Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0621

 

 

2020 оны 09 сарын 30 өдөр              Дугаар 128/ШШ2020/0621                Улаанбаатар хот

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Д.Хын нэхэмжлэлтэй,  Музгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д-ийн Х /

Хариуцагч: Музг

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас чөлөөлөх тухай Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аегдын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Засгийн Газрын ******* тоот тогтоолыг миний бие зөвшөөрөхгүй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Уг тогтоолоор намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 23 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх”, 24 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 25 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах”, 40 дүгээр зүйл 40.1 төрийн албан хаагчийг “...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих”-ийг хориглохоор заасан эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэгсэн, хууль зөрчиж, зөвхөн Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн ажээ.

Гэсэн хэдий ч уг тогтоолын хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 33.1.3-т “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын зөрчлийг удаа дараа гаргаж, тэр нь тогтоогдон арга хэмжээ авагдсан, авлигын зөрчилтэй нөхцөлд шийдвэр гаргасан байхыг шаарддаг. Гэтэл тийм хэрэг зөрчил гаргаагүй бөгөөд энэ нь тогтоогдоогүй буюу нотлогдох боломжгүй байна. Хэрэв Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалтыг үндэслэсэн бол тухайн хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчил гаргах асуудал үүснэ. Гэтэл 7 дугаар зүйл дэх авлигын зөрчил нь эрх зүйн зөрчлийн нийтлэг шинжийг агуулах бөгөөд уг зүйлд заасан зөрчил гаргаж, тэр нь нотлогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс бус ажлаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй билээ. Түүнээс гадна, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Төсвийн тухай хуулийг зөрчсөн бол “...Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхой заажээ.

Тийм учраас уг зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй гэдэг нь тов тодорхой байна.

Миний хувьд тухайн албан тушаалыг хаших хугацаанд уг тогтоолд заасан шиг Аегдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн төрийн албанаас халагдах хүртэл хэрэг зөрчил гаргаагүй, ажил үүргээ биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, Аегын ажлыг сайжруулан, үйл ажиллагааны үр дүнг эрс дээшлүүлэн, үр бүтээлтэй ажилласан болно.

2. Намайг ажлаас чөлөөлөх тухай Засгийн газрын ******* тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “Оролцогчийг сонсох” тухай 26.1-т заасан ”Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 21 дугаар зүйл “Сонсох ажиллагаа явуулах”, 47 дугаар зүйл 47.1.6 “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан хууль зүйн наад захын шаардлагуудыг хангаагүйн дээр хууль зүйн үндэслэл нь буруу, нотолгоогүй, үндэслэх боломжгүй зохицуулалтыг үндэслэсэн зэрэг илт алдаа, зөрчилтэй байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, албан тушаалд минь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах бүрэн үндэстэй юм.

Иймд холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж гаргасан 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Засгийн Газрын ******* тоот тогтоолыг хүчингүй болгож, ажил албанд минь эгүүлэн тогтоож томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалган, асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг эрхэм та бүхнээс хүсье.

... Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тухайн үед шаардлага, шалгаруулалтыг хийгээд сонгон шалгаруулалтыг зарласан. Би түүнд нь тэнцсэн. Тэгээд л энэ ажлыг хийсэн. Хийсэн шиг хийсэн. Гэтэл хэрэг маргаан шүүх дээр явж байх явцад С.Э хууль бус сонгон шалгаруулалтаар томилогдсон. Надад та бол сайхан удирдсан байна, таныг эргээд ирэхэд чинь холбож өгнө гэж хэлж байсан. Тэгсэн атлаа утсаа авахаа байчихсан. Яагаад хүн ийм болдог юм бэ. Нэхэмжлэгчийг анх томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй. Санал болгоогүй хүнийг томилсон гэх асуудал нь төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын хоорондын асуудал бөгөөд нэхэмжлэгч Д.Ха нь тухайн үед албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноо авснаар уг албан тушаалд томилогдсон тул хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл нь хамаарахгүй гэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрт хариуцагч тал давж заалдаагүй шүү дээ. Хүлээн зөвшөөрч байгаа юм. Хүлээн зөвшөөрөөд ийм маргааны асуудал одоо байхгүй. Яагаад ингээд хүлээн зөвшөөрсөн юм бэ гээд шүүгч өмнөх шүүх хуралдаанд асуухад Д.Ж дарга би тэр үед эмнэлэгт хэвтэж байсан тул давж заалдаж чадаагүй гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр нэхэмжлэгчийн анх томилогдсон томилгооны асуудалд маргаан байхгүй. Энэ бол тодорхой боллоо гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай.

Шүүхэд маргаан үүсээд явж байхад хөндлөнгийн мэргэжлийн бус хүнийг томилсон. Сонгон шалгаруулалтын зар нь хууль бус. Үүнийгээ тухайн үед Төрийн албаны зөвлөл эсэргүүцээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт нэхэмжлэгч маргаан үүсгээд шүүхэд явж байхад ийм асуудал байж болохгүй гээд С.Эын сонгон шалгаруулалтыг буцааж байсан үйл баримт байгаа. Үүнийг анхаараарай.

2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн бичигт Аегдаар ажиллаж байсан иргэн Д.Ха нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлаас халагдсан талаар нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн байх тул сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэсэн. Нэхэмжлэгч Аегдын албан тушаалд тэнцэж энэ албан тушаалд тэнцсэн байна. Сонгон шалгаруулалттай холбоотой тайлбар байна уу гэж Э.Л шүүгч асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулахдаа Төрийн албаны зөвлөл нь Улсын Их Хурлаас томилогдож шууд болон хуульд заасан сонгон шалгаруулалт явуулдаг учраас сонгон шалгаруулалтын талд хууль ёсны болсон эсэхэд тайлбар өгөх боломжгүй гэсэн байдаг. Тэгэхээр намайг Аегдын сонгон шалгаруулалтад тэнцээд, томилогдоод ажилласан гэдгийг энэ тайлбараараа үгүйсгээгүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч зөрчил гаргаагүй. Зөрчил гаргасан гэж  буруутгагдаж байгаа нь дандаа няцаагдаж байгаа. Түрүү нь нотлох баримт шинжлэн судлахад 90 ширхэг нотлох баримт судлуулсан. 30 гаруй асуулт асуусан. Үүний хариултыг ч та бүхэн мэдэж байгаа. Хавтаст хэргээс харахад би бол ажлаа хийсэн шиг хийсэн. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Намайг хамгийн гол буруутгаж байгаа зүйл нь ажилтнаа дарамталсан гэж байна. Энэ бол хүн сонсоход хурц үг. Би хэзээ ч тийм үйлдэл гаргаж байгаагүй. Намайг хүмүүс та ирэх болж байна уу гээд ярьдаг шүү дээ. Үнэхээр мэргэжлийн удирдлага чухал байна гэдгийг Аегынхан ярьдаг. Би Аегынхантайгаа холбоотой байгаа.

Хууль тогтоомжийг эрэмбэлэх асуудалд Үндсэн хууль нэгд байдаг. Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Энэ бол их сайхан заалт. Энэ бол суурь зарчмыг Үндсэн хуульд зааж өгсөн. Хэрэглэж эхлээгүй байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.С Үндсэн хуулийн Цэц рүү очсон. 10 жил нь яаж байгаа гэдгийг та нар мэдэж байгаа. Ц.М шүүгч бичиг явуулахад ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байна гэдэг бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэж эхлээгүй байгаа, ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй гэсэн баримт ирсэн. Шүүхийн эрхэм зорилго бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан. Бүхий л нөхцөл байдлаар эрх зүйн зохицуулалтын хувьд ч гэсэн Засгийн газрын ******* тоот тогтоол хэтэрхий болох нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхой. Хуулийн заалтууд нь тодорхой байна. Хангалттай олон баримтыг цуглуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нөхцөл байдал тодорхой байна. Үүнийг анхаараасай. Энэ бол зөвхөн Д.Хын эрх ашгийн асуудал биш. Мэргэжлийн удирдлагаар удирдуулах гэсэн Аегын хамт олны хүлээлт байгаа шүү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аегдаар ажиллаж байсан Д.Хыг ажлаас чөлөөлсөн тухай Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэрэг Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөлд дараахь тайлбарыг хүргүүлж байна.

1. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Д.Хыг Аегдаар томилохдоо тухайн үеийн Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Музг чөлөөлнө” гэсэн заалт, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үндэсний архивын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж Хууль зүй, дотоод хэргийн сайдын санал болгоогүй хүнийг томилсон байна.

2. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон тухайн албан тушаалд томилуулах хүний талаарх саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолд заагдсан шаардлагыг хангаагүй ажлын байрны тодорхойлолтын хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан тул С.Б сайд “Аегдын ажлын байрны тодорхойлолтод тавигдах мэргэжил, мэргэшил, туршлагын талаарх шаардлагууд нь тус яамнаас өмнө нь хүргүүлсэн саналаас зөрүүтэй зарлагдсан тул, тус газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлт”-ийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1-1/1736 тоот, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1-1/1445 тоот албан бичгүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

3. Дээр дурдсан шалтгаанаар Аегдын ажлын байрны тодорхойлолт нь одоог хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан шаардлагыг хангаагүй, гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтнууд зохих ёсоор баталгаажуулаагүй хүчин төгөлдөр бус хэвээр байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албаны төв байгууллага нь албан тушаалд нэр дэвшигчийг төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан, хэрхэн сонгосон тухайгаа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын дараа нэг дэвшигчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулаагүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд нэр дэвшигчийн талаарх санал, байр сууриа илэрхийлэх боломжгүйд хүрсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, мөн Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан тул Засгийн газар 2018 оны ******* дүгээр тогтоолоороо хууль бусаар ажилд томилогдсон Д.Хыг чөлөөлж алдааг зассан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Д.Ха нь Аегдаар ажиллах хугацаанд тус байгууллагын ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, дотоод уур амьсгал муудсан, өөртөө хов зөөлгөж хагалан бутаргах болсон, ажилчид хоорондоо мэндлэхээс цэрвэх болсон, түүнчлэн Д.Ха нь удирдах албан тушаалтнаар ур чадваргүй, төрийн албанд ажиллаж байсан туршлага байхгүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсний дагуу асуудлуудыг нарийвчлан шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Архивын ерөнхий газарт ажилласан.

Дээрх Ажлын хэсэг Аегда Д.Хыг дор дурдсан байдлаар хууль зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан. Үүнд:

5.1.Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын эрдэм шинжилгээний ажилтан Ё.Б, Үтаын захирлаар ажиллаж байсан Б.Э, Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нарыг өргөдлөө өгч ажлаас гарахыг хууль бусаар тулган шаардаж улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн албаны тухай хууль зөрчсөн;

5.2.Архивын ерөнхий газар нь архивын баримтын хуулбарыг иргэд, албан байгууллагад олгохдоо “Төрийн архивын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тус газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/168 дугаар тушаалын дагуу төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Д.Ха нь уг журмыг дур мэдэн зөрчиж, архивын зарим баримтын хуулбарыг үнэ төлбөргүй олгосон болох нь шалгалтын явцад тогтоогдцон.

5.3.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Аегда Д.Хыг Бээжин хотод албан томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Д.Ха 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дур мэдэн дахин томилолтоор ажиллуулах тушаал гарган нийт 6 хүнийг 5,570,000 төгрөгийн зардлаар явуулахаар шийдвэрлэсний дотор архивын байгууллагад ажилладаггүй 2 хүнийг бүрэлдэхүүнд нь оруулж тэдэнд ирж очих онгоцны тийзнээс гадна ажил гүйцэтгэх хуурамч гэрээ байгуулж нийт 1,620,000 төгрөг олгосон.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 218 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмын “Албан томилолтын зардлын тооцоог ирснээсээ хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг албан томилолт олгосон удирдах дээд шатны байгууллага буюу албан тушаалтанд танилцуулан томилолтын үнэмлэх дээрээ гарын үсэг зуруулж, томилолтоор ажилласан хугацааг батлуулан байр, уналгын хөлс төлсөн баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр хийж дуусгана” гэж заасныг тус тус зөрчсөн.

5.4.Д.Ха нь өөртөө тушаал гарган 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө сургалтын төлбөр болох 2,125,000 төгрөгийг Удирдлагын академийн данс руу шилжүүлж, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”-ыг хориглосон заалтыг зөрчсөн байна.

Д.Ха нь дээр дурдсан байдлаар хууль бусаар томилогдсоноос гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн тул түүнд хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түүнд сонсох ажиллагаа хийгээгүй ч тус яамны удирдлагын зүгээс Д.Хад биечлэн уулзсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдааны мэтгэлцээний явц болон асуулт, хариулт, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хууль зүйн асуудлаар дүгнэлт хэлье. Д.Хын нэхэмжлэлтэй, Музгт холбогдох хэрэгт юу анхаарал татах вэ гэхээр ажилчдыг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль тогтоомжид нийцэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь эхний асуудал байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Дараагийн асуудал нь архивын лавлагааг хийлгэхгүй гэх асуудал байна. Д.Ха гэж хүн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил гаруй хугацаанд Аегда гэх албан тушаалыг хашсан. Яг энэ хугацаанд ажлаас томилох, чөлөөлөхтэй холбоотой нийт 30 тушаал, шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тушаал шийдвэрийг гаргаад байгаа нь энэ хүний эрх хэмжээнд нийцэх юм уу. Энэ нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангаж байна уу гэдэг нь асуудалтай байна гэж үзэж байгаа.

Мөн энэ хүн ёс зүйн хувьд төрийн албыг хаших, агентлагийн даргын үүргийг гүйцэтгэх чадвартай хүн мөн эсэх нь чухал байна гэж үзэж байна. Ёс зүйтэй холбоотой сургалтын төлбөрөө төлүүлсэн байгаа асуудал яригдана.

Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг одоо бол хангахгүй болсон гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тогтоолыг хүчингүй болгуулах байдаг. Энэ тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд тогтоолын хууль зүйн үндэслэлтэй маргах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчээс Авлигын эсрэг хууль болон Төсвийн тухай хууль энэ маргаанд хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна гэж ойлгосон. ******* дүгээр тогтоолын гол үндэслэл нь Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 гэх заалтыг яагаад Засгийн газар хэрэглэсэн бэ гэхээр Д.Ха нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэд хэдэн зөрчлийг гаргасан байна гэж үзэж байгаа. Үүнд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэж заасан. Энэ заалт бол төрийн албан хаагчид хориглосон заалт юм. Гэтэл үүнийг зөрчөөд нэлээд хэд хэдэн хүнийг хүсэлтийг нь өгөөд ажлаас нь чөлөөлсөн талаар баримт хэрэгт хангалттай авагдсан. Энэ нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж заасан. Засгийн газар энэ зарчмаа хэрэгжүүлэх үүднээс төрийн албаны тогтвортой байх, мэргэшсэн байх зарчим хангагдахгүй байна, Д.Ха нь хүмүүсийг томилж, чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулж буй байдал нь Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байна гэж үзээд маргаан бүхий тогтоолыг гаргах нэг үндэслэл болсон.

Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж заасан. Үнэ төлбөргүйгээр архивын лавлагааг өгсөн гэдэг нь хэрэгт тодорхой баримтаар байгаа. Үүнийг яагаад гүтгэлэг гэж байгааг ойлгохгүй. Гүтгэлэгтэй холбоотой маргаж явсан зүйл байхгүй юм байна. Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Уг гэрчүүдийн мэдүүлэгт Д.Ха гэх хүнтэй хамтран ажиллахад асуудалтай байна гэдэг зүйл нотлох баримт судлахад харагдсан.

Төсвийн болон хандив тусламжийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь анхнаасаа хариуцагчийн тайлбарт дурдагдаж байсан. Ямар ч төрийн албан хаагч өөрийнхөө сургалтын төлбөрийг төлүүлээд явж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Энэ бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байна гэж үзэж байгаа. Энэ нь албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах нөхцөл байдалд хамаарч байгаа юм. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан заалт нь Д.Хыг ажлаас чөлөөлөх гол үндэслэл болсон.

Зөрчил гараагүй гэдгийг тогтоох баримт байхгүй байна. Харин зөрчил гаргаж байсан гэдэг байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр харьцангуй тодорхой болсон гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах ёстой. Энэ зарчим алдагдсан. Нэхэмжлэгчээс би төсвийн шууд захирагч тул ямар нэгэн гүйлгээ хийдэггүй гэж ярьж байна. Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч гэдэг нь хэн байх, ямар эрх хэмжээтэй байдаг талаар тодорхой заасан. Хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт төлсөн байгаа баримтаас харахад өөрөө гарын үсэг зураад, нягтлан нь гарын үсэг зураад, Аегын тамга дарагдсан. Түүнээс биш тухайн баримтад Хууль зүй, дотоод хэргийн яамны тамга дарагдаад, тушаал гаргасан байдлаар сургалтын төлбөр төлөгдөөгүй.

Анх томилогдсонтой холбоотой нь хууль зүйн хувьд чухал асуудал юм. Нэхэмжлэл гаргаад л тухайн ажиллагаа түдгэлздэг асуудал биш. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх гэдэг хууль зүйн ойлголт байгаа. Гэтэл энэ хэрэгт ямар нэгэн байдлаар ийм захирамж, тогтоол гарсан зүйл байхгүй байхад Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гаргасан байна. Тийм учраас сонгон шалгаруулалт зарлах боломжгүй гэж хариу өгч байгаа нь асуудалтай байна уу гэдгийг илтгэж байна. Цаашлаад төрийн албаны маргаанд хэрвээ тогтоол нь үндэслэлгүй байна гэх юм бол энэ хүний эрх сэргэдэг учраас үүнд ямар нэгэн байдлаар түдгэлзүүлэх зүйл байдаггүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх.

Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага буюу ******* дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг хуульд үндэслээгүй, зорилгодоо нийцээгүй биш. Харин ч хууль тогтоомжид нийцсэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар зорилгодоо нийцсэн захиргааны акт байгаа. Учир нь үнэхээр энэ хүн ажиллах боломжгүй байхад ямар нэгэн байдлаар байлгаад байх нь төрийн албаны зарчим, шийдвэрт нийцэхгүй учраас ******* дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн. Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй гэдэг зүйл ярьдаг. Нэгэнт төрийн албанаас халахтай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэчихсэн байхад заавал давхардуулан хэрэглэх шаардлага байхгүй. Сахилгын зөрчил гэдэг зүйлийг яриагүй. Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэдэг нөхцөл байдал байгаа. Үүнтэй холбоотой үндэслэх ёстой хуулийн заалтуудыг үндэслэсэн.

Мөн нэхэмжлэгч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болохоос биш илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. ******* дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эгүүлэн томилуулах хууль зүйн үндэслэл шаардлага байхгүй. Учир нь Аегдын ажлын байрны тодорхойлолтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайдууд хамтран баталдаг. Уг ажлын байрны тодорхойлолт хүчин төгөлдөр байгаа. Үүний тавигдах шаардлагыг энэ хүн хангах боломжгүй. Эрх зүй мэргэжилгүй, төрийн албанд 10 жил ажилласан гэдэг нөхцөл байдлыг хангахгүй. 4 жил ажилласан гэж бичээд байгаа боловч тоолоод үзэхээр 1 гаруй хугацаа байдаг. Тэгэхээр энэ хүн Аегдын буюу агентлагийн даргын ажил, албан тушаал эрхлэх боломжгүй нөхцөл байдал байна. Ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй учраас сонгон шалгаруулалтаар оролцсон ч гэсэн ямар нэгэн байдлаар шаардлага хангахгүй. Иймд эгүүлэн томилох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх сэргэх нөхцөлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд С.Э нь Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 205 дугаар тогтоолоор Аегдын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Аегдаар жинхлэн томилогдсон. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын ерөнхий байцаагчаар Засгийн газраас томилогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбартай давхцуулахгүйгээр Д.Хын томилогдсонтой холбоотой зүйлийг нэмж хэлье. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14-т зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд нөхөн журмыг заасан. Энэ журамд зааснаар эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулаад байхгүй тохиолдолд төрийн бусад байгууллагаас, төрийн бусад байгууллагад байхгүй тохиолдолд иргэдээс сонгон шалгаруулалт зарлаж нөхөхөөр байгаа.

Тухайн үед Аегын дэд даргаар ажиллаж байсан албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэрийн сайдаас Төрийн албаны зөвлөлд санал болгож хүргүүлсэн байдаг. Үүнийг зөрчин сонгон шалгаруулалт зарлаж Д.Хыг томилсон. Мөн ажлын байрны тодорхойлолтын тухайд ерөнхий сайдын баталсан 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар Засгийн газрын агентлагийн даргын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан. Үүний мэргэжил хэсэгт нь тухайн агентлагийн онцлогоос нь хамааруулан сайд нь тодорхойлохоор заасан. Туршлага хэсэгт нь төрийн байгууллагад ахлах түшмэлийн болон түүнээс дээшх албан тушаалд гурваас доошгүй жил ажиллаж байсан гэдэг шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг н.Хын албан тушаалын тодорхойлолтод хасаж, үлгэрчилсэн жагсаалтаа зөрчсөн. Мөн захирамжийн 2 дугаар хавсралтын ТГ хэсэгт тухайн асуудлыг эрхэлсэн сайд салбарын онцлогт нийцүүлэн тодорхойлоод Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр байгаа боловч тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга салбарын сайдын саналыг авалгүйгээр хүргүүлсэн байдаг. Тэр нь н.Хын хангаж чадах шаардлага буюу төрийн албанд огт ажиллаагүй байсан учраас түүнд нь нийцүүлээд төрийн албанд ажилласан байхыг шаардаагүй байгаа юм. Хууль зүйн яамнаас тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн болоод С.Эыг томилоход хүргүүлсэн ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 10 жил ажилласан, үүнээс 5 жилд нь удирдах албан тушаалд ажилласан байх шаардлага хэвээрээ байсан.

Мөн Д.Ха нь хууль зөрчиж томилогдсон. Хууль зөрчиж томилогдсон хүний хувьд хууль ёсны эрх, ашиг хамгаалагдах зүйл байхгүй. Энэ бол хууль зөрчиж явсан. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу баталсан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын 2-т төрийн албанд огт томилогдож ажиллаж байгаагүй иргэнд нэгээс доошгүй жилийн туршилтын хугацаа тогтоохоор заасан. Мөн журмын 7-д туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлөхөөр заасан. Д.Ха энэ хугацаандаа холбогдох зөрчил гаргасан учраас салбарын сайд нь чөлөөлөх асуудлыг хөндсөн гэж ойлгож байгаа.

Мөн шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх...” шаардлага тавигдаж байгаа. Дээр дурдсанчлан Д.Ха бол төрийн албанд Аегдаар ажиллах хугацааны төрийн жинхэнэ албанд 1 жил 1 сарын хугацаанд ажилласан. Төрийн албанд ажилласан буцаан томилох боломжгүй. Засгийн газраас хууль шүүхийн шийдвэр хэрэгжих өөр хугацаа байхгүй. Тэгэхээр н.Хыг нэхэмжлэлийн дагуу буцаан томилох боломжгүй. Хэрвээ шүүхээс тогтоосон тохиолдолд Засгийн газраас хууль зөрчих нөхцөл байдалд хүрэхээр байгаа. Практикт шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүснэ. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших болсон бол төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөхөөр заасан. Мөн хуулийн 46.4-т зааснаар ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх зохицуулалттай байгаа. н.Хын хувьд Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд “Та бидний эвсэл”-ээс 10 дугаар тойрогт нэр дэвшсэн. Ингэснээр нэхэмжлэгч тухайн албан тушаалд эгэн томилогдох, хэрвээ шүүхээс хариуцагч зөрчил гаргаж, чөлөөлсөн гэж тогтоох юм бол буцаан томилогдох эрхээ алдсан гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрын 2018 оны ******* тоот тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах, цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэсэн 4 нэхэмжлэлийн шаардлагатай. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан үндэслэлийн хориглох хориглолтыг зөрчсөн. Албаны үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлсэн. Мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн шууд захирагчийн хувьд өөрөө өөртөө тушаал гаргаад, сурсан асуудал байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаарай гээд хувиарлагдаж ирсэн мөнгийг өөртөө шилжүүлсэн атлаа түүнийгээ хууль зүйн яам шилжүүлсэн гэж тайлбар хийгээд байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн төсвийн хариуцлагыг хүлээдэг зарчимтай. Үүнийг нотлох баримтаар шүүхээс тогтоох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хүмүүст баримт хуулбарлуулаад байгаа, алтан нутгийнхаа баримтыг авч үнэ төлбөргүй өгөөд байгаа үйлдэл нь хууль зүйн яамнаас хийсэн шалгалтын баримтаар тогтоогдож байгаа. Хууль зүйн яамнаас хийсэн томилолт шалгалтын дүгнэлт юм уу албажуулсан үр дагавар гаргаж байгаа актад Д.Ха маргаагүй. Түүнтэй холбоотой маргаж, гомдол гаргасан зүйл байхгүй. Үүнийг шүүхэд яриад байдаг асуудал байгаа. Авлигын эсрэг хууль зөрчсөн гэж үзэж байвал хариуцагчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй байна уу, үгүй юу гэдгийг эхлээд тогтоолгох ёстой гэж харж байгаа. Ингээд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх юм бол холбогдох байгууллага нь шалгана. Тэгэхээр шууд эрүүгийн хэргийн шинжгүй гэж хариуцагч үзээд, тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй гэж харж байна.

Төрийн албаны тухай хуулийн үлгэрчилсэн ажлын байрны тодорхойлолтыг 2005 онд Засгийн газрын тогтоолоор ийм журмаар баталъя гээд ерөнхий шаардлагыг тавьж өгсөн. Гэтэл Хэрэг эрхлэх газрын дарга н.Мөнхбат нь тэр үлгэрчилсэн захирамжаас үндэслэн ажлын байрны тодорхойлолт явуулж байгаа энэ үйлдэл нь хууль бус юм. Ингэж зарлах үед нь Д.Ха оролцоод байгаа нь буруутгах үндэслэлгүй. Гэхдээ төрийн албан хаагчийн алтан зарчим байдаг. Төрийн мэргэжилтэн ч гэсэн төрийн албанд шалгалт өгөөд тодорхой хэмжээгээр ажилладаг. Төрийн албанд мерит зарчим гэж байдаг. Гэтэл төрийн албанд тангараг өргөөгүй. Төрийн албаны зэрэг дэвт байхгүй хүн. Шүүх шударга зарчмыг баримтлах ёстой. Хуулийн дагуу шийдэх ёстой. Төрийн албанд дөнгөж орох гэж байгаа хүүхдийг тэдэн жил ажилласан байх ёстой гээд байдаг атлаа энэ ажлын байрны тодорхойлолтын эх үүсвэрийг тавьсан үйлдэл нь төрийн албанд 1 жил 3 сар ажилласан. Аегын удирдлагууд ямар хүн байдаг вэ гэхээр тэргүүн түшмэлийн ТЗ-13-ын эгнээнд байгаа. Төрийн албаны тэргүүн түшмэл гэдэг нь Төрийн албаны зөвлөл болон Улсын Их Хурлаас баталж өгсөн журмын адгуу 10 жил ажилласан байх шаардлагыг татаж байгаа юм. Шатлалуудыг нь Засгийн газар баталдаг. Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг Ерөнхийлөгч өгдөг. Төрийн албаны эхний босгыг давахгүй хүнийг тэнд аваачиж ажиллуулсан. Шүүхэд мэтгэлцэж байгаа мундаг хүний үйлдэл гоё байна. Гоё мэтгэлцэж байгаа байдлыг харахаар төрийн албыг бэхжүүлэх, ярьсан шигээ байдаг байгаасай гэдэг зүйлийг хүсэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Засгийн газар хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн хэдээр гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Шүүх тогтоогоод хүчингүй болгодог. Даалгах нэхэмжлэлийн шаардлага яваад байна. Би Засгийн газар байлаа гэхэд шүүхээс Д.Хыг томилохыг эгүүлэн тогтоохыг надад даалгах юм уу. Хуулиа харахаар би тийм үйлдэл хийж болохгүй болчихоод байна. Томилж болно. Томилохыг надад даалгаж болно. Шууд ажилд нь тогтоох асуудал яригдахгүй байгаа. Даалгах нэхэмжлэлийн шаардлага орж ирж байгаа учраас 106 дугаар зүйлийн 106.3-ын аль зүйлээр нэхэмжлэл гаргаад байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тийм учраас 3, 4 дэх нэхэмжлэлийн шаардлагууд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Д.Хыг 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн турш болон талуудын дүгнэлтэд ч дурдагдсангүй. Нэр дэвшсэн үйл баримт нь байгаа. Энэ хүн ажлаа 2019 оны 12 дугаар сард өгөх ёстой. Тэгэхээр тэр хэмжээгээр нь цалинг нь тогтоох нөхцөл байдал харагдаж байна. Энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөж байж Сонгуулийн хуулийн дагуу өрсөлдөх ёстой. Тэгэхээр хэрэг хянан хэлэлцэж байх явцад ийм нөхцөл байдал үүссэнийг шүүх анхаараасай. Энэ асуудлыг шуурхай шийдэх бүрэн боломжтой. Зөрчлийн асуудлыг дүгнэх гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр Төрийн албаны тухай хууль хэрэглээгүй, томилгоо хуульд нийцээгүй, сахилгын зөрчил гаргасан гэх асуудлын ялгаа заагийг Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийг тодорхой болго гэж хэлсэн санаа гэж ойлгож байгаа. Тийм учраас Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасан байдлаар шийдэх бүрэн боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийг Төрийн албан зөвлөлөөс зарласан, сонгон шалгаруулалт явуулсан, Засгийн газрын тогтоол, шийдвэр гараад томилсон асуудалд Д.Ха гэдэг хүн ямар нэгэн үйлдэл зарласан явуулсан засгийн газрын томилсон асуудалд маргаан үүсгээгүй байгаа. Хууль, шударга ёс, төрийн албаны зарчмын дагуу гуравдагч этгээд төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа. Сүүлд Улсын бүртгэлийн газрын дэд дарга, гадаадын хөрөнгө оруулалтын дэд дарга зэрэг төрийн албаар явсан, мэргэшсэн төрийн албан хаагч юм” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Ха ажиллаж байх хугацаанд үндэслэлгүйгээр ажилчдаа ажлаас халсан. Мөн өөрийн зардлаар хүмүүсийг гадаад руу явуулсан. Ажилчид хоорондын харилцах харилцаа муудсан, ажил хийх ур чадваргүй гэсэн үндэслэлээр халсан байна. Нэхэмжлэгч энэ бүгд ямар ч үндэслэлгүй худал мэдүүлэг гэж үзэж байна. Энэ бүгдийг үнэн зөвөөр хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Маргааныг эцэслэж дуусгаж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд Д.Хын Музгт холбогдуулж гаргасан “Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор уг албан тушаалаас чөлөөлж[1] шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Музгын 2018 оны ******* дугаартай тогтоол нь төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж гарсан гэх атлаа Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул эрх зүйн зөрчилтэй,

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцлага тооцож гарсан гэх атлаа мөн л Төрийн албаны тухай хуулийн чөлөөлөх зохицуулалтыг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаатай

- хариуцагчаас зөрчил тогтоогдсон гэх боловч энэ талаар маргаан бүхий актад огт тусгагдаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй,

- түүнчлэн  Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа хийлгүйгээр төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй гарсан хууль бус акт болсон” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Хыг Аегдаар анх томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон тул захиргааны байгууллагаас уг алдааг залруулж маргаан бүхий актыг гаргасан, мөн ажлын хэсгийн дүгнэлтээр Д.Ха нь Төрийн албаны, Архивын, Төсвийн тухай хуулиуд, түүнчлэн Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцож гарсан акт нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

 

Маргаан бүхий Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол нь Музгын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг тус тус үндэслэн гарчээ.

Музгын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Музг 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “... газрын даргыг Музгын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан байх ба хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн энэхүү заалтуудыг баримталсныг эрх зүйн зөрчилтэй гэж үзэхэд учир дутагдалтай, нэхэмжлэгчийн “хариуцлага тооцож гарсан гэх атлаа мөн л Төрийн албаны тухай хуулийн чөлөөлөх зохицуулалтыг баримтлаагүй тул хууль хэрэглээний алдаатай” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

Учир нь Хуулийн дээрх зохицуулалтуудад агентлагийн даргыг томилж, чөлөөлөх журмыг заасан гэж үзэхээр байх ба хариуцагчаас энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх заалтад агуулагдаж буй Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчийг халах, 26 дугаар зүйл буюу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаарх зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэх хэсэгт давхар бичээгүй нь уг актыг эрх зүйн зөрчилтэй, хууль хэрэглээний алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, Музгын тухай хуулийн холбогдох заалтад жинхэнэ төрийн албан хаагчийг төрийн албанаас халах болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үндэслэл байхаар заасан байхад актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн эдгээр заалтуудыг давхар бичээгүй нь уг актыг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус акт гэж үзэх үндэслэл биш.

Улмаар хариуцагчаас дээрх хуулиудад заасныг удирдлага болгон маргаан бүхий ******* дүгээр тогтоолын агуулгыг “...Хыг ... Аегдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж бичсэн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан агентлагийн даргын “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнах” бүрэн эрхийг дуусгавар болгож чөлөөлсөн агуулгатай байх тул “чөлөөлсүгэй” гэсэн агуулгын нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан “чөлөөлж гарсан гэх атлаа Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул эрх зүйн зөрчилтэй” гэж явцууруулан авч үзэхгүй.

 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар агентлагийн дарга нь дээр дурьдсан агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын зэрэгцээ төрийн албан хаагчийг албан тушаалд томилж, чөлөөлөх, түүнчлэн агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж байх тул агентлагийн даргыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл нь дан ганц Төрийн албаны тухай хуулиар хязгаарлагдахгүй бусад хуулиар тухайлбал, маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Авлигын эсрэг хуулийн 33.1.3,  Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтуудаар нарийвчлагдан зохицуулагдсан гэж үзэхээр байна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.4-т “төсвийн ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” 33 дугаар зүйлийн 33.1-т “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.3-т “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах...” гэж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

 

Аегдаар ажиллаж байсан Д.Хын талаар тус газрын хамт олноос удаа дараа гаргасан өргөдөл, гомдлуудад[2] дурьдсан асуудалд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгээс 2017 оны 11 дүгээр сард Архивын ерөнхий газарт ажиллаж, тус газрын дарга Д.Ха нь “... архивын баримтыг үнэ төлбөргүй хуулбарлан олгосон, албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, өргөдөл бичүүлж ажлаас нь чөлөөлсөн, гадаад томилолтоор зайлшгүй шаардлагатай бус хүмүүс авч явсан, томилолтын санхүүгийн баримтыг журамд заасны дагуу бүрдүүлж авалгүйгээр томилолтын зардал олгосон, хуульд заасан журмын дагуу уг албан тушаалд томилогдоогүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэж дүгнэн хариуцлага тооцох санал гаргажээ[3].

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

- Д.Ха нь Удирдлагын академид өөрөө суралцах мэргэшүүлэх хичээлийн сургалтын төлбөр болох 2,1250,000 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлсөн болох нь сургалтын эрхийн бичиг, төлбөрийн нэхэмжлэх болон төлбөрийн хүсэлт[4], төрийн сангийн гүйлгээ хийсэн дансны хуулгаар тус тус тогтоогдов[5].

- мөн албан хаагчийг ажлаас чөлөөлөгдөхийг шахаж, дарамталсан болох нь тус газрын хамт олноос 2017 оны 10 дугаар сарын 30, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргад удаа дараа гаргасан гомдлуудаар,

- Аегын архивч-оператораар ажиллаж байсан Ё.Бийг сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичиж, өөр ажилд шилжихийг хүчээр шаардсан тухай Ё.Бээс ажлын хэсэгт гаргасан тайлбар[6], шүүхэд гаргасан “... дахин дахин шаардаж, чи ийм ажил хийхгүй, хүсэлтээ бич гэдэг байсан. Зураач хүн эрдэм шинжилгээний ажил хийхгүй гэх мэтээр дарамталсан..., гүтгэлэг биш, надад хорсож гомдсон зүйл байхгүй”[7] гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Харин архивын лавлагаа олгосон баримтад бүртгэлд үнэ төлбөргүй олгосон гэх “36 айлын орон сууцны зураг төслийн хуулбар, БНМАУ-ын *******4 оны хүн амын тооллогын баримтууд” нь бүртгэгдээгүй[8] байх тул архивын баримтыг үнэ төлбөргүй хуулбарлан олгосон гэх зөрчил тогтоогдохгүйн дээр БНХАУ-д томилолтоор ажилласан Б.Л, Б.И нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу дээрх нэр бүхий хүмүүс нь ажлын тайлан гаргаж тайлагнасан байх тул гадаад томилолтоор зайлшгүй шаардлагатай бус хүмүүс авч явах зэргээр бусдад давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд нь баримтаар тогтоогдсонгүй.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Музгын 2018 оны ******* дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” 4.2.5-д “... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Тодруулбал, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албан тушаал нь агентлагийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, албан хаагчийг томилж чөлөөлөх, агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах зэрэг эрх мэдэл бүхий удирдах албан тушаал бөгөөд уг албан тушаалыг эрхэлж буй төрийн албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу төсвийн шууд захирагчид тооцогдох тул Аегда Д.Хаас агентлагийн дарга болохынхоо хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаанд эрх бүхий этгээдээс хариуцлага тооцож гарсан актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, харин уг акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий гэж үзнэ.

 

Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох буюу захиргааны шийдвэрийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг сонсох, тайлбар авах, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй тухайдаа үгүйсгээгүй ба шүүхээс шаардсаны дагуу холбогдох баримтыг ирүүлээгүй боловч хариуцагчаас нэгэнт хяналт шалгалт явуулж зөрчлийг тогтоосон, хяналт шалгалт явагдаж байгааг нэхэмжлэгч мэдсэн, түүнчлэн шүүхээс явуулсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэгдсэн болох нь давхар тогтоогдож байх тул сонсох ажиллагаа хийж, Д.Хаас тайлбар авсан байх нь нөхцөл байдлыг өөрчлөхөөргүй байна.

Түүнчлэн Монгол Улсын ерөнхий сайдын 2005 оны 57 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “Засгийн газрын агентлагийн даргын ажлын байр(албан тушаал)-ын үлгэрчилсэн тодорхойлолт батлахдаа албан тушаалд тавигдах шаардлагын “...тухайн агентлагийн онцлогоос хамааруулан сайд тодорхойлно” гэж заасан[9] байх ба Аегдын ажлын байранд тавигдах шаардлагыг түүхч мэргэжилтэй, улсад 15 болон түүнээс дээш жил, үүнээс мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байхаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баталсан байна[10].

Д.Ха нь Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сард зохион байгуулсан Аегдын ажлын байрны сул орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах шалгаруулах шалгаруулалтад оролцож илүү үнэлгээ авсан байх ба удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НСШ/22 дугаартай дүгнэлтээр түүнийг “... уг албан тушаалд томилуулахаар Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг одоогийн байдлаар хангаж байгаа”[11] гэж дүгнэн нэрийг нь дэвшүүлсэн байх ба Засгийн газрын 2017 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Д.Хыг Аегдын албан тушаалд томилсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анх томилогдохдоо хууль зөрчиж томилогдсон тул захиргааны байгууллагаас уг алдааг залруулж маргаан бүхий актыг гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Д.Хыг анх томилохдоо Засгийн газрын гишүүнд танилцуулаагүй,  санал болгоогүй хүнийг томилсон гэх асуудал нь нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй байх тул шүүхээс дүгнэлт хийгээгүйг тэмдэглэв.

Дээрх үгүйсгэгдэж буй нөхцөл байдлууд нь тогтоогдож буй зөрчлүүд болон маргаан бүхий актын зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байдлыг бүрэн үгүйсгэж чадахааргүй байх тул Д.Хаас Музгт холбогдуулан гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аегдын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Музгын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Хын  Музгт холбогдуулан гаргасан “Ажлаас чөлөөлөх тухай Музгын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аегдын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧ                                                Л.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                Д.ХАЛИУНА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 26-37 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 133-137 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 173 дахь талд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 138-169 дэх талд

[9] 5 дугаар хавтаст хэргийн 181- 184 дэх талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 46 дахь талд