Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102

 

“Э- Б- Х-”-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00104/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э- Б- Х-”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.А-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 386.992.004 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С-, П.Ж- нарын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээ, 14/004А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөгч нарт олгуулах” тухай,

“Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С-, Б:С-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Э- Б- Х-”-ийн гүйцэтгэх захирал Б.Л-,шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э- Б- Х-”- нь иргэн М.А-тэй 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 14/004 тоот зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг 15 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот Барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 16 байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-2003003540/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1 хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /Ү-2003009437/ тус тус барьцаалсан болно. Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01529 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж байсан болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн М.А-гаас 14/004 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80.000.000 төгрөг, зээлийн хүү 255.826.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.165.334 төгрөг, нийт 386.992.004 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 16 байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-2003003540/, Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1 хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах 42.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /Ү-2003009437/-ыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А- шүүхэд гаргасан хариу тайлбар, шүү хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Э- Б- Х-”-д 90 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай авах хүсэлт гаргасан юм. Тухайн үед надтай хамтарч ажиллахаар тохирч байсан Өвөр монголын өөртөө засах орны иргэн Ли Шан нь тун удахгүй мөнгө бүтэх учраас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл хурдан ав гэж хүссэний дагуу 10 хувийн хүүтэй зээл авъя гэсэн билээ. Уг “Э- Б- Х-”- нь аж ахуйн нэгжүүдэд 3,5-4,0 хувийн хүүтэй зээл олгодог дотоод журамтай юм билээ. Гэтэл тус “Э- Б- Х-”-ийн захирал Б.Л- нь зээлийг 1 сараар олгохгүй, 3 сараар олгох, хүүг нь 7 хувь болгож, бэлэн байгаа 80 сая төгрөг олгоё гэсний дагуу уг зээлийг авсан билээ. Миний авсан зээлийн хүүг 7 хувь болгож үндсэн хүүнд дахин нэмэгдэж хүү тооцохгүй гэж тухайн үед тохирсон болно. Ингэж тохирсноор бол зээлийн хүү 3 сарын хугацаанд 16,8 сая төгрөг болно. Нийтдээ 96.800.000 төгрөг төлөх ёстой юм гэжээ.

 “Э- Б- Х-”-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 03-р сарын 14-ний өдөр сум дундын анхан шатны шүүхээс шийдвэрлэж 300 тоот шийдвэр гарсан. Энэ хэргийг шийдвэрлэж байх үед гэрээний барьцааны зүйл болох Б.С-, Ж.С-, П.Ж- нарын байрыг залилан мэхэлсэн гэх хэрэгт М.А-г холбогдуулан шалгаж байсан. Энэ шийдвэр гарсны дараа 2019 оны 02-р сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 57 тоот шийтгэх тогтоолоор М.А-г уг зээлийн барьцааны зүйл болох дээрх 2 байрыг “Э- Б- Х-”-д барьцаалж 80 сая төгрөг зээлсэн гэдгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар А-г 6 жилийн хорих ялаар шийтгэсэн. “Э- Б- Х-”- зээл хүсэгчийн материалыг судлахгүйгээр зээл олгосон. Хэт өндөр 7 хувийн хүүтэй зээл олгосон. 3 сарын хүүтэй зээл олгосон гэдэг ч гэрээнд 15 сарын хугацаатай гэж бичсэн, зээлийн эргэн төлөлт дээрээ 3 сар гээд зөрүүтэй материалууд бүрдүүлж зээл олгосон байдаг.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С-, П.Ж-, тэдгээрийн өмгөөлөгч Р.Л- шүүхэд гаргасан бие даасан шаардлага болог шүүх хуралдаанд гаргасан тйалбартаа:

“Э- Б- Х-”-аас хариуцагч М.А- 80 сая төгрөг зээлж авахаар 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 зээлийн гэрээ, 14/004А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа иргэн Ж.С-, П.Ж- нарын өмчийг барьцаалахдаа Ж.С-, П.Ж- нарыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил 8 сар хорих ялаар шийтгэсэн болно. Иймээс Иргэний хуулийн 6-р бүлэг, 59-р зүйлд Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуурч мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж “Э- Б- Х-”- болон Ж.С-, П.Ж- нарын хооронд 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан 14/004 тоот зээлийн гэрээ болон 14/0004А тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаж байна.

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ““Э- Б- Х-”-” А- нарын хооронд байгуулсан гэрээгээр 90 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлж авсан байгаа, бодит байдалд 80 сая төгрөг гэсэн байна. 10 сая төгрөгийг хэн хариуцахыг мэдэхгүй. Зээлийн гэрээ хийхдээ ажлын бус зээлийн мэргэжилтэн Батсайхан ажлын цаг дууссаны дараа Ж.С-, П.Ж- нарыг нэг цонхны үйлчилгээн дээр байлгаж байгаад хурдал түргэн зур, би хотоос явж байна гэж дарамталж байгаад зуруулсан байдаг.

Зээлийн хувийн хэрэг гэж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.1-т зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэж заасан байгаа, П.Ж- Ж.С- нарт зээлийн данс байхгүй, хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтууд ирсэн байсан, энэ баримтуудыг харахад 10 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар  Б.С-ын хүүхдийн тэтгэлгийг олгосон байдаг.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С- шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.А- нь би өөрийн хүч хөдөлмөрөөрөө авсан 53 сая төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцаа залилуулж хохирсон юм. Энэ асуудал эрүүгийн хэргийн шүүхээр залилан болох нь тогтоогдсон юм. М.А-д би Швед улсад ажиллаж олсон мөнгөө өөртэйгээ амьдрах юм байна гэж итгэсний үндсэн дээр цувуулан явуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоотод орших улсын бүртгэлийн 2003003540 дугаартай 50.5 м.кв талбайтай орон сууцыг 23.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. М.А- нь намайг байхгүйг далимдуулан миний явуулсан 100 хувийн мөнгөөр захисан байрыг минь авахдаа өөрийнхөө нэрийг оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Иймд биднийг хуурч, итгэл эвдэн авч барьцаалсан хөрөнгө бол хууль ёсоор бус мөн дээрх “Э- Б- Х-”-ийн бусдын залилсан хөрөнгөө барьцаа болгон бариулж залилсан нь тодорхой учир Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

...Эко капитал ББСБ-аас зээл авахдаа бас өөрийн нэр оруулсныг далимдуулж хамтран зээлдэгчээр оруулж гэрээ хийж, хамтран зээлдэг гэж барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ингээд Б.С- П.Ж- Ж.С- нар залилуулснаа тодорхой хугацааны дараа мэдээд, энэ хүмүүсийн 80 сая төгрөгөөс нэг ч төгрөг ороогүй, М.А- мөнгөө аваад алга болсон байгаа, ингээд алга болчихоор нь Эко капитал ББСБ-д очиж мэдэгдсэн. Хууль бус ажиллагаанд төөрөгдсөн хүмүүс бол Б.С-, Ж.С-, П.Ж- нар байгаа, нөгөө талаас Эко капитал ББСБ эдгээр хүмүүсийг төөрөгдөж залилуулахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж харагдаж байгаа, А- 6 жилийн ял аваад шоронд явсан байгаа, энэ хүн нэг ч төгрөг өгч чадахгүй, одоо энэ 3 хүн байрандаа амьдарч байгаа, тэр байраа энэ зальтай байгууллагад өгч алдах ёсгүй анхнаасаа залилангийн хэрэг байсан байна. Тийм учраас барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э- Б- Х-”-ийн гүйцэтгэх захирал Б.Л- гуравдагч этгээд П.Ж-, Ж.С-, Б.С- нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Ж.С-, Б.С- нар нь иргэний хэргийн хариуцагч болох М.А-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж, 201609000462 тоот эрүүгийн хэрэг үүссэн ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг М.А- үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож 6 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.А-гаас 54.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.С-д, 56.500.000 төгрөг гаргуулж Б.С-ад тус тус олгуулахаар заасан.

Иргэн П.Ж-, Ж.С- нар нь орон сууцаа зээлийн барьцаанд тавихыг анхнаасаа сайтар мэдэж байсан төдийгүй уурхайд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж их хэмжээний ашиг олох зорилгоор зээлийн барьцаанд тавин, хамтран зээлдэгчээр оролцон гарын үсэг зурж зээлж авснаа хүлээсэн байдаг нь М.А-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхэд өгсөн тэдний өөрсдийн мэдүүлгээс тодорхой харагддаг.

Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогчид орон сууцын үнийг М.А-гаас гаргуулахаар болсон тул М.А-д холбогдох нэхэмжлэгч байгууллагын иргэний хэрэгт оролцох үндэслэл байхгүй болж байна. М.А- нь барьцаа хөрөнгүүдийн үнийг иргэний хэргийн гуравдагч этгээдэд төлөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой, нөгөө талдаа дээрх барьцаа хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх нээгдэж байна. Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нар нь эрүүгийн хэргээр хохирлын асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн хэрнээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 9-р байрны 56 тоотод орших улсын бүртгэлийн 203009437 дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууцыг өөрсдөө авахыг санаархаж, илэрхий шунахай сэдэл гаргаж байна. Иргэний шүүх нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан тохиолдолд М.А-гаас шүүхийн шийтгэх тогтоолын дагуу 54 сая төгрөг гаргуулж гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарт олгоно. Залилуулж хохирсон гээд байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 9-р байрны 56 тоотод орших улсын бүртгэлийн 203009437 дугаартай 42.1 м.кв талбайтай орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд хэвээр үлдэхээр байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нар нь М.А-д залилуулсан гэх үндсэн үйл баримт нь байхгүй болох буюу хүчин төгөлдөр эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг иргэний хэргийн шийдвэр үгүйсгэх нөхцөл байдал бий болно. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч М.А- нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ж.С-, П.Ж-, Б.С- нарын байрыг барьцаалж “Э- Б- Х-”-аас 80 сая төгрөгийн зээл авсан ба энэ зээлийг төлж чадаагүй тул байраа барьцаалуулсан хүмүүс цагдаагийн газар гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж улмаар 3 шатны шүүхээр залилан мэхэлж хохирол учруулсан гэм буруутайд тооцож 6 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн. М.А- нь зээлээр авсан 80 сая төгрөгийг БНХАУ-ын иргэн Ли Шан гэгчид 5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхэд нь урьдчилгаа зардалд зориулан шилжүүлээд одоо болтол авч чадаагүй байгаа болно. Нэгэнт Ж.С-, Б.С- нарыг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэсэн тул “Э- Б- Х-”-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанд тавьсан 2 байрыг эзэмшигчид нь буцаан олгох хүсэлтэй байна. М.А- “Э- Б- Х-”-аас зээлсэн 80.000.000 төгрөгөөр өөрөө хариуцан төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-гаас 217.172.003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- Б- Х-”-д олгож, 169.820.001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарын “Э- Б- Х-”-, М.А- нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004А дугаартай Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С-ад, Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах 42,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Ж-, Ж.С- нарт олгохыг нэхэмжлэгч “Э- Б- Х-”-д даалгаж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.092.911 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч М.А-гаас 1.243.810 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 90.400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч “Э- Б- Х-”-аас 70.200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарт олгож, бие даасан шаардлага гаргасан Б.С- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх нь гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг үнэн зөв шийдвэрлэсэн, гэрээг хууль эрх зүйн талаас зөв тайлбарлан үнэлэлт дүгнэлт өгсөн тул нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн гэрээний үүрэгтэй холбоотой тогтоох хэсгийн холбогдох заалттай маргахгүй болно.

Харин Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 687 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-р нүүрт “...Харин зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “Э- Б- Х-”-тай барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахдаа Ж.С-, П.Ж-, Б.С- нарыг хууран мэхлэн залилсан болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон тул хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлж хийсэн “Э- Б- Х-”-, М.А- нарын хооронд байгуулсан 2014/05/15-ны 14/004А дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахыг хүссэн гуравдагч этгээдүүдийн шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү зээлийн болон барьцааны гэрээ нь 2 талын хүсэл зоригийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлж байгуулсан, 2 талын оролцоотой гэрээ юм.

Энэхүү гэрээг байгуулахад хэн нэгэн 3 дагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд эрх ашиг нь хөндөгдөж болох бүхий л хамтарч гэрээний нэг тал болж гарын үсгээ зурсан байдаг. ...М.А- нь шийтгэх тогтоолын дагуу гуравдагч этгээдүүдэд учруулсан хохирлоо төлөөд эхэлсэн, цаашид төлбөр төлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг баталжээ. М.А-гаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу төлбөрүүд төлөгдөж эхэлсэн бөгөөд гуравдагч этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа мөртлөө үнийг нь М.А-гаас хуулийн дагуу гаргуулж байгаа нь нэг талаас шударга ёсонд нийцэхгүй, нөгөө талаас гуравдагч этгээдүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна хэмээн үзэж болно.

М.А- нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын дагуу Ж.С-д 54.000.000 төгрөг, Б.С-ид 56.500.000 төгрөг, иргэний хэргийн шийдвэрээр “Э- Б- Х-”-д 217,172,003 төгрөг тус тус төлөхөөр болж байна. Түүнчлэн барьцааны гэрээ нь зээлийн гэрээнд үндэслэгдсэн, түүний салшгүй хэсэг бөгөөд дангаар нь байгуулах хэрэгцээ шаардлага байхгүй, зээлдэгч тал нь эдгээр гэрээнд нэг л итгэл үнэмшлээр оролцож гарын үсгээ зурдаг. Гуравдагч этгээдүүдийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж хэрэгсэхгүй болгосон ч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 2 дахь заалтын барьцааны гэрээтэй холбоотой заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.С-, П.Ж- нарын өмгөөлөгч Р.Л- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 687 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахдаа иргэн Ж.С-, П.Ж-, Б.С- нарыг хууран мэхлэн залилсан болох нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон болно.

Давж заалдах гомдолд дурдсанаар: Иргэний хуулийн 59-р зүйл нь зөвхөн шаардах эрхийг хуульчилж өгсөн болохоос Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг үндэслэн гуравдагч этгээдийн зүгээс гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэсэн шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан юм. Мөн Иргэний хуулийн 57-р зүйлийн 57.1 -д шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн болно.

“Эко-капитал” ББСБ-ийн гаргасан гомдолд нэг талаас М.А-, нөгөө талаас Ж.С-, П.Ж-, Б.С- нар нь хамтран их хэмжээний ашиг олох зорилгоор аман хэлцэл хийсэн хэмээн дурдсан нь ямар ч нотлох баримт байхгүйгээс залилангийн хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээр тогтоосон болно. Талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох асуудлаа Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг шүүх хуралд оролцсон хохирогч нарт тайлбарласан юм. Иймээс энэ хэргийн хохирогчид нь барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлж авах хүсэлтэй байгаа болно. Гомдол гаргагч Эко капитал ББСБ нь М.А-д залилуулсан хохирлоо барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөр гаргуулахын тулд элдэв арга саам хэрэглэж үл хөдлөх хөрөнгөө барьцаалан залилуулж хохирсон хүмүүсийг гүтгэж байгаад харамсаж байна.

Иймээс Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э- Б- Х-”- хариуцагч М.А-д холбогдуулж үндсэн зээл 80.000.000 төгрөг, зээлийн хүү, 255.826.670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51.165.334 төгрөг, нийт 386.992.004 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журмаа зөрчиж, харьяаллын бус иргэнд, зээл хүссэн материал нь хуурамч байсныг судлалгүйгээр зээл олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч, барьцааны гэрээний оролцогч  болох П.Ж-, Ж.С- бие даасан шаардлагадаа П.Ж-, Ж.С- нар 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Э- Б- Х-”-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг, гуравдагч этгээд Б.С- 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Эко капитал” ББСБ-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бие даасан шаардлагуудыг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу хариуцагч М.А-гаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 217.172.003 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 169.820.001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарын “Э- Б- Х-”-, М.А- нарын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №14/004А дугаартай Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны 165 тоот хаягт байрлах 50,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С-ад, Дархан сумын 16-р баг, 1 хороолол, 9-р байрны 56 тоот хаягт байрлах 42,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг П.Ж-, Ж.С- нарт олгохыг нэхэмжлэгч “Э- Б- Х-”-д даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч “Э- Б- Х-”- эс зөвшөөрч, шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын барьцааны гэрээтэй холбоотой заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэргийн болсон үйл баримтаас үзвэл 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч М.А-, хамтран зээлдэгч Б.С-, П.Ж-, Ж.С- нар харилцан тохиролцож, “Э- Б- Х-”-тай 90.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлэхээр  зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс зээлдэгч М.А-гийн эзэмшлийн 5046288103 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 70.000.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Мөн өдөр зээлдэгч нар зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулж, Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол,16 дугаар байрны 165 тоотын 4 өрөө орон сууц, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 56 тоотын 3 өрөө орон сууцыг  тус тус барьцаалж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчид нь барьцааны гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дууссан, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардаж байсан, зээлдэгч М.А- зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг 2014 оны 09 дүгээр сарын 10,11 дүгээр сарын 07, 12 дугаар сарын 30, 2015 оны 01 дүгээр сарын 05, 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд зээлдүүлэгч талд бичгээр гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд зээлдүүлэгчийг гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.12-т “Зээлдэгчийг гэмт хэрэг үйлдсэн буюу бусдад их хэмжээний гэм хор учруулсан, их хэмжээний эд хөрөнгийн хариуцлага хүлээх болсныг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан, сураггүй алга болсонд тооцогдох болон бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон бүхий л тохиолдолд” гэж зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1143 дугаартай захирамжаар зээлдэгч М.А-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохоор  тэр үеийн 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасан өдрөөс гэрээнд зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх зээлдүүлэгч талд байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврын талаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3 дахь заалтуудаар зохицуулсан.

Энэхүү зээл болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг иргэний хэргийн журмаар анхан шатны шүүх 4 удаа, давж заалдах шатны шүүх 2 удаа, хяналтын шатны шүүх 1 удаа хянан шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд хариуцагч М.А- нь гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилан мэхэлж, бусдад  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол давж заалдах болон хяналтын шатаар хянагдаж, шийтгэх тогтоол өнөөдөр  хүчин төгөлдөр болсон байна.

Энэ шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.А-гаас 56.500.000 төгрөг гаргуулж,  хохирогч Б.С-ад, 54.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.С-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч М.А- хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 307 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч М.А-н хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоол гарчээ.

Анхан шатны шүүх хэргийг дахин шинээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг үндэслэн гуравдагч этгээдүүд болох П.Ж-, Ж.С-, Б.С- нар М.А-д холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцахгүй, зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, үндсэн гэрээний үүрэг зохигч талуудын дунд үүсээгүй, гуравдагч этгээдүүд нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид биш, хариуцагч М.А- ББСБ-тай барьцааны гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдүүдийг хуурч мэхлэн, залилсан болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон, гуравдагч этгээдүүдийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн шаардлагуудаас үндсэн зээлтэй холбоотой шаардлага үндэслэлгүй, харин барьцааны гэрээтэй холбоотой шаардлага үндэслэлтэй, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...”, 59.3-т “Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулахаар шаардаж болно” гэж зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т заасныг маргаантай харилцаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь зээлийн гэрээний нэг тал болж банктай зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа болон үл хөдлөх эд хөрөнгөө банкинд барьцаалуулахдаа М.А-д хууран мэхлэгдсэн гэж маргадаг бөгөөд энэ асуудлаа эрүүгийн журмаар шалгуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлжээ.

“Э- Б- Х-”-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний нэг талын хувьд дээрх этгээдүүд нь залилан мэхлэх замаар хэлцэл хийсэн гэж зээлдэгч талыг буруутгах энэ талаар шаардлага гаргах тухай асуудлыг 59 дүгээр зүйлийн 59.1-д зохицуулсан өөрөөр хэлбэл гэрээний нэг тал нөгөө талдаа хууртагдсан, залилагдсан  байх, харин 59 дүгээр зүйлийн 59.3-д гэрээнд оролцоогүй өөр нэгэн гуравдагч этгээд гэрээний нэг талыг залилсан хууран мэхэлсэн байх ойлголт юм.

Иймд гэрээний нэг тал буюу хамтран зээлдэгч  барьцааны гэрээнд өөрийн өмчлөлийн хөрөнгөөр үүрэг хүлээсэн этгээдүүдийг гуравдагч этгээд гэж үзэхгүй.

Гуравдагч этгээдүүд нь М.А-д зээлийн гэрээний үүрэг хүлээх нэг тал болтлоо мөн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах итгэмжлэл хийх үйлдэлдээ залилуулсан гэж гэрээний нэг тал өөр хоорондоо маргаж байгаа нь гэрээний нөгөө тал буюу зээлдэгчтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Барьцаагаар хангагдах Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 165 тоотын 4 өрөө орон сууц нь зээлдэгч М.А-, Б.С- нарын хамтран өмчлөх өмч байх бөгөөд гуравдагч этгээд Б.С-  өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл болон итгэмжлэлийг зээлдэгч М.А-д бичгээр олгосон.

Иргэний эрх зүйд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа баталгаажуулж авах олон боломж байдгийн нэг нь барьцааны эрх юм.

Барьцааны эрх нь зөвхөн үндсэн шаардлагыг баталгаажуулаад зогсохгүй түүнд хамааралтай бусад эрх буюу хууль болон гэрээгээр тохиролцсон хүү, анз, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг баталгаажуулж байдаг.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т  “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж хуулинд заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч М.А-, гуравдагч этгээд П.Ж-, Ж.С-, Б.С- нар нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, гэрээнд хамтран оролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д” Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар энэ хэргийн хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн байна.

Нэхэмжлэгч “Э- Б- Х-”- нь   Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “ Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар зээлдэгч М.А-г хариуцагчаар сонгон үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэг зээлийн гэрээний талаар гомдол гаргаагүй бөгөөд барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хамтран зээлдэгч, барьцаалагч нараас шаардах эрхтэй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдүүд биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-гаас 217.172.003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- Б- Х-”-д олгож, 169.820.001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэснийг,

“Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-гаас 217.172.003 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- Б- Х-”-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 169.820.001 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.А-, гуравдагч этгээд Б.С- нарын өмчлөлийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарын өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, 56 тоот хаягт байрлах 42.1 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн,

2 дугаар заалтын “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гуравдагч этгээд П.Ж-, Ж.С- нарын “Эко капитал” ББСБ, М.А- нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэх хэсгийг хэвээр үлдээж,

“2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14/004А дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хорооллын 16 дугаар байрны 165 тоот хаягт байрлах 50.5 м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.С-ад, Дархан сумын 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 9 дүгээр байр,56 тоот хаягт байрлах 42.1 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг П.Ж-, Ж.С- нарт олгохыг нэхэмжлэгч “Эко капитал” ББСБ-д даалгасугай” гэснийг хүчингүй болгосугай гэж тус тус өөрчилж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтыг 3 гэж, 5 дугаар заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Э- Б- Х-”-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                       ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                      Л.АМАРСАНАА