Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01469

 

 

 

 

 

 

 

 

 

 

В, Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр  даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В /Wang Bili/, Б /Batujirigala/ нар,

Хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц, Э.А, Э.Э нарт холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах, ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Э.Э нараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382 938 857 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

Хариуцагч Г.Ц, өмгөөлөгч Д.Данзандорж, Ж.Бат-Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: П.Э, В, Б нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “Т” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, В, Б нараас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч П.Э, Г.Ц, “Т” ХХК-аас гаргуулж өгнө үү. В, Б нар гэрээний дагуу 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 270 824 080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, П.Э, Г.Ц нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл В, Б нарт гэрээний дагуу огт ашиг өгөөгүй тул талууд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхвөр гэрээг байгуулсан. Уг гэрээгээр В, Б нар 270 824 080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, П.Э, Г.Ц нар В, Б нарт “Т” ХХК-ийн нийт хувьцааны тус бүр 33.3 хувийг шилжүүлж, 240 000 000 төгрөг дээр болтлогч болон ковшийг буцааж өгөх, 2013 онд нэмж оруулсан мөнгийг сар бүрийн 3 хувийн хүү бодож үйлдвэрлэлийн борлуулалтаас олгохоор тохирсон. Гэтэл дээрх хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээг байгуулсан П.Э нь гэрээ байгуулах үед “Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан бөгөөд компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан. Иймээс дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 240 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулж өгнө үү.

В нь хамтран ажиллах гэрээ, нөхвөр гэрээний дагуу “Т” ХХК-д CDM853 модельтой 2012 оны ковшийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн. Уг ковшийг В өөрийн мөнгөөр “Алтан гандир” ХХК-ийн нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 52 000 ам.доллараар худалдан авсан. Тухайн ковшийг шилжүүлсэн үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу “Т” ХХК-д ашиглуулахаар Э.Энхбаярт хүлээлгэн өгсөн ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар “Т” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулж өгнө үү.

            Гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Этай тохиролцож, В, Б нар ажилчдын цалинд 670 564 юань болон 25 300 960 төгрөг, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардалд 221 925 юань болон 3 250 000 төгрөг, компанийн удирдлагуудыг Эрээн хотруу явсан зардал болон визний сунгалтын зардал 127.572 юань болон 65 635 500 төгрөг, бензин шатахуун, цахилгаан нүүрс зэрэг зардалд 35 054 117 төгрөг, засвар техникийн үзлэг, ковшийн түрээс 3 342 000 төгрөг, бусад зардалд 17 235 юань болон 26 765 150 төгрөг, нийт 1 037 296 юань болон 159 347 727 төгрөгийг “Т” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулснаас В нь 91 000 000 төгрөгийн зардлаа үйлдвэрлэсэн тоосгоноос авсан тул үлдэх 68 347 727 төгрөг, 1 037 296 юань буюу 314 591 130 төгрөг, нийт 382 938 857 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” П.Э, Г.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч П.Э, Г.Ц, хариуцагч “Т” ХХК, Э.А, Э.Энарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. В /Дарамбилэг/, Б болон бид нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тоосгоны үйлдвэрлэл явуулж, олсон ашгаа бид гурав ижил тэнцүү хувааж авахаар тохирсон. Гэтэл тоосгоны үйлдвэр нь ямар ч ашиг олоогүй бөгөөд В, Б нар нь үйлдвэрлэсэн тоосгыг өөрсдөө аваад, зарж борлуулан мөнгийг нь авсан. Б, В нар 270 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэрээг байгуулах үед В, Б нар “Т” ХХК нь П.Эын компани биш, түүний хүү Э.Аын компани гэдгийг мэдэж байсан. Иймд 240 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ковшийн хувьд Б, В нар нь хариуцагч нарт уг ковшийг хүлээлгэж өгөөгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Т ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ”, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Т” ХХК, В, Б нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240 000 000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Л.Цээпилмаа нараас гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК, П.Э, Э.Энараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126 166 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382 938 857 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 513 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх В, Б болон П.Э нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “Т” ХХК-ийн Гавьжийн тосгоны үйлдвэр дээр нэмэлт оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ болон талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж гэрээний дагуу В, Б нараас оруулсан мөнгө болох 240 000 000 төгрөгийг “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гурван талт гэрээ болон талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээнд А талаас П.Э гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл гэрээ байгуулах үед буюу 2012, 2013 онуудад тус компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөх эрхтэй этгээд нь П.Э биш Э.А болон Г.Чингүнжав нар байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал нь Ч.Баярмаа байсан болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно. Иймд П.Э нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байж компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Гэтэл анхан шатны шүүх компанийн тамга дарагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Дээрх хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу оруулсан хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

            Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот гурван талт гэрээ болон талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний дагуу шилжүүлсэн ковшийн үнийг шаардсан байхад шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн дээрх хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн тоосгоны хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Этай тохиролцож “Т” ХХК болон БНХАУ-ын Тай Чиан сумын ажилчдын төлөөлөгч Чен Цунлянь, Лю Чинши нар нь хөлсөөр ажиллах нэртэй гэрээг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Хятад ажилчдын төлөөлөгч Монгол компани цалин өгөхгүй байх эрсдэлтэй учир бид гэрээг байгуулахгүй, харин БНХАУ-ын иргэн В, Б нар компанийн өмнөөс бидний хөлсөөр ажиллах гэрээний дагуу цалинг өгнө гэж батлан даавал гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсны дагуу батлан даагчаар В, Б нар гарын үсэг зурсан. Тоосго үйлдвэрлэхтэй холбогдож гарсан зардлууд нь нэгбүрчлэн баримтаар нотлогдох бөгөөд баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шүүгч нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагатай холбоотой баримтыг 3-р шаардлагын нотлох баримт болохгүй байна гэж дүгнэсэн нь шүүгч хэргийн нотлох баримтыг бүрэн шалгаагүй болохыг харуулж байна. Мөн хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дүгнээгүй байна.

            Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээнүүдэд төлөөлөх эрхгүй этгээд болох П.Э гарын үсэг зурж байгуулсан тул дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус байгаа учир гэрээний дагуу гаргасан зардлуудыг шаардаж байна. “Т” ХХК болон П.Э, Г.Ц нар нь В, Б нараар бүхий л зардлыг гаргуулж, өөрсдөө огт хөрөнгө гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            БНХАУ-ын иргэн Б, В нар нь Т ХХК, П.Э, Г.Ц, Э.А, Э.Энарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөг болон тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382 938 857 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах, ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Э.Энараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч марган, хамтран ажиллах гэрээнээс ашиг олоогүй, оруулсан хөрөнгөө нэхэмжлэгч нар авч явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хэрэгт баримтаар авагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Т ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж, хамтран ажиллах гурван талт гэрээ”-ний нэрийг 3 талт гэж, талуудыг А тал нь П.Э, И тал нь Ван овогтой Билэг, Э тал нь Сайнбаяр овогтой Б гэж тодорхойлсон, гэрээний бусад заалтуудаар хамтын үйл ажиллагааны зорилгыг тоосгоны үйлдвэрийг ажиллуулж ашиг олох гэж, талуудын оруулах хураамжийн хэмжээг тал тус бүр 120 000 000 төгрөг гэж тогтоон,  П.Э нь тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг 120 000 000 төгрөгт тооцон оруулах, С.Б, В нар нь гэр байшин тохижуулах зориулалтаар тус  бүр 120 000 000 төгрөгийг оруулахаар, тоосго үйлдвэрлэж, зарж борлуулан, олсон ашгийг ижил тэнцүү хувааж авах хүсэл зоригийг илэрхийлэн харилцан тохиролцсон байх ба уг гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар  үгийн шууд утгаар болон агуулгаар тайлбарлавал 3 иргэний хооронд Иргэниий хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

            Зохигчид гэрээний талыг Т ХХК гэж тодорхойлоогүй, мөн гэрээнд компани оролцож эрх, үүрэг үүсээгүй байхаас гадна гэрээнд А тал нь П.Э, И тал нь Ван овогтой Билэг, Э тал нь Сайнбаяр овогтой Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар тэдний хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймд 3 иргэний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд Т ХХК-ийн тамга дарсныг компани оролцсон гэж үзэх үндэслэлгүй, П.Эыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Зохигчдын хооронд хийгдсэн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Т ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г  дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэх тул 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт буюу нөхвөр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.         

            Иймээс талуудын хооронд харилцан тохиролцож хийсэн 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн болон 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөрт тооцогдох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр оруулсан хураамж буюу 240 000 000 төгрөгийг “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хэргийн нөхцөл байдал, гэрээний агуулгыг зөв тайлбарлан, маргааныг хуулийн дурдсан зохицуулалтад нийцүүлэн зөв шийдвэрлэсэн гэж үзнэ. 

            Нэхэмжлэгчийн гэрээний дагуу “Т” ХХК-д үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар CDM853 загварын 2012 онд үйлдвэрлэгдсэн ковшийг 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Энхбаярт гэрээний дагуу хүлээлгэн өгсөн, ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг Т ХХК, П.Э, Э.Энараас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч В нь дээрх CDM853 загварын 2012 онд үйлдвэрлэгдсэн ковшийг өмчлөгч болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдоогүй, тээврийн хэрэгслийг хариуцагч талд хүлээлгэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй бөгөөд хэргийн бусад баримтаар дэмжигдээгүй гэрч Нарисугийн мэдүүлгийг нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн хариуцагч талыг дурдсан тээврийн хэрэгсэл буюу ковшийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч В, Б нар нь тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулахаар П.Этай тохиролцсоныг үндэслэн ажилчдын цалин, тоног төхөөрөмж, сэлбэг, засварын зардал, замын зардал, визний сунгалтын хураамж, шатахуун, цахилгааны, түлш хүүрсний зардал, техникийн үзлэг, ковшний түрээс зэрэгт 1 037 296 юань болон 159 347 727 төгрөгийг Т ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулсан гэж нийт 382 938 857 төгрөгийг хариуцагч Т ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулахаар шаарджээ.

            Хэрэгт 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Т ХХК-ийн захирал Э.А, П.Э нарын БНХАУ-ын иргэн Чен Цунлянь, Лю Чинши нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ /хх64-68/ баримтаар авагдсан, нэхэмжлэгч В, Б нар нь уг гэрээний тал болж үүрэг хүлээгээгүй байх тул хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн зардал гаргасан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хөрөнгийг санхүүжүүлсэн гэх боловч талууд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн болон 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр талууд тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой бусад зардлыг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон заалтгүй, нэмэлт зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангах үндэслэлгүй, харин шүүх шийдвэрийн 3 дахь заалтаар уг шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримталсан нь оновчтой биш байгааг зөвтгөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй талаарх хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 513 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

      А.ОТГОНЦЭЦЭГ