Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 644

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Баярмаа,

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч: М.А, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан /ШТЭД:0678/, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /ШТЭД: 0324/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У  , М.А нарт  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт, , урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б.У

Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт, , урьд ял шийтгэлгүй, М.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.У, М.А нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч 92.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Лувсандэлэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Чи Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд амьдарч байна. 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад Нарантуул – 2 зах орж явж байгаад өдөр 15 цагийн орчимд гэртээ эргээд ирэхэд гэрийн хаалганы цоож газар уначихсан гэрийн хаалга онгорхоы байсан юм. Тэгээд юу болов яав ийв гээд  гэртээ ороод харахад манай гэрийн 2018 оны 11 дүгээр сард шатсан байсан болохоор гэртээ ороод харахад алдагдахаар эд зүйлс байхгүй. Гэр дотор нэг ор онц их зүйл байхгүй юм. ...манай гэрээс хулгай хийсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг харсан байсан тэгээд надад хэлэхдээ тэр хүүхэд танай гэрээс миний урд нь харж байсан архи уудаг гэр нь хойно байдаг эрэгтэй эмэгтэй хоёр танай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд дотроос нь танай гэрийн цахилгаан халаагуурыг аваад гараад явж байхыг нь харсан тэгээд би гэрээс мөн адил цахилгаан халаагуур алдагдсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-н 13-15-р хуудас/

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-777 тоот гэртээ хүүхдүүдийн хамт байж байсан. Өдөр 11 цагийн орчим манай гэрт М.А гэдэг залуу ирсэн. ...Нарантуул – 2  худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын гудамжаар явж байсан чинь М.А гэнэт энэ айлд хүн байхгүй байна. Би ороод юм аваад гараад ирье, чи хүн харж байгаарай гэж хэлсэн. Тэр айл жижиг ногоон өнгийн төмөр хаалгатай байсан. ...М.А хашаан дотроос жижиг чулуу аваад тэр айлын цоожийг цохиод гэр лүү нь орсон. Удалгүй М.А тэр айлаас цагаан өнгийн тень, бас урт залгуур зэрэг эд зүйлүүдийг аваад гараад ирсэн. М.А бид хоёр тэр айлаас авсан тенийг Нарантуул – 2 худалдааны төвийн махны тасагт шулаа хийдэг Төмөрөө, Улаанаа гэдэг хоёр хүнд 25.000 төгрөгөөр зарсан. Тень зарсан мөнгөөрөө М.А бид хоёр 1 кг мах, Хамаг монгол гэсэн нэртэй 0.75 граммын архи, жоохон идэж уух юм аваад, манай гэр лүү явсан. Манай гэрт ирээд М.А бид 0.75 граммын архиа хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудас/

Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би газраас чулуу аваад цоожийг нь эвдэж онгойлгоод бид хоёр орсон. Тэгээд би гэрийн хойд талд байсан цагаан өнгийн тень болон залгуурыг аваад бид хоёр эргээд гарсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул – 2 зах дээр хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна зүс таних нэг эмэгтэй хүн цагаан өнгийн тень бариад манай зааланд зарах гээд явж байсан ...би очоод хэдэд өгөх вэ гэсэн чинь 50.000 төгрөг гэсэн ба үнэтэй болохоор нь тухайн үедээ аваагүй ба хараад байсан заалаар зарагдахгүй яваад байсан ба сүүлдээ 28.000 төгрөг болоод 25.000 шууд өгвөл авлаа гээд авсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн найз Одгэрэлийн хамтаар Нарантуул – 2 худалдааны төв орох гээд алхаад явж байхад манай гэрийн урдхан талд байдаг ганцаараа амьдардаг хөгшин өвөө байдаг юм тэдний гэр нь 2018 оны 11 дүгээр сард шатаж байсан юм тэгээд хашаа нь  байхгүй хашаан доторх нь ил харагддаг ...Нарантуул – 2 худалдааны төв орж юм аа аваад Одгэрэл бид хоёр манай гэр рүү орох гэээд явж байхад нөгөө эрэгтэй, эмэгтэй өвөөгийн гэрт нь байсан цахилгаан тенийг нь барьсан явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайланд: Үнэлгээний дүн 92.700 төгрөг /хх-н 54-55-р хуудас/

Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Ганболдын найз болох М.А гэх залуу 0.5 литрийн савлагаатай хамаг монгол нэртэй архи авч ирсэн юм. ...Архиныхаа халуунд бид хоёр архи авч уух мөнгө олох гэж М.А бид хоёр ярилцаж байгаад гэрийнх нь хаалганы зүүдэг цоожийг газраас чулуу аваад М.А эвдээд гэр дотор нь ороход нэг их тавилгагүй орны урд талд байх тосон тень болон уртасгагч залгуурыг авч гараад Нарантуул – 2 худалдааны төв дээр очиж урд нь яв авч байсан зүс таних хүнд уг хулгайлсан тенийг нь 25.000 төгрөгөөр зарсан ...би эцэг эхээсээ ганцаараа ах дүү хамаатан садан гэх хүн байхгүй. Миний эцэг эх хоёр нас бараад удаж байгаа болохоор миний хоёр хүүхдийг харж хандах асрах хүмүүс байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 61-64-р хуудас/

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зүс таних Ганболд гэх айлын гэрт очиход түүний эхнэр нь болох Б.У гэртээ бага насны хүүхдийн хамтаар сууж байсан юм. Тэгээд би гэрт нь очихдоо 0.75 литрын савлагаатай архи авч очоод бид хоёр тэр архийг хувааж уугаад дуусаад ...би архи уусан халамцуу байсан болохоор гэрийн хаалганы цоожийг нь газраас чулуу аваад цохиж цоожийг нь аваад гэр дотор нь ороход нэг их тавилгагүй айл байсан ...цагаан саарал өнгийн тосон тень халаагуур байсныг уртасгагч залгуурын хамт авч гараад Нарантуул – 2 худалдааны төв орж Б.У уг тенийг танил хүндээ 25.000 төгрөгөөр зарж борлуулаад 2 шил 0.75 литрийн савлаагатай архи авч үлдсэн мөнгөөр нь Б.У нь гэртээ хүнсний зүйл аваад мөнгийг нь дуусгасан” гэх мэдүүлэг /хх-н 65-68-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 11-14-р хуудас/

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-н 17-18-р хуудас/

Шүүгдэгч Б.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 75-р хуудас/

Шүүгдэгч М.А иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 79-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №45 тоот тодорхойлолт /хх-н 110-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №130 тоот тодорхойлолт /хх-н 110-р хуудас/

Шүүгдэгч Б.УЭрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 83-р хуудас/

Шүүгдэгч М.АЭрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 84-р хуудас/

У.Анужин төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 113-р хуудас/

Г.Анхилуун төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 114-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

М.А нь 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч 92.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Лувсандэлэг, гэрч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайлан, шүүгдэгч Б.У, М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт,  эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

            Прокуророос М.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч М.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Б.У тай бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У нь шүүгдэгч М.А 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Д.Дуламсүрэнд 25.000 төгрөгөөр зарж улмаар архи болон хүнсний зүйл худалдан авч зарцуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Лувсандэлэг, гэрч Д.Дуламсүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайлан, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.У нь М.А хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болохыг буюу хулгайлах гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, ашиг олсон байна.

            Прокуророос Б.Уүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас үнэлгээний тайланд дурьдагдсанаар 92.700 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Д.Лувсандэлэгт эд зүйлийг буцаан олгосон байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.У үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
 

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б.У-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай.

2.Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.У -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У д 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 6 сарын хугацаатайгаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.У д тус тус сануулсугай. 

7.Шүүгдэгч М.А, Б.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.А цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У д урьд авсан хувийн баталгаа авах, шүүгдэгч М.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР