Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,818,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М  нь Б.Б той 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,800,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, сар бүр үндсэн мөнгө, хүү, нийлээд 880,000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч нэг ч удаа хүү болон үндсэн мөнгөө төлөлгүй өдийг хүрлээ. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 129 хоногийн алданги болох 3,018,600 төгрөг, үндсэн зээлийн 7,800,000 төгрөг, нийт 10,818,600 төгрөгийг Б.Б оос гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б  би Б.М тай 7,800,000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатаар батлуулсан ч үнэн хэрэг дээрээ ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцөөгүй болно. 2014 онд надад мөнгөний хэрэг гарч би Б.М аас мөнгө зээлэх хүн байна уу гэж асуухад Насан овогтой Гантулгатай уулзуулсан. Тэгээд 2014 оны 4 сард би Гантулгатай аман хэлцэл хийж 1 сар тутам 5 хувийн хүү төлж байхаар тохирч 3,000,000 төгрөг зээлж авсан. Тэгээд хүүгээ төлж явж байгаад 2014 оны 7 сард дахин 3,000,000 төгрөг нэмж зээлээд  нийт 6,000,000 төгрөг авсан. Би сар бүр хүүгээ алдалгүй төлж явсаар хамгийн сүүлд 2015 оны 11 сард 300,000 төгрөг шилжүүлсэн. Барилгын салбарт нүүрлэсэн санхүүгийн хямралаас болж надад мөнгө орж ирэхгүй болсноор сүүлийн 6 сарын хүүг төлж чадаагүй байсан юм. Гэтэл Мөнхсаруул над руу залгаж би чиний өмнөөс өрийг төлсөн надад тэр мөнгийг өгөөрэй гээд байн байн ярих болсон. Тэгээд миний ажил дээр болон эхнэрийн ажил дээр хүртэл ирж дарамтлаад байхаар нь аргагүйн эрхэнд нотариат орж зээлийн гэрээг 7,800,000 төгрөгөөр хийж батлуулсан. Миний хувьд би Н.Гантулгаас мөнгө зээлсэн болохоос биш нэхэмжлэгч Б.М аас мөнгө зээлж авч үүрэг хүлээгээгүй, мөн Б.М ыг миний өмнөөс төлөөд өгөөч гэж хүсээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад би төлсөн, өг гэж надаас энэ мөнгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иймд Б.М ын нэхэмжилсэн 10,818,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,818,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2016 оны 5 сарын 27-ны өдөр Б.М  болон Б.Б  нарын хооронд “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-5 тал/ бичгээр байгуулагдаж уг гэрээгээр Б.М  нь Б.Б д 7,800,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор, Б.Б  нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 7,800,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс уг гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2014 онд Н.Гантулгаас 6,000,000 төгрөг зээлсэн, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан боловч хэсэг хугацаанд төлж чадаагүйн улмаас 6,000,000 төгрөг дээр төлөгдөөгүй зээлийн хүүг нэмж нэгтгэн 2016 оны 5 сарын 27-ны өдөр Б.М тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэхдээ Б.М аас уг гэрээний дагуу 7,800,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Н.Гантулгыг гэрчээр асуусан бөгөөд Н.Гантулга нь Б.М тай Япон улсад хамт ажилладаг байсан, ойрхон ажилладаг, Б.М  дүүгийн маань найз байсан учраас түүний 20,000,000 төгрөг надад хадгалагдаж байсан бөгөөд Б.М ын хүссэнээр түүний мөнгөнөөс 2 удаа нийт 6,000,000 төгрөгийг Б.Б д өгсөн, үлдэх 14,000,000 төгрөгийг Б.М д өөрт нь өгсөн, Б.М  тухайн үед Япон Улс руу явчихдаг байсан учраас Б.Б д зээлүүлсэн мөнгөний хүү орж ирвэл та аваад байж байгаарай гэсний дагуу хүүгийн мөнгийг дансаараа шилжүүлэн авч байсан, тухайн үед нь Б.М д орж ирсэн мөнгийг өгөөд явсан байх, надад Б.Б оос нэхэмжлэх мөнгө байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэгт дурдагдаж буй мөнгөний асуудал бол тусдаа бөгөөд 2016 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгөний асуудал тусдаа, 2016 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Б д 7,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөнгийг бэлнээр хүлээн авснаа хариуцагч гэрээний 2.5 дахь заалтад “2016 оны 5 сарын 27-ны өдөр бэлнээр өгсөн” гэж заасны ард талд гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хариуцагчийн гаргаж буй 2016 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэх тайлбар худлаа гэж тайлбарладаг бол хариуцагч нь Б.М  тухайн үед Н.Гантулгад чиний мөнгийг би төлсөн, гэрээ хийж баталгаажуулна гэж ажил дээр ирээд байсан учраас тухайн үед нотариат орж гэрээг хийсэн, мөнгийг бэлнээр тэр өдөр аваагүй гэж тайлбарладаг.

Б.Б  нь 2014 оны 4 сард Н.Гантулгаар дамжуулан Б.М аас 6,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүй зээлж авсан бөгөөд 2014 оны 4 сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2014 оны 5 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2014 оны 6 сарын 12-ны өдөр 160,000 төгрөг, 2014 оны 7 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 8 сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2014 оны 9 сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2014 оны 11 сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 2014 оны 12 сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 2 сарын 9-ний өдөр 600,000 төгрөг, 2015 оны 3 сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 4 сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 5 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 8 сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2015 оны 8 сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, нийт 4,510,000 төгрөгийг Н.Гантулгын Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд “Батцог”, “Бүрэнбилэг ХХК” гэсэн нэрээр “зээлийн хүү”, “түрээсийн төлбөр”, “орлого” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Гантулгын Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хуулга /хх-66-70 тал/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2014 онд хариуцагчид зээлдүүлсэн гэх мөнгөний асуудал тусдаа бөгөөд 2016 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7,800,000 төгрөгийг 2014 оны зээлийн харилцаанаас тусад нь хариуцагчид зээлдүүлсэн гэх боловч шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбар нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Н.Гантулгын дансны хуулга зэрэг баримтаар үгүйсгэгдсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч 2016 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо өөр бусад баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн бөгөөд талууд 2014 онд зээлийн харилцаанд орж, Б.М  нь Н.Гантулгад байсан өөрийн 6,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б д бичгээр гэрээ байгуулалгүй зээлдүүлсэн, Б.Б  нь зээлийн хүүгийн төлбөрт  2014 оны 4 сарын 11-ний өдрөөс 2015 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4,510,000 төгрөгийг буцаан төлсөн, улмаар талууд 2016 оны 5 сарын 27-ны өдөр үндсэн зээлийн 6,000,000 төгрөг, түүн дээр төлөгдөөгүй хүүгийн төлбөр 1,800,000 төгрөгийг хамтатган тооцож, 7,800,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Талуудын хооронд  үүссэн дээр дурдсан харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 4 сараас 2015 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан “Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн шаардлагад нийцээгүй, амаар байгуулсан гэрээний дагуу зээлийн хүүнд 4,510,000 төгрөгийг төлсөн байх боловч Иргэний хуулийн 199.3 дахь заалтад “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан тул өмнө төлсөн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн зээлийн хүүнд тооцон үндсэн төлбөрийн дүнгээс хасч тооцох боломжгүй байна.

Талууд 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдэх”, мөн хуулийн 199.2-т заасан “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулах” тухай агуулгад нийцсэн байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх ба харин уг гэрээ бичгээр байгуулагдах үед хариуцагчийн төлөөгүй төлбөр буюу үндсэн зээлийн хэмжээ 6,000,000 төгрөг байсан, 1,800,000 төгрөгийн хүүг хариуцагч хүлээн зөвшөөрч төлөөгүй байсан, уг 1,800,000 төгрөгийн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох зохицуулалтад хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нь нөхөж байгуулсан гэрээний дагуу үүссэн үүргийг 7,800,000 төгрөгөөс бус 6,000,000 төгрөгөөс тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т гэрээний хугацааг нэг жилийн хугацаатай байхаар, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зээлийн хүүг сарын 5 хувийн хүүтэй байхаар заасан байх боловч нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн зээлийн төлбөр болон алданги нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зээлийн хугацааг 2016 оны 5 сарын 27-ны өдрөөс 2017 оны 5 сарын 27-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байхаар заасан байх боловч мөн зүйлийн 2.6 дахь заалтад “Сар бүрийн 27-ны өдөр хүү нь ороод 880,000 төгрөг Хаан банкны 5037391018 тоот Б.М ын данс руу шилжүүлж төлж дуусгахаар талууд тохиролцов” гэж заасан, гэрээ байгуулснаас хойш хариуцагч огт төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч зээлийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Б оос үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн алдангид 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,818,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Б оос 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1,818,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 сарын 3-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох башийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР