Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01254

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01030 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ХХК, Д.Б, Б.Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 100 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 501 000 000 төгрөг- гаргуулах, хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 900 000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Я.Б нь “Э” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг, үлдэх 50 хувийг Д.Б эзэмшдэг бөгөөд тус компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллоос баруун тийш 500 метрт зам дагуу байрлах 1,400 м/кв газар эзэмшдэг. Тухайн эзэмшлийн газар дээрээ компанийн хувьцаа эзэмшигчид болох Я.Б, Д.Б бид нар ярилцаад 2016 оноос 2017 оны хооронд 1,152 м/кв хэмжээтэй /гүйцэтгэл нь 90 хувьтай байгаа/ үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Энэхүү барилгын барихад өөрийн зүгээс 130 000 000 төгрөгийг зарцуулсан, Д.Б мөн адил хэмжээний хөрөнгө оруулсан. Гэтэл энэ хавар Д.Б нь хүү Б.Гын хамт уулзаад компанийнхаа хувьцааг зарчих гэх саналыг тавихад нь би энэ барилгын барихад оруулсан 130 000 000 төгрөгөөр зарна гэхэд тэд зөвшөөрсөн. Ингээд компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй өдийг хүрлээ. Улмаар 130 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгийг маань худалдахаар зар тавьчихсан намайг хохироож байна. Иймд Я.Б, Д.Б бидний хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн зээлийн гэрээний дагуу Б.Гоос үлдсэн зээлд 100 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 11 хоногийн алданги 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Миний би нь 160 000 000 төгрөгөөр Хятад улсаас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг “Э” ХХК-ийн нэр дээр оруулж ирж тус компанийн байранд буулгасан. Гэтэл Д.Б, Б.Г нар нь намайг залилж хувьцааг минь авсан. Үүний улмаас би бусдад 290 000 000 төгрөгийг хүү, алданги, долларын зөрүүний хамт 501 000 000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан, одоогоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөд байна. “Э” ХХК-д хөрөнгө оруулсан 290 000 000 төгрөг маань хүү, алданги, валютын ханшийн зөрүүний хамт 501 000 000 төгрөг болсон тул энэ хохирлыг хариуцагч “Э” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагч Д.Б, Б.Г нар нь “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг надаас залилж авсан даруйдаа бусдад их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан байгааг шүүхэд өргөдөл өгснийхөө дараа олж мэдсэн. Иймд өртэй компанийн 50 хувийн эзэмшигч болох шаардлагагүй тул шаардлагынхаа компанийн эзэмших эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү гэх хэсгээсээ татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Г нь надтай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Г, Д.Б нарт 130 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд 30 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Үлдсэн 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээгээр байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох нэхэмжлэгч Я.Баас 113 390 000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй байна. Учир нь 2013 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр аав Д.Бгийн дансаар 20 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ээж П.Эын дансаар 30 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 6-ны  өдөр н.Баатарын дансаар 30 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 10 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 3 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аав Д.Бгийн дансаар 10 000 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 3-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 10 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр Б.Г өөрийнхөө дансаар 390 000 төгрөг, нийт 113 390 000 төгрөгийг зээлж авсан гэж байна. Би дээрх дурдсан хүмүүсээс зээл авч байгаагүй бөгөөд шилжүүлсэн гэх мөнгө нь миний өмчлөлийн Их засаг их сургуулийн дэргэдэх газрыг 150 000 000 төгрөгөөр худалдан авч, үүний төлбөр болох мөнгийг Б.Г над руу шилжүүлсэн. Мөн хариуцагч Б.Г нь хавтаст хэрэгт хуурамч нотлох баримтууд бүрдүүлж өгсөн байна. Хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, түүнийгээ буцаан хүчингүй болгох баримт бүрдүүлэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж байсан. Энэ асуудлыг тухайн үеийн улсын бүртгэлийн байцаагч эрх бүхий албан хаагч надад мэдэгдсэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс мөнгө болон бусад эд хөрөнгийг зээлдэгчийн эзэмшилд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд хариуцагч нь миний эзэмшлийн данс руу 113 390 000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байгаа учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан тайлбарт: Хэрвээ 50 хувийн хувьцаанаасаа татгалзаж байгаа бол компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээнүүд дээр тайлбар хийхгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч Я.Б нь Э ХХК-д 290 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүү, алдангийн хохиролд 501 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Я.Бын нэхэмжлэл болон тайлбарт нь хөрөнгө оруулалтыг 130 000 000 төгрөгөөр хийсэн гэж ярьдаг. Гэтэл хөрөнгө оруулалтыг 230 000 000 төгрөгөөр хийсэн гэж байна. 130 000 000 төгрөг болон 230 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байна гэдэг нь 2 удаагийн үзлэгээр тогтоогдож байгаа. 290 000 000 төгрөгийг н.Отгонням гэх хүнээс зээлээд 130 000 000 төгрөгийг үйлдвэрийн барилга барихад зарцуулсан гэж ярьдаг. Тэхээр 290 000 000 төгрөгийг Я.Б Э ХХК-д оруулаагүй гэдгээ өөрөө нотолж байгаа. Мөн 130 000 000 төгрөгийг гаргаад үйлдвэрийн байранд зарцуулсан гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Тоног төхөөрөмжийн болон мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулсан гэх нотлох баримт байхгүй учраас Э ХХК хариуцахгүй.Я.Б нь 160 000 000 төгрөгөөр  Хятад улсаас үйлдвэрийн зориулалтай тоног төхөөрөмж оруулж ирсэн гэж байгаа боловч ямар зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирсэн  нь тодорхойгүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгээр өөрийнхөө эзэмшлийн газартаа буулгасан зүйлээ гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд 290 000 000 төгрөгийг бусдад төлөхөөр шийдвэр гаргасан. Энэ шийдвэр 501 000 000 төгрөг болсон гэж байгаа нь Я.Б-ын өөрийнх нь хувийн “Ёлын цом” ХХК-иийн өр төлбөрийг бусдаас гаргуулах гэсэн арга юм. “Э” ХХК 2 гишүүнтэй байхад Я.Б нь хувьцаа эзэмшигч байсан. Гэхдээ Я.Б нь 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр тус компанийн хувьцаагаа өөрийн сайн дурын үндсэн дээр зарсан гэжээ.

 

Хариуцагч Б.Г, Д.Б нарын шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Д.Б, Я.Б нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй учраас Я.Бын өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Д.Бгийн эд хөрөнгө нь битүүмжлэгдээд нэг жилийн хугацаа өнгөрөөд хохирч байгаа. Д.Бгаас юу шаардаж, нэхэмжилж байгаа нь тодорхой бус учраас хариуцагч биш гэж үзэж байна. 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 30 000 000 төгрөгийг надад өгч, үлдсэн 100 000 000 төгрөгийг түүний гуйлтаар Б.Гтой зээлийн гэрээ байгуулсан гээд дурдаад өнгөрсөн. Түүнээс биш Б.Гоос 100 000 000 төгрөгийг гаргуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэсгээс харагдахгүй байна. Мөн Б.Гоос 100 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 18 хоногийн алданги 1 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 100 000 000 төгрөгийг зээлсэн мэт зээлийн гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн гэрээ нь Я.Б болон Б.Г нарын хооронд байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г, Д.Б нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Г 2017 оны 5 дугаар сард иргэн Бтай уулзахад за дүү, ахад нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсэн, нийт 501 сая төгрөгийг надаас албадан гаргуулах гэж байна. “Э” ХХК-ийн миний эзэмшлийн 50 хувийг 100  000 000 төгрөгөөр авбал ав, үгүй бол гүйцэтгэх ажиллагаагаар алга болвол хохь чинь болно шүү гэж хэлээд явсан. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17/11 тоот “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж иргэн Я.Б өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа манай аав Д.Б-д шилжүүлж бид гурвын дундах төлбөр тооцоо бүрэн төлөгдсөнд тооцсон. Үүнд крантай автомашиныг Б өөртөө авах, 2014 онд компанид авсан тоног төхөөрөмжөө өөртөө авах зэрэг аман хэлцлүүд хийсэн. Уг гэрээ хийгдэж дуусаад Я.Б нь 501 сая төгрөг төлөх тухай шүүхийн шийдвэрээрээ далайлган  100 сая төгрөгийн гэрээ хийсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн Б.Г, Д.Б бид Я.Баас 113 390 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Я.Б нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ дутуу баригдсан барилгыг дуусгах зорилгоор өөрийн дансаараа дараахь мөнгийг манай талаас зээл хэлбэрээр авч, удахгүй их хэмжээний мөнгө бүтэхээр өгнө гэж хэлсэн. 2013 оны 1 дүгээр сард Д.Бгаас дансаар 20 000 000 төгрөг, мөн өдрөө П.Эаас дансаар 30 000 000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баатараас дансаар 30 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Гоос дансаар 10 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Гоос 3 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Бгаас дансаар 10 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 3-ны өдөр Б.Гоос дансаар 10 000 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Гоос 390 000 төгрөгийг тус тус дансаар авсан. Иймд Я.Баас 113 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236.1.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК, Б.Г нараас 391 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211 000 000 төгрөг холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 663 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 663 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Баас 1 607 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 1 607 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатын шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Я.Б нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 100 000 төгрөг гаргуулах, “Э” ХХК-д хөрөнгө оруулсан 290 000 000 төгрөгийг хүү, алданги, валютын ханшийн зөрүү тооцож нийт 501 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 113 900 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /1-р хх 1-2, 48, 60-63, 142/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлагынхаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, “Э” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж багасгасан байна. /2-р хх 233-237/

 

Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар “Э” ХХК-ийг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 50, 50 хувийг нь эзэмшихээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компани 3 жил гаран үйл ажиллагаа явуулсны эцэст нэхэмжлэгч Я.Б нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа хариуцагч Д.Б-д 130 000 000 төгрөгөөр худалдахаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Я.Б нь өөрийн эзэмшиж байсан “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Б-д шилжүүлж, гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч талаас төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон талаар зөв дүгнэлт хийсэн. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох БНХАУ-аас оруулж ирсэн 160 000 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нь “Э” ХХК болон Я.Б нарын хэнийх нь хөрөнгө болохыг үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үүнтэй холбоотой талууд мэтгэлцэж чадаагүй, энэ тоног төхөөрөмжийн зах зээлийн болон оруулж ирэх үеийн үнэлгээ тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн тоног төхөөрөмж нь “Э” ХХК-ийн өмчлөлд шилжсэн эсэх, уг тоног төхөөрөмжийн үнийг Я.Б-т “Э” ХХК төлөх үүрэгтэй эсэхийг шүүх үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа гэх боловч зээлийн гэрээ хугацаатай байсан эсэх, гэрээний үүргийг хэзээ нэхэмжлэгчээс шаардаж байсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөс хангуулахаар заасан бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүхээс шийдвэрлэхгүй орхигдуулснаас гадна талуудын хооронд барьцааны гэрээ байсан эсэхийг тодруулаагүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийг хариуцагч татгалзахдаа талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй, харин 150 сая төгрөгөөр газар худалдсаны үнийг хариуцагч нар өөрт нь төлсөн мэтээр тайлбарлажээ. Гэтэл хэрэгт 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ авагдсан бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД