Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01733

 

БНСУ-ын иргэн Ж М Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1420 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж М Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БНСУ-ын иргэн К Ж С-д холбогдох,

Гэм хорын хохиролд 269 782 735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж М Ж нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 47 000 000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К Ж С-д хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн.

Гэтэл “К Ж С нь дээрх 47 000 000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор К Ж С нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 269 782 735 төгрөгийг К Ж С хувьдаа завшсан нь тогтоогдсон тул тус мөнгийг К Ж С-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Ж М Ж нь 47 000 000 иенийг “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд К Ж С нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Ж М Ж нь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “Юу Эм Ди” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ.

Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гэм хорын хохиролд 269 782 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 506 863 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1420 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн К Ж С-оос 158 087 885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж М Ж--д олгож, үлдэх 111 694 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 506 863 төгрөг” гэснийг “948 389” төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 507 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

БНСУ-ын иргэн Ж М Ж нь 2014 онд даалгаврын гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэхээр К Ж С-д аливаа мөнгийг хэзээ ч шилжүүлж байгаагүй бөгөөд харин гадаадаас оруулж ирсэн мөнгийг компанийн өр барагдуулах нэрээр хувьдаа завшсан гэмт хэргийн чанартай үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, шүүхэд хандсан атал дээд шатны шүүхээс К Ж С-д 47 сая иенийг компанийн бусдаас зээлсэн өр төлбөрийг төлүүлэхээр даалгасан мэтээр дүгнэж Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас БНСУ-ын иргэн болох Ким Бён Жү, Ким Уг Сүнь нар нь нийт 55 564 200 төгрөгийг “Юу Эм Ди” ХХК-д зээлдүүлсэн мөнгөө буцаан авсан талаар өөрсдийн гараар бичиж нотариатаар баталгажуулсан гэх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байх боловч дээрх баримтууд нь эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад болон “Алаг-Уул финанс” аудитын дүгнэлтээр дээрх нэр бүхий Солонгос иргэдээс “Юу Эм Ди” ХХК-д мөнгө зээлүүлж байгаагүй талаарх үйл байдал тогтоогдож няцаагдсан, энэ талын баримтууд хэрэгт авагдсан атал анхан шатны шүүхийн үнэлээгүй баримтыг дээд шатны шүүх хууль зөрчиж үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөд зогсохгүй шударга ёсонд нийцэхгүй үйлдэл болжээ.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Ц.Ариунсанаагийн 32 930 650 төгрөг, В.Одонгэрэлийн 23 200 000 төгрөгтэй хамааралтай тооцоо нь анх эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад хасагдаж тооцогдсон, хохирогч талаас уг мөнгийг нэр бүхий зээлдүүлэгч нарт төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн учраас дахин дээд шатны шүүхийн дүгнэлтээр 56 130 650 төгрөг хасагдаж байгаа нь нэг зээлийг “Юу Эм Ди” ХХК нь хоёр удаа төлж байгаа, бусдын завшсан мөнгийг хохирогч тал шүүхийн шийдвэрээр олж авч чадахгүй тийм шударга бус нөхцөлд хүрээд байна.

Иймд дээр дурдсан хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг судлан үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1420 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч, хасагдсан хэсэгтэй холбоотой нотлох баримтыг зөв үнэлсэн боловч эргэн төлөгдсөн мөнгийг бүрэн тооцоолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хамааралтай, тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадсангүй гэж үзэж байна.

В.Одонгэрэл 2016 оны 05 дугаар сарын 20-нд өгсөн тайлбартаа “нэмж хэлэхэд би өөрийн хувийн зүгээс “Юу эи ди” ХХК-д эхний ээлжинд 2014 оны 7 сард 8 000 000 төгрөг, 2014 оны 9 сард 20 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж байсан. Гэхдээ би өөрөө тус байгууллагад ажилладаг мөртлөө байгууллагадаа хүүтэй мөнгө зээлнэ гэхээр санаа зовоод Энхжин гэж хүний нэр дээр бичүүлж байсан юм. Энэхүү мөнгийг би хүүгийн хамт буцааж авсан байгаа” гэсэн, түүнчлэн 2014 оны 7 сараас 2014 оны 11 cap хүртэл 8 сая төгрөгийн 4%, 2014 оны 8 сараас 2014 оны 11 cap хүртэл 20 саяын 4%, В.Одонгэрэл нийт 32 800 000 төгрөг авсан тооцоо гарч байна. Мөрдөгчийн тогтоосноос 23 417 770 төгрөг илүү байгааг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн тооцооллоос 9 600 000 төгрөг илүү төлөгдсөн байна.

Ким Уг Сунь, Ким Бен Жү нарт өгсөн мөнгийг нотлогдсон гэж үзсэн атлаа И Ён Сугт өгсөн мөнгийг хассангүй. И Ён Сугийн хувьд 18 200 000 төгрөг өгсөн нь тогтоогдсон, 20 320 800 төгрөг тогтоогдоогүй гэж мөрдөн байцаагч үзсэн. И Ён Суг 2016 оны 05 дугаар сарын 20-нд өгсөн тайлбарт “...“Юу Эм Ди” ХХК-д 50 000 000 төгрөг зээлдүүлсэн үүнээс 3 000 ам.доллар дутуу бусдыг авсан, 38 520 800 төгрөг авсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. 3 000 ам.доллар*1883=5 649 000 төгрөгийг 50 сая төгрөгөөс хасахад 44 351 000 төгрөг авсан байна. Үүнээс тогтоогдсон гэж байгаа 18.2 саяыг хасахад 26 151 000 төгрөгийн зөрүү гарч байна. Уг мөнгийг нэхэмжлэлээс хасах ёстой. Ке Сон Хүн 2014 оны 11 дүгээр сарын 17-нд нийт 48 410 000 вон буюу 82,781,100 төгрөг “Юу эм ди” ХХК-иас авсан. 10 000 000 вон нь Ке Сон Хүний “Юу Эм Ди” ХХК-д зээлдүүлсэн мөнгө, 38,410,000 вон нь “Тэвон Чанху” компаниас бараа материал зээлээр авсан төлбөр. Энэ нь нийт 82 781 100 төгрөг болно. Ким Бён Жу “Юу Эм Ди” ХХК-д зээлдүүлсэн мөнгөнөөс 9,0 сая вон, цалин 12,0 сая вон нийт 21,0 сая воныг хүлээн авсан талаараа баримт үйлдэж нотариатаар батлуулан ирүүлснийг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь 35 910 000 төгрөг болох ба мөн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах саналтай байна.

Эдгээр нь нийт 154 442 100 төгрөг болох ба давж заалдах шатны шүүхээс Ким Бен Жүд өгсөн гэх 16 200 000 төгрөгийг хасвал 138 242 100 төгрөг болох юм. Ийм учраас магадлалд дурдсан 158 087 885 төгрөгөөс 138 242 100 төгрөгийн хэмжээгээр зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж М Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч БНСУ-ын иргэн К Ж С-оос 269 782 735 төгрөг гаргуулахыг шаарджээ. Энэхүү шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К Ж С-д “хадгалуулах зориулалтаар”, “өөрийн компанид хөрөнгө оруулах зорилгоор”, “компанийн өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн” өгсөн гэж өөр өөрөөр тодорхойлсон байгааг шүүх анхаараагүйгээс маргаантай харилцааны төрлийг зөв тогтоож чадаагүй, улмаар Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой хэрэглэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанаас үүдэлтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь тус тус үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  Иргэний хуулийн уг зохицуулалтаар үүрэг үүссэн гэж үзэхийн тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч Ж М Ж нь өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр, уг компанийн өр төлбөрийг барагдуулах зорилготой хариуцагчид шилжүүлсэн мөнгөнөөс хэдий хэмжээний хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглагдсан, хөрөнгө оруулалтын ямар хэсэг нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдоогүй учир нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Хариуцагч К Ж С нь “Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол түүний дээрх мөнгийг захиран зарцуулсан явдлыг хууль бус үйлдэл гэж үзэх эсэх, энэхүү ажиллагаанд тэрээр гэм буруутай гэж үзэх үндэслэл тодорхой бус байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор К Ж С--д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос бус түүний гэм бурууг тогтоогоогүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох ба Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан байна.

Эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, К Ж С-ыг 269 782 735 төгрөгийг хувьдаа завшсан болох нь нотлогдсон гэж үзсэн боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Яллагдагчийн гэм буруугийн талаарх прокурорын дээрх санал шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдаагүй тохиолдолд тухайн дүгнэлтийг хариуцагчийн гэм буруугийн нотлогоо гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруу, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн байдал, гэм хорын хэмжээ  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын дагуу нотлогдсон тохиолдолд иргэний эрх зүйн хариуцлага ногдуулах үндэслэл үүснэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4.-т зааснаар нэхэмжлэгчийг даалгавар өгөгч гэж, хариуцагчийг даалгавар гүйцэтгэгч гэж үзэн, “даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь эрх зүйн хувьд алдаатай болжээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3., 83.6., 83.7., 83.8.-д зааснаар хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байдаг бөгөөд гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж, гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгаж, гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

“Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан К Ж С нь хөдөлмөрийн, эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан нь тодорхой бус, нэхэмжлэгч Жо Ми Жэгээс өгсөн мөнгийг тэрээр үүрэгт ажлын дагуу зарцуулах, эсхүл хадгалах ёстой байсан, эсхүл үүрэгт ажилтай холбоогүйгээр тодорхой үйлдэл хийх тусгай гэрээгээр даалгавар гүйцэтгэсэн болох нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхой бус байгаагаас хэргийн нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзэх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1420 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 849 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН