Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

      2018 оны 03 сарын 23 өдөр

                Дугаар 183/ШШ2018/00704

                   Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн Жон Ми Жэ /Jung Mi Je/ нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж 34, “Жэй” цамхаг, 412 тоотод оршин суух, пасспортын дугаар М85984150, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0161510/

 

Хариуцагч: БНСУ-ын иргэн Ким Жү Сон /Kim Joosung/ холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Грийн Вилла хотхон, 205 дугаар байр, 203 тоотод оршин суух, пасспортын дугаар М156299888, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0174523/

 

Гэм хорын хохиролд 269.782.735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, гэрч Р.Оюун, В.Одонгэрэл, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жон Ми Жэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын иргэн Жон Ми Жэ нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 47.000.000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн Ким Жү Сонд хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл Ким Жү Сон нь дээрх 47.000.000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Ким Жү Сон нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 269.782.735 төгрөгийг Ким Жү Сон хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж үзсэн. БНСУ-ын иргэн Ким Бён Жу, Ким Уг Сүн, Юу Син Ван, Чой Кён Хи нарт зээлийн төлбөрт төлсөн гэх нэрийдлээр 269.782.735 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул бусдад учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 269.782.735 төгрөгийг Ким Жү Соноос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ким Жү Сонд холбогдох эрүүгийн хэрэгт Ким Жү Соноос мөнгө авсан зарим хүмүүс Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаар шалгавал зохих бүхий л асуудлыг тогтоогоогүй, хохирлын тооцооллыг буруу дутуу хийсэн байдаг. Энэ тооцоололд үндэслэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Жон Ми Жэ нь 47.000.000 иенийг “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд Ким Жү Сон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Жон Ми Жэ нь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “Юу Эм Ди” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

БНСУ-ын иргэн Жон Ми Жэгийн нэхэмжлэлтэй, БНСУ-ын иргэн Ким Жү Сонд холбогдох, гэм хорын хохиролд 269.782.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Ким Жү Сон нь нэхэмжлэгч Жон Ми Жэ-д 269.782.735 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болох нь Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолд “...Ким Жү Сон нь 2014 оны 11 дүгээр сарын 17-20 өдрийн хооронд “Юу Эм Ди” ХХК-ийн өр, төлбөрийг төлүүлэхээр Жон Ми Жэгээс олгосон 47.000.000 иенээс 269.782.735 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна...” гэсэн, Мөрдөн байцаагч Д.Дамдинсүрэнгийн хохирлын тооцоолол хийсэн баримт, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт Ким Жү Соны тайлбар, мэдүүлэг, Р.Оюуны тайлбар, БНСУ-ын иргэн И Ён Сүгийн тайлбар, В.Одонгэрэлийн тайлбар, гэрчээр байцаагдсан П.Урнаагийн мэдүүлэг, “Алаг уул финанс аудит” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн аудиторын дүгнэлт, гэрч Р.Оюун, В.Одонгэрэл нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр нотлогджээ.

 

Хариуцагч тал “...Жон Ми Жэг нь 47.000.000 иенийг Ким Жү Сонд хадгалуулаагүй, “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуул гэж олгосон тул уг компанийн өр, зээлийг төлсөн, үлдэгдэл гэх 269.782.735 төгрөгийн хувьд байцаагч алдаатай тооцоолол хийсэн, нэхэмжлэлийг Жон Ми Жэ гаргах эрхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулан шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Зохигчид “Жон Ми Жэ нь 47.000.000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж ирсэн, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ким Жү Сонд “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуул гэж хүлээлгэн өгсөн” талаар маргаагүй, Жон Ми Жэгийн 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Гаалийн мэдүүлэг бөглөсөн Зорчигчийн мэдүүлгээр нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Жон Ми Жэ нь өөрт учирсан гэм хорын хохиролд 269.782.735 төгрөгийг хариуцагч Ким Жү Сон-оос шаардах эрхтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сон-оос гэм хорын хохиролд 269.782.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Жон Ми Жэ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч Т.Оюунчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэсэн тул зохигчийн зөвшөөрлийг үндэслэн түүний эзгүйд шүүх хуралдааныг явсан болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сон-оос гэм хорын хохиролд 269.782.735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Жон Ми Жэ-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Жон Ми Жэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БНСУ-ын иргэн Ким Жү Сон-оос улсын тэмдэгтийн хураамжид 1.506.863 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД

 

                         ШҮҮГЧИД                                                                Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                           Л.НАРАНГЭРЭЛ