Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2019/00037

 

Л.Хишигтогтохын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Хишигтогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 86 250 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхмжлэгч Л.Хишигтогтохын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Хишигтогтох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:

“Л.Хишигтогтох миний бие 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн иргэн М.Мөнхбаатар, иргэн М.Цэцэгмаа нарт 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нар уг зээлийг 3 сарын хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нар уг 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд зээлдэгч М.Мөнхбаатар нь өөрийн өмчлөлийн шар өнгийн Samsung mx292lc маркын эксковаторын зориулалттай тээврийн хэрэгсэл, мөн SDLG L956 маркийн авто ачигч зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалж барьцааны гэрээг байгуулсан.

Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний 6-д зааснаар үндсэн зээлийг хүүгийн хамтаар бүхэлд нь төлөхөөр үүрэг хүлээсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлэхгүй намайг хохироож байна. Би зээлдэгч Мөнхбаатар, Цэцэгмаа нарыг зээлээ төлөхийг шаардаж утсаар ярьсан боловч төлнө гэж хэлдэг ч надад нэг ч сарын хүү болон үндсэн зээлээсээ нэг ч төлбөр төлөөгүй намайг маш их хохироож байна.

Иймд хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээлд

50,000,000 төгрөгийг, мөн зээлийн гэрээний 2-т заасан гурван сарын хугацааны зээлийн хүүд 7,500,000 төгрөг, мөн зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 7-д зааснаар хугацааг хэтрүүлсэн хоног тутамд тооцох алдангид 28,750,000 төгрөг, нийт 86,250,000 төгрөгийг гаргуулж, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагч нараас нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр над руу утсаар яриад “Баттөгс таньдаг хүнээсээ мөнгө зээлж өгөхөөр боллоо, чи маргааш хотод хүрээд ирээ, ковшийн бичиг баримтынхаа нэрийг шилжүүлж авна гэсэн гэнээ, би Заамараас маргааш гарнаа” гэж хэлсэн.

Маргааш нь өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумаас Бямбаа гэж хүний машинд дайгдаад гарсан.

Тэгээд би гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь гэрээн дээр нь гарын үсгээ зурсан. Эхнэр тайлбарлахдаа 50 сая төгрөгөө авсныхаа дараа ковшийнхоо нэрийг шилжүүлж өгнө гэж хэлсэн.

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баттөгс нь 2 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн, өөр нэг ч төгрөг өгөөгүй.

Манай эхнэр бид хоёр Баттөгсөөс нөгөө мөнгөө өгөөч ээ гэж удаа дараа нэхэж байсан.

Эхнэрийнхээ дансаар авсан 5 сая төгрөг, надад өгсөн 2 сая төгрөг нийтдээ 7 сая төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй.

Харин 43 сая төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Бид 2018 оны 8 дугаар сард хүнээс эксковаторын урьдчилгаа 80 сая төгрөг өгөх болчихоод Баттөгс гэж танил маань надад хэлэхдээ “хүүтэй мөнгө зээлдэг хүн байдаг, тэр хүнээс мөнгө зээлж өгье” гэсэн учир би зөвшөөрөөд нөгөө хүнээс нь мөнгө зээлчихье гэж нөхөртэйгөө ярилцсан юм.

Тэгээд Баттөгс нь Улаанбаатар хотод хүрээд ир гэхэд би Заамар сумаас, манай нөхөр Архангай аймгаас хот руу орж ирсэн.

Хотод орж ирээд Баттөгс рүү ярихад Хархорины нотариат дээр хүрээд ир гэхээр нь очиход Л.Хишигтогтох, Баттөгс хоёр уулзаад зогсож байсан. Тэгээд Л.Хишигтогтох нь надад хэлэхдээ “зээлдүүлж байгаа 50 сая төгрөгийг Баттөгсийн дансанд хийчихсэн шүү, нөхрөө хүлээж байгаад гэрээндээ гарын үсэг зураарай” гэж хэлээд явсан.

Гэтэл Баттөгс нь надад болон миний данс руу 50 сая төгрөгийг шилжүүлээгүй, харин 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3 сая төгрөг, шилжүүлсэн байсан. Манай нөхөрт 2 сая төгрөг бэлнээр авч өгсөн.

Би Баттөгсөөс үлдэгдэл 43 сая төгрөгийг өгөхийг дахин дахин хэлсэн боловч өгөөгүй ээ, цөөхөн хонуулаад өгнө гэхээр нь хүнд өгчихлөө, тэр хүнээс аваад өгнөө гэж хэлээд өгөөгүй.

Сүүлдээ би Баттөгс, Л.Хишигтогтох хоёр нь хоорондоо эртний танил, бие биенээрээ дамжуулан мөнгө зээлдүүлдэг, авч, өгч сурсан болохоор нь, бас Л.Хишигтогтох нь тэр өдрөөс хойш над руу нэг ч удаа зээлүүлсэн гээд байгаа мөнгөө нэхэж яриагүй болохоор нь хоорондоо учраа олчихсон юм байх гэж бодоод орхисон.

Баттөгсийн надад өгсөн 5 сая төгрөг, манай нөхөрт өгсөн 2 сая төгрөг, нийтдээ 7 сая төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй.

Харин 43 сая төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

              Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас 12,075,000 /арван хоёр сая далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хишигтогтоход олгож, үлдэх 74,175,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох М.Мөнхбаатарын өмчлөлийн Samsung mx292lc маркын 2572УН улсын дугаартай эксковатор, SDLG L956 маркын 0325УН улсын дугаартай авто ачигч тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Хишигтогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 659,400 төгрөгийг Л.Хишигтогтохоор улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас 416,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хишигтогтоход олгож, Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2019/03053 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Л.Хишигтогтох давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дөгөөр бүхий шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Хишигтогтох миний бие хариуцагч М.Цэцэгмаа. М.Мөнхбаатар нараас 2018-08-17-ны өдөр байгуулсан 50-н сая төгрөгийн үүрэгт 86 250 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс зээл, хүү, алдангид нийт 12 075 000 төгрөгийг гаргуулж, 74 175 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосоныг хулээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд 2018-08-17-ны өдөр 50 000 000 төгрөгийг 3-н сарын хугацаатай, cap бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлдэгч нар уг зээлийг 3-н сарын хугацаанд ундсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон, мөн уг зээлийг зээлдэгч нар иргэн Баттөгсийн Хаан банк дахь 5099998824 дансанд шилжүүлэхийг хүлээн зовшөөрч гэрээ байгуулсан. Л.Хишигтогтох би 2018-08-17-нд 12 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн өдөр 38 000 000 төгрөгийг Төрийн банкнаас зээлийн гэрээнд заасан иргэн Баттөгсийн 5099998824 дансанд шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлснийг шүүх тогтоогдож байна гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.

Зээлдэгч миний бие зээлийн гэрээнд заасан дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Энэ дансаар авах нь зээлдэгч нарын хүсэл зориг байсан. Ийм учраас уг мөнгийг яаж хэрэглэсэн нь надад хамаагүй тул зээлдэгч Мөнхбаатар, Цэцэгмаа нараас мөнгөө авах ёстой.

Гэвч шүүх шиидвэрийн үндэслэх хэсэгтээ .... Батгөгс, аль эсвэл хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нарт бэлэн бус гүйлгээгээр өгсөн гэх үйл баримт нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Хишигтогтох нь хариуцагч нарт 50 000 000 төгрөгийг Баттөгсийн дансаар дамжуулан өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж хэргийн үйл баримтанд буруу, хийсвэр зохиомол дүгнэлт хийж намайг хохироож байна. Зээлдэгч нар уг 50-н сая тегрөгийг иргэн Баттөгсийн харилцах дансаар дамжуулж авахаар зээлийн гэрээгээр тохиролцсон. Гэхдээ тэд Баттөгсийн “Хаан банк” дахь дансаар шилжүүлсэн мөнгийг аваагүй гэж надтай нэг ч яриагүй. Шүүх хурал дээр мөнгө аваагуй гэж илт худал ярьж, гүтгэсэн.

Шүүгч хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Зээлдэгч нарын худал үгэнд хөтлөгдөж буруу шийдвэр гаргаж намайг хохироосонд гомдолтой байна. Бидний хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ болно.

Би шүүхийн тэмдэгтийн хураамжинд нийт 589200+70200 = 659400 төгрөгийг бүрэн төлсөн байхад шүүх тогтоох хэсгийн 3-т ... дутуу төлсөн 659400 төгрөгийг Л.Хишигтогтох надаа нөхөн төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хоорондын маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг бүрэн, зөв үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, зээлийн гэрээ болон Иргэний хуулийг буруу тайлбарласан алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.  

Нэхэмжлэгч Л.Хишигтогтох нь хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 50 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 7 500 000 төгрөг, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд тооцох алдангид 28 750 000 төгрөг, нийт 86 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч данснаар 5 000 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг авсан,  бусад мөнгийг аваагүй  гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд  гэрээний гол нөхцөл болох зээлийн гэрээний зүйл, гэрээний хугацаа, хариу үүрэг зэрэг /хүүгийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги/-ийг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан /улмаар нотариатаар гэрчлүүлсэн/ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байх тул Л.Хишигтогтох, М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нарын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг талууд тохиролцон амаар болон бичгээр байгуулах боломжтой байдаг бол мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба 282.3-т заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг байна.

            Хүү авах эрхийг зээлдүүлэгч эдэлдэг учир хуулийн дээрх хязгаарлалт зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Л.Хишигтогтох нь 50 000 000 төгрөгийг 3  сарын хугацаатай, capын  5 хувийн хүүтэйгээр  М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа  нарт зээлдүүлэх, зээлдэгч нар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл тул зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө, эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгох, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох”-оор заасан ба мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зохицуулсан байна.

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талууд гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлэн өгөхөөр гэрээгээр тохиролцож болох бөгөөд ийнхүү гэрээнд заасан этгээдэд зээлийн хөрөнгийг шилжүүлж, тухайн этгээд зээлийг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл, хууль, гэрээ, буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд  хүлээлгэн өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцдог байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн   гэрээний 12-т “ Зээлдэгч нь 50 000 000 ₮-ийг Баттөгсийн эзэмшлийн ХААН банкны 5099998824 тоот дансаар хүлээн авна” гэж  зээлдэгч нар нь иргэн Б.Баттөгсийн Хаан банк дахь 509999824 тоот дансанд зээлийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, хүлээн авахаар тохиролцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.Хишигтогтохын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5019533635 тоот данснаас Б.Баттөгсийн Хаан банкны 5099998824 тоот дансанд 12 000 000 төгрөг, /арван хоёр сая/  шилжүүлсэн, мөн өдөр   38 000 000 /гучин найман сая/ төгрөг Л.Хишигтогтохын Төрийн банкны 101100335400 тоот данснаас гарч зээлийн гэрээнд заасан иргэн Б.Баттөгсийн Хаан банкны 5099998824 дансанд бэлнээр орлого болж орж ирсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч  Л.Хишигтогтох үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээд болох Б.Баттөгст  хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байх тул зээлдүүлэгч Л.Хишигтогтох нь  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хууль буюу гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн “...ямар дансаар авах вэ гэхэд гэрээн дээр бичсэн дансаар авна гэсэн... өөрийнх нь өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн..” гэсэн тайлбар, хариуцагчийн “...Л.Хишигтогтох 1, 2 удаа ирсэн... Баттөгсийн дансанд хийчихсэн . Чи гарын үсэгээ зураарай гэсэн ... Тэгээд бид 2 хамгийн сүүлд тэр нотариат дээр гарын үсэг зурчихаад гэрээн дээр заасан Баттөгсийн данс гэснийг Баттөгс рүү залгаж асуусан... над руу яриад Хишгээ ах миний данс руу мөнгийг нь хийчихлээ гэсэн ... харин Баттөгс бид хоёрын дансанд мөнгө хийнэ гэсэн хийгээгүй. Баттөгс ярихдаа... мөнгийг Батжаргал гэдэг найздаа түр өгчихсөн гэсэн.. Баттөгс гэдэг хүн мөнгийг шилжүүлж аваад, өөрөө зарцуулчихсан... Баттөгстэй яриад мөнгө өгчихгүй яасан юм бэ? гэхэд өнөө маргаашгүй өгөх гэж байгаа” гэсэн тайлбараар гэрээнд заасан  Б.Баттөгсийн дансанд  зээл 50 000 000 төгрөг орж ирсэн болохыг хариуцагч мэдсэн байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь давхар нотлогдож байна.

Мөн хэрэгт авагдсан “Хаан банк”-ны гүйлгээний хуулгаар 2018 оны 08 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд харилцах дансаар Б.Баттөгс М.Цэцэгмаа руу 15 739 000 төгрөг, М.Цэцэгмаа Б.Баттөгс рүү 24 968 800 төгрөг тус тус шилжүүлж байсан байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас  нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. 

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдаги төлөх үүргээ зээлдүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд Баттөгс нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарт өгөөгүй явдал нь зээлдүүлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.  Харин зээлдэгч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нар нь буруутай этгээдээс хохирол шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 7 500 000 төгрөг, алданги 28 750 000 төгрөг, нийт 86 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй  байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдлөх  эд хөрөнгийн  барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар зээлийн үндсэн гэрээг дагалдаж үүссэн дагалдах эрхийн шинжтэй хүчин төгөлдөр гэрээ  байх бөгөөд анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан нь зөв боловч  шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 156 дугаар зүйийн 156.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг баримталж хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 86 750 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 659 400 төгрөг /589 200 төгрөг + 70 200 төгрөг/ төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны  дагуу зөв тодорхойлсон байх ба харин шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дахин нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан,  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, улсын тэмдэгтийн хураамжид мөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШШ2019/01051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтын “...хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас 12.750.000 төгрөгийг гаргуулан Л.Хишигтогтоход олгож” гэснийг “...хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас 86 250 000 төгрөгийг / наян зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Л.Хишигтогтоход олгосугай “ гэж өөрчилж, “үлдэх 74 175 000 төгрөг гаргуулах  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай “ гэсэн хэсгийг  хүчингүй болгож,

 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 159 дүгээр зүйлийн 159.1. “гэж  нэмж ,

 шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг  “ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхбаатар, М.Цэцэгмаа нараас  улсын тэмдэгтийн хураамжид 659 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хишигтогтоход олгосугай”  гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА