Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01787

 

В Б, Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1469 дүгээр магадлалтай,

В Б /W B/, Б /В/нарын нэхэмжлэлтэй

“Т Х” ХХК, П.Э, Г.Ц, Э.А, Э.Э нарт холбогдох

Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах, ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Э.Э нараас гаргуулах, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382 938 857 төгрөгийг хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар, хариуцагч П.Э, Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Данзандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: П.Э, В Б, Б нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “Т Х” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, В Б, Б нараас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч П.Э, Г.Ц, “Т Х” ХХК-аас гаргуулж өгнө үү. В Б, Б нар гэрээний дагуу 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 270 824 080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, П.Э, Г.Ц нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл В Б, Б нарт гэрээний дагуу огт ашиг өгөөгүй тул талууд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхвөр гэрээг байгуулсан. Уг гэрээгээр В Б, Б нар 270 824 080 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, П.Э, Г.Ц нар В Б, Б нарт “Т Х” ХХК-ийн нийт хувьцааны тус бүр 33.3 хувийг шилжүүлж, 240 000 000 төгрөг дээр болтлогч болон ковшийг буцааж өгөх, 2013 онд нэмж оруулсан мөнгийг сар бүрийн 3 хувийн хүү бодож үйлдвэрлэлийн борлуулалтаас олгохоор тохирсон. Гэтэл дээрх хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээг байгуулсан П.Э нь гэрээ байгуулах үед “Т Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан бөгөөд компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гэрээ байгуулсан. Иймээс дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 240 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулж өгнө үү. В Б нь хамтран ажиллах гэрээ, нөхвөр гэрээний дагуу “Т Х” ХХК-д CDM853 модельтой 2012 оны ковшийг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Эт хүлээлгэн өгсөн. Уг ковшийг В Б өөрийн мөнгөөр Алтан гандир ХХК-ийн нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 52 000 ам.доллараар худалдан авсан. Тухайн ковшийг шилжүүлсэн үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу “Т Х” ХХК-д ашиглуулахаар Э.Эт хүлээлгэн өгсөн ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар “Т Х” ХХК, П.Э, Э.Э нараас гаргуулж өгнө үү. Гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж, БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Этай тохиролцож, В Б, Б нар ажилчдын цалинд 670 564 юань болон 25 300 960 төгрөг, тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардалд 221 925 юань болон 3 250 000 төгрөг, компанийн удирдлагуудыг Эрээн хотруу явсан зардал болон визний сунгалтын зардал 127.572 юань болон 65 635 500 төгрөг, бензин шатахуун, цахилгаан нүүрс зэрэг зардалд 35 054 117 төгрөг, засвар техникийн үзлэг, ковшийн түрээс 3 342 000 төгрөг, бусад зардалд 17 235 юань болон 26 765 150 төгрөг, нийт 1 037 296 юань болон 159 347 727 төгрөгийг “Т Х” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулснаас В Б нь 91 000 000 төгрөгийн зардлаа үйлдвэрлэсэн тоосгоноос авсан тул үлдэх 68 347 727 төгрөг, 1 037 296 юань буюу 314 591 130 төгрөг, нийт 382 938 857 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Х” П.Э, Г.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Э, Г.Ц, хариуцагч “Т Х” ХХК, Э.А, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. В Б /Дарамбилэг/, Б болон бид нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тоосгоны үйлдвэрлэл явуулж, олсон ашгаа бид гурав ижил тэнцүү хувааж авахаар тохирсон. Гэтэл тоосгоны үйлдвэр нь ямар ч ашиг олоогүй бөгөөд В Б, Б нар нь үйлдвэрлэсэн тоосгыг өөрсдөө аваад, зарж борлуулан мөнгийг нь авсан. Б, В Б нар 270 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Гэрээг байгуулах үед В Б, Б нар “Т Х” ХХК нь П.Эын компани биш, түүний хүү Э.Аын компани гэдгийг мэдэж байсан. Иймд 240 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ковшийн хувьд Б, В Б нар нь хариуцагч нарт уг ковшийг хүлээлгэж өгөөгүй, энэ талаар мэдэх зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Т Х” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Т Х” ХХК, В Б, Б нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 240 000 000 төгрөгийг хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Л.Г.Ц нараас гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх заасныг баримтлан хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Э.Э нараас CDM853 модельтой, 2012 онд үйлдвэрлэсэн ковшийн үнэ 126 166 040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд төлсөн 382 938 857 төгрөгийг хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 513 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1469 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 513 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, П.Ундрах-Эрдэнэ нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Дээрх шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй байна. 1. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох 2012 оны 06-р сарын 14-ний өдөр байгуулсан №01 тоот “Тэсийн хүрд ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ” болон 2013 оны 02-р сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээг буруу тайлбарлан дүгнэсэн тухайд: - Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: “Хамтран ажиллах гэрээнд ““Т Х”” ХХК-ийн тамга дарагдсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн буюу хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл буюу тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрөл авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн ийнхүү дүгнэсэн шийдвэрээс үзэхэд хуулийн этгээдийн байгуулж буй гэрээнд зөвхөн компанийн тамга дарсан бол хүчинтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна. - Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ: “2012 оны 6 сарын 14-ний өдрийн Хамтран ажиллах гэрээнд талуудыг А тал нь П.Э, И тал нь Ван овогтой Билэг, Э тал нь Сайнбаяр овогтой Б гэж тодорхойлсон тул 3-н иргэний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ гэж үзэн гэрээнд ““Т Х”” ХХК оролцсон гэх эрх үүрэг үүсээгүй байх тул төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй” гэж дүгнэсэн байна. Гэрээг ““Т Х”” ХХК-ийн Гавьжийн тосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ гэж тодорхойлсон байхад тус гэрээг иргэдийн хооронд хийгдсэн гэрээ гэж буруу тайлбарлаж дүгнэсэн байна. Талуудын байгуулсан хамтран ажиллах гурван талт гэрээ /хх14 ху/-ний 12 дахь хэсэгт ““Т Х”” ХХК-д байгаа бүхий гэрчилгээ, тэмдэг, баримт, эрхийн бичиг, үл хөдлөх хөрөнгө үйлдвэрийн тоног төхөөрөмж газар талбай, газар дээрх бүх баялаг нь хамтын өмч. Хожим ямар ч нөхцөлд цаг үед аль нэг гал ч ямар нэг шалтгаан нөхцөл бололцоогоор ганцаараа хөрөнгийг илүү авах эрх мэдэл хэрэглэж болохгүй.” гэж заасан. Тийм ч учраас энэ талаар 2012 оны 6 сарын 14-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээний 1 болон 8 дахь хэсэгт хувьцааны 66.6 хувийг В Б, Б нар шилжүүлэн авч компанийн холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах, хэрэв ийнхүү хувьцаа эзэмшигчээр оруулаагүй тохиолдолд үйлдвэрийн ашгаас мөнгөө хүүгийн хамт буцаан авахаар тохирсон байсан. Мөн дээрх гэрээг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт П.Э нь ““Т Х”” ХХК-ийн тоног төхөөрөмж, хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлж, үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, гэр байшин тохижуулалтад В Б, Б нар тус бүр 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан 3 иргэний хооронд байгуулсан гэрээ гэж үзсэн нь, Иргэний хуулийн 198.1, 198.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээг тайлбарлахдаа тухайн шууд утгыг анхаарна гэсэн нь гэрээг тайлбарлах цорын ганц арга биш бөгөөд гэрээний агуулгыг тайлбарлах замаар гэрээг нэмэлт байдлаар тайлбарлаж болно. Монгол улсын Иргэний хуулийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан, В Б, Б нарын хүсэл зориг нь иргэн П.Этай гэрээ байгуулах биш байсан бөгөөд П.Эыг ““Т Х”” ХХК-г төлөөлж хамтран ажиллах гэрээ байгуулж байна гэж ойлгосон тул гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, комнаний тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулж, олох ашгаас хувь хүртэх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйл болох гэрээг буруу тайлбарлаж дүгнэсэн болох тогтоогдож байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Гэрээ байгуулах үед буюу 2012, 2013 онуудад тус компанийн хувьцаа эзэмшигч болоод төлөөлөх эрхтэй этгээд нь П.Э биш, Э.А болон Г.Чингүнжав нар байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал нь Ч.Баярмаа байсан болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог, /1-р хх-ийн 181-182 / Монгол улсын Компанийн тухай хуулийн 83.8-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж, Монгол улсын Иргэний хуулийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 64.1-т.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж төлөөлөх эрхийн талаар тус тус хуульчилсан байдаг. Түүнчлэн ““Т Х”” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт захирал компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах эрхтэй гэж заасан байна. /1-р хх-ийн 183-187/, Иймд П.Э нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байж ““Т Х”” ХХК-ний тамгыг дарж, компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8, 56,1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Дээрх 2012 оны 06-р сарын 14-ний өдөр байгуулсан №01 тоот ““Т Х”” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ болон талуудын хооронд 2013 оны 02-р сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээний дагуу нэхэмжлэгчид хөрөнгө оруулалт гэж 240 000 000 төгрөгийг ““Т Х”” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэрт зарцуулахаар П.Э, Л.Г.Ц нарт хүлээлгэн өгсөн болох нь хөрөнгө оруулалтын мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогддог. /1-р хх-ийн 25-64/, П.Э нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш учраас маргаан бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулсан 2012 оны 06-р сарын 14-ний өдөр байгуулсан №01 тоот ““Т Х” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээ” болон 2013 оны 02-р сарын 19-ний өдөр байгуулсан нөхвөр гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу оруулсан хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. 2. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд: Шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй тухайд: Анхан шатны шүүх ковшийн эзэмшигчийг гэрчийн мэдүүлгээр нотлох боломжгүй гэж, давж заалдах шатны шүүх В Б нь ковшийн өмчлөгч болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй, тээврийн хэрэгслийг хариуцагч талд хүлээлгэн өгснөө нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нар нь СDМ853 загварын ковшийг нэхэмжлэгчийн өмч, мөн ковшийг хүлээн авсан тухайд хүлээн зөвшөөрч, маргадаггүй бөгөөд харин бусдад шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг гаргадаг. Хариуцагч ковшийг бусдад шилжүүлсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Нэгэнт хариуцагчид ковш биет байдлаар байхгүй тул нэхэмжлэгчийн зүгээс хохирол буюу ковшны үнийг нэхэмжилсэн. Хариуцагч нар ковшийг хүлээн авсанаа зөвшөөрсөн байхад анхан, давж заалдах шатны шүүх ковшийг хариуцагч хүлээн аваагүй, нэхэмжлэгч В Б нь ковшийн өмчлөгч болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэнд гомдолтой. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчдын тайлбар, ковшийг хүлээн авсан хариуцагч Э.Эын гар бичмэл баримт /хариуцагч маргадаггүй/, гэрч Н С нарын мэдүүлэг зэрэг нь ковшийн өмчлөгч В Б болохыг хангалттай нотлох боломжтой, Дээрх маргаан бүхий СDМ853 модедьтой 2012 оны ковшийг “Алтан гандир” ХХК нь “Аодэ” ХХК-аас 2012 онд худалдаж авсан байдаг. Энэхүү “Алтан гандир” ХХК-ийн цорын ганц 100 хувь хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч В Б бөгөөд энэхүү ковш худалдан авсан гэрээ, ковшнийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бүх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. “Алтан гандир” ХХК нь дээрх ковшийг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч В Бгийн хувийн өмч болохыг мэдэгдэж, компанийн өмч биш болох талаар холбогдох баримтыт шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ нь “Алтангандир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н Сгийн гарын үсэг бүхий албан тоотоор тогтоогдохоос гадна “Алтангандир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н Сгийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр давхар тогтоогддог. Мөн дээрх ковш нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болохыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч В Б нь 2013 оны 09-р сарын 08-ны өдөр ““Т Х”” ХХК-д ашиглуулахаар Э.Эт баримт үйлдэн хүлээлгэн өгч ашиглуулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэж өгөөгүй юм. Гэтэл шүүх ковшийг В Бгийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг баримтаар нотлогдоогүй, мөн хариуцагч талд ковшийг хүлээлгэн өгсөн нотлох баримт байхгүй тул нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй байна. Шүүх нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой үнэлж дүгнээгүй тухайд: Дээрх дүгнэлт нь үндэслэлгүй гарсан гэдэг нь дараах нотлох баримтаар тогтоогдоно. Үүнд: 1. “Алтангандир” ХХК, “АОДЭ” ХХК хооронд 2012 онд байгуулсан ковш худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 41-61 дэх тал/, 2. Нэхэмжлэгч В Б нь "Аптангандир” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох талаарх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 41-61 дэх тал/, 3. Тус ковшийн өмчлөгч нь В Б мөн гэдгийг тодорхойлсон “Алтангандир” ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 41-61 дэх тал/, 4. Тус ковшийн өмчлөгч нь В Б болох талаар “Алтангандир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н Сгийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дахь тал/, 5. Тус ковшийг 2013 оны 09 сарын 08-нд Э.Эт хүлээлгэн өгсөн талаар Э.Эын гарын үсэг зурж үйлдсэн бичиг, баримт /1-р хх-ийн 63/, 6. Ковшийг В Бгээс хүлээн авсан талаараа хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр ковшийг хүлээн авсан талаар маргаагүй, мөн ковшийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Бямбаа гэдэг хүнд аваачиж өгсөн тухай хариуцагч П.Эын анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Дээрхээс дүгнэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитой үнэлж, дүгнэж шийдвэр гаргаагүй байна. 3. Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухайд: Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй тухайд: - Анхан шатны шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхдээ “...гэрээний талууд тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарсан зардлыг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хавтаст хэргийн 25-68 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдоогүй болно.” гэж нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Учир нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүх 1-р нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримттай андуурч дүгнэсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2013-2014 оны хооронд тоосго үйлдвэрлэхтэй холбоотой дараах зардлуудыг нэхэмжлэгч Wang Bili /В Б/, Вatujirigala /Б/ нар гаргасан. Үүнд: 1. Ажилчдын цалинтай холбоотой зардал 670 564 юань болон 25 300 960 төгрег /1-79 дэх тал/ 2.Тоног төхөөрөмж, сэлбэг засварын зардал 221 925 юань болон 3 250 000 төгрөг /82-146 дахь тал/, 3. Компанийн удирдлагуудын Эрээн хот руу явсан зардал болон визний сунгалтын зардал 127 572 юань болон 65 635 500 төгрөг /149-277 дахь тал/, 4. Бензин шатахуун, цахилгаан нүүрс зэрэг зардал 35 054 117 төгрөг/230-261 дэх тал/, 5. Засвар тенхикийн үзлэг, ковшийн түрээс 3 342 000 төгрөг /264-274 дэх тал/, 6. Бусад зардал 17 235 юань болон 26 765 150 төгрөг /277-377 дахь тал/, Дээрх гаргасан зардлууд нь нэг бүрчлэн баримтаар нотлогдох бөгөөд баримтууд нь хэрэгт авагдсан байгаа болно. - Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч В Б, Б нар нь хөлсөөр ажиллуулах гэрээний тал болж үүрэг хүлээгээгүй байх тул хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн зардал гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж, мөн тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хөрөнгийг санхүүжүүлсэн гэх боловч хамтран ажиллах гэрээ болон нөхвөр гэрээнд талууд тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой бусад зардлыг хэрхэн хуваарилах талаар тохиролцсон заалтгүй, нэмэлт зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд, тухайн компанийн хувьцаанаас хувь эзэмшинэ гэж итгэсний үндсэн дээр дээрх компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг хариуцагчийн хүсэлтээр хийж ирсэн байдаг. Үүний нэг нь БНХАУ-аас хямд төсөр цалин хөлстэй мэргэжлийн хятад ажилчид оруулж ирэх П.Эын саналыг дэмжиж бүх зардлыг В Б, Б нар гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хятад ажилчид ““Т Х”” ХХК-ийн нэр дээр хөдөлмөр эрхлэх визээр ажиллаж байсан нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын лавлагаа /1-р хх-ийн 159-161/, П.Э, Л.Г.Ц нар Эрээн хот руу хэдэн удаа орж гарч байсан нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /1-р хх-ийн 152/, ““Т Х”” ХХК-ийн зардлууд нь СБД-ийн Татварын хэлтсийн ирүүлсэн тайлан /1-р хх-ийн 235-241/, СБД-ийн санхүү, төрийн сангийн хэлтсийн ирүүлсэн тайлан /1-р хх-ийн 249-250, 2-р хх-ийн 1-14/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Хариуцагч П.Э нар нь тухайн компанийн эрх бүхий этгээд биш, хувьцаанд хөрөнгө оруулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй этгээд биш байсан тул энэхүү компанийн үйл ажиллагааны зардлыг В Б, Б нар хариуцах үндэслэлгүй байжээ. Өөрөөр хэлбэл '“Т Х”” ХХК болон П.Э, Г.Ц нар нь В Б, Б нараар бүхий л зардлыг гаргуулж, өөрсдөө огт хөрөнгө гаргаагүй байдаг. Иргэний хуулийн 496 дугаар зүйлд “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн зардлыг хариуцвал зохих этгээд буюу ““Т Х”” ХХК, П.Э, Г.Ц нараас шаардах эрхтэй байна. Монгол Улсын иргэдийн зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч нараас нэг удаа мөнгийг нь авч ашиглаж, мөнгөтэй болно гэсэн хууль бус үйлдлүүдээс болж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд удаан хугацаанд хөрөнгө оруулж, хувь нэмэр болох маш олон гадаадын хөрөнгө оруулагч нарыг үргээж байна. Мөн Монгол Улсад шүүх хуулийг нэг мөр хэрэглэдэггүй, шүүх шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргадаггүй зэрэг байдал нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг багасгах нэг хүчин зүйл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Улсын Дээд шүүхийн эрхэм шүүгч нар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хуулийн шаардлага хангасан, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж нотлох баримтыг бодитой үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ач холбогдол бүхий маргааны үйл баримтыг тодруулж, бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүйгээс хяналтын шатны шүүх  хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

БНХАУ-ын иргэн Б, В Б нар нь “Т Х” ХХК, П.Э, Г.Ц, Э.А нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Г.Ц нараас гэрээний дагуу хөрөнгө оруулсан 240 000 000 төгрөг, тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан гаргасан зардал 382 938 857 төгрөгийг гаргуулах, хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Э.Э нарт холбогдуулан ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн П.Э болон Ван овогтой Билэг, Сайнбаяр овогтой Б нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ, нэмэлт гэрээний агуулга, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хамтын ажиллагаа, ашиг алдагдал тооцох талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 478, 479, 480, 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.1-т заасан зохицуулалтын дагуу дүгнэлт хийх боломжтой байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Т Х” ХХК, П.Э, Э.Э нарт холбогдох ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүйгээс ковшийг Э.Э авсан баримт хэрэгт байх боловч ковшийг буцааж өгсөн эсэх, ковшийн зах зээлийн үнэ зэрэг ач холбогдол бүхий байдал тодорхой бус үлджээ. Энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаан дээр тодруулахад хариуцагч П.Э ковшийг хамтран ажиллах гэрээний дагуу бус, өөр үйл ажиллагаанд буюу өөрийн карьерын үйлдвэрт хэд хоног авч, хэрэглээд буцаагаад өгсөн гэжээ. Тухайн ковшийн эзэмших эрхийн бүртгэл хийгдээгүй боловч хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нарыг эзэмшигч гэж үзэж эсэхийг дүгнэх боломжтой байна.

Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага, түүний үндэслэлийн талаар зохигчид бүрэн мэтгэлцсний үндсэн дээр маргааны үйл баримт тогтоогдож, шүүх эрх зүйн дүгнэлтийг хийх тул хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг  шийдвэрлэх боломжгүй болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00764 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1469 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 513 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА