Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01755

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01320 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1514 дүгээр магадлалтай,

Л.Э-ийн нэхэмжлэлтэй,

Д.Л, Э.Ц нарт холбогдох,

8.449.455  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тех барилгын зах дээр 2011 оноос ажилласан. 2015 онд Хятадаас хөрөө рамыг дагалдах иж бүрэн хэрэгслийн хамт 24.210 юанаар худалдан авч, контейнер түрээслэн ажиллуулсан. 2016 оны 5 дугаар сард Түмэн шувуут ХХК-д ажилд орсон.  Зах дээр ажилладаг байсан Э.Цолмонбаяр, Д.Лхагвадорж 2 миний контейнерийн түлхүүрийг гуйж авч, хөрөө рам, дагалдах хэрэгслээр түр ажил хийдэг байсан. Гэтэл  Д.Лхагвадорж миний хөрөө рамыг, дагалдах хэрэгслийн хамт авч явсан ба  2017 оны 11 сард буцаан өгнө гэж хэлж, бичиг хийж өгч байсан боловч өгөлгүй 2 жилийн турш хэрэглэсэн. Одоо уг хөрөө рам маш их элэгдэж, муудсан тул үнэ болох 24 .210 юаныг Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ханш 373.79 төгрөгөөр тооцоход  9.049.455 төгрөг байна. Худалдан авснаас хойш 6 сарын элэгдэл хорогдолд 800.000 төгрөгийг хасч, 8.449.466 төгрөгийг Д.Лхагвадоржоос гаргуулж өгнө үү.  Э.Цолмонбаярт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Д.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Би Л.Э-ийн хөрөө рам дээр би 5-6 удаа үйлчлүүлсэн. Хөрөө рамыг Э.Цолмонбаяр ажиллуулдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Э.Цолмонбаяртай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөө рамыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 1 жилийн дараа Л.Э-ийн эгч Л.Болормаа хөрөө рамаа буцааж авъя гэхэд би Э.Цолмонбаяраас мөнгөө авна гэж хэлсэн. Л.Болормаа Э.Цолмонбаяраас 3.000.000 төгрөгийг чинь авч өгнө гэсэн. Тэгээд 2 дахь удаа миний ажлын байранд 10 гаран залуучуудтай ирэхдээ надаар бичиг хийлгэж авч, надаас хөрөө рамны мөнгө гэж 500.000 төгрөг авсан. Би Л.Болормаад 3.500.000 төгрөг өгчихвөл хөрөө рамыг чинь өгнө гэсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.Цолмонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос Тех барилгын зах дээр өөрийн өмчлөлийн хөрөө, рам, хуулганы машин ажиллуулж, гэр ахуйн тавилга захиалгаар хийж, худалддаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Лхагвадоржид тус хөрөө, рам, хуулганы машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж, зохих журмын дагуу гэрээ байгуулсан. Л.Э- нь Д.Лхагвадорж бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01320 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөө рамын үнэ 8.449.455 төгрөгийг Д.Лхагвадоржоос гаргуулах тухай Л.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1514 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01320 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Лхагвадоржоос хөрөө, рамны үнэд 8.449.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн, хариуцагч Э.Цолмонбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг 3, 4 гэж өөрчилж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ны өдрийн 102\ШШ2018\01320 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 29-ны өдрийн 1514 тоот дугаартай магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Шүүхээс хариуцагч Лхагвадорж шүүгчийн асуултанд “Та Цолмонбаяртай хийсэн гэх гэрээг хэзээ хийсэн бэ” гэхэд “Эрдэнэхуяг надаас хөрөө арамаа нэхээд байхаар 2018 оны 07 сард хийсэн” гэж хариулсан. Энэ нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйл 114.1-ийг зөрчсөн өөрөөр хэлбэл Эрдэнэхуягийнх гэдгийг мэдсээр байж Цолмонбаяртай гэрээ хийсэн нь шударга өмчлөгч биш байснаа хариуцагч өөрөө нотолдог. Мөн хариуцагч өөрөө 2 удаа хөрөө арамыг буцааж өгнөө мэдэж байгаа гээд 9 сард 11 сард бичиг хийж өгсөн байсныг шүүх огт үнэлээгүй. Цолмонбаярын хөрөө арам байсныг хурал дээр болон бусад баримтаар хариуцагч огт нотлоогүй, Эрдэнэхуяг өөрөө Хятад руу явж авч ирснээ төлбөрийн баримт болон хил гарсан тэмдэглэгээгээр нотолсон. Шүүгч шийдвэртээ түлхүүрийг Цолмонбаярт үлдээсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан гэж үндэслэлдээ дурьдсан нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн төлөөлөгч 2 ууланд нь үлдээсэн гэдэг. Мөн шийдвэрийн Үндэслэх, тогтоох хэсэгт дандаа Эрдэнэбаяр гэдэг хүний тухай бичсэн нь шийдвэр хууль ёсны утга зүйн хувьд зөв үнэн, албан ёсны байх зарчим зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэхуяг болон Лхагвадорж нарын хоорондын маргааныг шийдсэн үү эсвэл Эрдэнэбаяр болон Лхагвадорж нарын хоорондын маргаан шийдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ны өдрийн 102\ШШ2018\01320 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 29-ны өдрийн 1514 тоот дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Э.Цолмонбаярт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Лхагвадоржоос 8.449.466 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын агуулгыг “...2015 онд Хятад улсаас хөрөө рам дагалдах хэрэгслийн хамт 24.210 юанаар худалдан авсан, Э.Цолмонбаяр, Д.Лхагвадорж 2 контейнерын түлхүүрийг авч хөрөө рамыг ажиллуулж байсан,  ...2017 оны эхээр очиход Лхагвадорж аваад явсан байсан, ...буцаан өгнө гэж бичиг хийж өгсөн...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хөрөө рам, хуулганы машиныг Э.Цолмонбаяраас 3.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж марган түүнтэй 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр байгуулсан гэрээг шүүхэд гаргаж өгчээ. 

Хариуцагч Э.Цолмонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа “...би 2011 оноос Тех барилгын зах дээр өөрийн өмчлөлийн хөрөө рам, хуулганы машин ажиллуулж, гэр ахуйн тавилга захиалгаар хийдэг байсан..., 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Д.Лхагвадоржид хөрөө рам, хуулганы машинаа 3.000.000 төгрөгөөр худалдсан, ...Л.Э-ийн контейнерийн түлхүүрийг гуйж, хөрөө рам, хуулганы машиныг нууцаар ажиллуулж байсан зүйл байхгүй...” гэжээ /хэргийн 18, 60 дугаар тал/.

Хариуцагч Д.Лхагвадорж болон Э.Цолмонбаяр нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тооцооны баримтад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй тул уг баримт нь өмчлөх эрхийг тодорхойлохгүй.   

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Баталгаа гэх баримтад хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулга тусгагдаагүй байна /хэргийн 5-9 дүгээр тал/.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй боловч хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагч Э.Цолмонбаярт холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь алдаатай болжээ.   

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь Э.Цолмонбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулах” тухай гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1514 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 151.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ