Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00811

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00811                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, И ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И /РД: /-д холбогдох,

орон сууцны ашиглаллт, ус дулааны төлбөр 580,959.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “И” ХХК нь орон сууцны ашиглалт, ус дулаанаар хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалт, үйлчилгээ хариуцсан хуулийн этгээд байгаа. Энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46 дугаар байрны ус, дулаанаар хангаж ажилладаг байсан. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46 дугаар байрыг ус, дулаанаар хангах гэрээг “Гурван оргил таун” СӨХ-д шилжүүлсэн. Иймд хариуцагч М.Игаас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 3 сарын ус, дулааны төлбөр 580,959.40 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.И нь 2014 оны ус, дулааны төлбөрийг бүгдийг нь бэлнээр төлсөн. “И” ХХК нягтлангийн дансаар төлсөн эдгээр мөнгийг тооцсон атлаа сүүлд М.Игийн төлсөн төлбөрийг оруулаагүй байдаг. Мөн бид “И” ХХК-ийн санхүүгийн баримттай танилцахаар очсон боловч бидэнд үзүүлээгүй. Хариуцагч М.И 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын орон сууцны ус, дулааны  төлбөрийг бэлнээр төлсөн. И ХХК-ийн 2014, 2015 онуудын орлогын ордерын баримт болон санхүүгийн баримттай очиж танилцахад, тайланд ороогүй гэх хэн хэзээ бичсэн тодорхойгүй, 4-5 ширхэг баримтыг бидэнд үзүүлсэн. Уг баримтад маргаан бүхий 46 дугаар байрны орлогын ордерын баримтууд байхгүй байсан” гэв.

 

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх М.Игаас орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөр 580,959.40 төгрөг гаргуулахыг хүссэн И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагч тал “..нягтлангийнх нь дансаар шилжүүлж, мөн бэлнээр төлдөг байсан, ямар нэгэн өр төлбөргүй” гэж маргадаг боловч нотолсон баримтгүй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх болно.

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46 дугаар байрны оршин суугч М.И нь өөрийн өмчлөлийн орон сууц ашиглалт, ус дулааны 2014 оны 12 дугаар сарын төлбөр, 2015 оны 1-4 сарын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан И ХХК-ийн төлбөрийн тооцоолол, Төрийн банкны лавлагаагаар тогтоогдож байна.

            Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар орон сууц өмчлөгч нь орон сууцны ашиглалт, ус дулааны ашиглалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, төлбөрийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар М.Игаас орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөр 580,959.40 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар М.Игаас 18,100 төгрөг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д. ЭНХЦЭЦЭГ