Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 527

 

186/2019/0263/Э

 

 

 

 

 

2019          5              30                                             2019/ДШМ/527                                                                                                                        

           

М.А , Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

яллагдагч М.А , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

яллагдагч Б.У түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 541 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр яллагдагч М.А , Б.У нарт холбогдох 191102010188 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Б овгийн Б-ын У, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../;

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;

 

2. М овгийн М-ны А  , .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Б.У М.А  нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух, хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлийг нь авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.У М.А  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.У М.А  нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуулинд зохицуулсан байна. Б.У, М.А  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийг дуусгаж, шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байна.

Мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үргэлжлүүлэн явуулахаар хуульчилж, учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтээр 5 хоног хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулж болох боловч хохирол нөхөн төлөгдсөн, хүсэлт гаргаагүй зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах боломжгүй, шүүгдэгч Б.У-д шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй, энэ зүйлийн шаардлага, нөхцөлд хамаарахгүй байх тул түүнд шүүхээс нийгмээс тусгаарлах буюу хорих ялыг заавал биечлэн оногдуулахад түүний хувийн байдал буюу бага насны хүүхэд У.Анжин 2009 оны 6 дугаар сарын 16-нд төрсөн, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Анхилуун нарыг хэний асрамжид байлгах талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байгаа нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөхөөр байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.У нь 3 хүүхэдтэй, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, том хүү Г.Анхболд Замын-Үүд суманд байдаг, нөхөр гэх Д.Ганболд нь шүүхээр хулгайн хэрэгт шийтгэгдэж хорих ял эдэлж байгаа гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хувийн байдлыг сайтар тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, өрх толгойлсон, бага насны хоёр /1 нас 6 сартай, 9 настай, 20 настай/ хүүхдийн төрөл садангийн болон төрөл садангийн бус эд хөрөнгийн бололцоотой ямар хүмүүс байдаг эсэхийг тогтоож түр асрамж тогтоолгох, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа хүний тухай мэдээллийг иргэд, байгууллага сум, дүүргийн Засаг даргад уламжилж тогтоолгох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж ирүүлэх нь зүйтэй байна.

Иймд Б.У М.А  нарт холбогдох эрүүгийн 1911002010188 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Б.У М.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг прокурорт очих хүртэл хугацаагаар үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.У М.А  нарт холбогдох хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.У М.Аптанбагана нарыг гэм буруутайд тооцож, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгасны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон боловч шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь дээр дурдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж заасныг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Хэрэгт Б.У-ыг бага насны 2 хүүхэдтэй болохыг тогтоосон төрсний гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргасан, Б.У-ын нөхөр хорих ял эдэлж байгаа талаарх мэдүүлэг тус тус авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаарх мэдүүлгийг мөн шүүгдэгч өгдөг.

Шүүгчийн захирамжинд дурдсан “...Хүүхдийн төрөл садангийн болон төрөл садангийн бус эд хөрөнгийн бололцоотой ямар хүмүүс байдаг эсэхийг тогтоож, түр асрамж тогтоолгох, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа хүний тухай мэдээллийг иргэд, байгууллага сум, дүүргийн Засаг даргад уламжилж тогтоолгох ажиллагаа”-г явуулах боломжгүй бөгөөд шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох, шийдвэрлэх, энэ талаар ажиллагаа хийх талаар хуульчлаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг үндэслэн шаардлагатай ажиллагаануудыг Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Б.У-д ял оногдуулж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 “...Хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална”, 63 дугаар зүйлийн 63.1.3 “...Хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална”, мөн 66 дугаар зүйлийн 66.1 “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Б.У-н оршин суудаг дүүргийн Засаг даргад асран хамгаалагч томилох асуудлыг даалгаж шийдвэрлэх ёстой юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЗ/541 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Яллагдагч М.А-ын өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Уг хэргийг шийдвэрлэх хугацаанд буюу шүүхийн шатанд шийдвэрлэх хугацаанд хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй, асрамжгүй үлдэх асуудал нь хүүхдийн эрх ашиг хохирч байна. ...” гэв.

 

Яллагдагч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би орцны жижүүр хийж байсан. Эцэг, эх, ах, эгч, дүү байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч М.А  “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Б.У М.А  нарыг бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-523 тоотод оршин суух, хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлийг нь авч, 92,700 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

 

Шүүгдэгч Б.У-ын  2009 оны 6 дугаар сарын 16-нд төрсөн охин У.Анужин, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Анхилуун нарын буюу бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх ажиллагааг мөрдөн байцаалтаар нөхөн хийх нь хүүхдийн эрх ашиг нийцнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Энэхүү дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн  хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална...”, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна...” гэж заасанд нийцжээ. 

 

Яллагдагч Б.У нь яллагдагчаар “...Нөхөр Ганболд ял эдэлж байгаа. Би эцэг, эхээс ганцаараа, ах, дүү, хамаатан садан гэх зүйл байхгүй. Миний эцэг, эх хоёр нас бараад удаж байгаа болохоор миний хоёр хүүхдийг харж асрах хүмүүс байхгүй...” /хх 64/ гэж мэдүүлсэн байх ба хэрэгт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод “...ам бүл 4. Зорилтод бүлэгт байдаг...” /хх 112/ гэсэн, бага насны хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээ /хх113-114/ бэхжүүлэгдсэн байна.

 

Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө тодруулж шийдвэрлэлгүйгээр яллагдагч Б.У-ыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шатанд уг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 541 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтаар М.А , Б.У нарын холбогдсон гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэхдээ төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй албан тушаалтан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэр тусмаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүний бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авах үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, прокурорыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.У-ын бага насны 2 хүүхдийн асрамжийн асуудлыг хэнд хариуцуулах талаар үндэслэл, нотолгоо бүхий саналыг гаргаж оролцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй ажиллагаа гэж үзэхгүйгээр яллагдагчийн асран халамжилж, харгалзан дэмждэг хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байдлаар яллагдагчийн хувийн байдлыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хийж хэргийг нь шүүхэд шилжүүлж байх нь дээр дурдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцэд нийцэх бөгөөд прокурор, мөрдөгч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авч байхыг тэмдэглэж байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...-д оршино...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, Эрүүгийн хуулийн “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 541 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.А , Б.У нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл М.А , Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ