Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/00104/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  Махатми Гандийн гудамж, Галакси товер, 1004 тоотод байрлах, Экокапитал ББСБ-ын нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, Төмөр замын 14-р байрны 62 тоотод оршин суух, Отог овогт Монхорын Андрейд холбогдох, 

 

386,992,004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагч М.Андрей, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Экокапитал ББСБ нь иргэн М.Андрейтэй 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14/004 тоот зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот Барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий, Ү-2003003540 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 4 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах, 42,1 мкв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2003009437 дугаартай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болно. Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01529 тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байсан болно.

Энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн М.Андрейгаас 14/004 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 255 826 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 165 334 төгрөг нийт 386 992 004 төгрөг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий, Ү-2003003540 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 4 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах, 42,1 мкв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2003009437 дугаартай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Андрей, түүний өмгөөлөгч Ч.Булган нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Экокапитал ББСБ-д 90,0 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авах хүсэлт гаргасан юм. Тухайн үед надтай хамтарч ажиллахаар  тохирч байсан ӨМӨЗОрны иргэн Ли Шан нь тун удахгүй мөнгө бүтэх учраас өндөр хүүтэй богино хугацаатай зээл хурдан ав гэж хүссэний дагуу 10 хувийн хүүтэй зээл авъя гэсэн билээ. Уг ББСБ нь аж ахуйн нэгжүүдэд 3,5-4,0 хувийн хүүтэй зээл олгодог дотоод журамтай юм билээ. Гэтэл тус ББСБ-ын захирал Б.Лхагвасүрэн нь зээлийг 1 сараар олгохгүй, 3 сараар олгох, хүүг нь 7% болгож, бэлэн байгаа 80,0 сая төгрөг олгоё гэсний дагуу уг зээлийг авсан билээ. Миний авсан зээлийн хүүг 7% болгож, үндсэн хүүн дээр дахин нэмэгдэл хүү тооцохгүй гэж тухайн үед тохирсон болно. Ингэж тохирсоноор бол зээлийн хүү 3 сарын хугацаанд 16,8 сая төгрөг болж нийтдээ 96,8 сая төгрөг төлөх ёстой гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь хариуцагч М.Андрейд холбогдуулан үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 255 826 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 165 334 төгрөг нийт 386 992 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч М.Андрей нь зээлийн хүүг хэт өндөр олгосон, анх үндсэн хүүн дээр нэмэгдэл хүү тооцохгүй гэж тохирсон тул 96 800 000 төгрөгийг зөвшөөрч, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь хариуцагч М.Андрей, хамтран зээлдэгч Б.Сэмжээтамжид, П.Жаргал, Ж.Сайнхүү нар харилцан тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №14/004 дугаартай зээлийн гэрээгээр 90 000 000 төгрөгийг, 2014.05.15-ны өдрөөс 2015.08.15-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хөрөнгө оруулах зорилгоор байгуулжээ.

 

Дээрхи зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Андрейгийн 5046288103 дугаартай дансанд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 70 000 000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 11/

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь хариуцагч Ж.Сэмжээтамжид, Ж.Сайнхүү нарт холбогдуулан 209 360 004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаартай шийдвэрээр хариуцагч нараас 194 240 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 204750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 129150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч Улсын дээд шүүхэд хянуулахаар гомдол гаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2016/01437 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 310 дугаартай шийдвэрээр дахин шийдвэрлэж ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрхи шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч нар хариуцах үүрэггүй, хариуцагч нараас шаардах эрхгүй, үндсэн гэрээний үүрэг зохигчдын дунд үүсээгүй гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь хариуцагч М.Андрейтай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг биелүүлэх шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч М.Андрей нь зээлийн хүү хэт өндөр, анх нэмэгдэл хүү тооцохгүй гэж тохирсон гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь хариуцагч Ж.Сэмжээтамжид, Ж.Сайнхүү нарт холбогдуулан 209 360 004 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар М.Андрейг татан оролцуулсан боловч хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 1143 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М.Андрейг эрэн сурвалжилсан байна. 

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2-т Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад байгууллага гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тусгасан байх бөгөөд 9.2.12-т “Зээлдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буюу бусдад их хэмжээний гэм хор учруулсан, их хэмжээний эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсныг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан...сураггүй алга болсонд тооцогдох болон бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бүхий л тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тусгасан боловч нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 224 дүгээр зүйлийн 224.1-д “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2.3-д мөнгөн төлбөрийн ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус зааснаар хариуцагчаас 2014.06.30-наас 2016.02.08 хүртэл хугацаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч М.Андрейгаас  үндсэн зээл 80 000 000 төгрөг, хүү /19 сар, 8 хоног/ 114 310 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 862 000 төгрөг, нийт 217 172 003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Экокапитал ББСБ нь №14/004 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Ж.Сайнхүү, П.Жаргал нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 9 байр, 56 тоот, 42,1 мкв талбайтай, Ү-2003009437 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000310944 дугаарт бүртгэгдсэн гурван өрөө орон сууц, М.Андрей, Б.Сэмжээтамжид нарын  өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум 12-р баг ,6-р хороолол, 16-р байр, 165 тоот, 50,5 мкв талбайтай, Ү-2003003540 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 000132636 дугаартай, дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь дээрхи барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Экокапитал ББСБ нь 386 992 004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 2 092911 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад дутуу төлсөн 70 200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч М.Андрейгаас 217 172 003 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 1 243 810 төгрөг+70 200 =1 314 010 төгрөг гаргуулж хариуцагч Экокапитал ББСБ-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Андрейгаас 217 172 003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Экокапитал ББСБ-д олгож, 169 820 001 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий, Ү-2003003540 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 4 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах, 42,1 мкв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2003009437 дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 092 911 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод, хариуцагч М.Андрейгаас 2 163 111 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА