Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00358

 

2021           04            08                                          001/ХТ2021/00358

 

................гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШШ2019/00327 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1818 дугаар магадлалтай,

 

................гийн нэхэмжлэлтэй

................, ................ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,244,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ................, ................, багш Д.Энхцэцэг, Б.Михайлов нар надтай ирж уулзаж цалингийн зээл 2 хоногийн дараа авахаар баримт материалаа бүрдүүлж өгсөн, яаралтай хоногийн хүүтэй мөнгө зээлдүүлээч гэсэн. Учир нь ................ нь Д.Энхцэцэгтэй хамт ажилладаг, Д.Энхцэцэг нь миний сайн танил, хуурай дүү юм. Д.Энхцэцэг энэ 3 хүнийг дагуулж ирсэн ба эдгээр хүмүүс нь найдвартай, ................ болон Б.Михайлов хоёр нь уурхайд хамт ажилладаг бөгөөд цалингийн зээл авах бүх нөхцөл бүрдсэн гэх зэргээр миний итгэлийг төрүүлж ятгаж гуйсан. Ингээд цалингийн зээлийг хааж хоногийн 1,5 хувийн хүүтэйгээр 21 400 000 төгрөгийг ................ би ................, ................ нарт өгөхөөр тохирсон ба тухайн үед надад 13 400 000 төгрөг байсан. Тэгээд 8 000 000 төгрөг дутсан тул би өөрийн сайн танилаас уг мөнгийг гуйж 2 хоногийн 1.5 хувийн хүүтэйгээр буцааж төлөхөөр амалж эдгээр 4 хүний дэргэд гуйж дансаар шилжүүлж аваад нийт 21 400 000 төгрөгийг ................ын Хаан банкны дансанд шилжүүлж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа байтугай 10 хоног өнгөрөхөд авсан мөнгөө төлөөгүй ба Д.Энхцэцэг бид хоёр олон удаа утасдаж, хөөцөлдөж нэхсээр эцэст нь яаралтай хүнээс авсан 8 000 000 төгрөгийг ................аас авсан. Би өөрөөсөө 700 000 төгрөгийг зээлийн хүүнд найздаа өгч түүний мөнгийг дуусгавар болгосон. Ингээд би өөрөөсөө өгсөн 13 400 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөхөөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж харилцан тохиролцсон. Ингэж зээлийн хүүг буулгаж дахин гэрээ байгуулахад Д.Энхцэцэг мөн л намайг гуйж зуучилсан тул би арга буюу зөвшөөрсөн болно. Үүнээс хойш одоог хүртэл ................, ................ нар нь нэг ч төгрөг өгөөгүй ба элдэв шалтаг дурдан хүнээс мөнгө авахаар болсон, хөөцөлдөж байна, удахгүй бөөнд нь өгнө гэх зэрэг амлалт өгсөөр өнөөг хүрлээ. Мөн Михайлов найз маань Иргэний шүүхээр орсон, шүүхийн хариу гарахад танд бөөнд нь өгнө, энэ хугацаанд нэг ч төгрөг гаргаж болохгүй гэх зэрэг шалтгаан дурдаж байсан болно. Иймд зээлийн гэрээний заалтыг биелүүлээгүй тул ................аас дараах 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар хүү тооцон 2 144 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 6 700 000 төгрөг, үндсэн зээл 13 400 000 төгрөг нийт 22 244 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ................ нь Михайловт мөнгө зээлүүлэхээр тохиролцож Михайловтой зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед Михайловын дансны зарлагыг Хаан банк хаасан байсан тул Михайловт өгч байгаа мөнгөө нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................ын дансанд шилжүүлсэн байдаг. ................ нь ................гаас шилжүүлсэн мөнгийг Михайловт өгсөн. Нэхэмжлэгч ................ын дансанд мөнгөө хийсэн болохоо ойлгож улмаар ................ыг шахаж шаардан загнаж байж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Энэ нь зээлийн гэрээнд бичигдсэн мөнгөн дүн болон дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн энэхүү зээлийн гэрээ гэх баримт нь ................ыг гарын үсэг зурах үед зээлийн дүн, хүү гэх мэт бичвэр буюу өөрөөр хэлбэл гараар бичсэн зүйлүүд нь бичигдээгүй нөхөж бичих зориулалттай гэрээний бланк байсан байна. Гараар нөхөж бичсэн бичвэрүүдийг зээлдүүлэгч ................ нь ................аар гарын үсэг зуруулсны дараа бичсэн байна. Хариуцагч ................ нь нэхэмжлэгч ................гаас шилжүүлсэн мөнгийг өөрөө авч хэрэглээгүй ба зөвхөн өөрийн дансаар дамжуулан авч зээлдэгч этгээдэд шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 22 244 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч ................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ................ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...22 244 000 төгрөгийг ................, ................ нараас гаргуулж өгнө үү гэжээ. ................ нь ................гаас мөнгө зээлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШШ2019/00327 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ................аас үндсэн зээл 13 400 000 төгрөг, зээлийн хүү 2 144 000 төгрөг, алданги 6 700 000 төгрөг нийт 22244 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................д олгон, хариуцагч ................д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ................аас 269 170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1818 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШШ2019/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................аас 21 850 927 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ................д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 393 073 төгрөг, хариуцагч ................д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 269 170 гэснийг 267 204.6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 156 454 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсэг, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагч ................аас зээл, хүү, алдангид нийт 22,244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Үүний зарим хэсэг буюу хүү, алдангид нийт 8,844,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдлыг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх гомдлын зарим хэсгийг хангаж зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ................ нь бичилт хийгээгүй өөрөөр хэлбэл хэн, хэдэн төгрөг, ямар хугацаа, хүүтэйгээр авч байгаа хэсгийг бөглөөгүй зээлийн гэрээний маягтад гарын үсэг зуруулсан гэж хариуцагч ................ тайлбарладаг. Ийм учир нэхэмжлэлийн үндэслэл болсон түүнийг нотлох баримт гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, энэхүү гэрээний үүрэгт хүү алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэгч ................ нь бичилт хийлгээгүй гэрээнд ................аар гарын үсэг зуруулсан болохоо шүүхэд өөрөө бичиж өгсөн тайлбартаа дурдсан байдаг. Талууд бичгээр хүү алданги төлөхийг тохирсон гэж үзэх боломжгүй учир хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн байдлыг зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрийн зарим хэсгийг, магадлалын зарим хэсгийг буюу хариуцагчаас зээлийн хүү болон алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................, хариуцагч ................, ................ нараас зээлийн үүрэгт 22,244,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар зөвшөөрөхгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ................аас 22,244,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, ................д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх 21,850,927 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

................, ................ нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр 13,400,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохирсон, мөн өдөр нэхэмжлэгч нь ................ын данс руу 21,400,000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 8,000,000 төгрөгийг ................ буцаан төлсөн, 13,400,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ. /хэргийн 5-7, 21-26 дугаар тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч ................ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа ................ нь Б.Михайловт зээл өгөхөөр тохирч, түүний данс хаагдсан байсан тул миний дансанд шилжүүлсэн, надаар хоосон маягт дээр гарын үсэг зуруулаад өөрөө нөхөж бичсэн, бид хүү, алданги төлөхөөр тохироогүй гэж татгалзаж, энэ талаар гомдол гаргасан боловч хангах боломжгүй байна.

 

Б.Михайлов шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “................ надаас энэ мөнгөө нэхэмжлээд нийт 28,000,000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулаад, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад миний цалингаас суутгаад явж байгаа” гэсэн, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103/ШШ2019/00069 дүгээр шүүгчийн захирамж зэрэг баримтаар Б.Михайлов нь нэхэмжлэгч ................гийн өмнө үүрэг хүлээгээгүй, гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдсон, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэл муутай байна.

 

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул ................ нь ................гаас мөнгийг хүлээж авснаар гэрээ байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурсан тул бичгээр хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

 

Хэрэв гэрээний нөхцөл хүсэл зоригт нь нийцээгүй, хариуцагчийн хэлснээр хоосон маягт байсан бол хариуцагч нь гарын үсэг зурахгүй байх эрхтэй юм.

 

Зээлийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр огноологдсон боловч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөхөж байгуулсан үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, 1 сар 19 хоногийн хүү 1,750,927 төгрөг , алданги 6,700,000 төгрөг, үндсэн зээл 13,400,000 төгрөг нийт 21,850,927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 23-ны өдрийн 1818 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 156,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД