Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2019/01051

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт Л.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... газар оршин суух .... овогт М.М,

 Хариуцагч: .... газар оршин суух .... овогт М.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 86,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Х, хариуцагч болон хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа:

“Л.Х миний бие 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн иргэн М.М, иргэн М.Ц нарт 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нар уг зээлийг 3 сарын хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нар уг 50 сая төгрөгийн зээлийн барьцаанд зээлдэгч М.М нь өөрийн өмчлөлийн шар өнгийн Samsung mx292lc маркын эксковаторын зориулалттай тээврийн хэрэгсэл, мөн SDLG L956 маркийн авто ачигч зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалж барьцааны гэрээг байгуулсан.

Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний 6-д зааснаар үндсэн зээлийг хүүгийн хамтаар бүхэлд нь төлөхөөр үүрэг хүлээсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлэхгүй намайг хохироож байна. Би зээлдэгч М, Ц нарыг зээлээ төлөхийг шаардаж утсаар ярьсан боловч төлнө гэж хэлдэг ч надад нэг ч сарын хүү болон үндсэн зээлээсээ нэг ч төлбөр төлөөгүй намайг маш их хохироож байна.

Иймд хариуцагч М.М, М.Ц нараас талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээлд

50,000,000 төгрөгийг, мөн зээлийн гэрээний 2-т заасан гурван сарын хугацааны зээлийн хүүд 7,500,000 төгрөг, мөн зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 7-д зааснаар хугацааг хэтрүүлсэн хоног тутамд тооцох алдангид 28,750,000 төгрөг, нийт 86,250,000 төгрөгийг гаргуулж, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагч нараас нөхөн гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр над руу утсаар яриад “Баттөгс таньдаг хүнээсээ мөнгө зээлж өгөхөөр боллоо, чи маргааш хотод хүрээд ирээ, ковшийн бичиг баримтынхаа нэрийг шилжүүлж авна гэсэн гэнээ, би Заамараас маргааш гарнаа” гэж хэлсэн.

Маргааш нь өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумаас Бямбаа гэж хүний машинд дайгдаад гарсан.

Тэгээд би гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь гэрээн дээр нь гарын үсгээ зурсан. Эхнэр тайлбарлахдаа 50 сая төгрөгөө авсныхаа дараа ковшийнхоо нэрийг шилжүүлж өгнө гэж хэлсэн.

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баттөгс нь 2 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн, өөр нэг ч төгрөг өгөөгүй.

Манай эхнэр бид хоёр Баттөгсөөс нөгөө мөнгөө өгөөч ээ гэж удаа дараа нэхэж байсан.

Эхнэрийнхээ дансаар авсан 5 сая төгрөг, надад өгсөн 2 сая төгрөг нийтдээ 7 сая төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй.

Харин 43 сая төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М.Цл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Бид 2018 оны 8 дугаар сард хүнээс эксковаторын урьдчилгаа 80 сая төгрөг өгөх болчихоод Баттөгс гэж танил маань надад хэлэхдээ “хүүтэй мөнгө зээлдэг хүн байдаг, тэр хүнээс мөнгө зээлж өгье” гэсэн учир би зөвшөөрөөд нөгөө хүнээс нь мөнгө зээлчихье гэж нөхөртэйгөө ярилцсан юм.

Тэгээд Баттөгс нь Улаанбаатар хотод хүрээд ир гэхэд би Заамар сумаас, манай нөхөр Архангай аймгаас хот руу орж ирсэн.

Хотод орж ирээд Баттөгс рүү ярихад Хархорины нотариат дээр хүрээд ир гэхээр нь очиход Л.Х, Баттөгс хоёр уулзаад зогсож байсан. Тэгээд Л.Х нь надад хэлэхдээ “зээлдүүлж байгаа 50 сая төгрөгийг Баттөгсийн дансанд хийчихсэн шүү, нөхрөө хүлээж байгаад гэрээндээ гарын үсэг зураарай” гэж хэлээд явсан.

Гэтэл Баттөгс нь надад болон миний данс руу 50 сая төгрөгийг шилжүүлээгүй, харин 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3 сая төгрөг, шилжүүлсэн байсан. Манай нөхөрт 2 сая төгрөг бэлнээр авч өгсөн.

Би Баттөгсөөс үлдэгдэл 43 сая төгрөгийг өгөхийг дахин дахин хэлсэн боловч өгөөгүй ээ, цөөхөн хонуулаад өгнө гэхээр нь хүнд өгчихлөө, тэр хүнээс аваад өгнөө гэж хэлээд өгөөгүй.

Сүүлдээ би Баттөгс, Л.Х хоёр нь хоорондоо эртний танил, бие биенээрээ дамжуулан мөнгө зээлдүүлдэг, авч, өгч сурсан болохоор нь, бас Л.Х нь тэр өдрөөс хойш над руу нэг ч удаа зээлүүлсэн гээд байгаа мөнгөө нэхэж яриагүй болохоор нь хоорондоо учраа олчихсон юм байх гэж бодоод орхисон.

Баттөгсийн надад өгсөн 5 сая төгрөг, манай нөхөрт өгсөн 2 сая төгрөг, нийтдээ 7 сая төгрөгийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй.

Харин 43 сая төгрөгийг бид аваагүй тул төлөхгүй, бид хоёроос 86,750,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч М.М, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэрээний үүрэгт 86,250,000 төгрөг гаргуулах шаардлага

Нэхэмжлэгч Л.Х нь М.М, М.Ц нараас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 7,500,000 төгрөг, алданги 28,750,000 төгрөг, нийт 86,250,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Л.Х нь “2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн иргэн М.М, М.Ц нарт 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч М.М-ын өмчлөлийн шар өнгийн Samsung mx292lc маркын эксковатор, SDLG L956 маркийн авто ачигч зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус барьцаалахаар барьцааны гэрээг байгуулсан. Гэрээнд Баттөгсийн дансаар мөнгийг шилжүүлэн авна гэж тохирсон тул тэр данс руу мөнгийг нь шилжүүлсэн, гэрээнд гарын үсэг зурсан учраас би шилжүүлэг хийсэн, одоо гэрээ байгуулсан М.М, М.Ц нараас 86,250,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэцэгмаа нь “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч уг мөнгийг өгөөгүй, мөнгийг Баттөгсийн данс руу шилжүүлчихлээ гээд энэ дансыг гэрээнд оруулсан, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Баттөгс мөнгө орсон гэж хэлээд би гарын үсэг зурсан, нөхөр Мөнхбаатар орой 7 цагийн үед ирж гарын үсэг зурсан, тэр өдөртөө нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зураагүй байсан учраас би гэрээний хувийг аваагүй, түүнээс хойш миний дансаар 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр Баттөгсөөс орсон, бэлнээр манай нөхөр 2,000,000 төгрөг авсан, нийт хүлээн авсан 7,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт өгөхөд татгалзах зүйлгүй, аваагүй мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Х, хариуцагч М.М, М.Ц нар хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ /эд хөрөнгө барьцаалж зээл олгох/ гэх гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангажээ.     

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж маргаж байх тул зээлдүүлэгч зээлдэгч нарт зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй.

   Нэхэмжлэгч Л.Х нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 11 минутад “ХААН банк” ХХК дахь өөрийн 5019533635 тоот данснаасаа 12,000,000 төгрөгийг гэрээнд заасан “ХААН банк” ХХК дахь Б.Баттөгсийн 5099998824 тоот дансанд шилжүүлсэн /хх-6/ байх боловч Баттөгсийн данснаас хариуцагч М.М, М.Ц нарт шилжүүлсэн, эсвэл бэлнээр олгосон болохыг /хх-27/, мөн 38,000,000 төгрөгийг Төрийн банкнаас шилжүүлсэн, бөөн дүнгээр Баттөгсийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарлан “Төрийн банк” ХХК дахь өөрийн 101100335400 тоот дансны хуулгыг /хх-7/ шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар Л.Х шилжүүлгийн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байх хэдий ч иргэн Б.Баттөгс, аль эсвэл хариуцагч М.М, М.Ц нарт бэлэн бус гүйлгээгээр шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг нотлохгүй байна.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч М.М, М.Ц нарт 50,000,000 төгрөгийг Б.Баттөгсийн дансаар дамжуулан хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч М.М, М.Цэцэгмаа нар нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтаар гаргуулж хэрэгт авагдсан Б.Баттөгсийн “ХААН банк” ХХК дахь 5099998824 тоот дансны хуулгаар Б.Баттөгс нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагч М.Ц-ийн данс руу шилжүүлсэн болох нь нотлогдож байх хэдий ч М.Ц, Б.Баттөгс нар мөнгөн хөрөнгийг харилцан бие бие рүүгээ 2019 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд шилжүүлдэг байсан болох нь нотлогдож байх учир нэхэмжлэгч Л.Х-оос зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг М.Ц, Б.Баттөгс нар хоорондоо харилцан шилжүүлж байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Харин хариуцагч М.Мр, М.Ц нарын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Л.Х-той бичгээр байгуулсан гэрээний дагуу М.Ц-д 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 19-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлж, М.М-т 2,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 7,000,000 төгрөгийг Б.Баттөгсөөс хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төгрөгийг Б.Баттөгс өөрөө захиран зарцуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Баттөгсийн “ХААН банк” ХХК дахь 5099998824 тоот дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна. 

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг гэрээний 2-т “зээлийн хугацаа 3 сар”, 3-т зээлийн хүү “5 хувь”, 7-д “зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон байх учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...  хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй байх тул гэрээний дагуу 3 сарын хүү шаардах эрхтэй байна.

Гэрээний хугацаанд (7,000,000 төгрөг х 0,5 хувь) х 3 сар = 1,050,000 төгрөгийн хүү төлөх үүрэг хариуцагч М.М-, М.Ц-нарт үүссэн байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 8,050,000 төгрөгийн 50 хувь болох 4,025,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

Иймд хариуцагч М.М-, М.Ц- нараас үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 1,050,000 төгрөг, алданги 4,025,000 төгрөг, нийт 12,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 74,175,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Барьцааны гэрээ” /тээврийн хэрэгсэл/-ний 3 дугаар зүйлд барьцааны зүйлийг тодорхойлж, барьцаанд М.М-ын өмчлөлийн шар өнгийн Samsung mx292lc маркын эксковаторын зориулалттай 2572УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн SDLG L956 маркын авто ачигч зориулалттай 0325УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалуулагчид хадгалуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангасан байна. /хх-4,5/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул хариуцагч үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 1,050,000 төгрөг, алданги 4,025,000 төгрөг, нийт 12,075,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус гаргаж, шүүх хуралдаанд шаардлагаа бүрэн дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр тодорхойлохоор заасан тул дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар зохигчдод улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.М-, М.Ц- нараас 12,075,000 /арван хоёр сая далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгож, үлдэх 74,175,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч М.М-, М.Ц- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох М.М-ын өмчлөлийн Samsung mx292lc маркын 2572УН улсын дугаартай эксковатор, SDLG L956 маркын 0325УН улсын дугаартай авто ачигч тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 659,400 төгрөгийг Л.Х-оор улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч М.М-, М.Ц- нараас 416,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Х-д олгосугай. 
  4. Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2019/03053 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН