн хүн, охин С.М, хүү С.А нарын аав болох талийгаач Ч.С нь “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн ажиллаж байсан банктайгаа 2007 оны 5 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг зээлийн гэрээтэй хамт Улсын бүртгэлийн Ү-2206011961 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 хороо, 2 хэсэг, Роял грийн вилла 206 байр 506 тоот орон сууц, 26, 27 тоот авто зогсоолуудыг барьцаалж барьцааны гэрээг байгуулжээ. Ч.С нь 2010 оны 6 сарын 09-ний өдөр өвчнөөр гэнэт нас барж би 24 настай охин, 3 настай хүүгийн хамтаар үлдсэн. Өнөөдрийн байдлаар бидний зүгээс талийгаачийн эд хөрөнгөөс хууль ёсны дагуу ямар нэг хөрөнгө өвлөн хүлээн авч өвийн гэрчилгээ гаргаж аваагүй. Харин “Чингис хаан” банк нь талийгаачийг минь нас барсны дараа уг зээлийн болон барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2010 оны 10 сарын 23-ны өдөр бүртгүүлж, барьцааны гэрээнд Улсын бүртгэгчийн 6/2-03 дардсаар тэмдэглэгээ хийлгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа зээлдэгчийг нас барснаас нь хойш 14 хоногийн дараа уг зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156.1, 162.1-д заасныг ноцтойгоор зөрчиж, мөн 56.1.8-д зааснаар уг гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул “Чингис хаан” банкны 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0142/01/СС-2007 дугаар зээлийн гэрээний хамтаар хийгдсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарлахдаа: Барьцааны гэрээг зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2010 оны 6 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус барьцааны хөрөнгө нь зээлийн мөнгөөр баригдах нөхцөлтэй байсан. 2009 оны 10 сард үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарч 2009 оны 11 сард дахин барьцааны гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тиймээс хүчин төгөлдөр эсэх дээр маргаан байхгүй. Талийгаачийг нас барсны дараа бид улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй. Амьд сэрүүн байхад нь хүсэлт гаргасан ч бүртгэлийн тэмдэг нас барснаас нь хойш дарагдсан үйл баримт нь биднээс шалтгаалаагүй улсын бүртгэлийн албан бичгийн ачаалалтай холбоотой гэж үзэж байна. Улсын бүртгэлийн лавлагаа хүчинтэй, хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад YНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч С.А, С.М, Д.А нарт холбогдуулан гэрээний үүргийг хариуцах этгээдээр тогтоолгож, гэрээний үүрэгт хариуцагч нараас 491.747,81 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлийг зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр, өв хүлээн авах хүсэлтийг С.А, С.М нар гаргаж байсан, өв залгамжлалын асуудал нь шийдвэрлэж дуусаагүйгээс нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой бус байсан гэж тайлбарлав.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбараар нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шаардлага хуульд нийцэхгүй гэж маргасан байна.

 

ЧХБ нь тус банкинд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Чимидийн Стой 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 0142/01/СС-2007 дугаар зээлийн гэрээ байгуулж, 120 сарын хугацаатай, жилийн 4 хувийн хүүтэй, 250.000 ам долларыг зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Гэрээний талууд 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 250.000 ам доллар зээлдүүлэн үнийг дүнг өсгөж, хугацааг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тодорхойлон, хавсралтын дагуу зээл төлөхөөр  тохиролцож гэрээнд нэмэлд оруулсан, 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгчийн иргэний үнэмлэхний дугаарт өөрчлөлт оруулсан, гэрээний дагуу 500.000 ам долларыг шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Дээрх гэрээний дагуу талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Зээлдэгч Ч.С нь 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, төрүүлсэн хүүхэд, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заажээ.

С.А, С.М нар нь нас барагчийн хүүхдүүд болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул тэдгээрийг өвлүүлэгч Ч.Сын хууль ёсны өвлөгч гэж үзнэ.

 

Хууль ёсны өвлөгч С.Аыг төлөөлж, түүний эх Д.А нь 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, өвлөгч С.М нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өвлүүлэгчийн өмчлөлийн Ү-2206011961 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг өвлөн авахаар хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасанд нийцэж байх тул өвийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг нотариатад гаргаж, гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгохоор 531.2-т зохицуулжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй тул хэн, хэзээ, ямар эд хөрөнгийг, ямар хэмжээгээр өвлөсөн нь тодорхойгүй гэж маргаж байгаа боловч гэрчилгээ олгогдоогүй талаар маргасан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Түүнчлэн гэрчилгээ нь өвлөх эрхийг нотлох бичиг баримт бөгөөд эд хөрөнгийн маргаан гарсан тохиолдолд хөрөнгө, хэмжээ зэрэг тодорхойлогдох юм. Тухайн тохиолдолд өвлөгдөж буй эд хөрөнгийн талаар маргаангүй, өвлөгч нар хүсэлтдээ өвлөгдөх эд хөрөнгийн талаар хаяг, байршил зааж гаргасан байх тул гэрчилгээ олгогдоогээр өвлөгдөөгүй гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.2, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх бөгөөд 535.2-т зааснаар үүргийг өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх юм.

 

Тухайн тохиолдолд өвийн зүйл нь барьцааны үүрэг бүхий үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар барьцааны үүрэг ногдуулсан эд хөрөнгийг өвлөгч нар өвлөн авах эрхтэй байна.

 

Иймд Ч.С, “ЧХБ” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 0142/01/СС-2007 тоот зээлийн гэрээ болон нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу үүссэн үүргийг хариуцах этгээдээр С.А, С.М нарыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ч.С нас барснаар гэрээний дагуу төлөх хүүний төлбөр зогссон байх бөгөөд хариуцагч тал үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй тул зээлдэгч нь үндсэн зээлд 8.682,72 ам доллар, хүүнд 46.277 ам доллар, нийт 54,959.72 ам долларыг төлсөн, зээлийн үлдэгдэл 491,317.28 ам долларыг нас барахаас өмнөх хүү төлөх үүргийн 430.53 ам долларын хамт С.А, С.М нараас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар С.Аад өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар нь 18 наснаас бий болох ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд тул түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Д.А нь эрх, үүргийг нь хэрэгжүүлэх тул С.Аын асран хамгаалагчаас гаргуулах юм.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан ба Ч.С нь зээл авч, зээлээр бий болох эд хөрөнгийг барьцаалахаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнүүдэд гарын үсэг зурсан, энэ талаар хариуцагч тал маргахгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 болон 28.3-т хуульд зааснаар өв залгамжлалаар барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээдүүд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

 

Уг орон сууцыг өвлөгч С.А, С.М нар нь өвлүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан, уг орон сууцанд амьдарч байгаа, эд хөрөнгийг өвлөн авснаар өмчлөгч нь болох ба барьцаагаар хангагдах үүрэг биелэгдээгүй нөхцөлд шинэ өмчлөгчийн хувьд барьцааны эрхийн шаардлагыг биелүүлэх буюу өөрөөр хэлбэл өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны үүрэг дуусгавар болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр С.А, С.М нарыг тогтоож, хариуцагч С.М болон С.Аын асран хамгаалагч Д.А нараас гэрээний үүрэгт 491.747,81 ам доллар гаргуулан “ЧХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр ханган шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримтаар нас барагчтай хамтран амьдарсан Д.А нь Ч.Стой Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, өвийг хүлээн авсан гэж үзэх байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс энэ өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 536.1, 536.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлөгчид гаргахаар заажээ.

 

Ч.С нь 2010 оны 6 дугаар сарын өдөр нас барсан, өв нь 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нээгдсэн, үүнээс хойш 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг өвлөгч нарт гаргахаар байх боловч өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэж дуусаагүй, нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой бус байсан гэж тайлбарлаж байна.

 

“ЧХБ” ХХК хүсэлт гаргаснаар Монголын нотариатын танхим 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өвлөгч нар барьцааны эд хөрөнгийг өвлөн авсан талаар лавлагаа гаргаж, С.М болон С.Аын хууль ёсны төлөөлөгч Д.А нарт 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гомдлын шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т үүрэг гүйцэтгүүлэгч хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор зохицуулжээ.

 

Ингэснээр нэхэмжлэгч нь өвлөгч нарт гомдлын шаардлага гаргаснаас хойш дээрх хуулийн заалтад заасан хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хэтрүүлээгүй гэж үзлээ.  

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ банк зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаас хойш 3 жил, зээлдэгчийг нас барснаас хойш 14 хоногийн дараа бүртгүүлж, барьцааны гэрээнд тэмдэглэгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 156.1, 162.1-д заасныг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэжээ.

 

 Талууд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 байрны А2-506, 606 тоот орон сууц, зоорийн давхрын 26, 27 дугаар авто зогсоолын хамт нийт 365 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулах ба хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, 12.3-т улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх хуулийн 11 дүгээр зүйлд улсын бүртгүүлэх журмыг болон Иргэний хуулийн 182.1-д заасныг зөрчөөгүй байх бөгөөд дээрх хуулиудад улсын бүртгэлд бүртгүүлэх хугацааг тодорхойлоогүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээнд заасан ажиллах хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан гэж тайлбар гаргаж байх ч арилжааны банкны үйл ажиллагааг эрхлэх хугацааг бүртгэсэн бүртгэлийн хугацаа дууссан нь хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6.217.340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 6.217.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 7.456.050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр  Сын А, Сын М нарыг тогтоож, хариуцагч С.М, С.Аын асран хамгаалагч Д.Ааас гэрээний үүрэгт 491.747,81 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун дөчин долоо/ ам доллар гаргуулан “ЧХБ” ХХК-д олгож, Д.Ат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6.217.340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 6.217.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 7.456.050 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ