Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01420

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНСУ-ын иргэн Ж.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж.М,

Хариуцагч БНСУ-ын иргэн К.М-д холбогдох,

Гэм хорын хохиролд 269 782 735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, өмгөөлөгч Н.Мандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.М нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 47 000 000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “Юу Эм Ди” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К.Мд хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл К.М нь дээрх 47 000 000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор К.М нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 269 782 735 төгрөгийг К.М хувьдаа завшсан нь тогтоогдсон тул тус мөнгийг К.Моос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.М нь 47 000 000 иенийг “Юу Эм Ди” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд К.М нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Ж.М нь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “Юу Эм Ди” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гэм хорын хохиролд 269 782 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 506 863 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид 269 782 735 төгрөгийн хохирол учруулсан болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 48 дугаар тогтоолоор нотлогдсон гэж дүгнэсэн. К.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, харин тухайн зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс шүүх прокурорын тогтоолоор К.Мы бусдад гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон мөрдөн байцаагчийн хийсэн тооцоолол нь илэрхий алдаатай, дутуу хийгдсэн талаар шүүх хурлын шатанд хариуцагчаас нэг бүрчлэн тайлбарласан боловч анхан шатны шүүх үүнийг шалгаагүй. Тухайлбал, Ц.Ариунсанаад 32 930 650 төгрөгийн зээл төлсөн нь тогтоогдоогүй гэж хохирлын тооцоололд зааж мөрдөн байцаагчийн тооцооллыг туйлын үнэн зөв мэтээр шууд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай дүгнэлт болсон.

Мөн гэм хорын хохирол учруулсан нь К.Мы тайлбар, мэдүүлэг, Р.Оюуны тайлбар, И Ён Сүгийн тайлбар, В.Одонгэрэлийн тайлбар, гэрчээр байцаагдсан П.Урнаагийн тайлбараар нотлогдоно гэж дүгнэсэн. Эдгээр хүмүүсийн тайлбар, мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн нотлох баримтууд биш, эсрэгээрээ үгүйсгэсэн утга агуулгатай байдаг.  

            Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээний дагуу Ким Бён Жу, Ким Уг Сүн, Кэ Сен Хүн нараас албан ёсоор тайлбар авахуулахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан тул тэдгээр хүмүүс өөрсдөө бичиж нотариатаар батлуулсан баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх эдгээр баримтыг үнэлэлгүйгээр хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. К.М нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг К.М өөрт авч ашиглаагүй, мөнгийг компанийн зээлийн өрөнд төлж, үлдсэн хэсгийг компанийн дансанд болон бэлнээр үлдээсэн гэж маргадаг бөгөөд энэ байдлыг тогтоох шаардлагатай байгаа нөхцөлд П.Урнаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байгууллагын санхүүгийн өдөр тутмын орлого, зарлагын тайланг хэрэгт зайлшгүй нотлох баримтаар авч үнэлэх ёстой байсан. Хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Юу Эм Ди ХХК-ийн 2014 оны санхүүгийн орлого, зарлагын тайлан хөтөлсөн дэвтрийг гаргуулах хүсэлт тавьсан. Гэтэл нэхэмжлэгч ийм дэвтэр байхгүй гэсэн тайлбарт үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

            Мөн К.М нь дээрх мөнгөний зарцуулалтын талаар цахим шуудангаар илгээж байсан тухай гэрчүүд мэдүүлдэг тул уг байдлыг шалгуулахаар цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг байгууллагын хаяг биш хэн эзэмшдэг нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ хэнээс хэнд ямар захиа ирсэн нь тодорхойгүй гэсэн ойлгомжгүй үндэслэл дурдсан. Гэтэл уг хүсэлтээ дэмжиж шүүх хуралд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлөөлөгчөөс хэнээс хэнд ямар агуулга бүхий захиаг хэзээ явуулсан талаар тодорхой тайлбар хэлсэн.

            Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            БНСУ-ын иргэн Ж.М нь БНСУ-ын иргэн К.Моос 269 782 735 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “Юу Эм Ди” ХХК-д хөрөнгө оруулалт хийж, зарим нэг зээлийг эргэн төлөх зориулалтаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсад оруулж ирсэн 47 000 000 иенээс 269 782 735 төгрөгийг хувьдаа завшсан нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тогтоогдсон гэж тайлбарлан, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч К.М нь нэхэмжлэгч Ж.Мгээс мөнгө хүлээн авснаа үгүйсгээгүй, хүлээн авсан мөнгийг компанийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан ба эрүүгийн журмаар шалгахдаа хохирлын тооцооллыг дутуу хийсэн, компанийн төлбөр тооцоотой холбоотой асуудал тул Ж.М нэхэмжлэх эрхгүй гэж маргасан байна.

Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэнээр нэхэмжлэгч Ж.М нь “Юу Эм Ди” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байна. Иймд нэхэмжлэгч нь компанид хөрөнгө оруулах зориулалтаар шилжүүлсэн мөнгийг ашигласан этгээдэд холбогдуулан  Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.Мгийн гомдлоор хариуцагч К.Мд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хохирлын хэмжээг 269 782 735 төгрөг гэж тодорхойлсон, прокурорын тогтоолд гомдол гаргаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгуулна гэж нэхэмжлэгч тайлбарласан. Гэвч хариуцагч К.М нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийн зарим хэсэг компанийн бусдаас авсан зээлийн төлбөрт төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу татгалзлаа нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаасныг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжтой, энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

            Нэхэмжлэгч талаас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаах газарт хүргүүлсэн албан бичигт /хх-88/ “Ц.Ариунсанаад өгсөн 32 930 650 төгрөгийг төлбөрт тооцсоныг зөвшөөрнө” гэж зааснаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч В.Одонгэрэлийн “Ц.Ариунсанаагаас 30 сая төгрөг зээлснээ дээрх мөнгөнөөc төлсөн” гэж мэдүүлсэн талаар прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолд тусгагджээ. Иймд уг мөнгөн хөрөнгө буцаан төлөгдсөн гэж үзэхээр байх тул 32 930 650 төгрөгт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцнэ.

“Юу Эм Ди” ХХК-ийн ажилтан В.Одонгэрэлд 20 000 000 төгрөг зээлдүүлсэн бүртгэлтэй байсан нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан “Авдар өргөө” ХХК-ийн аудитын тайлангийн хавсралт буюу компанийн зээлийн бүртгэлийг хавсралтаар гаргасанд тусгагдсан, мөн В.Одонгэрэл нь эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ компанид зээлдүүлсэн 20 000 000 төгрөгөө хүүгийн хамт эргүүлэн авснаа мэдүүлжээ. Иймд 23 200 000 төгрөгийг зээлдүүлэгчид өгсөн нь тогтоогдсон байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Мөн “Юу Эм Ди” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн “Авдар өргөө” ХХК-ийн аудитын тайлангийн хавсралт дахь зээлийн бүртгэлд Ким Бен Жү, Ким Уг Сунь нараас мөнгө зээлсэн нь тусгагдсан, түүний хугацаа, дүн тодорхой байх ба эдгээр хүмүүс тус компанид зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн авсан, авлага дууссан талаарх баримтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд баримтаар ирүүлсэн ба Ким Бен Жү-д 16 200 000 төгрөг,  Ким Уг Суньд 23 020 000 вон буюу 39 364 200 төгрөгийг эргүүлэн төлснөө Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж, хариуцагчийн гаргасан эдгээр баримтыг хэргийн бусад баримттай харьцуулан үнэлбэл 55 564 200 төгрөгийг /16 200 000 + 39 364 200/ компанийн бусдаас авсан зээлд төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй, мөнгийг хэзээ, хаана, хэрхэн буцаан төлсөн баримтгүй гэж төлбөрт оруулан тооцсоныг хариуцагч иргэний хэрэгт баримтаар няцаасан гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр нийт 111 694 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 158 087 885 төгрөгийг Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс компанийн бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх зорилгоор шилжүүлсэн мөнгийг хариуцагч ашигласан явдлыг гэмт хэрэг үйлдсэн гэх талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсанаас үүсэх үүрэгт хамааруулсан нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс компанийн өр төлбөр төлүүлэхээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс зохих ёсоор зарцуулаагүй мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар үүснэ.

Нэхэмжлэлээр шаардсан 269 782 735 төгрөг нь хөрөнгө оруулалт, компанийн өр төлбөрийг барагдуулах зориулалттай байсныг нэхэмжлэгч тайлбарласан тул нэхэмжлэгч Ж.Мгээс шилжүүлсэн мөнгийг зориулалтын дагуу зарцуулах Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний үүрэг хариуцагч К.Мд үүссэн бөгөөд даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч нь даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэснээ 158 087 885 төгрөгийн хэмжээнд нотолж чадаагүй. Иймд уг хэмжээний мөнгийг даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэг мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар үүссэн, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгээр хангах нь хуульд нийцнэ.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй, мөн хариуцагч талын татгалзлаа баримтаар нотолсныг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасанд нийцээгүй байх тул уг алдааг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн К.М-оос 158 087 885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж.М-д олгож, үлдэх 111 694 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 506 863 төгрөг” гэснийг “948 389 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 507 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

   А.ОТГОНЦЭЦЭГ