Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

2019           6              11                                            2019/ДШМ/576

 

А.М-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 1805039240898 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лувсанчүлтэм овгийн А.М-, 1980 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

А.М- нь Автотээврийн үндэсний төвийн харьяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “...хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө...” гэж бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогч Б.А-гаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 9.900.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сард иргэн С.Мэндбаяраас “...хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож өгнө...” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс “...Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл авч өгнө...” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 2-нбы өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан-Дорнод-7 байрны 29 тоот гэртээ амарч байхад нь “...Баянхонгор, Өвөрхангай аймагт хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч бусдад 3.480.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт “...хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө...” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын колонкны Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаараа удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт “...Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс А.М-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 2018 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд иргэн И.Мияасүрэнг “...хот хоорондын шугаманд автобус оруулж өгнө...” гэж хуурч, 3 удаагийн үйлдлээр нийт 780.000 төгрөгийг залилсан гээх гэмт хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 190801386 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба А.М- дээрх үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлээр зохицуулаагүй байна.

Иймд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул А.М-д холбогдох нэг төрлийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг нэг явуулж, нэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. ...” гэж А.М-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Тус прокурорын газраас А.М- үйлдсэн гэмт хэргүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэх байтал хавтас хэрэгт тусгагдаагүй хэргийг шалгуулгаар буцааж байгаа нь хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс иргэн И.Мияасүрэнгийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч А.М- холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйлгүй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд А.М- нь иргэн И.Мияасүрэнгээс 780.000 төгрөгийг залилж авсан талаар огт дурьдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад И.Мияасүрэнгээс авсан мөнгийг овог, нэр, оршин суух хаяг, регистр тодорхойгүй Пүрэвдоржид өгсөн талаар дурьдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа нь энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ...” гэж зааснаар тодорхой цаг хугацаагаар шалгалтыг явуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, А.М- холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байхад гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоохоор ажиллагаа явуулж байгааг шууд А.М-тэй холбож үзэх боломжгүй юм.

Иймд шүүх уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байхад буцаасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна...” гэж, 2 дахь хэсэгт “...хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно...” гэж тус тус заасан бөгөөд зөвхөн мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэж шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэтэл шүүх А.М-д холбогдох мөрдөн байцаалтын хэргийг, хэрэг бүртгэлтийн хэрэгтэй нэгтгэн шалгуулахаар буцаасан нь дээрхи заалтуудыг зөрчжээ. Мөн дээрхи ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэх зарчимтай нийцэхгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх А.М-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс  А.М-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд И.Миясүрэнг хот хоорондын шугаманд автобус оруулж өгнө гэж хуурч 780.000 төгрөгийн хохирол учруулсан байж болох үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул тэр үйлдлийг нь энэ хэрэгт нэгтгэн нэг яллах дүгнэлт үйлдүүлхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, А.М- нь 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий 7 хохирогчид “хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл авч өгнө” гэх аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа түүний 2018 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаарх баримт хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл, нэг төрлийн гэмт хэргийг нэг аргаар үйлдсэн байж болох үйлдэл илэрсэн тул хэргийг нэмж нэгтгэн нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхээр заасан шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь шүүхийн шийдвэр гаргаж, шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх замаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал илт дордохоор байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “захирамжийг хүчингүй болгох”-оор бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Түүнчлэн А.М- холбогдсон сүүлийн үйлдэл нь өөр дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байхад прокурор хэргийг харьяаллыг зөрчсөн байгааг анхаарах хэрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ