Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 939

 

                                                  

                                       

 

 

 

 

 

 

2018 оны 4 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00939                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Цгийн /РД: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” холбогдох,

  Гэрээний үүргийн биелэлтэнд 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2017 оны 4 сарын 01-ны өдөр “Б” ТӨААТҮГ-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу тухайн байгууллагатай холбоотой асуудлуудаар шүүх болон бусад хуулийн байгууллагуудад “Б” ТӨААТҮГ-ын хуульд заасан эрхийг тууштай хамгаалж ажиллах үүргийг хүлээсэн. Харин уг байгууллага нь миний өмгөөллийн ажлын хөлс төлбөрт сар бүр 647.427 төгрөгийг надад тогтмол төлж байхаар үүрэг хүлээсэн. Тухайн гэрээнд заасан өмгөөлөгч миний гол үүрэг бол “Б” ТӨААТҮГ-ын захирлаар 2011-2013 онуудад ажиллахдаа Б.Баттогтох нь олон арван сая төгрөгийн хохирлыг учруулсан үндэслэлээр эрүү, иргэний олон хэргүүдэд тухайн байгууллагын эрхийг хамгаалан ажиллах явдал байсан. Тус байгууллагад ажиллаж байсан Галиндэв, Чинбат нар нь хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргаад байсан тул иргэний хэргүүдэд байгууллагын эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллах үүргийг хүлээсэн. Гэрээнд заасан дээрхи үүргүүдээ миний бие нь өнөөдрийг хүртэл хангалттай биелүүлж ирсэн гэж үзэж байгаа бөгөөд цаашид ч “Б” ТӨААТҮГ-ын хууль ёсны эрх , ашиг сонирхлыг хамгаалан ажиллах болно гэдгээ дурьдах нь зүйтэй байх. Ийнхүү өмгөөлөгч миний бие нь дээрхи байгууллагатай байгуулсан гэрээнийхээ дагуу өмгөөллийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал гэнэт 2018 оны 1 сарын 23-ны өдөр Баттогтох нь НШШГГ-ын дэд дарга болон тухайн байгууллагад ажилладаг 10 гаруй хүмүүсийн хамт захирал Б.Онолбаатарын албан өрөөнд хүч хэрэглэн орж ирсэн. Баттогтох нь 2013 онд тухайн байгууллагын захирлын үүрэгт ажлаас хууль бусаар халагдсан гэж шүүхэд гаргасан гомдлыг 3 шатны шүүх хэлэлцээд, 2015 онд УДШ-ийн тогтоолоор Б.Баттогтохыг захирлаар эргүүлэн томилсон. Хэдийгээр Б.Баттогтох нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орох болсон ч гэсэн, хэрэв энэ хүнтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны гэх мэт хэргүүд өөр шүүхэд, эсвэл энэ этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг ЦБ-д шалгагдаж хянагдаж байгаа бол шүүхийн байгууллага, эсвэл ШШШГ-ын ахлах шийдвэр гүйцтгэгчийн гаргасан захирамж, тогтоол зэрэг эрх зүйн актын дагуу Б.Баттогтохыг захирлаар эргүүлэн томилох талаарх гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэх ёстой байсан. Өмгөөлөгч миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрхи холбогдох заалтуудын дагуу тухайн өдөр буюу 2018 оны 01-р сарын 23-ны өдөр захирал Б.Онолбаатарын өрөөнд хүч хэрэглэн дайрч орж ирсэн, НШШГГ-ын Дэд даргад “Б.Баттогтох нь 2011-2013 онуудад тус үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалынх нь хувьд өөрт нь хариуцуулж өгсөн, албаны нөөтбүүк компьютер зэрэг техник хэрэгслүүдийг хувьдаа ашиглан завшсан үндэслэлээр ХУД-ын Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа тул захирлаар эгүүлэн томилуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай албан бичиг гардуулсан. Гэвч харамсалтай нь НШШГГ-ын нэр бүхий албан тушаалтнууд нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, хүч хэргэлсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Б.Баттогтох тухайн өдөр өөрийн гар утас 99118597 дугаарын утаснаасаа над руу “таны “Бтай байгуулсан өмгөөллийн гэрээг 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1/37 тоотоор цуцласныг үүгээр мэдэгдье. Уранчимэг туслахаас авна уу. Бын захиргаа” гэж бичсэн мессежийг уншаад үнэхээр гайхаж харамссан. Үндсэн хуульд “Өмгөөлүүлэх эрхээр хангах” заалт, Хуулчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг Б.Баттогтох нь ноцтой зөрчиж байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Үүний дараа би Б.Баттогтохыг мессежэд дурдагдсан тоотыг авахаар захирлын туслахтай холбогдоход “танай өмгөөлөгчдын холбооны хаягаар шуудангаар явуулсан” гэснээр 2018.02.27-нд МӨХ дээр очиж хүлээн авсан. Б.Баттогтох нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б”-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа өмгөөлөгч миний өмгөөлөх үйл ажиллагааг хууль бусаар таслан зогсоосны улмаас ажлын хөлсөө авч чадахгүйд хүрээд байх тул 530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид сар бүр 647.427 төгрөгөөр тохирсон боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалыг улсад төлөхгүйгээр бэлнээр 530.000 төгрөг өгдөг байсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөлөгч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн ажлын хөлс шаардсан байна. Б ТӨААТҮГ нь 2017 оны 4 сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б.Цтой Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь цуцлагдаж, дуусгавар болсон, энэ талаар өмгөөлөгчид өөрт нь мэдэгдсэн байхад дуусгавар болсон гэрээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Б” ТӨААТҮГ-т холбогдуулан ажлын хөлс 530.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээг хууль бусаар цуцалсан тул хөлсөө Иргэний хуулийн 359.1-д зааснаар шаардах эрхтэй гэж, хариуцагч нь Иргэний хуулийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй, дуусгавар болсон тул үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдлийг хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, талууд тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байна.

 “Б” ТӨААТҮГ нь өмгөөлөгч Б.Цтой 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, гэрээний 1.1-д заасны дагуу өмгөөлөгч нь “Б” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.Баттогтохын хариуцагч байгууллагад 169.000.000 төгрөгийн хохирол учруулсан асуудлаар болон Галиндэв, Чинбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт болон цаашид иймэрхүү төрлийн маргаан болгонд “Б” ТӨААТҮГ-ын хууль ёсны эрх, ашгийг хамгаалуулахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааг явуулах үүргийг, хариуцагч нь үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргийг, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний нөхцөл, агуулгаас дүгнэхэд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байх боловч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зорилго, гэрээний зүйл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх үүрэгтэй гэж тодорхойлсонд нийцэхгүй байна.

 

Б.Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллагатай холбоотой маргаанд оролцож байсан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Гэрээг “Б” ТӨААТҮГ-ын захирал Б.Онолбаатартай байгуулсан, харин гэрээг захирал Б.Баттогтох нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.1-д гэрээний гүйцэтгэлийн явцад аль нэг тал гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулахыг энэ тухайгаа 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх, нөгөө тал саналыг хүлээн зөвшөөрч байвал гэрээнд тусгахаар, 2.2-т хэрэв гэрээнд тусгах өөрчлөлтийн талаар талууд тохиролцоонд хүрээгүй нөхцөлд гэрээг цуцалж, бодитойгоор хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээнээс хамаарч төлбөрийг тооцохоор тохиролцсон байна.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журамд нийцжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон хэргийн үйл баримтаар хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах тухай санал гаргаагүй, гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид 14 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр цуцалсан нь хуульд заасан журам болон гэрээний заалт зөрчсөн буруутай байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сард үйлчилгээ үзүүлсний хөлсөө шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээгээр сар бүрийн хөлсийг 647.427 төгрөгөөр тодорхойлсон боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалыг улсад төлөхгүйгээр бэлнээр 530.000 төгрөг өгдөг байсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаахгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал татгалзах эрхтэйг заасан ба нэхэмжлэгч Б.Ц нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн талаархи баримт хэрэг авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тайлбарлаж байгаа боловч ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсээгүй тул үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360.1-д зааснаар “Б” ТӨААТҮГ-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 530.000 төгрөг гаргуулан Б.Цд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 16.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 16.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан “Б” ТӨААТҮГ-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан, Их зуутраг овогтой Буянцогийн Цд // олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 16.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 16.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ