Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00414

 

Л.Э-, Г.О- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01847 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1834 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Л.Э-

          Нэхэмжлэгч: Г.О-

          Хариуцагч: Д.М-

 

         нэхэмжлэл: 46,361,668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай,

          сөрөг нэхэмжлэл: 72,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар 2019.12.04-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э-, Г.О-, тэдгээрийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Л.Э- миний бие Д.М-аас 2014.01.29-ний өдөр 15,000,000 төгрөг, мөн 2014.02.07-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг нэг  жилийн хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан. 5 сарын зээлийн хүүд 6,000,000 төгрөг төлсөн. Зээлийн барьцаанд Г.О-, Л.Э- нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар Д.М-ын хүсэлтээр ярилцаж тохиролцон, зээлийн төлбөрийг ажлын хөлсөөс хасаж тооцон Налайх дүүргийн 6-р хорооны Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газрын Орог ..тын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барьж өгөхөөр болсон. 2015.04.01-с би дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв талбай бүхий хоёр давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан. Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв  талбай бүхий боловсон жорлон, душ, караокены барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа, гэр доторх модон тавилга зэрэг нийт 23 нэр төрлийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн Д.М-д хүлээлгэн өгсөн. Жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.М- өөрийн Хаан банкны тоот данснаас жуулчны бааз барьсан ажлын хөлсний урьдчилгаа болгон нийт 45,229,000 төгрөгийг 2015.05.01-с 2016.05.16-ны хооронд шилжүүлэн өгсөн байдаг. Л.Э- миний хийж гүйцэтгэсэн дээрх жуулчны баазын ажлын нийт хөлс болох 151,590,667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр  40,000,000 төгрөг, зээлийн гэрээний алданги болох 20,000,000 төгрөг, мөн ажил гүйцэтгэх явцад урьдчилгаа төлбөр болгож өгсөн 45,229,000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46,361,668 төгрөгийг Д.М-аас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд байгаа Л.Э- болон Г.О-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү.  Ажлын хөлсөнд зээлийн төлбөр, алданги нийт 60,000,000 төгрөгийг тооцохоор тохиролцсон тул зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд зээлийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбар болон нэхэмжлэлдээ: Г.О-, Л.Э- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсанаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд энэхүү зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь авснаа бүрэн хүлээн зөвшөөрч 2016.01.20-ны өдөр авсан зээлээ хуваан 2017 онд төлөх талаар тодорхойлолт гарган өгч байсан бөгөөд энэ цаг хугацаанд жуулчны баазын барилгын ажил дуусч ашиглалтанд орсон байсан.  Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Орог ..тын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламжийг нийт 61,964,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсний төлбөрийн зөрүү гэх 46,361,668 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ИХ-н 344.1-д зааснаар ажлын хөлсийг бүрэн хүлээн авсан, хариуцагчийн зүгээс жуулчны баазыг хүлээн авснаар бидний ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцаа дуусгавар болсон тул аливаа шаардлага гаргах эрхгүй гэж ойлгож байна. Дээрх ажлын хөлсөнд төлсөн, ажил гүйцэтгэгч нартай харилцан тохиролцон төлсөн нийт 61,964,000 төгрөгийг 2015.04.01-с 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Г.О-гийн Хаан банкны данс руу өөрийн  данснаас шилжүүлсэн. Хариуцагч нь хийсэн ажлын хөлс 151,590,667 төгрөг гэх боловч миний бие ажил гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож тухайн ажлыг 61,964,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн тул харилцан тохиролцоогүй ажлын хөлс буюу цалингийн зөрүү гэх дээрх мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй тул зээлээ бүрэн төлж барагдуулаагүй тул барьцааны гэрээ цуцлах, барьцааны зүйлийг чөлөөлж өгөх боломжгүй. 2014.01.29-ний өдрийн зээлийн гэрээ, мөн 2014.02.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх зээлийн гэрээнүүд байгуулсантай холбогдуулан 2014.01.29-ний өдөр, 2014.02.07-ны өдөр тус тус барьцааны гэрээ байгуулан Л.Э-, Г.О- нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Л.Э-, Г.О- нар зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зээлийн гэрээний хүүнд 6,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Л.Э-, Г.О- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 8,400,000 төгрөг, алданги 24,200,000 төгрөг, нийт 72,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 183/ШШ2019/01847 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан  Л.Э-аас  59,774,000 төгрөг гаргуулан  Д.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,026,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.О-д холбогдох “...72.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан  Д.М-аас 46,361,668 төгрөг гаргуулан Л.Э-д олгож, нэхэмжлэлээс  барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай Г.О-, Л.Э- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан Д.М-аас шинжээчийн ажлын хөлс 2,500,000 төгрөг гаргуулан  Л.Э-д олгох,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018.01.15-ны өдөр төлсөн 457,950 төгрөг, 2019.07.25-ны өдөр төлсөн 85,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Л.Э-аас 456,820 төгрөг гаргуулан Д.М-д олгож,  Л.Э-аас  2018.01.15-ны өдөр төлсөн 389,758 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Д.М-аас 389,758 төгрөг гаргуулан Л.Э-д олгох шийдвэр гаргажээ. 

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1834 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01847 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дах заалтын “46,361,668” гэснийг “89,626,667” гэж, 4 дэх заалтын “389,758” гэснийг “606,083” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлгээгүйгээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны болж чадаагүй байна. Г.О-, Л.Э- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “...ажлын хөлс буюу цалингийн үлдэгдэл төлбөрт 46,361,668 төгрөгийг гаргуулах, “...барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх...” гэж шаардлагаа тодорхойлон өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 151,590,667 төгрөг болсон үүнээс зээлийн төлбөр болох 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх явцад урьдчилгаа төлбөр болгож өгсөн 45,299,000 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл нь 46,361,668 төгрөгний авлагатай үлдсэн гэж тайлбарласан. Шүүх дүгнэхдээ зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний тус тусдаа бие даасан харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч шийдвэр гаргахдаа алдаа гаргасан гэж үзэхээр байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Д.М-аас ажлын хөлсөнд шилжүүлсэн “...ажлын хөлс 151,590,667 төгрөгнөөс зээлийн гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөр болох 45,299,000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46,361,668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажлын хөлсөнд 46,361,668 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Хариуцагч тал болох Д.М-ын зүгээс Л.Э-, Г.О- нартай харилцан тохиролцсон Л.Э-ы “Юниквүүд” ХХК-р тэдний ажилчдаар Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Орог ..тын аманд жуулчны баазын барилга байгууламж бариулсан нь үнэн бөгөөд энэхүү жуулчны баазын барилга байгууламжийг бариулахдаа дээр дурьдсан зээлийн гэрээний үнийн дүнгээр тооцож ажил гүйцэтгүүлэх талаар анхнаасаа ямар нэгэн тохиролцоо огт байгаагүй бөгөөд талууд ажлын хөлсийг 151,590,667 төгрөг байх талаар тохиролцсон зүйл байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үндэслэж талууд ажлын хөлсийг харилцан тохиролцсон гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь буруу юм. Д.М- нь жуулчны баазыг бариулахдаа хариуцагч нартай харилцан тохиролцон ажлын хөлсөнд нийт 61,964,000 төгрөгийг 2015.04.01-с 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Г.О-, Л.Э- нар нь жуулчны баазын барилга байгууламжийг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ажлын хөлс гэж энэ мөнгийг шилжүүлсэн. Ингэхдээ зарим ажлын хөлсийг өөрийн эгч болох Ц-н дансаар шилжүүлж байсан, нэхэмжлэгч нар мөн энэ хэмжээний ажлын хөлс авснаа хүлээн зөвшөөрч тайлбарладаг боловч шилжүүлсэн мөнгөнөөс нь бараа материал худалдаж авсан /24,25 сая төгрөгний/ ажлын хөлсөнд авсан мөнгө нь 43,074,500 төгрөг болсон гэх тайлбарыг гарган маргадаг. Дээрх үйл баримтаас үзэхэд талууд ажлыг хөлсийг тохиролцоогүй биш тохиролцсон ингэхдээ ажлын хөлсийг 60 сая төгрөг гэж тохиролцсон бөгөөд энэ нь Г.О-, Л.Э- нарын зээлийн төлбөрөөс тусдаа байсан гэж үзэж болохоор байгаа юм. Нөгөө талаар БГД-н ИХАШШ-с нэгтгэж ирүүлсэн хэргийн баримтаар хариуцагч нар өмнө нь шүүхэд гаргасан тайлбар, тэдний гаргаж байсан нэхэмжлэлд дурьдсанаар жуулчны баазын барилга байгууламжийг барьсан ажлын хөлсөнд талуудын харилцан тохиролцсоноор нийт 61,964,000 төгрөгийг 2015.04.01-с 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О-, Л.Э- нар нь жуулчны баазын барилга байгууламжийг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ажлын хөлс гэж энэ мөнгийг шилжүүлсэн болно. Мөн анх Янгирт жуулчны баазын барилга байгууламжийн ажлыг Л.Э- нь өөрийн “Юниквүүд” ХХК-иар хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд Д.М-ын хувьд өөрийн төрсөн хүүхдийн 2009.04.08-ны өдөр үүсгэн байгуулсан  “МНХ” ХХК-иар ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд Янгирт жуулчны баазын зориулалттай газрын эрх нь “МНХ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг болно. Үүнээс үзэхэд тухайн иргэний хэргийн нэхэмжлэгч Л.Э-, Г.О- нар биш бөгөөд хариуцагч нь мөн Д.М- биш “МНХ” ХХК байгаа тул нэхэмжлэгч нар нь ажлын хөлсийг дутуу авсан гэж үзэж байгаа бол хуулийн этгээдээс ажлын хөлсөө шаардах ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх: “...Талууд дээрх ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг харилцан тохиролцсон болох нь нотлогдоогүй тул анхан шатны шүүх ИХ-н 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ” гэж дүгнэсэн нь   үндэслэлгүй болжээ. Учир нь давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар нь ИХШХШТХ-н 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд тэдгээрийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх учиртай гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон шинжээч нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч нарын ажлын хөлс болох 151,590,667 төгрөг байх боломжтой ба хариуцагч Д.М-ын зүгээс бүх, бараа материалыг нийлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь зөвхөн ажиллах хүчийг гаргасан болохыг дурддаг. Мөн хяналтын шатны иргэний хэргийн 2017.05.31-ний өдрийн 696 дугаар  хүчин төгөлдөр тогтоолын тодорхойлох хэсэгт “...жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.М- манай эхнэр Г.О-гийн нэр дээрх дансаар ажлын хөлс гэж 61,964,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 24,519,500 төгрөгөөр бараа материал авсан” гэсэн Л.Э-ы тайлбар тусгагдсан ба мөн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар 61,964,000 төгрөгийг нэхэмжлэгч нар хүлээн авсан болох нь тогтоогдоно. Харин шинжээчийн дүгнэлт болон шинжээч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч нар нь барилгын материалд нэг ч төгрөг гаргаагүй болох нь тогтоогддог. Дээрх үйл баримтад хоёр шатны шүүхийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйн улмаас Д.М-ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Мөн ИХШХШТХ-н 37.2-т заасныг мөн нөхцөлд хэрэглэж дүгнэлтийг хийх нь зүйтэй юм. Шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажлын хөлсийг талууд тохиролцоогүй гэж үзэн шинжээчийн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч нарын өөрсдийн гаргасан ажлын хөлсний хэмжээгээр цалин хөлс буюу цалингийн үлдэгдэл гаргуулахаар шийдвэрлэсэн нь баримтад тулгуурлаагүй, бодит байдалтай нийцэхгүй байгаа болно. Иймд шийдвэрийн 2, 3 дахь заалт, магадлалыг тус тус хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Д.М- болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

        1. Д.М-ын  нэхэмжлэлийн талаар

     а/. Анхан шатны шүүх  72,800,000 төгрөг гаргуулах Д.М-ын нэхэмжлэлтэй хэрэг, 46,361,668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай  Л.Э-, Г.О- нарын нэхэмжлэлтэй хэргийг 2018.03.09-ний өдрийн захирамжаар  нэгтгэжээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.М- нь “...зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй..” гэж марган, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Л.Э-, Г.О- нараас шаардсан. Харин  Л.Э-, Г.О- нар нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг  Д.М-аас шаардахдаа  зээлийн гэрээний үүргээ харилцан  тооцон нэхэмжлэлийнхээ үнийн дүнг тодорхойлсон, талууд энэ талаар анхан шатны шүүх  хуралдаан дээр мэтгэлцсэн байна. 

       Зохигч нарын  нэхэмжлэлийн үндэслэл нь  хоорондоо холбоотойгоос гадна зарим шаардлагын үнийн дүнг харилцан  тооцох байдлаар тодорхойлсон байх тул хяналтын гомдлын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын хэмжээнд  дүгнэлт хийх нь Д.М-ын хууль ёсны ашиг сонирхол болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4., 23 дугаар зүйлийн  23.1., 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, “нэхэмжлэл”-г  хамтад нь шийдвэрлэх тухай  73 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй гэж үзлээ. 

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт хамаарах зөрчил гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. 

       б\. Д.М- зээлийн гэрээний үүрэгт Л.Э-, Г.О- нараас үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 8,400,000 төгрөг, алданги 24,200,000 төгрөг нийт 72,600,000 төгрөгийг шаардсан байна.    

       Анхан шатны шүүх  Л.Э-аас үндсэн зээл 40,000,000 төгрөг,  хүүгийн үлдэгдэл 8,400,000 төгрөг, алданги 11,374,000 төгрөг нийт  59,774,000 төгрөг гаргуулан  Д.М-д олгох, нэхэмжлэлээс үлдэх 13,026,000 төгрөгийг  Г.О-д холбогдох  нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн энэ заалтыг хэвээр үлдээсэн байв.

         Шүүх  зээл, хүүгийн хэмжээг Д.Мөнжаргалын заасан хэмжээгээр хангаж, үндсэн зээл 40,000,000 төгрөг,  хүү \14,400,000- 6,000,000\-ийн үлдэгдэл  8,400,000 төгрөг нийт 48,400,000 төгрөгийг  Л.Э- төлөх үүрэгтэй гэж үзсэн нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй, энэ талаар гомдол гараагүй байна.

        в\. Д.М- нь алдангид 24,200,000 төгрөг шаардсанаас шүүх  11,374,000 төгрөгийг зээлдэгч  төлөх үүрэгтэй гэж үзсэн, үүнийг зээлдүүлэгч  эс зөвшөөрсөн байна.  

        Хэрэгт авагдсан баримтаар,  талууд  үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан  нь тогтоогдсон тул алдангийг 2017.12.01-ний өдрөөс 2018.01.16-ны өдөр хүртэл хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 48,400,000 төгрөгөөс 0,5 хувиар тооцон, 11,374,000 төгрөгийг Л.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т нийцжээ.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 281, 232 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  энэ тухай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

        2. Л.Э-, Г.О- нарын нэхэмжлэлийн талаар 

      2.1. Л.Э-, Г.О- нар нь  Д.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж  “... ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46,361,668 төгрөг гаргуулах, зээлийн гэрээтэй холбоотой  барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах,  эд хөрөнгийг барьцаанаас  чөлөөлүүлэх..” гэсэн гурван  шаардлага тавьсан байна.

       Анхан шатны шүүх  Д.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46,361,668 төгрөгийг гаргуулан Л.Э-д олгох, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг Г.О-гийн нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгох, шинжээчийн зардалд 2,500,000 төгрөгийг Д.М-аас гаргуулан Л.Э-д олгох шийдвэр гаргажээ.   

       Давж заалдах шатны шүүх  “...Д.М- ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46,361,668 төгрөг бус, харин 89,626,667 төгрөгийг Л.Э-д төлөх ёстой..” гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлтэй холбоотой гаргасан бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.   

      Хариуцагч  нь 89,626,667 төгрөг төлөхийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх тул энэ талаар   хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

       2.2.  Хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

       а\. Л.Э- нар нь Д.М-аас  ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл мөнгийг  шаардаж, үнийн дүнгээ “...46,361,668 төгрөг..” гэж  тодорхойлохдоо “... ажил гүйцэтгэх гэрээний  хөлс 151,590,667 төгрөгийг    Д.М- төлөх ёстой ч  45,229,000 төгрөг төлж 106,361,667 төгрөгийг төлөөгүй байгаа... бид зээлийн гэрээний үүрэгт  60,000,000 төгрөг төлөх ёстой тул уг мөнгөө  хасаад \ 106,361,667-60,000,000\ үлдэх 46,361,668 төгрөгөө гаргуулна...” гэсэн  үндэслэл заасан байна.

      Давж заалдах шатны шүүх  хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл  төлбөрт 89,626,667 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “....Л.Э- 151,590,667 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна...Д.М- 61,964,000 төгрөг шилжүүлсэн байх тул  үлдэх мөнгийг \ 151,590,667-61,964,000\ гаргуулна гэжээ.    

      б\. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2015 оны 2 дугаар сард  Л.Э- нь Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны  Орог ..тын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламж барих, Д.М- уг ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байна.    

      Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

      Иймд шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

       Гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. 

        в\. Д.М- нь Л.Э-ы гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх, ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

        Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

       Л.Э- нь жуулчны баазад амрагчдын 9 гэрийн газар шороо, суурийн ажил, контейнер хаус барих ажил, рестораны барилгын ажил, ариун цэврийн өрөө,  караокены барилгын ажил, амралтын байрын суурийн ажил, модон гүүрийн ажил, бохир усны 27 м3 цооногийн ажил, бохир усны шугам, худгийн ажил, баазын гэрэлтүүлгийн ажил, гадна цахилгаан хангамжийн ажил, дээд авто зогсоолын ажил, доод авто зогсоолын ажил, гар бөмбөгийн талбайн ажил, гадна зам талбайн ажил, модон жорлон барих ажил, гадна цэвэр ус, гүний худгийн ажил, бусад ажил буюу зуурмаг болон бетон зуурмаг бэлдэх ажил зэрэг 17 нэр төрлийн ажил гүйцэтгэсэн, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан  нь хэрэгт буй баримтаар  тогтоогджээ.

       Ажил гүйцэтгэх гэрээний талууд  ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг харилцан тохиролцсон гэх үндэслэл нотлогдоогүй тул шүүх  тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг жишиг үнэлгээ, тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээ зэргийг  харгалзсан нь  Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2-т нийцжээ.

     Шинжээчийн дүгнэлтээр дурдсан  17 нэр төрлийн ажил нь 206,907,943 төгрөгийн,   гэрийн модон тавилгууд 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй буюу  нийт  214,907,943 төгрөг болсон нь нотлогдсон байх бөгөөд энэ нь  нэхэмжлэгчийн  шаардсан ажлын хөлсний хэмжээнээс илүү байсан тул шүүх  гүйцэтгэсэн ажлын хэмжээг Л.Э-ы тодорхойлсон 151,590,667 төгрөгөөс тооцсон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчөөгүй байна.

       Дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээгээр  захиалагч Д.М- нь  ажлын хөлсөнд ажил гүйцэтгэгч Л.Э-д 151,590,667 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь нотлогдсон гэж үзнэ. 

       г\. Д.М- ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Д.Э-д  61,964,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг шүүхэд өгсөн, давж заалдах шатны шүүх уг мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 151,590,667 төгрөгөөс хасаж, үлдэх  89,626,667 төгрөгийг захиалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь баримттай байх бөгөөд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 344.2-т нийцжээ.

      д\. Захиалагч  нь  ажлын үр дүнг  хүлээн авсан, гүйцэтгэлтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй тул Л.Э- ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй байна.  

       е\. Л.Э- нь  гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл мөнгийг шаардсан бөгөөд  энэ нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж үзэх буюу зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний үүргүүдийг  харилцан тооцох  үндэслэл баримтаар нотлогдоогүй байна. 

     Иймд “...нэхэмжлэгч  46,361,668 төгрөг шаардсан байхад  шүүх 89,626,667 төгрөг хариуцагчаас гаргуулсан...” гэж үзэхгүй, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан, шүүх энэ талаар дүгнэлт хийсэн  тул “...шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шаардаагүй зүйлийн талаарх шийдвэр гаргасан ..” гэх гомдол  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т  нийцэхгүй  юм. 

        Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал хэрэгт буй баримтад үндэслэгдсэн байх тул  Д.М-аас 89,626,667 төгрөг гаргуулахыг эс зөвшөөрсөн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.     

        Хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэх гэрээ нь  хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ нь  хариуцагч талын гомдлыг хангах  нөхцөл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

       3. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах  үндэслэлийн талаар

       Давж заалдах шатны шүүх Д.М-ыг сөрөг нэхэмжлэл гаргасан гэх агуулгаар дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...нэхэмжлэгч..хариуцагч..” гэснийг өөрийн дүгнэлтийн дагуу  залруулаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5,  дэх хэсэгт нийцээгүй байна.   

     Түүнчлэн, давж заалдах шатны шүүх  улсын тэмдэгтийн хураамжийн  аль хэсгийг өөрчилсөн нь ойлгомжгүй болжээ. 

       Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс “нэхэмжлэгч ...хариуцагч” гэснийг хасаж, улсын тэмдэгтийн хураамжид  Д.М-аас  төлсөн нийт /457,950+85,350/ 543,300 төгрөг, Л.Э-аас  төлсөн нийт /389,758+70,200/ 459,958 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Л.Э-аас 456,820 төгрөг гаргуулан Д.М-д олгож, Д.М-аас 606,083 төгрөг гаргуулан  Л.Э-д олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1834 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

нэгдүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Л.Э-аас  59,774,000 төгрөг  гаргуулан Д.М-д олгож, үлдэх 13,026,000 төгрөгийг  Г.О-д холбогдох шаардлагын хамт   хэрэгсэхгүй болгосугай...” гэж

хоёрдугаар заалтыг “.. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан Д.М-аас  89,626,667 төгрөг гаргуулан Л.Э-д олгож, Л.Э-ы нэхэмжлэлээс барьцааны гэрээг дуусгавар болсон гэж тооцуулах,  барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлагыг  Г.О-гийн нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгосугай...” гэж  

дөрөвдүгээр  заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид  Д.М-аас  төлсөн нийт 543,300 төгрөг, Л.Э-аас  төлсөн нийт 459,958 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Л.Э-аас 456,820 төгрөг гаргуулан Д.М-д олгож, Д.М-аас 606,083 төгрөг гаргуулан  Л.Э-д олгосугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж,  Д.М- түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан Д.М- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 606,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                                       ШҮҮГЧИД,                                           Г.БАНЗРАГЧ  

                                                                                              Б.УНДРАХ

                                                                                                        Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД