Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НЗД,

Хариуцагч: ХУДЗД нарт холбогдох,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б\113 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шиймигэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                                               

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:                       

Нэхэмжлэгч Д.Э-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Д.Энь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,  урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.  Би цалинг тооцоход  8 014 600 төгрөг болж байна.  Дундаж цалингаа 744 719 төгрөг гэж гарсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн захирал Д.Э-ы 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” буюу “хангалтгүй” гэж дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд  Д.Э нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үр дүнгийн гэрээний биелэлт нь хангалтгүй дүгнэгдсэн нь үндэслэлгүй байгаа. Д.Э нь 2016 оны үр дүнгийн гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулан уг гэрээг бүрэн хэрэгжүүлж, гэрээний биелэлтийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр гаргаж Хан-Уул дүүргийн Тамгын газарт болон  Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байсан. Гэрээгээ тухай бүрт нь дүгнүүлж, хангалттай сайн гэсэн үнэлгээ авч, үр дүнгийн урамшуулал авч ажиллаж байсан байхад үр дүнгийн гэрээг үндэслэлгүйгээр хангалтгүй гэж дүгнэсэн. Байгууллага хамт олны бүтэн жилийн ажлыг үгүйсгэсэн үнэлгээ болсон.

Мөн үр дүнгийн гэрээний биелэлттэй холбоотой асуудлыг шалгуулахаар 2017 оны 01 сард Хан-Уул дүүргийн Засаг даргаас ажлын хэсгийг байгуулаад тус ажлын хэсэг нь 26 сургууль дээр ирж газар дээр нь шалгаж тайлангаа хамгаалахад гэрээ хангалттай сайн биелэгдсэн байна, “А” үнэлгээ авахаар байна гэж дүнгээ урьдчилан танилцуулж байсан.  Энэ үйл баримт нь 2017 оны 01 дүгээр  сард болсон гэдэг. Үүний дараа 2017 оны 04 дүгээр сард үр дүнгийн гэрээ нь “D” үнэлэгдсэн байна гэж мэдэгдсэн. Үүний дараагаар Хан-Уул дүүргийн Засаг даргад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн зөвшөөрөхгүй байна гэж нэхэмжлэгчээс тайлбар гаргасан. Ингээд  2017 оны 05 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар ямар ч тамга тэмдэггүй, баталгаажаагүй, “F”  гэсэн үнэлгээ авсан гэсэн илтгэх хуудсыг ирүүлсэн байна.  Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбараа 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 36 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчид гаргасан. Хан-Уул дүүргийн Засаг даргын  үнэлгээ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаа мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журам мөн үнэлж дүгнэх аргачлалыг зөрчсөн, түүнийг мөрдөөгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар удаа дараа гаргасан тайлбарт төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга нь авч хэлэлцээгүй, ямар ч хариу өгөөгүй. Ингээд хариу хүлээж байх хугацаанд Нийслэлийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар  ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасныг баримталсан байдаг. Энэ нь сахилгын зөрчилтэй хамааралтай бөгөөд мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан заалттай холбогдуулж үзэхэд мөн хуулийн 131.1.-д сахилгын шийтгэлийг сануулах, үндсэн цалинг бууруулах, ажлаас халах зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргах, 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно гэсэн заалтыг зөрчиж гаргасан. Учир нь ажлын хэсэг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж Д.Э-ыүр дүнгийн гэрээний үнэлгээг шийдвэрлэсэн байдаг. Үүнийг илрүүлсэн хугацаа гэж үзвэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь 2017 оны 06 дугаар сард гарсан тул зөрчлийг илрүүлснээс хойш 3 сарын дараа шийдвэрлэсэн харагддаг.

Мөн 2016 онд зөрчил бий болсон гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож үзэхээр мөн л 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/113 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан заалтыг хангаагүй. Сахилгын зөрчил нь үр дүнгийн гэрээний үнэлгээ, биелэлттэй холбоотой асуудлыг сахилгын зөрчилд  хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг ажил олгогч нотолж чадаагүй. Учир нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдэг нь сахилгын зөрчилтэй холбоотой заалтууд байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь сахилгын зөрчилтэй холбож шийдвэрээ гаргасан. Мөн байгууллагын эрх ашигт сөргөөр нөлөөлөх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажилд харш үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын зөрчилд тооцогдох ёстой.  Тус тохиолдолд харш үйлдэл, эс үйлдэхүй  байхгүй, агуулгын хувьд авч үзвэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байдал харагдаж байна. Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэгдсэн гэх үндэслэлийг захирамжинд заасан байдаг. Хангалтгүй дүгнэгдсэн гэдэгт нэхэмжлэгч нь маш их маргаж байгаа. Учир нь ганц нэхэмжлэгч биш бүх ажилчдын хийсэн ажлыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн хэлбэр болсон. Үр дүнгийн гэрээг дүгнэх аргачлалын тухайд авч үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын дагуу дүгнээгүй. Үүнтэй холбоотой ажлын тайланг хэрэгт мөн гаргасан. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулагдсан бөгөөд үүний дагуу үр дүнгийн гэрээнд бүх үүргийг заасан. Үр дүнгийн гэрээнд заасан арга хэмжээтэй холбогдуулж дүгнээгүй. Иймд тус тушаал нь үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 320 дугаар захирамжаар тус дүүргийн 26 дугаар сургуулийн захирлаар Д.Э-ыг томилсон бөгөөд сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч байдаг юм. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч төсвийг тайлагнах, захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж төсвийг дүүрэгт хуваарилалт хийгээд, дүүрэг нь сургуулиудад хуваарилалт хийдэг. Энэ үүднээс дүүргийн Засаг дарга нь сургуулийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтуудыг үндэслэдэг.

Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 6.2.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ нь хангалтгүй гэж дүгнэгдсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг. Мөн дүүргийн Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/268 дугаар албан бичгээр тухайн дүүргийн 26 дугаар сургуулийн захирлыг үнэлж дүгнэсэн дүгнэлтийг ирүүлж санал хүргүүлсэн байдаг. Энэ санал дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн бөгөөд тус саналыг үндэслээд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Б/116 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/113 дугаар захирамж гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон асуудлыг тайлбарладаг бөгөөд тус урамшуулал нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2013 оны А/299 дүгээр журмыг баримталж урамшуулал олгодог бөгөөд үнэлгээний асуудлыг зохицуулсан. Үнэлгээг 1, 3 дугаар улирлын үнэлгээг тухайн сургуулийн багш, захирал өөрийгөө үнэлэхээр, 2, 4 дүгээр улирлын үнэлгээг ажилчид, багш нар, эцэг эхээс тухайн ажилтны үнэлгээг өгдөг. Тус үнэлгээг үндэслэж урамшуулал олгодог. Нөгөөтэйгүүр үр дүнгийн гэрээ дүгнэгдсэн тухайд тус гэрээгээ дүгнүүлээд тухайн дүүргийн Засаг даргад тайлбар хүргүүлж байсан гэж тайлбарладаг. Хэрэв үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага, шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй боловч энэ эрхийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан захирамжтай холбоотой Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очироос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Үнэлгээг хүчингүй болгуулах нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэдэг нь эргэлзээтэй. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаар захирамжаар төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Дээрх ажлын хэсэг тухайн сургууль цэцэрлэг дээр очиж ярилцлага хийж тухайн дүгнэлтийг гаргасан. Дээрх тогтоолын аль хэсэгт зааснаар тус үнэлгээ нь буруу гэдгийг нэхэмжлэгч яриагүй. “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 5.1.2-т төсвийн шууд захирагчид тухайн оны гэрээг төсвийн ерөнхийлөн захирагчид тайлан биелэлтийн хамт хүргүүлнэ гэж заасан. Тус зохицуулалтын дагуу 26 дугаар сургуулийн захирал Д.Эаас ирүүлсэн үр дүнгийн гэрээний 2016 оны биелэлтийг үзэхэд  1 дүгээр заалтад багш нарын сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал улиралд 1 удаа хийнэ гээд  биелэлтийн хувьд багш нарын сурган хүмүүжүүлэх хурлыг улирал бүрт 1 удаа хийж чанартай сайн зохион байгууллаа гэсэн байдаг. Ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ дээрх заалт, ажлын биелэлт тодорхойгүй, тоо, чанарын үзүүлэлт байхгүй гэсэн байна. Иймэрхүү байдлаар нэхэмжлэгчээс тайланг ирүүлсэн бөгөөд тус тайланг  нь төлөвлөгөөтэй нь судалж шийдвэрлээд 59 оноо аваад “F” үнэлгээ авсан.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т  “Төсвийн шууд захирагч нь энэ хуулийн 40.1.-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгасан байна” гэсэн.  Энэ хурлаар юуг шийдсэн, юуг хэлэлцсэн тухай асуудлууд тусгагдаагүй. Бүх  заалтууд иймэрхүү байдлаар тусгагдсан тайлан ирүүлсэн. Тухайлбал, эцэг эхийн өдөрлөг 1 удаа зохион байгуулах гэж байгаа мөртлөө эцэг эхийн хурлыг 1-12 дугаар ангид зохион байгууллаа гэж тайланд дурдсан нь тодорхой бус гэж үзсэн. Гэрээний биелэлт нь  хуулийн шаардлага хангаагүй. Үүнийг мэргэжлийн гишүүд бүхий ажлын хэсэг үнэлээд  дүгнэсэн. Нийт 42 арга хэмжээ,  2016 онд хэрэгжүүлнэ гэснээс 27 арга хэмжээний биелэлт тодорхойгүй, тоо чанарын үзүүлэлт байхгүй, 5 тусгай арга хэмжээнээс 2 арга хэмжээ нь бүрэн хэрэгжээгүй, 2 арга хэмжээ нь хэрэгжээгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ байдлаар үнэлэгдээд “F” үнэлгээ авсан байдаг.

Нэхэмжлэгч тал нь амаараа “А” үнэлэгдсэн гэж хэлсэн гэж байна. 03 дугаар сард шалгаад дүнг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулахад “F” үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Үүний дараа 2017 оны 04 сарын 27-ны өдөр дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаад, өргөдлийн дагуу дахиад үр дүнгийн гэрээг хянаж нягтлаад биелэлтийг нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дүгнэсэн байдаг. Тэгэхэд “F” үнэлгээ авсан, шалгалтыг  журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал аль журмын, аль заалтыг яаж зөрчсөн үйл баримттай маргаагүй. Мөн “F” гэж үнэлэгдсэн тохиолдолд төсвийн шууд захирагч нь дараах эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд санал нийлэхгүй бол өргөдөл гаргана, түүнтэй санал нийлэхгүй дээд шатны байгууллагад буюу Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу захиргааны үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Тус эрхийг хэрэгжүүлэхгүй байж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдлаар шүүхэд хандсан байна. Захиргааны хэргийн шүүхэд урьдчилан журмаар хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүй гэсэн захирамжийг харахад зөвхөн захиргааны акттай маргаж байгаа нь харагдаж байна. “F” үнэлгээ дээр маргасан зүйл өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг дарга Төрийн албаны зөвлөлд хандаагүй. Иймд тус үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн асуудал тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч НЗД-д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн,

Хариуцагч ХУДЗД-д холбогдуулан “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч НЗД-аас үл зөвшөөрч Д.Энь хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасан дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд  хангалтгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийг гаргасан, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нийслэлийн Засаг даргын Б/113 тоот захирамж нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас, Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч болох Д.Э-тай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг томилогдсон ажлын хэсэг шалгаж дүгнэн хангалтгүй гэсэн үнэлгээг гаргасан, гэрээнд заасан нийт 42 арга хэмжээнээс 27 арга хэмжээний биелэлт тодорхойгүй, тоо чанарын үзүүлэлтгүй, 5 тусгай арга хэмжээнээс 2 арга хэмжээ хэрэгжээгүй, 2 арга хэмжээ хангалтгүй хэрэгжсэн нь хангалтгүй гэх үнэлгээг өгөх үндэслэл болсон, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үнэлсэн учир үнэлгээ хуулийн үндэслэлтэй, тухайн үед нь дээд шатны албан тушаалтанд  үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарлан тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч Д.Э нь 2011 оноос эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 26 дугаар дунд сургуулийн захирлаар  томилогдон  ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 321 дүгээртэй “Ажилд томилох тухай” захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн  Б/113 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж,  Д.Э болон Нийслэлийн Боловсролын газрын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1403/С3060 тоот хөдөлмөрийн гэрээ, 0476683 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2. Ажил олгогч Нийслэлийн Засаг даргын дээрх Б/113 тоот тушаалд дүүргийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээг биелүүлээгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хууулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2., Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1, хөдөлмөрийн гэрээний  6.2.4-т заасныг тус тус үндэслэн  Д.Э-ыг ажлаас нь чөлөөлжээ.

 3. Нийслэлийн Боловсролын газар болон Д.Э нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т зааснаар “Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт “хангалтгүй”  дүгнэгдсэн” бол үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна.

4. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж заасны дагуу 26 дугаар сургуулийн захирал Д.Э, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаагаар  “Үр дүнгийн гэрээ”-г байгуулж, уг гэрээний “2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө” гэсэн хавсралтаар 42 нийт арга хэмжээ, 5 тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх, манлайлалын зорилтын хүрээнд 5 үйл ажиллагааг явуулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх 2 зорилт төлөвлөсөн байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар томилогдсон ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирал Д.Э-ы 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг шалган илтгэх хуудас бичсэн болох нь зохигчдын тайлбар, “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээг үнэлэх, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл”, “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээний нэгтгэл”, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Үр дүнгийн гэрээний дүнг танилцуулсан тухай илтгэх хуудас” зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нэхэмжлэгч Д.Э-ы үр дүнгийн гэрээг дүгнэсэн “59”, “57” гэсэн 2 өөр оноо бүхий  “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас” авагдсан байх ба хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “59” гэсэн оноо бүхий илтгэх хуудсыг 2017 оны 03 дугаар сарын 22-нд гаргасан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Засаг даргад хүсэлт гаргасныг хянаж, дахин 2017 оны 05 дугаар сарын 05-нд “57” гэсэн оноотой илтгэх хуудсыг танилцуулсан гэж тайлбарласанд нэхэмжлэгч маргаагүй байна.

 

5. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.3. болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.3, 6.4-т зааснаар үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хан-Уул дүүргийн Засаг дарга  дүгнэх эрхтэй байна.

Үүний дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас дүгнэсэн “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд “...Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан “боловсролын стандартыг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг, “Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4.-т /21.1.4. гэж бичсэн/ “сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх” гэсэн заалтыг,  Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 2.4.1-д заасан “Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж, багшид мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Э-ы2016 оны “Үр дүнгийн гэрээ”-нд заасан нийт арга хэмжээний биелэлтийг 20 оноогоор, тусгай арга хэмжээний биелэлтийг 22 оноогоор, манлайллын зорилтын биелэлтийг 15 оноогоор тус тус үнэлж  нийт 57 оноогоор дүгнэн “F“ буюу “хангалтгүй” гэсэн үнэлгээг өгчээ.

6. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэж заасан байх ба Хан-Уул дүүргийн Засаг даргаас томилогдсон ажлын хэсгээс нэхэмжлэгч Д.Э-тай ярилцсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын 1.1, 1.2, 1.3-т заасны дагуу “2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тодорхойлсон үндсэн зорилт түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, дотоод ажил үйлчилгээ зэрэг  42 үзүүлэлт бүхий  нийт арга хэмжээ, 5 үзүүлэлт бүхий тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх, манлайллын зорилтын биелэлт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт зэргийг үзүүлэлт тус бүрээр оноо өгч дүгнэсэн эсэх нь тодорхойгүй,  ямар арга хэмжээнүүдийг үнэлсэн онооны дундаж нь нийт арга хэмжээний биелэлтийг 20 оноогоор, тусгай арга хэмжээний биелэлтийг 22 оноогоор, манлайллын зорилтын биелэлтийг 15  оноогоор үнэлэх үндэслэл болсон нь тодорхойгүй  гэж үзэхээр байна.

Тухайлбал, дээрх аргачлалын 1.1-д  зааснаар нийт арга хэмжээ тус бүрийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан, шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн бол 30, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэлийн зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүй, үр дүнд бүрэн хүрээгүй бол 20-29, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн дуусч, ажил хийгдэж байгаа бол энэ ажлын түвшинг харгалзан 14-19, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн бол энэ ажлын түвшнийг харгалзан 5-13, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдэж эхэлсэн бол 1-4, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ямар нэгэн ажил хийгдээгүй бол оноо өгөхгүй байхаар тооцож, арга хэмжээ тус бүрт өгсөн онооны нийлбэрийг үнэлгээ өгсөн арга хэмжээний нийт тоонд хувааж, 42 нийт арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээний дундаж оноог гаргаж тооцохоор заажээ.

Гэтэл 42 үзүүлэлт бүхий  нийт арга хэмжээ, 5 үзүүлэлт бүхий тусгай арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийг үзүүлэлт буюу арга хэмжээ тус бүрээр оноо өгч үнэлэн, дундаж оноог гарган дээрх аргачлалын дагуу нэхэмжлэгчийн 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл “Илтгэх хуудас”-т “...1.1...1. Сурлагын чанар, гүйцэтгэл өмнөх оноос 8 хувиар буурсан үзүүлэлттэй, 2. Багш нарын улс, нийслэл дүүрэгт үзүүлсэн амжилтууд сүүлийн жилүүдэд байхгүй, 3. Нийслэлийн боловсролын газраас авсан сурагчдын түвшин тогтоох шалгалтын дүн хангалтгүй, 4. Нийгмийн ажилтан, сургалтын менежерийн ажил хангалтгүйгээс багш нарын хичээлийн бэлтгэл муу, заах ур чадвар ахихгүй,...1.ЭЕШ-ын дундаж 471, энэ нь улс, нийслэл, дүүргийн үзүүлэлтийн дунджаас доогуур үзүүлэлт бөгөөд 2016 онд ЭЕШ өгсөн 8 хичээлийн 7 хичээл нь буюу 87,5 хувь нь улсын дунджаас доогуур амжилт үзүүлсэн...3. Захирал өөрийн идэвх санаачилгаар олсон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хангалтгүй, гадна биеийн тамирын талбай стандартын шаардлага хангаагүй, сургалтын хэрэглэгдэхүүнд хүрэлцээгүй... 1.4...1. Захирал мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хангалтгүй ажилласан...1.5...Сургууль нь “Зөв монгол хүүхэд” үндэсний дэд хөтөлбөр, “Авъяас” хөтөлбөр, бага дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд суралцагчийн мэдлэг, чадварыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн сайн хичээл, сайжруулсан хөтөлбөрүүдийг судлан боловсруулж, туршин зааж, бусдад түгээн дэлгэрүүлэх, бусдаас туршлага хуримтлуулах зэргээр багш нарын заах арга зүйг сайжруулахад чиглэгдсэн олон бүтээлч ажлуудыг хийж байгаа хэдий ч ажлын үр дүн болсон сургалтын чанар, амжилт хангалтгүй ...олимпиад, уралдаанд шалгалтуудын үзүүлэлт, бусад дүүргүүдээс доогуур үзүүлэлттэй байгаа үнэлгээнүүдээр нотлогдож байна...” гэх мэтээр 26 дугаар сургуулийн захирлын гэрээний үүргийг дүгнэхдээ шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн яаж харьцуулсан, хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд  “Legalinfo.mn” вэб сайтад  авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралтууд болох  “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

7. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-аар нэхэмжлэгчид “Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгөх гол үндэслэл болгон заасан, зөрчил гаргасан гэж үзсэн  Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., “Бага дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4.-т заасан заалтууд нь багшийн үүргийг тодорхойлсон заалтууд байх ба Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын 2.4.1-д заасан заасан заалт нь сургуулийн сургалтын менежерийн чиг үүргийг зохицуулсан заалтууд байгааг дурдах нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч Д.Э-д  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар 2016 оны 1 дүгээр улиралд, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/842 дугаартай  захирамжаар 2016 оны 2 дугаар улиралд, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/883 дугаартай захирамжаар 2016 оны 4 дүгээр улиралд тус тус ажлын үр дүнгийн урамшууллыг 39-45 хувиар тооцон олгож байсан ба Д.Э нь эмчилгээ хийлгэх шалтгааны улмаас 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд захиргааны чөлөөтэй байсан болох нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 тоот тушаал, 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/125 тоот тушаалуудаар нотлогдсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2016 оны үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний биелэлт, 2016-2017 оны хичээлийн жилийн эцсийн ажлын тайлан, Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн 2016 оны үйл ажиллагааны товч тайланг тус тус гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн тухай баримтууд хэрэгт авагджээ.

9. Хэдийгээр 1403/С3060 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т “Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт “хангалтгүй” гэж дүгнэгдсэн”-ийг  ажил олгогчийн санаачилгаар ажилтны  хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирал Д.Э, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын байгуулсан 2016 оны  “Үр дүнгийн гэрээ”-ний хавсралт болох “2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд төлөвлөсөн 42 нийт арга хэмжээ, 5 тусгай арга хэмжээ, манлайлалын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх болон мэдлэг чадвараа дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, биелүүлэх, хариуцах сургуулийн ажилтан, албан тушаалтныг тухайн арга хэмжээ тус бүрээр зааж тодорхойлсон байна.

Үүнээс үзэхэд 2016 оны “Үр дүнгийн гэрээ”-нд заасан бүх арга хэмжээг  бүхэлд нь нэхэмжлэгч Д.Э-ы хүлээх үүргээр тодорхойлж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамааруулсан нь учир дутагдалтай болсон байх ба Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу “Үр дүнгийн гэрээ” нь  тухайн байгууллагын төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах зорилгоор байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгадаг байна. 

Иймд нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үнэлсэн нь Д.Э-ыг хөдөлмөрийн гэрээнд болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй  гэж үзэх, түүнчлэн энэ нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн нэр хүндийг гутаах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгосон, харш үйлдэл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

10. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4451 дүгээртэй “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 904 тоот албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4451 дүгээртэй “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7562 дугаартай, “Хүсэлт шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-нд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

11. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах, “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх боловч эдгээр шаардлагыг  бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл болж байх тул  нэхэмжлэлийн дээрх хэсгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0473 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай”  захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7562 дугаартай, “Хүсэлт шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэрэгт дүгнэж шийдвэрлэсэн байгааг дурдав.

12. Иймд нэхэмжлэгч Д.Э нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд  тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/113 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн санхүүгийн тэмдэг бүхий  цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 744 719 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 16-наас 2018 оны 05 дугаар сарын 04-нийг хүртэл ажлын 217 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7 516 466  төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Уг олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасантай нийцнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Д.Э-ыг урьд эрхэлж байсан 26 дугаар сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаар төлүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах,  хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг тус тус  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах гэсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгөргийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч НЗД-аас улсын тэмдэгтийн хураамжид 135 213 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 7 516 466 төгрөгийг хариуцагч НЗД-аас гаргуулан олгож,  нэхэмжлэлээс хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Д.Э-ынийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлий нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгөргийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч НЗД-аас улсын тэмдэгтийн хураамжид  135 213  төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                                 Ж.БАЙГАЛМАА