Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00603

 

 

                                        Э.М-ийн нэхэмжлэлтэй

                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02535 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар магадлалтай,

Э.М-ийн нэхэмжлэлтэй,

“Наран трейд” ХХК-д холбогдох

сахилгын шийтгэл ногдуулах, цалин өөрчлөх тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболорын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Удвал, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2019.04.18-ны өдөр Наран трейд ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулан ажилласан. Анх ажилд ороход компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, цаг бүртгэлийн журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгтэй огт танилцуулаагүй. Тус компанид ажилд орохоос өмнө United Alliance компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын зах зээлд хамгийн анхны нэгдсэн лояалти хөтөлбөр болох Ю Пойнт /U POINT/-ыг санаачлан боловсруулж, нэвтрүүлж байсан туршлагатай. Гэтэл тус компанийн удирдлагууд өөрт хэрэгтэй төслийн материалыг надаар болон миний хамт ажиллаж байсан мэргэжилтнээр хамт дуусгуулчихаад ор үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлүүдийг давхардуулан ногдуулж, надтай байгуулсан контрактын гэрээг цуцалсан тухайгаа 2019.08.01-ний өдөр амаар мэдэгдсэн. Ийнхүү уг контрактын гэрээг цуцалсан тушаалаа гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөхгүй байж байгаад 2019.08.08, 15-ны өдрөөр огноолсон 69 дүгээр контрактын гэрээг цуцлах тухай тушаалыг гаргаж өгсөн.

Ажил олгогч нь контрактаар тохиролцсон цалин хөлсийг үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүй бууруулсан бөгөөд энэ талаараа 2019.08.01-ний өдөр мэдэгдсэн. Компанитай байгуулсан контрактын гэрээний 4 дүгээр зүйлд цалин хөлс, бонус, түүнийг олгох гээд 4.1 дэх заалт хүчин төгөлдөр бөгөөд цалин хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байдаг. 2019.07.01-ний өдрийн 65 дугаар Наран трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын цалин өөрчлөх тухай тушаал нь үндэслэлгүй, хууль бус тушаал болно.

2019.07.23-ны өдрийн 64 дүгээр, мөн оны 08.08-ны өдрийн тушаалуудын тухайд гэвэл ажил олгогчоос зөвшөөрөл авсан, ажил тасалсан зүйл байхгүй. Контрактын гэрээнд заасан ажлын байрны чиг үүрэг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, өөрийн төсөл, хөтөлбөрийн судалгааны бэлтгэлээ хийж төслийн үр дүн, үр ашиг зэргийн тооцооллыг гаргаж ажилласан. Ажил олгогчийн зүгээс ямар ч үндэслэлгүй зүйлсийг дурдаж намайг ажлаас буруу халсан байна.

Иймд цалин хөлсийг үндэслэлгүйгээр өөрчилсөн тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгож, уг хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан болохыг тогтоолгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Э.М-ийн 2019.04.18-ны өдрийн ажилд орох өргөдлийг үндэслэн Наран трейд ХХК-д Стратеги төлөвлөлтийн захирлаар томилсон тушаал гаргаж анх ажилд авсан. Хамтран ажиллах хугацаанд компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын даргаас тухай бүр үүрэг даалгавар өгч байсан боловч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Ажлын цаг ашиглалт муу, ажилд орсноос хойш компанийн цагийн бүртгэлд хурууны хээгээ уншуулдаггүй удаа дараа шаардуулж хийдэг, ажлын цагийн хоцролт их, ирц хангалтгүй ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг, гадуур ажилтай гэх шалтгаанаар ажлын байранд байдаггүй, гадуур ажиллах бүртгэлийн дэвтэр бичүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Тухайн ажилтан нь манай компаниас өндөр цалин авч байсан боловч дээр дурдсан байдлаар ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ажлын цаг болон ажлын байранд компанид хамааралгүй хувийн ажил болон бусад зүйлийг хийж, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэлийг алдаж, ажилчдын дунд ёс зүйгүй, буруу үлгэр дуурайлал үзүүлсэн нь олон үйл баримтуудаар тодорхой болсон. Иймд Э.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Э.М-ийн ажил үүргээ гүйцэтгэж байсан ажлын компьютерт хадгалагдсан 30 өдрийн бичлэгээс үзэхэд 116 цаг буюу бүтэн 14 ажлын өдрийг гадаад дотоодын порно сайтууд үзэж ажлын цагийг үрж байсан нь тодорхой болсон. Мөн түүний компьютер дээрх ажлын файлыг үзэхэд нийт 112 файл байснаас 56 файл нь манай ажилтай ямар ч холбогдолгүй хувийн файлууд байсан бөгөөд контрактын гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэх ажил юу ч байхгүй байсан болно. Энэ бүхэн нь ажилтан Э.М нь ажил олгогчийг хуурч өндөр цалин авч байсан болохыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм.

Нэхэмжлэгч нь Наран Трейд ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Оюунжаргалын [email protected] и-мэйл хаягаас өөрийн [email protected] и-мэйл хаяг руу 2019.07.04-ний өдөр санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг авсан. Мөн манай компанийн маркетингийн газрын захирал Э.Болор-Эрдэнийн [email protected] и-мэйл хаягаас өөрийн туслах болох төслийн менежер н.Эрдэнэжаргалын [email protected] и-мэйл хаяг руу 2019.07.01-ний өдөр 40717 хэрэглэгчийн дата мэдээг авсан ба компанид өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй.

Иймд нэхэмжлэгчтэй байгуулсан контракт гэрээний 6.2.12, 7.1, 9.6-д тус тус заасны дагуу Э.М-аас цалинд олгогдсон мөнгөнөөс ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8,278,725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан Наран трейд ХХК-ийн 40717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ажил эхлүүлэхэд компанийн зүгээс ямар ч журам, дүрмүүдтэй танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулаагүй. Тэгсэн хэдий ч миний бие хөдөлмөрийн бүтээмжтэй хийсэн ажил нь тодорхой үр дүнтэй ажилласан. Бүр сүүлд асуудал үүсэхээс хэдхэн хоногийн өмнө энэ тухай буюу цагийн бүртгэл хийлгэх ёстой тухай ярьж эхэлсэн нь төслийг боловсруулан дуусгуулчихаад намайг эртнээс ажлаас халах, ямар нэг сэжүүр үүсгэхээр бэлтгэж байсны илэрхийлэл юм. Наран Трейд ХХК-ийн зүгээс цалин өөрчлөхтэй холбоотой ямар нэг нэмэлт гэрээ, тохиролцол огт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтад энэ тухай баримт огт байхгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчин ажилтантай байгуулсан гэрээг удирдлагаас дур мэдэн өөрчилсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02535 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Наран трейд ХХК-д холбогдох, сахилгын шийтгэл буруу ногдуулсан 2019.07.23-ны өдрийн 64 дүгээр тушаал, цалин өөрчилсөн 2019.07.01-ний өдрийн 65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Наран трейд ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, мөн хуулийн 49 дугаар зүйлийн 49.1., 49.8-д зааснаар Наран трейд ХХК-ийн 40717 хэрэглэгчийн дата, санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг хүлээлгэн өгөх, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг Э.М-д даалгаж, Э.М-аас гүйцэтгэсэн ажилд нь тохирсноос илүү олгосон цалин хөлс болох 8,278,725 төгрөгийг гаргуулж Наран трейд ХХК-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.М-ийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.М-аас 217,610 төгрөг гаргуулж, хариуцагч Наран Трейд ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар дүрс, дуу бичлэг /СD/-ийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэсний дараа уг зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохооор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Э.М шүүх хуралдаанд ирэхдээ согтууруулах бодис хэрэглэсэн байсан болох нь тус шүүхийн цагдаагийн дэслэгч Б.Энхтуяагийн нэхэмжлэгчийн согтуурлын зэргийг шалгасан тухай илтгэх хуудсаар тогтоогдож, шүүгч нэхэмжлэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 заасанд нийцсэн байна” гэж зөв дүгнэсэн атлаа “зохигчдоос шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй эсэх ” талаар тодруулаагүй, гэж анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч товлогдсон шүүх хуралдаа ирсэн, ирэхдээ согтууруулах бодис хэрэглэсэн байсан тул шүүх хуралд оролцуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нь "Согтууруулах бодис хэрэглэсэн хүнээс шүүх хурлыг хойшлуулах уу” гэж асуух байсан гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Түүнчлэн хурал хойшлуулах талаарх хүсэлтийг хэргийн оролцогч өөрөө гаргадаг болохоос шүүх санаачлагаараа хийдэг ажиллагаа биш юм. Энэ утгаараа “нэхэмжлэгчээс би согтууруулах бодис хэрэглэсэн байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэж ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ингэж хүсэлт гаргах ч боломжгүй бөгөөд энэ нь хуульд тодорхой заасан “шүүх хурлыг хойшлуулах хүндэтгэн үзэх шалгаан биш” юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хурлыг цааш нь үргэлжлүүлнэ гээд шүүх хурлын бүх үе шатанд мэтгэлцэж оролцсон байхад давж заалдах шатны шүүх мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө бодит байдалд нийцэхгүй, уг хурал дээр шүүх хурал даргалагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хандан “шүүх хурлалдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах санал, хүсэлт байна уу” гэж асуухад шүүгчийн энэ асуултад нэхэмжлэгчийн өмгөөлөгч байхгүй гэж өөрийн амаар хариулсан.

Давж заалдах шатны шүүх ...хэрэгт Наран Трейд ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нэхэмжлэгч Э.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолууд нотлох баримтаар авагджээ. Уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл огноо харагдахгүй, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх боломжгүй байхад шүүх ...Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга сахилгын шийтгэл ногдуулж бүрэн эрхээ хэтрүүлсэн нь Компанийн тухай хуульд нийцээгүй тогтоол гарсан, нэхэмжлэгч энэ талаар шаадлага гаргаагүй гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 нийцэхгүй байна... гэж дүгнэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн ингэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үгүйсгэгдэж, үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зуйлийн 44.2 заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байна. Хэрэгт “уг баримтууд нь нотариатаар баталгаажуулсан хуулбар байдлаар авагдсан” байна. Харин уг баримтын огноо харагдахгүй байна гэсэн нь тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан шаардлагад хамаарахгүй бөгөөд өөр асуудал юм. Уг баримтуудын огнооны тухайд нхэмжлэгч, хариуцагч нар болон шүүх нь бүгд “сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолууд”-ын огнооны талаар мэдэж байсан бөгөөд эдгээр тогтоолуудын огнооны талаар тодорхой тайлбарлан мэтгэлцсэн байдаг.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл уг 08, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч өөрөө шаардлагаараа тодорхойлоогүй, шаардлага гаргаагүй. Иймд шүүх шаардлага гаргаагүй тогтоолуудыг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ийм шаадлага гаргаагүй нь өөрөө уг тоггоолуудыг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах шаардлагатай байсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бөгөөд ойлгомжтой байсан. Үүнийг яаж тодруулах байсан гэж үзээд байгаа нь өөрөө ойлгомжгүй тайлбар болсон. Бодит байдал дээр хариуцагч болон нэхэмжлэгч нар нь шүүх хурал дээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хангалттай мэтгэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулж, үндэслэл болон шаардлагын талаар нотлох, үгүйсгэх тайлбаруудыг хийж, шүүх асууж тодруулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хурлын тэмдэглэл, бичлэгээр бүрэн дүүрэн нотлогдсон байхад “тодруулж мэтгэлцүүлэх ажлыг шүүх хийгээгүй” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй. Хэргийн материалтай болон тус өдрийн шүүх хурлын тэмдэглэлтэй бүрэн дүүрэн танилцсан бол бүх зүйл тодорхой байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн тайлбарлаад байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хэргийн оролцогч нар нь хэрхэн яаж мэтгэлцсэн, шүүх хэрхэн асууж тодруулсан нь тодоос тодорхой болох байсан ба шүүх ийм дүгнэлт хийхгүй байсан болов уу гэж бодож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.М-ийн сахилгын шийтгэл ногдуулах, цалин өөрчлөх тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн цалинд олгогдсон мөнгөнөөс ажиллаагүй болон үр дүнгүй өнгөрөөсөн цагийн хөдөлмөрийн хөлс 8,278,725 төгрөгийг буцаан гаргуулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан Наран трейд ХХК-ийн 40717 хэрэглэгчийн дата, Санхүүгийн орлого болон картын хөнгөлөлтийн мэдээг анх хүлээн авсан үзүүлэлт, хэлбэр, хэмжээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч, уг дата мэдээллүүдийг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх, хувийн зорилгоор ашиглахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 181/ШЗ2019/13806 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжпэгч Э.М шүүх хуралдаанд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд хамаарахгүй.

Анхан шатны шүүх 2019.12.06-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Э.М-д 4 хоногийн өмнө буюу 2019.12.02-ны өдөр мэдэгдсэн байхад тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн байр сууринаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн нь тогтоогдсон байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “...согтуурсан ...этгээдийг шүүх хуралдааны танхимд байлгаж болохгүй”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж тус тус заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар Э.М нь шүүх хуралдаанд согтуу ирсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд нэхэмжлэлийг буцаах эсхүл хариуцагчийн хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэнэ. Хариуцагч хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дараах үндэслэлээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан “Наран трейд” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нэхэмжлэгч Э.М-д “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тогтоолуудын огноо тодорхой бус байгаа ч хэргийн оролцогч хэн аль нь уг тогтоолуудын огнооны талаар маргаагүй тул шүүхээс үнэлэх боломжтой, дахин тодруулах шаардлагагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүйг давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж зохицуулан хуульчилсан.

Шүүх шийдвэртээ хоорондоо зөрчилтэй дүгнэлт, тухайлбал зохигчдын хооронд контрактын гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй /шийдвэрийн 7-р тал/ гэсэн атлаа тухайн гэрээ байгуулсан гэж 2 өөрөөр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2019.04.18-ны өдрийн Контракт /ххб-10/, Наран трөйд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.01-ний өдрийн 65--дугаартай тушаал /хх-1-1/, Наран трөйд ХХК-ийн ТУЗ-ын 2019.07-17-ны-өдрийн 5 дугаартай тогтоол /хх-12/- Наран трейд ХХК-ийн ТУЗ-ын 2019.07.17-ны өдрийн 08 дугаартай тогтоол /хх-13/, Наран-трейд- ХХК-ийн гүйцтгэх захирлын 2019.07.23-ны өдрийн 64 дугаартай тушаш-/хх-14/ Наран ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.08.18-ны-өдрийн 69 дугаартай тушаал...” гэж /шийдвэрийн 6-р тал/ бичсэн нь шийдвэрийн салшгүй хэсэг мөн болох, уг баримтуудыг шүүхээс үнэлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонболорын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД