Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/01123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .......... байрлах, “ТП” ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ тоотод байрлах, “ТНЭ” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 145.782.518 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэлгэрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ТП” ХХК нь “ТНЭ” ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 230 тоот гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх  нөхцөлтэйгээр “ТНЭ” ХХК-ийн захиалгын дагуу цаг хугацаанд нь саадгүй нийлүүлсэн. Мөн гэрээний 3.5-д “Худалдан авагч төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж заасан. Манай компанийн зүгээс “ТНЭ” ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан тоот явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “ТНЭ” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 120.000.000 төгрөг, алданги 25.782.518 төгрөг байх тул 145.782.518 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 3 дугаар сарын 26-нд 30.000.000 төгрөгийг хариуцагч төлсөн. Нийтдээ манайх 249.033.000 төгрөгний түлшийг 2017 оны 10 дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд 4 удаагийн ачилтаар нийлүүлсэн. Хариуцагч байгууллага энэ хугацаанд 4 удаагийн төлөлтөөр 159.033.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй тул 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс төлөгдөөгүй дүнд алдангийг тооцсон. Сүүлийн буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нийлүүлэлтийн хувьд бэлнээр төлөхөөр тохиролцсон тул уг өдрөөс эхэлж алдангийг тооцсон байсан. Үүнийг гэрээний 3.1-д заасны дагуу 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж алданги тооцвол 20.654.843 төгрөг болж байна. Иймд нэхэмжилсэн 145.782.518 төгрөгөөс төлсөн 30.000.000 төгрөг, алданги 5.127.675 төгрөгийг хасч үлдэх 110.654.843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ТНЭ” ХХК 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “ТП” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “ТП” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 46.800 литр, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 46.800 литр, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 24.050 литр, 45.050 литр бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдан авсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн нийт үнийн дүн 249.033.000 төгрөг болох ба үүнээс 20.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилж төлсөн. Үүнээс хойшхи төлбөрүүдийг дансаар төлдөг байсан ба 2018 оны 3 дугаар capын байдлаар 120.000.000 төгрөгийг төлөөгүй байсан юм.  Манайх 2018 оны 3 дугаар сарын 26-нд 30.000.000 төгрөгийг төлсөн. “ТП” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдээгүй байсан, шүүх иргэний хэрэг үүсгээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 120.000.000 төгрөг биш 90.000.000 төгрөг гэж үзэх нь зүйтэй. Иймд алдангийг 90.000.000 төгрөгнөөс тооцох ёстой. Алдангид 25.782.512 төгрөг гэж хэт өндрөөр тооцсон байна. 25.782.512 төгрөг нь 120.000.000 төгрөгөөс бодож үзэхэд 21.45 хувьтай тэнцэж байх ба гэрээний 3.5-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.15 хувийн алданги төлөхөөр тохиролцсон”-оос үзэхэд нэхэмжлэгч 143 хоногийн хугацаа хэтэрсэн гэж алдангийг хэт их хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байна. Манай компаний зүгээс төлбөрийг төлж барагдуулсаар байгаа бөгөөд үндсэн төлбөр 90.000.000 төгрөгийг төлөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байна.  Хамгийн сүүлд “ТП” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 114.015.000 төгрөгийн үнийн дүн бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан байх тул гэрээний дагуу уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт календарын 107 хоног байх ба үүнийг гэрээнд заасан алданги тооцох зохицуулалтын дагуу хоног тутамд 0.15 хувиар бодож үзэхэд алдангийн хэмжээ нийт 14.445.000 төгрөг болж байна.

Манай “ТНЭ” ХХК нь “ТП” ХХК-аас авсан газрын тосны бүтээгдэхүүнээ бусад хуулийн этгээдүүдэд худалдаж ашиг орлого олох үйл ажиллагаа явуулж байсан боловч манай компаниас газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авсан компаниуд цаг тухай бүрт төлбөрөө төлөхгүй байсан тул хугацаандаа төлж чадаагүй юм. Үндсэн төлбөрийг төлж барагдуулах тал дээр манай зүгээс маргахгүй боловч санхүүгийн эрсдэлд орсны улмаас одоо төлчих боломжгүй байдалд ороод байна. Мөн санхүүгийн эрсдэлд орсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх алдангийг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ТП” ХХК нь “ТНЭ” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 145.782.518 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 90.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 110.654.843 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр тооцон хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

“ТП” ХХК, “ТНЭ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, Худалдагч захиалгын дагуу чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч барааг хүлээн авч, үнийг 30 хоногийн дотор төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.15 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ. /хх7-10/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар худалдсан барааны үнэ, алдангийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017  оны 11 дүгээр сарын 02-ны хооронд 249.033.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн авсан, 129.033.000 төгрөгийг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар төлбөрийн үлдэгдэл 120.000.000 төгрөг байсан гэдэгт маргаагүй. Түүнчлэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 28/

Зохигчид гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 02-нд сүүлийн худалдан авалтыг хийсэн байх тул шүүх алдангийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 107 хоногоор, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөгдөөгүй дүн 120.000.000 төгрөгнөөс талуудын гэрээгээр тохиролцсон 0,15 хувиар тооцон, нийт 19.260.000 төгрөгийг хариуцагчаас  гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч алдангийн хэмжээ хэт их гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар алдангийн хэмжээ хэт их байдал тогтоогдохгүй, санхүүгийн хямралаас төлбөрийн чадавхи буурсаныг нотлосон баримтгүй тул гэрээгээр тохиролцсон нэмэлт үүргээс чөлөөлөх, хэмжээг багасгах үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас үндсэн төлбөр 120.000.000 төгрөг, алданги 19.260.000 төгрөг, нийт 139.260.000 төгрөгнөөс төлсөн 30.000.000 төгрөгийг хасч үлдэх 109.260.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ТНЭ” ХХК-иас 109.260.000 /нэг зуун есөн мянга хоёр зуун жаран мянган/ төгрөг гаргуулж, “ТП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.394.843 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886.863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 704.250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 181/ШЗ2018/05357 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ