Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2018/00931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:... байрлах, “ТЖ” ХХК /Регистрийн дугаар:./-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах, ХБ /Регистрийн дугаар:./,

Хариуцагч:   ..... байрлах, “БП” ХХК /Регистрийн дугаар:/,

Хариуцагч: ... байрлах, “Р” ХХК /Регистрийн дугаар:/ нарт холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465.519.990 төгрөгийг Хас банкнаас буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ТЖ” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2013 онд Монгол улсад хөрөнгө оруулж барилга угсралтын ажил хийх зорилтын хүрээнд Монгол улсад бүртгэлтэй “БП” ХХК-ийн захирал Ө.А-тэй харилцан тохирч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах наран хороололд орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барихаар Хөрөнгө оруулах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг байгуулахтай зэрэгцэн “ТЖ” ХХК, “БП” ХХК, “Р” ХХК, ХБХХК хамтран 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл дээрх гэрээний Хятад, Монгол хэл дээр бичигдсэн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг сүүлд хийсэн гэрээний орчуулгаас мэдсэн.

Нэхэмжлэгч “ТЖ” ХХК-ийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий нэгж талбарын 303870062 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалт бүхий 640.000 м.кв буюу 64 га газрыг эзэмшиж байсан “БП” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд тодорхой тусгагдсан агуулгаар 64 га газар дээр 100 хувь хөрөнгө оруулж барилга барих, хөрөнгө оруулалтын баталгаа болгож 0231410 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 64 га газрыг холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж нэхэмжлэгч “ТЖ” ХХК-д барьцааны эрхийг шилжүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулалтыг хийх гол нөхцөлтэй гэж ойлгож байгуулсан болно.

Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “ТЖ” ХХК, “БП” ХХК, “Хас банк” ХХК, “Р” ХХК нарын хооронд байгуулагдсан 4 талт монгол хэл дээрхи гэрээг нэхэмжлэгч “ТЖ” ХХК-д орчуулгын эрх бүхий этгээдээр орчуулагдан баталгаажигдсан гэрээг хариуцагч нарын зүгээс танилцуулж байгуулсан.

“Хас банк” ХХК-ийн зүгээс 4 талт гэрээний агуулгын талаар болон хятад хэл дээр огт бичигдээгүй зүйл заалтын талаар тайлбар гаргаж байсан тул 4 талт гэрээнд монгол хэлээс хятад хэл дээр орчуулагдсан заалтуудыг орчуулахад монгол хэл дээр бичигдсэн заалтуудаас үг зүйн болон агуулгын хувьд тэс өөр байна.

Үндсэндээ нэхэмжлэгч нь бусдын өрийг шууд төлөх болсноо мэдээгүй, харин төсөл хэрэгжснээр төлнө гэж ойлгосон. Банкны зүгээс болоод бусад хариуцагч нар  нэхэмжлэгчид үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс “ТЖ” ХХК гэрээг байгуулсан байна.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “ТЖ” ХХК, “Хас банк” ХХК, “БП” ХХК, “Р” ХХК нарын хооронд байгуулагдсан 4 талт гэрээний агуулгыг нэхэмжлэгчийн зүгээс ноцтой төөрөгдсөн, хариуцагч нар хууран мэхлэж хийсэн хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах тул гэрээг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын данснаас Хас банкны шилжүүлэн авсан 465.519.990 төгрөгийг банкнаас буцаан гаргуулж өгнө үү. Хариуцагч “Р” ХХК, “БП” ХХК нарын хувьд буцаан шилжүүлэх зүйлгүй болно гэв.

 

 Хариуцагч Хас банк, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТЖ” ХХК, “Р” ХХК, “БП” ХХК, ХБнарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дөрвөн талт гэрээ байгуулсан. Уг гэрээний товч агуулга нь ХБзээлдэгч “Р” ХХК-ийн зээлд газраа барьцаалуулсан “БП” ХХК нь өөрийн газар дээр хэрэгжүүлж буй “Ургах наран хороолол” төслийн барилгыг “ТЖ” ХХК барихыг зөвшөөрөх, ийнхүү зөвшөөрсөнтэй холбоотойгоор “ТЖ” ХХК нь “Р” ХХК-ийн нэрийн өмнөөс зээл төлөх, ХБнь “ТЖ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худалдахад хамтран ажиллах, “Р” ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд “ТЖ” ХХК-аас төлбөрийг шаардах тухай байсан юм. Дээрх дөрвөн талт гэрээ байгуулагдахаас өмнө “Р” ХХК, “БП” ХХК болон “ТЖ” ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа банкинд тавьсан санал, “ТЖ” ХХК-аас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу банк зөвхөн барьцаа хөрөнгийн хувьд гэрээнд оролцсон.

“Р” ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч ХБэнэ талаар “ТЖ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т “ТЖ” ХХК нь “Р” ХХК-ийн зээлийн төлбөр төлөх, үл маргах журмаар өөрийн данснаас, тухайлбал Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг төвлөрүүлж төлбөр суутгуулах эрхийг Хас банкинд олгосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд  дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 465. 519.990 төгрөгийг “Р” ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлж, зээлд төлсөн.

Хас Банкны хувьд гүйлгээ хийхдээ Банкны тухай хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд харин ч харилцагч “ТЖ” ХХК-ийн урьдчилан өгсөн төлбөрийн даалгаврын дагуу “Р” ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээг хийж гүйцэтгэсэн болно.

Дээрх 4 талт монгол хэл дээрхи гэрээг нэхэмжлэгч “ТЖ” ХХК орчуулгын эрх бүхий этгээдээр орчуулан баталгаажигдсан гэрээг банкинд танилцуулж улмаар банк гэрээнд оролцож байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хятад хэл дээр бичигдсэн хувилбарыг банкны зүгээс хянах, нийцэж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагагүй буюу үүрэггүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.12-т “Гэрээг монгол хэл дээр 5 таван хувь үйлдэх бөгөөд тал бус бүр нэг хувийг, нотариатад нэг хувийг хадгална” гэж заасантай нэхэмжлэгч тал танилцсан, мэдсэн бөгөөд хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж гарын үсэг зурсан байдаг.

Мөн нэхэмжлэгч орчуулгын алдаатай байдлаас болж ноцтой төөрөгдөж гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээний зөрүүтэй гэх орчуулгын агуулгаас харахад банктай холбоотой зүйл, заалтуудын хувьд агуулгын зөрүүгүй байна. Шүүхийн журмаар шинжээч томилж хийлгэсэн хоёр удаагийн орчуулгаар ч гэсэн үндсэн агуулгаараа “ТЖ” ХХК бусдын өрийг төлөх болсноо бүрэн ойлгосон байна.

Үүсээд байгаа маргаан нь “Р” ХХК, “БП” ХХК нарын дөрвөн талт гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болон үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэгтэй холбоотой маргаан бөгөөд үр дагаврыг банкнаас бус харин тухайн үүрэг зөрчсөн этгээдүүдээс шаардах ёстой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Хариуцагч “Р” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТЖ” ХХК, “Р” ХХК, Хас Банк, “БП” ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дөрвөн талт гэрээ байгуулсан. Уг гэрээний агуулга нь “БП” ХХК-ийн газар дээр “Р” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ургах наран хороолол” төслийн хүрээнд “ТЖ” ХХК барилга барих, барилга барьсантай холбоотойгоор “ТЖ” ХХК нь “Р” ХХК-ийн өмнөөс зээл төлөх, ХБнь “ТЖ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худалдахад хамтран ажиллах, “Р” ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд “ТЖ” ХХК-аас төлбөрийг шаардах тухай байсан юм. Дээрх дөрвөн талт гэрээ байгуулагдахаас өмнө “Р” ХХК, “БП” ХХК болон “ТЖ” ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Хас Банкинд хандсан болохыг онцлох нь зүйтэй. “Р” ХХК, “БП” ХХК, “ТЖ” ХХК нараас Банкинд тавьсан санал, “ТЖ” ХХК-иас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу ХБдөрвөн талт гэрээ байгуулсан. Дөрвөн талт гэрээнд зааснаар “ТЖ” ХХК нь худалдан борлуулсан орон сууцны 1 мкв тутмын үнийн дүнгийн 5 хувийг “БП” ХХК-д төлөх, уг 5 хувиас үл хамаарч “Р” ХХК-ийн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу Банкинд төлөх үүрэг хүлээсэн юм. “Р” ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч ХБэнэ талаар “ТЖ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж шаардсан байдаг. Дөрвөн талт гэрээгээр “ТЖ” ХХК нь үл маргах журмаар өөрийн данснаас төлбөр суутгуулах эрхийг Хас Банкинд олгосон юм. Энэ талаар дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т заасан байгаа. Талуудын хооронд байгуулсан дөрвөн талт гэрээ хэрэгжсэн бөгөөд “ТЖ” ХХК-ийн зүгээс барилгын зураг төслөө гаргуулж, Бүгд найрамдах хятад ард улсаас ажиллах хүч оруулж ирэхээр холбогдох байгууллагуудад хандсан байдаг. “ТЖ” ХХК-ийн захирал Лянхуа гэрээг хэрэгжүүлж дээр дурдсан ажлуудыг хийж байсныг манай компанийн зүгээс баталж байна гэжээ.

Хариуцагч” БП” ХХК шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТЖ” ХХК нь Хас банк, “БП” ХХК, “Р” ХХК нарт холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4 талт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465.519.990 төгрөгийг Хас банкнаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “ТЖ” ХХК, “БП” ХХК нар харилцан тохиролцож, Ургах наран орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх, холбогдон гарах төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр  “Хөрөнгө оруулах гэрээ”-г, мөн өдөр “ТЖ” ХХК, “БП” ХХК, “Р” ХХК, ХБнар 4 талт гэрээг тус тус байгуулжээ.

 Зохигчид “ТЖ” ХХК, БП” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэдэгт түүнчлэн дөрвөн талт гэрээг байгуулсан үйл баримтад тус тус маргаагүй.

Мөн “ТЖ” ХХК-ийн данснаас 2013, 2014 онд нийт 4 удаагийн шилжүүлгээр 465.519.990 төгрөгийг “Р” ХХК-ийн банкинд төлбөл зохих зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Харин “ТЖ” ХХК, “БП” ХХК нарын хоорондох хамтран ажиллах гэрээг үндэслэн Хас банк, “БП” ХХК, “Р” ХХК, “ТЖ” ХХК нарын хооронд байгуулагдсан 4 талт гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 4 талт гэрээний орчуулга алдаатай байсны улмаас хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрч байгуулсан,  үүнийг 2017 оны дундуур мэдсэн, “Р” ХХК-ийн банкинд төлбөл зохих зээлийг хариуцан төлөх болсныг бүрэн ойлгоогүй, анх хүсэл зоригийн илэрхийлэл төсөл хэрэгжиж дууссанаар төлөх байсан гэж тайлбарлаж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодруулав.

Хэрэгт авагдсан дээрх 4 талт гэрээний 1.1-т “... Р ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээс шилжүүлэн авсан банкны өмнө хүлээх зээлийн өр төлбөрийг төлөх”, 1.2-т “ТЖ ХХК нь Р ХХК-ийн зээлийн төлбөрийг банкинд эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар урьдчилан өгсөн амлалт нь дөрвөн талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл болсон”, 2.6, 3.14-т “Хөрөнгө оруулагч /ТЖ ХХК/ нь “Р” ХХК-ийн зээлийн төлбөрийг банкинд эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцан төлөх”, 2.9-т “Р ХХК нь банкнаас 2.162.000 ам долларын зээл авсан”, 2.14-т “ТЖ ХХК нь орон сууцны орлогыг банкинд дансаар дамжин хийх, банк зээлийн төлбөрт үл маргах журмаар суутган авах”, 2.15-д “ТЖ” ХХК-ийн орон сууцны борлуулалтын орлогыг банк зээлийн төлбөрт суутган авах” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр “Нью Галакси” ХХК, “Төв азийн гарц” ХХК-г тус тус шинжээчээр томилж, зохигчдын хоорондох 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний Хятад хэл дээрх хэсгийг  Монгол хэл дээр хөрвүүлжээ.

 Дээрх хоёр удаагийн орчуулгаар Монгол хэл дээрх хэсэг, Хятад хэл дээрх орчуулга хоёр гэрээний үг үсэг, заалтуудын хувьд нэгбүрчлэн үгчилсэн хэлбэрээр шууд тохирохгүй байгаа болох нь тогтоогдож байх хэдий ч орчуулгуудын 1.1, 1.2, 2.6, 2.10, 3.1.4-т зааснаас үзвэл Хөрөнгө оруулагч тал болох “ТЖ” ХХК нь бусдын зээлийн өрийг түүний нэрийн өмнөөс банкинд хариуцан төлөх үүрэг хүлээсэн болохыг дурдсан байна.  Иймд нэхэмжлэгч дээрх үүргийг бүрэн ухамсарлаж хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд гэрээний орчуулга агуулгын хувьд зөрүүтэй гэх байдал тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч гэрээ байгуулах болсон сэдэлт, шалтгаан, гэрээнд оролцогч субьект, эрх, гэрээний зүйлийн шинж байдлын хувьд төөрөгдсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар “ТЖ” ХХК-иас Хас банкинд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 017 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот албан бичигт “Гэрээний дагуу манай компани “Р” ХХК-ийн өр төлбөр болох 864.849 ам долларыг төлөх гэсэн боловч ... хятад улсаас  ажилчин оруулах квот саатсанаас болж бид 2013 оны 10 дугаар сарын 10-нд төлөх хуваарьтай зээлийг бүрэн төлөх боломжгүй болоод байна” гэж дурдсанаас үзвэл хожим хийсэн уг үйлдлээрээ хэлцлийг ойлгож ухамсарлаж байсан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн хэлцэл байгуулах болсон хүсэл зориг өөр байсан, хүссэнээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тухай тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх дөрвөн талт гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн гэрээ байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч “Р” ХХК, “БП” ХХК-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 4 дүгээр сарын 16, 17-нд тус тус мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн товлон зарлагдсан хуралдааныг хойшлуулж байсан байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Хас банкны гаргасан хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Тус шүүхийн 181/ШЗ2017/14755, 181/ШЗ2018/02441 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилсон, шинжээчийн ажлын хөлс төлөгдөөгүй, уг зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээч нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг баримтлан  Хас банк, “БП” ХХК, “Р” ХХК, “ТЖ” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн 465.519.990 төгрөгийг Хас банкнаас буцаан гаргуулах тухай  “ТЖ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.555.750 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 188.000 төгрөгийг “ТЖ” ХХК-иас гаргуулж, 98.000 төгрөгийг “Нью галакси” ХХК-д, 90.000 төгрөгийг “Төв азийн гарц” ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ