Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00463

 

2021           05            18                                          001/ХТ2021/00463

 

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дүгээр шийдвэр,

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223/МА2019/00037 дугаар магадлалтай,

 

............ын нэхэмжлэлтэй

............, ............ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 86,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагч ............, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ миний бие 2018.08.17-ны өдөр Төв аймгийн иргэн ............, иргэн ............ нарт 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нар уг зээлийг 3 сарын хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нар уг 50,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд зээлдэгч ............ нь өөрийн өмчлөлийн шар өнгийн Samsung mx292lc маркын эксковаторын зориулалттай тээврийн хэрэгсэл, мөн SDLG L956 маркийн авто ачигч зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний 6-д зааснаар үндсэн зээлийг хүүгийн хамтаар бүхэлд нь төлөхөөр үүрэг хүлээсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлэхгүй намайг хохироож байна. Би зээлдэгч Мөнхбаатар, Цэцэгмаа нарыг зээлээ төлөхийг шаардаж утсаар ярьсан боловч төлнө гэж хэлдэг ч надад нэг ч сарын хүү болон үндсэн зээлээсээ нэг ч төлбөр төлөөгүй намайг маш их хохироож байна. Иймд хариуцагч ............, ............ нараас талуудын хооронд 2018.08.17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээлд 50,000,000 төгрөгийг, мөн зээлийн гэрээний 2-т заасан гурван сарын хугацааны зээлийн хүүд 7,500,000 төгрөг, мөн зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 7-д зааснаар хугацааг хэтрүүлсэн хоног тутамд тооцох алдангид 28,750,000 төгрөг, нийт 86,250,000 төгрөгийг гаргуулж, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагч нараас нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018.08.16-ны өдөр манай эхнэр над руу утсаар яриад Баттөгс таньдаг хүнээсээ мөнгө зээлж өгөхөөр боллоо, чи маргааш хотод хүрээд ирээ, ковшийн бичиг баримтынхаа нэрийг шилжүүлж авна гэсэн гэнээ, би Заамараас маргааш гарнаа гэж хэлсэн. Маргааш нь өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумаас Бямбаа гэж хүний машинд дайгдаад гарсан. Тэгээд би гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь гэрээн дээр нь гарын үсгээ зурсан. Эхнэр тайлбарлахдаа 50,000,000 төгрөгөө авсныхаа дараа ковшийнхоо нэрийг шилжүүлж өгнө гэж хэлсэн. 2018.08.18-ны өдөр Баттөгс нь 2,000,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, өөр нэг ч төгрөг өгөөгүй. Манай эхнэр бид хоёр Баттөгсөөс нөгөө мөнгөө өгөөч ээ гэж удаа дараа нэхэж байсан. Эхнэрийнхээ дансаар авсан 5 сая төгрөг, надад өгсөн 2,000,000 төгрөг нийтдээ 7,000,000 төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй. Харин 43,000,000 төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018.08 дугаар сард хүнээс эксковаторын урьдчилгаа 80 сая төгрөг өгөх болчихоод Баттөгс гэж танил маань надад хэлэхдээ хүүтэй мөнгө зээлдэг хүн байдаг, тэр хүнээс мөнгө зээлж өгье гэсэн учир би зөвшөөрөөд нөгөө хүнээс нь мөнгө зээлчихье гэж нөхөртэйгөө ярилцсан юм. Тэгээд Баттөгс нь Улаанбаатар хотод хүрээд ир гэхэд би Заамар сумаас, манай нөхөр Архангай аймгаас хот руу орж ирсэн. Хотод орж ирээд Баттөгс рүү ярихад Хархорины нотариат дээр хүрээд ир гэхээр нь очиход ............, Баттөгс хоёр уулзаад зогсож байсан. Тэгээд ............ нь надад хэлэхдээ зээлдүүлж байгаа 50 сая төгрөгийг Баттөгсийн дансанд хийчихсэн шүү, нөхрөө хүлээж байгаад гэрээндээ гарын үсэг зураарай гэж хэлээд явсан. Гэтэл Баттөгс нь надад болон миний данс руу 50 сая төгрөгийг шилжүүлээгүй, харин 2018.08.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018.08.19-ний өдөр 3,000,000 төгрөг, шилжүүлсэн байсан. Манай нөхөрт 2,000,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Би Баттөгсөөс үлдэгдэл 43,000,000 төгрөгийг өгөхийг дахин дахин хэлсэн боловч өгөөгүй ээ, цөөхөн хонуулаад өгнө гэхээр нь хүнд өгчихлөө, тэр хүнээс аваад өгнөө гэж хэлээд өгөөгүй. Сүүлдээ би Баттөгс, ............ хоёр нь хоорондоо эртний танил, бие биенээрээ дамжуулан мөнгө зээлдүүлдэг, авч, өгч сурсан болохоор нь, бас ............ нь тэр өдрөөс хойш над руу нэг ч удаа зээлүүлсэн гээд байгаа мөнгөө нэхэж яриагүй болохоор нь хоорондоо учраа олчихсон юм байх гэж бодоод орхисон. Баттөгсийн надад өгсөн 5,000,000 төгрөг, манай нөхөрт өгсөн 2,000,000 төгрөг, нийтдээ 7,000,000 төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй. Харин 43,000,000 төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч ............, ............ нараас 12,075,000 /арван хоёр сая далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............од олгож, үлдэх 74,175,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч ............, ............ нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох ............ын өмчлөлийн Samsung mx292lc маркын 2572УН улсын дугаартай эксковатор, SDLG L956 маркын 0325УН улсын дугаартай авто ачигч тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч ............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 659,400 төгрөгийг ............оор улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч ............, ............ нараас 416,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............од олгож, Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2019/03053 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223/МА2019/00037 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...хариуцагч ............, ............ нараас 12.750.000 төгрөгийг гаргуулан ............од олгож гэснийг ...хариуцагч ............, ............ нараас 86 250 000 төгрөгийг / наян зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............од олгосугай гэж өөрчилж, үлдэх 74 175 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 159 дүгээр зүйлийн 159.1. гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............, ............ нараас улсын тэмдэгтийн хураамжид 659 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............од олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Алтангадас хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхийн магадлалд ............ыг... Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн” энэ байдал нь Иргэний хуулийн 281.1 болон 282.4-т тус тус заасантай нийцсэн хэмээн тодорхойлж, мөн хянавал хэсэгт “...хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээл хүү, алданги, төлөх үүргээ зээлдүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд Баттөгс нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарт өгөөгүй явдал нь зээлдүүлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм” хэмээн дүгнэсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн үндсэн шинж буюу зээлдэгчид мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлдэг, мөн Иргэний хуулийн 282.4-д зээлдэн авч байгаа хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх нь гэрээг байгуулсанд тооцох үндэслэл гэдгийг давж заалдах шатны шүүх ойлгосонгүй. Үүнээс гадна, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд “зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болж”, мөн тус гэрээний 12 дугаар зүйлд “зээлдэгч нь 50,000,000 төгрөгийг Баттөгсийн эзэмшлийн ХААН банкны ............ тоот дансаар хүлээн авна” гэж заасныг тус тус буруу тайлбарлан шийдвэрээ гаргажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281.1 болон 282.4, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8, 12-д тустус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитоор хүлээлгэн өгөх, үүний улмаас зээлсэн мөнгөний захиран зарцуулах эрх бодитоор үүсдэг хууль зүйн үр дагаварыг буруугаар тайлбарлаж уг зээлийн гэрээний дагуу тохиролцсон мөнгөн дүнг бодитоор хүлээн аваагүй, түүнээс улбаатай талуудын хоорон байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл үүссэн байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн магадлал алдаатай гарахад нөлөөлсөн байна. Хоёр. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Нэхэмжлэлийн шаардлага нь 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийн хүү 7,500,000 хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон алдангид 28,750,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүхээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 281.1 болон 282.4-д тус тус зааснаар хүлээн авсан үнийн дүнд дүйцэхүйц буюу 7 сая төгрөгөнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алдангийн хэмжээг тооцож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөлд ямар ч дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн магадлал алдаатай гарахад хүргэсэн байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 86,250,000 төгрөгийг хэрхэн тооцож хэд хоногийн алданги бодогдож гаргаж ирсэн тодорхойгүй байхаас гадна Иргэний хуулийн 232.4-д заасныг хэрхэн хэрэглэсэн шүүхийн магадлалд тусгагдаагүй байгаа нь шүүхийн магадлал хууль ёсны болон үндэслэл бүхий байж чадахгүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч нарыг 50,000,000 зээлийг бодитоор хүлээн авч, зохих хугацаанд зээлийг буцаан төлөөгүй гэж үзвэл 50 сая төгрөг, болон хүү 7,500,000 төгрөг нэмээд алдангийг тооцоход нэхэмжилж буй нийт дүн буюу 86,250,000 гарахгүй байгааг буюу тооцооллын алдаа байгааг шүүх анхаарч үзээгүй юм. Гурав. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт мөн хэрэгт авагдсан Хаан банкны гүйлгээний хуулгаар 2018.08.18-ны өдрөөс 2019.03.24-ний өдөр хүртлэх хугацаанд харилцах дансаар Б.Баттөгс Б.Цэцэгмаа руу 15,739,000 төгрөг, ............ Б.Баттөгс рүү 24,968,800 төгрөг тус тус шилжүүлж байсан байна” гээд эдгээрт эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй” гэж үзсэн байна. Гэтэл зээлийг Б.Баттөгсийн дансаар авна гэсэн гэрээний нөхцөлд Б.Баттөгсийн дансанд 24,968,800 төгрөг хийсэн үйлдэл нь уг хэрэгт ямар хамааралтай болохыг шүүх дурдаагүйн зэрэгцээ энэ байдал нь нэхэмжлэгч ............той ямар хамааралтай байгааг дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн болохыг харуулж байна. Иймээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............, ............ нарт  холбогдуулан үндсэн зээл 50,000,000 төгрөг, 3 сарын зээлийн хүү 7,500,000 төгрөг, алданги 28,750,000 төгрөг, нийт 86,250,000 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар 7,000,000 төгрөг авсан, зээлийн үлдэх мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийг бүрэн хариуцахгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 12,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг нэмэгдүүлж 86,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2018.08.17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1-д нийцсэн дүгнэлтийг хийжээ. Гэрээний гол бус зарим нөхцөлийг тохироогүй байх, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

2018.08.17-ны өдрийн гэрээний дагуу ............ нь 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, capын 5 хувийн хүүтэйгээр ............, ............ нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт буцааж төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэг тус тус хүлээжээ. ............ нь 2018.08.17-ны өдөр Б.Баттөгсийн эзэмшлийн ХААН банкны  ............ тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж, үүргээ биелүүлсэн гэсэн бол хариуцагч нар Б.Баттөгсөөс 7,000,000 төгрөгийг авсан, үлдэх мөнгийг аваагүй, Б.Баттөгсийн дансанд мөнгө шилжүүлэх гэрээний нөхцөлийг бид тохироогүй, ............, Б.Баттөгс нар хоорондоо ярилцсан байсан гэж маргажээ.

 

Гэрээний дагуу зээлийн мөнгийг бүрэн шилжүүлсэн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх уг үүргийн талаар эрх зүйн өөр өөр дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг өөр байдлаар шийдвэрлэжээ.

 

2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг шилжүүлж, үүргээ биелүүлсэн гэж үзэхдээ зээлийн гэрээний 12-т “Зээлдэгч нь 50,000,000₮-ийг Б.Баттөгсийн эзэмшлийн ХААН банкны ............ тоот дансаар хүлээн авна.” гэж тохирсон гэрээний нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дүгээр зүйлийг эрх зүйн үндэслэлээ болгосон байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ гэрээний хэлбэрийг илүү баримталж, харин маргаантай байдал бий болсон үндэслэл, шалтгаан, талууд үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгөх талаар хоорондоо хэрхэн тохирсон, хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх талаар буюу гэрээний агуулгыг анхаараагүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмнө үүргийг биелүүлэх ёстой бөгөөд хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээнд буюу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж, үндсэн зээл хүү, алданги нийт 12,750,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

4.Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа барьцааны зүйлээс үүргийг хангуулах шийдвэрт гомдоогүй, харин зээлийн мөнгийг хүлээн авсан хэмжээнд үүргээ гүйцэтгэнэ гэж магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсчээ. Гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний 12-т “зээлийг Б.Баттөгсийн ... дансанд шилжүүлэх”-ийг заасан хэдий ч хариуцагч нарын зүгээс ............од хандан, зээлийн мөнгийг Б.Баттөгсийн дансанд шилжүүлэх санал гаргасан байдал тогтоогдоогүй, Б.Баттөгс нь ............од өртэй, зээлээ төлөөгүй байхад ............ нь хариуцагч нартай гэрээ байгуулахдаа Б.Баттөгсийн дансанд зээлийн мөнгийг шилжүүлэх нөхцөлийг яагаад хүлээн авсан, Б.Баттөгс зээлийн өртэй болохыг хариуцагч нарт мэдэгдээгүй зэрэг үйл баримтаас үзэхэд талууд зээлийн мөнгийг өөр этгээдэд шилжүүлэх талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, тохирсон гэж үзэх буюу гэрээний энэ нөхцөлийн талаар хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэлбэрийн хувьд гэрээнд “мөнгийг Б.Баттөгсийн дансанд шилжүүлэх”-ийг тусгасан боловч агуулгын хувьд энэ талаар гэрээний талууд тохиролцсон гэж үзэх хангалттай үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна. Зээлийн гэрээний 12-т заасан тохиролцоог талуудад үүрэг үүсгэсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223/МА2019/00037 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 528,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                         Б.УНДРАХ