Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Туулын 91-47 тоотод оршин суух Лхүндэв овогт Лувсангомбын Эрдэнэхуяг /РД: СЖ72062411/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол, 20-23 тоотод оршин суух, Алтай овогт Дугарсүрэнгийн Лхагвадорж /РД:ЧР74042617/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5-р хороо, 10-р хороолол, Тэмүүлэл хотхон 101-22 тоотод оршин суух, Орлой овогт Эрдэнэтуяагийн Цолмонбаяр /РД: СЮ86052012/ нарт холбогдох,

 

9.049.455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Д.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Л.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Эрдэнэхуяг миний бие Тех барилгын зах дээр 2011 оноос ажиллаж байсан бөгөөд 2015 онд Хятад улсаас хөрөө арамыг дагалдах иж бүрэн хэрэгслийн хамтаар 24.210 юанаар худалдан авч, контейнер түрээслэн ажиллуулж байсан. Хөрөө арамны дагалдах хэрэгсэлд хөрөө араа ком, наалтын машин, угаагч машин, суурь өрөм, компрессор насос зэрэг багтаж байсан. Миний бие 2016 оны 5 дугаар сард контейнероо хаагаад Түмэн шувуут ХХК-д ажилд орсон. Зах дээр хамт ажилладаг байсан Цолмонбаяр, Лхагвадорж нар надаас миний контейнерийн түлхүүрийг гуйж авч, миний хөрөө арам, дагалдах хэрэгслүүдээр ажлаа хийдэг байсан. 2017 оны эхээр очиход контейнерыг лацадсан байсан бас сураг сонсоход түрээсийн төлбөрөө төлөөгүй гээд барилгын захын удирдлагаас лацадсан байсан. Би тухайн үед хөрөө, арамаа дотор нь байгаа гэж бодож байсан. Тэгээд захад ажилладаг хүмүүсээс асуухад хөрөө арамыг туслах хэрэгслийн хамтаар Д.Лхагвадорж аваад явсан гэж хэлсэн. Лхагвадоржтой уулзахад миний хөрөө, арамыг надад хэлэхгүйгээр авч явж ашигладаг байсан хөрөө арамыг буцааж надад өгнө гэж бичиг хийж өгсөн. Хөрөө, арамыг дагах хэрэгслийн хамтаар авах гэхээр ажил хийж байгаад өгье гээд огт өгдөггүй. Өнөөдрийг хүртэл миний хөрөө арамыг дагах хэрэгслийн хамтаар 2 жил Д.Лхагвадорж ашиглаж байгаа. Одоо миний хөрөө арам маш их хуучирсан, элэгдэл ихтэй болсон тул дахин ашиглах боломжгүй болсон. Тиймээс хөрөө, арамыг дагах хэрэгслийн хамт буцааж авахгүй түүний үнэ болох 24.210 юаныг Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ханш болох 373.79 төгрөгөөр тооцож 9.049.455 төгрөгийг хариуцагч Д.Лхагвадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэхуяг 2011 оноос эхлэн зах дээр ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятад улсаас маргааны зүйл болсон хөрөө арамыг дагалдах хэрэгслийн хамтаар худалдаж авсан. Нэхэмжлэгч Л.Эрдэнэхуяг хөрөө арамаа ашиглаж чадахгүй байсаар 2015 онд Түмэн шувуут ХХК-д ажилд орсноор хөрөө арамаа ашиглах боломжгүй болсон. Л.Эрдэнэхуягыг хөрөө арамаа шалгаж үзэхээр Д.Лхагвадорж, Э.Цолмонбаяр нар хэрэглэдэг. Нэхэмжлэгч Л.Эрдэнэхуяг хөрөө арамаа Д.Лхагвадоржоос удаа дараа нэхсэн боловч буцааж өгөхгүй, өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Хөрөө арамын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хариуцагч Э.Цолмонбаяраас татгалзаж, Д.Лхагвадоржоос 8.449.455 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч Д.Лхагвадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2009 оноос Тех захаар үйлчлүүлдэг байсан. Л.Эрдэнэхуяг гэх хүний хөрөө арам дээр би 5-6 удаа үйлчлүүлсэн. Хөрөө арамыг Л.Эрдэнэхуяг гэх хүн ажиллуулахгүй, Э.Цолмонбаяр гэх хүн ажиллуулдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Э.Цолмонбаяртай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөө арамыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хөрөө арам худалдаж авчихаад 7 хоногийн дараа Л.Эрдэнэхуягтай таарахдаа хөрөө арамыг чинь худалдаж авсан шүү гэж хэлсэн. Л.Эрдэнэхуяг ч тийм үү гээд өнгөрсөн. 1 жилийн дараа Л.Эрдэнэхуягийн эгч Л.Болормаа гэх хүн хөрөө арам буцааж авмаар байна гэхээр нь би Э.Цолмонбаяраас мөнгөө авна гэж хэлсэн. Л.Болормаа Э.Цолмонбаяраас 3.000.000 төгрөгийг чинь авч өгнө гээд надад тодорхойлолт бичиж өгсөн. Л.Болормаа 2 дахь удаа миний ажлын байранд 10 гаран залуучуудтай ирэхдээ надаар бичиг хийлгэж авсан. Би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаа дуудаж тэдгээр хүмүүсийг тараалгаж байсан. Л.Болормаа надаас хөрөө арамны мөнгө гэж 500.000 төгрөг авсан. Би Л.Болормаад 3.500.000 төгрөг өгчих. Тэгвэл би хөрөө арамыг чинь өгнө гэж хэлсэн. Тухайн үед Л.Болормаа надаар гарын үсэг зуруулахдаа хоосон зайд нь надад хөрөө арамны хамт олон зүйл өгсөн мэтээр бичсэн байсан. Би Л.Эрдэнэхуягыг 7 удаа л харж байсан. 7 удаа харж байсан хүнд контейнерын түлхүүр өгөх үү. Л.Эрдэнэхуяг одоо Солонгост явж байгаа сурагтай. Би хүнээс юм худалдаж авсан. Би ах дүү хүмүүсийн хоорондын мөнгөний маргаанд орсон байсан. Одоо шинэ хөрөө арамны ханш 3.000.000-4.000.000 байгаа гэжээ.

 

Хариуцагч Э.Цолмонбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Эрдэнэхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Цолмонбаяр би 2011 оноос Тех барилгын материалын зах дээр өөрийн өмчлөлийн хөрөө, арам, хуулганы машиныг ажлуулж, гэр ахуйн тавилга захиалгаар хийж, тавилгын материал худалддаг байсан. Э.Цолмонбаяр би өөрийн ажиллуулж байсан хуучин хөрөө арам, хуулганы машиныг худалдаж, 2013 онд БНХАУ-аас шинэ хөрөө, арам, хуулганы машиныг худалдан авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Лхагвадоржид тус хөрөө, арам, хуулганы машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж, зохих журмын дагуу худалдан авах гэрээ байгуулсан. Д.Лхагвадорж, Э.Цолмонбаяр бид нэхэмжлэгч Д.Эрдэнэхуягийн контейнерийн түлхүүрийг гуйж авч, бусдын хөрөө, арам, хуулганы машиныг нууцаар ажиллуулж байсан зүйл байхгүй. Л.Эрдэнэхуяг нь Д.Лхагвадорж бидний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд тухайн харилцааны хувьд гуравдагч этгээд байх тул хөндлөнгөөс оролцох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Лхагвадоржийн өмгөөлөгч, хариуцагч Э.Цолмонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Эрдэнэхуяг уг хөрөө арамыг өөрийн өмчлөлийнх гэдгийг нотолж чадахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Л.Эрдэнэхуягийн Д.Лхагвадоржид хөрөө арам, дагалдах хэрэгсэл хамтад нь шилжүүлсэн хүлээлгэж өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан хөрөө арамны зураг, Д.Лхагвадоржийн бичсэн тодорхойлолт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2014 оны Барманн ХХК, Түмэн шувуут ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.1.1-д зааснаар Д.Лхагвадорж уг хөрөө арамны хууль ёсны шударга эзэмшигч болох нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр Л.Эрдэнэхуяг гуравдагч этгээдэд хамаарах тул Д.Лхагвадорж нь уг хөрөө арам, туузын машины өмчлөгчөөр тооцогдохоор байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар нэхэмжлэгч хөрөө арам, туузын машины хууль ёсны эзэмшигчээс үнэ гаргуулж болохгүй нөхцөл байдал үүсэж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Д.Лхагвадорж хөрөө арамны хууль ёсны эзэмшигч болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Лхагвадорж, Э.Цолмонбаяр нарын байгуулсан гэрээ, Э.Цолмонбаярын тайлбар, Д.Лхагвадоржийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Д.Лхагвадорж нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг Э.Цолмонбаярт бэлнээр өгч, уг хэргийн зүйл болсон хөрөө арам, туузын машин зэргийг хуулийн дагуу Э.Цолмонбаяраас худалдан авч, талууд гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан хөрөө арамны тооцооны баримт Л.Эрдэнэхуягийн өмчлөлийн хөрөө арам, туузны машин гэдгийг нотолж чадахгүй байна. Хөрөө арамны үнийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн БНХАУ-ын юаны ханшаар тооцож нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хөрөө арам, наалтын машин, суурь өрөм зэргийг хариуцагч Д.Лхагвадорж авсан. Одоо хэрэглэж байгаа гэдэг боловч дээрх зүйлүүдийг Д.Лхагвадоржид шилжүүлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1, 93 дугаар зүйлийн 93.1, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Л.Эрдэнэхуяг 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-аас оруулж ирсэн хөрөө рам, дагалдах хэрэгслийн үнэ 9.049.455 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Д.Лхагвадорж маргааны зүйл болох хөрөө рамыг 2016.10.16-ны өдөр 3.000.000 төгрөгөөр Э.Цолмонбаяраас худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018.03.05-ны өдөр хамтран хариуцагчаар Э.Цолмонбаярыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2018.03.06-ны өдөр түүнийг хамтран хариуцагчаар татжээ. /хх-ийн 52 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч нь 2018.03.20-ны өдөр маргааны зүйл болох хөрөө рамын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 56 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч Э.Цолмонбаяраас татгалзаж, мөн хөрөө рамын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр багасгаж, Д.Лхагвадоржоос 8.449.455 төгрөг гаргуулахаар шаардажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Э.Цолмонбаяр өөрийн хөрөө рамыг Д.Лхагвадоржид 3.000.000 төгрөгөөр худалдсан, Д.Лхагвадорж түүнээс 3.000.000 төгрөгөөр худалдан авсан талаар баримт хэргийн 18 дугаар талд авагджээ.

Уг худалдан авах гэрээг талууд бичгээр байгуулсан, мөн 6-9 дүгээр талд авагдсан баримтаар Д.Лхагвадоржийн худалдан авсан хөрөө рам Л.Эрдэнэхуягийх гэдгийг эргэлзээгүй нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Д.Лхагвадоржид Л.Эрдэнэбаярын өмнөөс хүлээсэн үүрэг үүсээгүй, маргааны зүйл болох хөрөө рамыг нэхэмжлэгч контейнэрт цоожилж орхисон гэх боловч тэрээр контейнерийн түлхүүрийг Э.Цолмонбаярт үлдээсэн талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлажээ.

Иймд хөрөө рамны үнэ болох 8.449.455 төгрөгийг Д.Лхагвадоржоос гаргуулах тухай Л.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заансаар хөрөө рамын үнэ 8.449.455 төгрөгийг Д.Лхагвадоржоос гаргуулах тухай Л.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО