Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1514

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01320 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Д.Л-, Э.Ц- нарт холбогдох

 

9 049 455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Хариуцагч Д.Л-

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тех барилгын зах дээр 2011 оноос ажиллаж, 2015 онд Хятадаас хөрөө рамыг дагалдах иж бүрэн хэрэгслийн хамт 24 210 юанаар худалдан авч, контейнер түрээслэн ажиллуулсан. Хөрөө рамны дагалдах хэрэгсэлд хөрөө араа ком, наалтын машин, угаагч машин, суурь өрөм, компрессор насос зэрэг байсан. 2016 оны 5 дугаар сард би “Түмэн шувуут” ХХК-д ажилд орсон учир зах дээр ажилладаг байсан Э.Ц-, Д.Л- 2 миний контейнерийн түлхүүрийг гуйж авч, хөрөө рам, дагалдах хэрэгслээр түр ажил хийдэг байсан. Ингээд би үе үе эргэж очиход Д.Л- нь миний хөрөө рамыг дагалдах хэрэгслийн хамт хэрэглэж байсан. 2017 оны эхээр түрээсийн төлбөр төлөөгүй гээд барилгын захаас контейнерийг лацадсан гэсэн тул би тухайн үед хөрөө рам дагалдах хэрэгслийн хамт дотор нь байгаа гэж бодсон. Гэтэл Д.Л- нь надад хэлэлгүйгээр хөрөө рамыг, дагалдах хэрэгслийн хамт авч яван хэрэглэж байсан ба тэдгээрийг 2017 оны 11 сард буцаан өгнө гэж хэлж, бичиг хийж өгч байсан боловч өгөлгүй 2 жилийн турш хэрэглэсэн. Одоо уг хөрөө рам маш их элэгдэж, муудсан тул түүний үнэ болох 24 .210 юаны Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ханш болох 373.79 төгрөгөөр тооцож 9 049 455 төгрөгөөс худалдан авснаас хойш 6 сарын элэгдэл 800 000 төгрөгийг хасч, 8 449 466 төгрөгийг Д.Л-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2009 оноос Тех захаар үйлчлүүлдэг байсан. Л.Э-ийн хөрөө рам дээр би 5-6 удаа үйлчлүүлсэн. Хөрөө рамыг Э.Ц- ажиллуулдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би Э.Ц-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөө рамыг 3 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ тухайгаа Л.Э-тай таарахдаа хэлж байсан. 1 жилийн дараа Л.Э-ийн эгч Л.Болормаа нь хөрөө рам буцааж авая гэхэд нь би Э.Ц-аас мөнгөө авна гэж хэлсэн. Л.Болормаа Э.Ц-аас 3 000 000 төгрөгийг чинь авч өгнө гэсэн. Л.Болормаа 2 дахь удаа миний ажлын байранд 10 гаран залуучуудтай ирэхдээ надаар бичиг хийлгэж авч, надаас хөрөө рамны мөнгө гэж 500 000 төгрөг авсан. Би Л.Болормаад 3 500 000 төгрөг өгчихвөл хөрөө рамыг чинь өгнө гэсэн. Л.Болормаа надаар гарын үсэг зуруулахдаа хоосон зайд нь надад хөрөө рамны хамт олон зүйл өгсөн мэт бичсэн байсан. Би Л.Э-ийг 7 удаа л харсан. Л.Э- одоо Солонгост байгаа сурагтай. Би ах дүү хүмүүсийн хоорондын мөнгөний маргаанд орсон. Би хүнээс худалдаж авсан, одоо шинэ хөрөө рамны ханш 3 000 000-4 000 000 байгаа гэжээ.

 

Хариуцагч Э.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос Тех барилгын зах дээр өөрийн өмчлөлийн хөрөө, рам, хуулганы машин ажиллуулж, гэр ахуйн тавилга захиалгаар хийж, худалддаг байсан. Би өөрийн ажиллуулж байсан хуучин хөрөө рам, хуулганы машиныг худалдаж, 2013 онд БНХАУ-аас шинэ хөрөө, арам, хуулганы машиныг худалдан авсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Л-ид тус хөрөө, рам, хуулганы машиныг 3 000 000 төгрөгөөр худалдаж, зохих журмын дагуу гэрээ байгуулсан. Д.Л-, Э.Ц- бид нэхэмжлэгч Д.Эрдэнэхуягийн контейнерийн түлхүүрийг гуйж авч, бусдын хөрөө, рам, хуулганы машиныг нууцаар ажиллуулж байгаагүй. Л.Э- нь Д.Л- бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заансаар хөрөө рамын үнэ 8 449 455 төгрөгийг Д.Л-оос гаргуулах тухай Л.Эрдэнэбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт түлхүүрийг Э.Ц-т үлдээсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан гэж дурдсан нь үндэслэлгүй, хоёуланд нь үлдээсэн гэдэг. Мөн шийдвэрийн Үндэслэх, Тогтоох хэсэгт н.Эрдэнэбаяр гэгч хүний тухай бичсэн нь шийдвэр хууль ёсны утга зүйн хувьд зөв үнэн, албан ёсны байх зарчим зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл Л.Э-, Д.Л- нарын маргааныг шийдсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Д.Л-, Э.Ц- нараас хөрөө, рамны үнэд 9 049 455 төгрөг гаргуулах, уг эд зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 2 дахь шаардлагаасаа мөн хариуцагч Э.Ц-аас татгалзсан байна. Хариуцагч Д.Л- “хөрөө рамыг Э.Ц-аас худалдаж авсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Л.Э- “... хөрөө, рамыг Хятад Улсаас оруулж ирсэн, ... Д.Л- зөвшөөрөлгүй ашигласан, ... авах гэхээр өгөхгүй байгаа, ... одоо ашиглах боломжгүй болсон ...” гэх үндэслэлээр хариуцагчаас эд зүйлийн үнийг шаардан, шүүхэд хятад хэлнээс орчуулсан тооцооны баримт, Д.Л-ийн бичсэн баталгааны бичгийг нотлох баримтаар гарган өгсөн боловч эдгээр баримтууд нь хариуцагч Д.Л-ийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгасан, үндэслэлгүйгээр олж авсан гэдгийг нотлохгүй байна. Учир нь хариуцагч Д.Л- Э.Ц-аас маргааны зүйл болох хөрөө, рамыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан бол тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан, тэр хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл болохгүй юм.

Хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.Л- нь Э.Ц-аас хөрөө рам, хуулганы машиныг 3 000 000 төгрөгөөр худалдан авсан тухай бичгээр үйлдсэн гэрээ авагджээ. /хх-18 дахь хуудасны ар тал/ Мөн түүнчлэн хариуцагч Д.Л- баталгааны бичигт “Э.Ц- түүнээс 3 550 000 төгрөг авсан талаар болон хөрөө рамыг дагалдах хэрэгслийн хамт Л.Э-ийн эд зүйл мөн гэдгийг мэдэж байгаа тухай” бичсэн байхаас гадна зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Л.Болормаагийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн үеэл Э.Цолмонбаатарыг хариуцагчид хөрөө, рамыг худалдсан гэдгийг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байна. /хх-5, 82, 84 дэх тал/

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг бодит байдлаар буцаах боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлөхөөр заасан боловч хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүссэн буюу мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй учир нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “Л.Эрдэнэбаяр” гэж алдаатай бичсэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн, хариуцагч Э.Ц-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан байх тул уг алдааг залруулан, зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01320 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Л-оос хөрөө, рамны үнэд 8 449 455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн, хариуцагч Э.Ц-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг 3, 4 гэж өөрчилж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД