Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1374

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ИИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00811 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ИИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Сд холбогдох

 

Орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөр 580 959.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “ИИ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИИ” ХХК нь орон сууцны ашиглалт, ус дулаанаар хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалт, үйлчилгээ хариуцдаг. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46 дугаар байрны ус, дулаанаар хангаж ажилладаг байсан. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 46 дугаар байрыг ус, дулаанаар хангах гэрээг “Гурван оргил таун" СӨХ-д шилжүүлсэн. Иймд хариуцагч М.Сгаас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1-3 дугаар сарын ус, дулааны төлбөр 580 959.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 3 дугаар саруудын орон сууцны ус, дулааны төлбөрийг бэлнээр төлсөн. “ИИ” ХХК нягтлангийн дансаар төлсөн эдгээр мөнгийг тооцсон атлаа сүүлд төлсөн төлбөрийг оруулаагүй байна. Мөн “ИИ” ХХК-ийн санхүүгийн баримттай танилцахаар очсон боловч үзүүлээгүй. “ИИ” ХХК-ийн 2014, 2015 онуудын орлогын ордерын баримт болон санхүүгийн баримттай очиж танилцахад, тайланд ороогүй гэх хэн хэзээ бичсэн нь тодорхойгүй, 4-5 ширхэг баримтыг үзүүлсэн. Уг баримтад маргаан бүхий 46 дугаар байрны орлогын ордерын баримтууд байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар М.Сгаас орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөр 580 959.40 төгрөгийг гаргуулж “ИИ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар М.Сгаас 18 100 төгрөг гаргуулж “ИИ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагч тал нягтлангийнх нь дансаар шилжүүлж, мөн бэлнээр төлдөг байсан, ямар нэг төлбөргүй гэж маргадаг боловч нотолсон баримтгүй тул Иргэний хуулийн 147 зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх болно” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч СӨХ-ийн болон бусад төлбөр тооцооны баримтыг 3, 4 жил хадгалах боломжгүй, төлсөн төлбөрийг дахин төлөхгүй гэдгээ хэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамт “ИИ” ХХК дээр очиж тухайн үеийн санхүүгийн баримтыг үзэх гэсэн боловч, хэзээ хэн бичсэн нь тодорхойгүй 46 дугаар байрны бус санхүүгийн тайлан тооцоонд ороогүй гэх кассын орлогын ордер гаргаж үзүүлээд нягтлан бодогч байхгүй гэдэг шалтгаанаар биднийг явуулсан. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч утсаар ярьж, өнөөдөр санхүүгийн баримттай очиж танилц гэсэн гээд “ИИ” ХХК дээр очиход, нягтлан бодогч нь санхүүгийн баримт үзүүлэх боломжгүй гэсэн бөгөөд хариуцагч тал, нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн дансанд төлсөн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дансны хуулга үзүүлж буцаасан. Нэхэмжлэгч нь 2014-2018 онд байр, дулааны төлбөрөө төл гэж огт шаардаагүй байж 2018 оны 3 дугаар сард шүүхэд хандсан нь, хариуцагчийг 2014 оны байр, ус, дулааны төлбөр төлсөн баримтыг хаяж үрэгдүүлэхийг хүлээж байгаад 4 жилийн дараа шүүхэд өгсөн байх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Нэхэмжлэгч “ИИ” ХХК нь хариуцагч М.Сд холбогдуулан орон сууцны ашиглалт, ус дулааны төлбөрт 580 959.40 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

Зохигчид 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар төлбөрийг бэлнээр төлсөн эсэх үйл баримтын талаар мэтгэлцсэн байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулжээ. Ингэхдээ ямар баримтыг хэнээс тодруулж хуульд заасан ямар аргаар хэрхэн бүрдүүлэх талаар шүүгч захирамждаа /183/ШЗ2018/03311/ тодорхой заагаагүйгээс уг захирамж биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. /хх-35 дахь тал/

Хариуцагч “Идрэн элч” ХХК шүүхэд “нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын нягтлан бодогч Д.Мөнхзулын дансаар 578 600 төгрөг төлсөн, өөр төлбөр хийгээгүй” гэсэн агуулга бүхий 2018/046 тоот албан бичгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хуулбар нотлох баримт болох Төрийн банкны депозит дансны хуулгын хамт ирүүлснийг шүүх шийдвэрийн үндэслэлд хамааруулан үнэлсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            Иймээс давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус зудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00811 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 078,78 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД