| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0107/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 12.5.1., 12.5.2.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 51
Б.Т-, Д.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0107/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Насанд хүрээгүй хохирогч О.Н-
Насанд хүрээгүй хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Т-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Б-н Т-, Д-гийн Э- нарт холбогдох, 1818008230063 дугаартай эрүүгийн хэргийг насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
-Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-н Т-.
-Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Х- овогт Д-гийн Э-.
Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр тус тус Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоотод гэртээ О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,
-шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б- овогт Б-н Т-ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан, шүүгдэгч Х- овогт Д-гийн Э-ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Х- овогт Д-гийн Э-д 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2.5.т зааснаар шүүгдэгч Б.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
-Шүүгдэгч Б.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг/ сая төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Д.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7.д зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас жирэмсэлж улмаар миний охин 14 настай О.Н- нь 2018.10.26-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдээ авахуулсан нь эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хор уршиг насан туршид үргэлжлэхээр болж хохирсон. Ураг хөндөж абортод орсноос хойш саванд нь үлдэцтэй гэж 3-н удаа эмнэлэгт хандаж, дахин дахин цэвэрлүүлж, олон хоног халуурч, маш их зовж шаналсан. Эмнэлгийн эмчилгээний зардлыг гарах болгонд шүүгдэгч Д.Э- өгдөг байсан. Шүүгдэгч Б.Т-ийн зүгээс огт өгч санаа тавьж байгаагүй. Шүүх хурлын өдөр 500,000 төгрөгийг “түр авч бай, эмчилгээний мөнгө дахиж өгнө” гэж байсан боловч одоо шүүгдэгч Б.Т- “энэ хэрэг одоо надад ямар хамаатай юм бэ, хэрэг дууссан” гэж бидэнд уурласанд маш их гомдолтой байна. Миний охиныг 500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үйлдсэн хэргээ гэмшиж байгаа гэж би болон миний охин О.Н- үзэхгүй байна.
Иймд хохирогч бид гомдолтой байгаа учир шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл, учруулсан хор уршигт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдүүлж өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогч О.Н- тайлбартаа:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ тайлбартаа:
Бидний зүгээс хохирлоо төлүүлж авах хүсэлттэй байна. Миний охин сэтгэл санаа болон бие эрхтнээрээ маш их хохирсон. Б.Т-ээс 5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгөн дүнгээс анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө 500.000 төгрөгийг өгсөн. Энэ гэмт хэргийн улмаас охин маань үр хөндүүлсэн бөгөөд уг ажиллагаа хийгдэх явцад саванд нь юм үлдсэнээс болж халуурч бие нь өвдөж хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Дахин эмчилгээ хийлгэсэн баримт одоогоор байхгүй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т- тайлбартаа:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э-, Б.Т- нарын өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:
Хохирогч талаас ямар нэгэн баримт гаргаж өгөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч хохирлоо төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ анхан шатны шүүхийн шатанд удаа дараа хэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Хохирогч талын зүгээс Б.Т-ээс хохирол нэхэмжилж байгаа бөгөөд уг асуудлыг анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нар ямар нэгэн баримтгүйгээр хохирол нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзээд давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Т-ийг 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоотод гэртээ О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан,
-шүүгдэгч Д.Э-ыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Т-ийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд болсон хэргийн талаар ямар нэг маргаангүй, хэрэгт насанд хүрээгүй хохирогч О.Н- мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, түүнчлэн шүүгдэгч нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн, тэдний мэдүүлэг харилцан зөрүүгүй, үйл баримт нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй зөрчилдөөгүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Харин шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр насанд хүрээгүй хохирогч О.Н-ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж түүнтэй бэлгийн харьцаанд орсны улмаас хохирогч нь хүүхэд насандаа жирэмсэлж, улмаар 2018 оны 10 сарын 25-ны өдөр эмнэлгийн нөхцөлд жирэмслэлтийг хожуу хугацаанд таслах мэс ажилбар хийлгүүлж ураг зулбуулсан, түүнчлэн мэс ажилбарын дараа эхийн саванд эхэс үлдэж дутуу цэвэрлэгдсэнээс дахин дахин умайн хөндийг цэвэрлүүлж биеийн, эрүүл мэндийн, сэтгэл санааны, санхүүгийн зэрэг хохирол амссан ноцтой үр дагавар үүссэнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгч Б.Т-ийн үйлдэлд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, ял шийтгэлийг түүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан оногдуулаагүй байх тул насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын ...Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан ял хөнгөдсөн, үйлдэл, учруулсан хор уршигт тохироогүй ...гэж гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д-гийн Э-, Б-н Т- нарт холбогдох, 1818008230063 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Насанд хүрээгүй хохирогч О.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Э-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ