Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 03 сарын 30 өдөр

                Дугаар 183/ШШ2018/00764

                  Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Батжаргал /Batujirigala/ нэхэмжлэлтэй,

/БНХАУ, ӨМӨЗО, Ордос хот, Отог хошуу, Улаанбалгас, 7 дугаар дүүрэг, 114-1 тоотод оршин суух, пасспортын дугаар G33223400/

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Ван Били /Wang Bili/ нэхэмжлэлтэй,

/БНХАУ, ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Дүн Ены өмнөд гудамж, Улаан бага тойрог, 11 дүгээр байр, 12 тоотод оршин суух, пасспортын дугаар G22360294/

 

Хариуцагч: “Тэсийн хурд” ХХК-д холбогдох,

/Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5-81 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011067101, регистрийн дугаар 2672731/

 

Хариуцагч: Булгадар овогтой, Пагжийн Эрдэнэбатад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавьжийн 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЖ52110716/

 

Хариуцагч: Барга овогтой, Гомбосүрэнгийн Цээпилмаад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Гавьжийн 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЖ57102404/

 

Хариуцагч: Булгадар овогтой, Эрдэнэбатын Анхбаярт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 48 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЖ81112117/

 

Хариуцагч: Булгадар овогтой, Эрдэнэбатын Энхбаярт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхон, 36 дугаар байр, 28 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЖ84102612/

 

            Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах, ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа, хариуцагч “Тэсийн хурд” ХХК, Э.Анхбаяр, Э.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж, Ж.Бат-Амгалан, гэрч н.Нарису, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан байгаа. Үүнд П.Эрдэнэбат, Ван Били, Батжаргал нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “Тэсийн хурд” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, Ван Били, Батжаргал нараас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа, “Тэсийн хурд” ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг гэрээний дагуу П.Эрдэнэбат нь Гавьжийн тоосгоны үйлдвэрийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, Ван Били, Батжаргал нар тус бүр 120.000.000 төгрөг буюу нийт 240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Гавьжийн тоосгоны үйлдвэрт шинэ тоног төхөөрөмж, үйлдвэрийн тохижуулалтад зарцуулж, бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Ингээд гэрээний дагуу Ван Били, Батжаргал нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл Ван Били, Батжаргал нарт гэрээний дагуу огт ашиг өгөөгүй тул талууд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхвөр гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Ван Били, Батжаргал нар 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нар Ван Били, Батжаргал нарт “Тэсийн хурд” ХХК-ийн нийт хувьцааны тус бүр 33.3 хувийг шилжүүлж, 240.000.000 төгрөг дээр болтлогч болон ковшийг буцааж өгөх, 2013 онд нэмж оруулсан мөнгийг сар бүрийн 3 хувийн хүү бодож үйлдвэрлэлийн борлуулалтаас олгохоор тохирсон. Гэтэл дээрх хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээг байгуулсан П.Эрдэнэбат нь гэрээ байгуулах үед “Тэсийн хурд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан бөгөөд компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан. Иймээс дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 240.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулж өгнө үү.

 

Ван Били нь хамтран ажиллах гэрээ, нөхвөр гэрээний дагуу “Тэсийн хурд” ХХК-д CDM853 модельтой 2012 оны ковшийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн. Уг ковшийг Ван Били өөрийн мөнгөөр “Алтан гандир” ХХК-ийн нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 52.000 ам.доллараар худалдан авсан. Тухайн ковшийг шилжүүлсэн үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу “Тэсийн хурд” ХХК-д ашиглуулахаар Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас гаргуулж өгнө үү.

 

Гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Эрдэнэбаттай тохиролцож, Ван Били, Батжаргал нар ажилчдын цалинд 670.564 юань болон 25.300.960 төгрөг, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардалд 221.925 юань болон 3.250.000 төгрөг, компанийн удирдлагуудыг Эрээн хотруу явсан зардал болон визний сунгалтын зардал 127.572 юань болон 65.635.500 төгрөг, бензин шатахуун, цахилгаан нүүрс зэрэг зардалд 35.054.117 төгрөг, засвар техникийн үзлэг, ковшийн түрээс 3.342.000 төгрөг, бусад зардалд 17.235 юань болон 26.765.150 төгрөг, нийт 1.037.296 юань болон 159.347.727 төгрөгийг “Тэсийн хурд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулснаас Ван Били нь 91.000.000 төгрөгийн зардлаа үйлдвэрлэсэн тоосгоноос авсан тул үлдэх 68.347.727 төгрөг, 1.037.296 юань буюу 314.591.130 төгрөг, нийт 382.938.857 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “Тэсийн хурд” П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа, хариуцагч “Тэсийн хурд” ХХК, Э.Анхбаяр, Э.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ван Били /Дарамбилэг/, Батжаргал болон бид нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тоосгоны үйлдвэрлэл явуулж, олсон ашгаа бид гурав ижил тэнцүү хувааж авахаар тохирсон. Гэтэл тоосгоны үйлдвэр нь ямар ч ашиг олоогүй бөгөөд Ван Били, Батжаргал нар нь үйлдвэрлэсэн тоосгыг өөрсдөө аваад, зарж борлуулан мөнгийг нь авсан. Батжаргал, Ван Били нар 270.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэрээг байгуулах үед Ван Били, Батжаргал нар “Тэсийн хурд” ХХК нь П.Эрдэнэбатын компани биш, түүний хүү Э.Анхбаярын компани гэдгийг мэдэж байсан. Иймд 240.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ковшийн хувьд Батжаргал, Ван Били нар нь хариуцагч нарт уг ковшийг хүлээлгэж өгөөгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй. Ажилчдын цалин болон бусад зардалд 382 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ямар тохиролцоо, юунд зарцуулсан мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, талууд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

БНХАУ-ын иргэн Батжаргал, Ван Били нарын нэхэмжлэлтэй, “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа, Э.Анхбаяр, Э.Энхбаяр нарт холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах, ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

П.Эрдэнэбат, БНХАУ-ын иргэн Ван Били, БНХАУ-ын иргэн Батжаргал нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 дүгээр “Тэсийн хурд ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр П.Эрдэнэбат нь тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, Батжаргал, Ван Били нар тус бүр 120.000.000 төгрөгийг шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулалтад хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эхлээд бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд П.Эрдэнэбат эхлэж 3 хуваасны 1-д ногдох ашгаа авч, Батжаргал, Ван Били нар хөрөнгө оруулалт бүрэн гүйцэд хийгдээгүй тохиолдолд өөрсдийн ашгаасаа нөхөн төлж болохоор тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3-т заасан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан гэж үзэхээр байна.

 

П.Эрдэнэбат, Цэвэлмаа буюу /Л.Цээпилмаа/, БНХАУ-ын иргэн Дарамбилэг буюу /Ван Били/, БНХАУ-ын иргэн Батжаргал нар 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Монгол Улсын “Тэсийн хурд” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Батжаргалын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “...2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гурван тал ажиллаад гэрээний дагуу Ван Били, Батжаргал нар 270.824.080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ван Били, Батжаргал нарын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэхгүй бол Ван Били, Батжаргал нарын хувь оруулалтыг албан журмын дагуу 66.6 хувийг үйлдвэр, үйлчилгээний гэрчилгээнд оруулж, жинхэнэ хувь эзэмшигч болохыг заана. Ван Били, Батжаргал нарын оруулсан бүх хөрөнгийн 240.000.000 төгрөгийг өнөө жилийн борлуултын орлогоос буцааж авна. Ван Били, Батжаргал нарын хөрөнгө оруулалтын мөнгөө буцааж авсны дараа дээр жилийн нэг болтлогч болоод ковшийг буцааж авна. Ван Били, Батжаргал нарын өнөө жилийн нэмж оруулсан бүх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 1 жилийн үйлдвэрийн хугацаа даруй 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болтол үйлдвэрийн үйл ажиллагааны хугацаагаа дууссаны дараа бүгдийг буцааж авна...” гэж тохиролцжээ.

 

1. Нэхэмжлэгч талын “...П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нар “Тэсийн хурд” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж БНХАУ-ын иргэн Ван Били, Батжаргал нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Тэсийн хурд” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээр тохирч, уг компанийн тамгыг дарж, Ван Били, Батжаргал нарын оруулсан хөрөнгийг “Тэсийн хурд” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хамтран ажиллах гэрээг, мөн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний дагуу Ван Били, Батжаргал нарын хөрөнгө оруулсан 240.000.000 төгрөгийг “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Дээрх хамтран ажиллах гэрээ болон уг гэрээний нэмэлт гэрээний талууд болох А.тал: П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа, И.тал: БНХАУ-ын иргэн Дарамбилэг буюу /Ван Били/, Э.тал: БНХАУ-ын иргэн Батжаргал нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар тоосго үйлдвэрлэж, зарж борлуулан, олсон ашгийг ижил тэнцүү хувааж авах хүсэл зоригийг илэрхийлэн, хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, хураамжийн хэмжээг “П.Эрдэнэбат нь “Тэсийн хурд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж буюу хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулалтад Ван Били, Батжаргал нар тус бүр 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулах”-аар тохиролцжээ.

 

            Талууд уг гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хамтран хэрэгжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “...гэрээний дагуу 240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тоосго үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн тоосгоноос ашиг 91.000.000 төгрөгийг Ван Били авсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “...гэрээний дагуу “Тэсийн хурд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглан хамтран ажиллаж, тоосго үйлдвэрлэсэн хэдий боловч ашиг олоогүй...” гэсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон нэмэлт гэрээнд хариуцагч П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нар “Тэсийн хурд” ХХК-ийн хувьцааг Батжаргал, Ван Били нарт шилжүүлнэ гэж тохиролцоогүй байх бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээнд “Тэсийн хурд” ХХК-ийн тамга дарагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” буюу хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл гэж үзэхгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” буюу тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан “Монгол Улсын “Тэсийн хурд” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Батжаргалын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн гэх 240.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ван Били, Батжаргал нар хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нараас шаардах эрхгүй юм.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр гэрээний 2-т “Э, И тал тус бүр 120.000.000 төгрөгийн гаргаж нэмэлт хөрөнгө оруулна” гэж, 5-д “үйлдвэрлэл эхлээд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэхэд А тал эхлэж 3 хуваасны 1 ашгаа авна, И, Э тал эхлэж оруулах хөрөнгө оруулалт бүрэн гүйцэт хийж чадаагүй бол өөрсдийн ашгаасаа нөхөн төлж болно” гэж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 1-д “...Э, И талын оруулсан хөрөнгийн 240.000.000 төгрөгийг өнөө жилийн борлуулалтын орлогоос буцааж авна” гэж заасан байх бөгөөд хамтын үйл ажиллагаанаас ашиг олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хураамжийн хэмжээ, хэлбэрийг тодорхойлон, нэхэмжлэлд дурдсанаар “...240.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нарыг нэхэмжлэгч Ван Били, Батжаргал нарын 240.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгч талын “...гэрээний дагуу “Тэсийн хурд” ХХК-д үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийг  2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн тул ковшийн үнэ 126.166.040 төгрөгийг “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковш” буюу тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь нэхэмжлэгч Ван Били, Батжаргал мөн эсэх, түүнчлэн уг тээврийн хэрэгслийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нарт хүлээлгэн өгсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд гэрч н.Нарисугийн “...ковш нь Дарамбилэг буюу Ван Билигийн эзэмшил, өмчлөлийнх, “Тэсийн хурд” ХХК-д хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй болохыг дурдав.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нарыг нэхэмжлэгч Ван Били, Батжаргал нарын “CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийг үндэслэлгүйгээр олж авсан” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр уг ковшийг шилжүүлсэн гэх боломжгүй юм.

 

3. Нэхэмжлэгч талын “...тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Эрдэнэбаттай тохиролцож, Ван Били, Батжаргал нар ажилчдын цалин, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардал, компанийн удирдлагуудыг Эрээн хот руу явсан зардал болон визний сунгалтын зардал, бензин шатахуун, цахилгаан, нүүрс зэрэг зардал, засвар техникийн үзлэг, ковшийн түрээсэнд нийт 1.037.296 юань болон 159.347.727 төгрөгийг “Тэсийн хурд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулсан тул 382.938.857 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр гэрээний 11-д “...тус үйлдвэрийн ажиллагаа нь ямар нэг эрсдэлтэй байдалд орвол хариуцлагыг хамтран хүлээнэ, нөхөж төлөх бол адилхан хувааж төлнө” гэж, гэрээний 8-д “Бүх үйл ажиллагааг 3-н талаараа хэлэлцэж, хувийн эздийн хурлаар дамжуулан шийдвэр гаргана” гэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “талууд харилцан тохиролцож, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан нэмэлт зардал гаргах” гэж заасан байх ба гэрээний талууд тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардлыг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хавтаст хэргийн 25-68 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нарыг нэхэмжлэгч Ван Били, Батжаргал нарын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Тэсийн хурд ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын “Тэсийн хурд” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Батжаргалын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нараас хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126.166.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэгч Ван Били, Батжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Тэсийн хурд ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Монгол Улсын “Тэсийн хурд” ХХК, Дундад Улсын Дарамбилэг Ван Били, Батжаргалын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240.000.000 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Л.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Батжаргал /Batujirigala/, БНХАУ-ын иргэн Ван Били /Wang Bili/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Э.Энхбаяр нараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126.166.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Батжаргал /Batujirigala/, БНХАУ-ын иргэн Ван Били /Wang Bili/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382.938.857 төгрөгийг хариуцагч “Тэсийн хурд” ХХК, П.Эрдэнэбат, Г.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Батжаргал /Batujirigala/, БНХАУ-ын иргэн Ван Били /Wang Bili/ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 3.584.720 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 788.790 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД