Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00239

 

Ц.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2113 дугаар магадлалтай,

Ц.М-гийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцалж, 437.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч, Э.Уянга, Ч.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 дугаар бүхий үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээний дагуу 307.500.000 төгрөг төлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол 1/9 байр, 1-1-2 тоот хаягт байршилтай 123 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Эрхэсийн ертөнц нэртэй тоглоомын газар иж бүрнээр нь тохижуулан үйл ажиллагаа явуултал 2015 оны зун наадмын үеэр 00-ын бохир хальж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тухайн үед орон сууцны контор, СӨХ, М ХХК-аас ирсэн хүмүүс Цэвдэгтэй газар барьсан барилгын шугам нь хөлдөх, халах үеэр шугамд өөрчлөлт орж, дээд айлын бохир шууд доошоо орж байна, доод 00 тоот давхар бариагүйгээс танайд орохоос өөр аргагүй гээд бөглөөсийг гаргаад дахин бохир халихгүй гэсэн. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад 2017 оны хавар 5 сард, 8 сард удаа дараа бохир хальснаас бохирын үнэр салахааргүй болж, цаашид ямар ч хэлбэрээр хэвийн ашиглах боломжгүй болсон. 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах, худалдан авах SG-CO-11/66 тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, М ХХК-аас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SG-CO-11/66 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу төлсөн 307.500.000 төгрөг, барилгын дотоод засвар тохижилтод зарцуулсан 130.000.000 төгрөгийн зардал, нийт 437.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: SG-CO-11/66 тоот гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг гүйцэтгэгч буюу хариуцагч тал бүрэн гүйцэт барьж, захиалагч буюу нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба захиалагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид төлж, гэрээний үүргийг зохигч талууд биелүүлснээр гэрээ дуусгавар болсон. Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5 дахь заалт Үйлчилгээний талбайн доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр, бохирын шугам, хаалга, цонх, ханын цаас, ханын доторх өнгөн хэсэг болон ашиглалтын элэгдэлд өртөх бусад эд хөрөнгөнд 3.4-т заасан баталгаат хугацаа хамаарахгүй бөгөөд гэрээний 3.4-т заасан 1 сарын хугацаанд гомдол гаргаагүй бол ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч хариуцна гэж тодорхойлсон. Мөн Ц.М- нь нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. 2015 оны зун буюу наадмын үеэр 00-ын бохир хальж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж дурдсан. Уг үйл явдлын цаг хугацааны дарааллын хувьд SG-CO-11/66 тоот гэрээний захиалагч нь шугам сүлжээний баталгаат хугацаанд буюу үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор аливаа гомдлын шаардлага гаргаагүй байх тул түүний ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч тал хариуцах үүрэгтэй. Үйлчилгээний талбайн 00-ийн бохир хальсан явдал нь гүйцэтгэгчийн буруугаас бус харин ашиглалтын явцад гарсан гэмтэл тул хариуцагч үүнд буруугүй. Иймд Ц.М-гийн гэрээг цуцлах шаардлага нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан М ХХК-аас 424.168.700 төгрөгийг гаргуулж Ц.М-д олгож, Ц.М-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.331.300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.345.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.278.793.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь зардлын баримтаа ирүүлээгүй тул хуваарилах зардалгүй гэж үзэн, нэхэмжлэгч Ц.М-гаас 45.309.6 төгрөг, хариуцагч М ХХК-аас 1.465 010.4 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүхэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2113 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 278 793.50 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2113 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Хариуцагчийн хүсэлтээр хоёр дахь удаа шинжээч томилоход хариуцагчаас тодруулахыг хүссэн асуултыг шүүгч захирамжаараа асуусан. Уг захирамжийн асуултад тусгагдсан зүйлд шинжээч тодорхой хариулт өгсөн. Тодруулбал, “...шугам хоолойг хэн гүйцэтгэсэн нь буруутай буюу шугам хоолойн ажлыг хийхдээ чанарын доголдолтой хийсэн” болохыг тодорхой хариулсан. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд ариун цэврийн өрөө хаана суурилуулсныг шинжээчээс тодруулах байсан гэж маргасан. Үнэхээр уг байдлыг тодруулах байсан юм бол анхан шатны шүүхэд хоёр ч удаа шинжээч томилж байхад энэ асуудлаа тодруулахаар шүүхэд мэдэгдэх, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс зөрчөөгүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ыг шинжээчээр томилсон ба уг байгууллагын ажилчид шинжээчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтэд тус байгууллагын дарга гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж ирүүлсэн нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж зааснаар хуулийн дагуу баталгаажсан. Захиалагч нь дотор заслыг зөвхөн хүүхдийн тоглоомын талбайн зориулалтаар зассан, ингэхдээ дотоод инженерийн шугам сүлжээг /бохирын болон цэвэр усны/ хийж угсраагүй нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Улсын комиссын хурлын тэмдэглэлийн 6 дугаар талд авагдсан Барилга байгууламжийн талаар дурдсан хэсэгт"... Дотор халаалт, цэвэр, бохир шугам сүлжээний ажлыг “Өндөр бар”ХХК тэргүүтэй нийт 8 компани, дотор цахилгааны ажлыг “Би зэт” ХХК тэргүүтэй 6 компани, Гадна дулаан цэвэр усны шугам сүлжээний ажлыг “Тэргүүн инвест”ХХК тус тус хийж гүйцэтгэсэн. Улмаар хариуцагчийн гүйцэтгэсэн дотоод инженерийн шугам хоолойг өөрчлөөгүй, шинээр хийж гүйцэтгээгүй болохыг тус байрыг Улсын комисст хүлээлгэн өгсөн акт болон тэмдэглэл, 2 шатны шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ зэргээр хангалттай нотолж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнд ашиглалтын буруугаас болж доголдол үүсээгүй, анх гүйцэтгэгч нь дотоод инженерийн шугам сүлжээг угсрахдаа доголдолтой гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон. Тус дотоод инженерийн шугам сүлжээ нь “М” ХХК болон туслан гүйцэтгэгч мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч тал гүйцэтгэх боломжгүй, ус хаах нээх, шугам хоолойг холбохоос эхлээд ханын далд зургийн дагуу хийсний дараа Улсын комисст үзүүлж зөвшөөрөл авдаг ажил юм. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдээр цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2113 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалж, 437.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой байсан гэж үзэж, нэхэмжлэлээс 424.168.700 төгрөгийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Үйлчилгээний талбай захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь Хан-уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол, 1/9 байрны 1-1-2 тоотын 123 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг инженерийн шугам сүлжээ гадна зам талбайн тохижилтын хамт бүрэн барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 307.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч барилгыг барьж гүйцэтгэн улсын комисст  2013 оны 7 дугаар сарын 30-ний өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлж, үйлчилгээний талбайг хүлээн авч улсын бүртгэлд 2014 оны 2 дугаар сарын 25-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдэж, улмаар “Эрхэсийн ертөнц” нэртэй тоглоомын газар болгон тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...2015, 2017 онуудад бохир хальж, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон тул гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээний зүйл болох талбайг бүрэн гүйцэд барьж хүлээлгэн өгсөн, ...үйлчилгээний талбайн доторх сантехникийн тоног төхөөрөмж, угаалтуур, цэвэр бохирын шугамын талаар гэрээнд заасны дагуу 1 сарын хугацаанд гомдол гаргаагүй...” гэсэн тайлбар гаргаснаас үзвэл үйлчилгээний талбайн бохирын шугам  доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Гүйцэтгэсэн ажил шаардлага хангасан эсэхийг тодруулахаар хариуцагч шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт  гаргасныг анхан шатны шүүх хангасан, НМХГ-ын улсын байцаагч Ц.Алтансүх шинжээчийн  дүгнэлт гаргажээ. Гэвч хариуцагч дахин шинжээч томилох хүсэлт гаргасан, шүүх Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг шинжээчээр томилсон, тус газраас ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн албан бичиг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.1.-т заасан шаардлагад нийцээгүй байна /хэргийн 2 дугаар хавтас 11 дүгээр тал/.

Үйлчилгээний талбайн цэвэр бохирын шугам шаардлага хангасан эсэх талаар зохигчид  маргаж, хариуцагч   гүйцэтгэсэн ажил зохих шаардлага хангаж буй эсэхийг шинжээчээр тодорхойлуулах шаардлагатай гэж үзсэн, энэ тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах учиртай.

Маргааны зүйл болох тухайн үйлчилгээний талбайн дотоод засал, сантехникийн шугамын ажлыг хийж гүйцэтгээгүй гэж хариуцагч маргасан  тохиолдолд бохир хальсан шугам сүлжээ тухайн  1/9 дүгээр байрны үндсэн шугам эсхүл  үйлчилгээний талбайн дотоод шугамд холбоотой  эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн бохирын ус хальсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 2.278.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ