Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00376

 

Х.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

          2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00938 дугаар шийдвэр,

 

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Х.Н-                          

          Хариуцагч: М.Д-

          Хариуцагч: И.Э-

          Хариуцагч: Д.Т-                                

          Хариуцагч: Ц.Т-                   

          Гуравдагч этгээд: Л.Ч-, З.О-, Н.Ц-          

 

          Нэхэмжлэл: 2016.10.17-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,  нийт 28,720,000 төгрөг гаргуулах

          Бие даасан шаардлага: 2,558,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц  чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч М.Д-, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын хяналтын журмаар 2019.11.06-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонбаатар, хариуцагч М.Д-гийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Дархан хотын хуучин хорооллын 19-р байрны 34 тоотод эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад 1997 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. ... Ээж Лхамсүрэн 2001 онд нас барсан, миний төрсөн дүү Х.Даваатогтох эхнэр хүүхдийн хамт аавыг асрамжилж амьдардаг байсан, аав маань биеийн байдал тааруу, хараагүй, унаж татдаг, сэтгэцийн өөрчлөлттэй, олон жил хүний асрамжид байгаа юм. Миний дүү Х.Даваатогтох 2013.11.19-нд нас барсан. ... миний эцгийн 4 өрөө байрны асуудлаар ярилцаж тохиролцон байрыг худалдаж талийгаач дүүд ногдох хувь хэсгийн үнийг өгөхөөр Д-тэй тохиролцсон боловч байрны бичиг баримтыг авчирч өгөөгүй. Манай 19-р байрны 34 тоот орон сууцны өмчлөгч нь А.Хишигням, ээж Д.Лхамсүрэн, Х.Н-, Х.Даваатогтох нар байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байрныхаа лавлагааг гаргуулж авах гэтэл аавын чинь нэр дээр уг байр байхаа больсон байна, хамтран өмчлөгчөөр миний нэрийг ч байхгүй байна гээд лавлагаа өгөөгүй. Ямар үндэслэлээр аав бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны өмчлөгчөөр өөр хүмүүс тогтоогдсоныг ойлгохгүй байна. Хууль бус эзэмшлээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахыг шаардаж байна.       Д.Т-д холбогдуулан ИХ-н 56.1.8-г зөрчин гэрээнд зөвшөөрөлгүй гарын үсэг зурсан учир хуулийн 56.6-д зааснаар түүнээс байрны зарагдсан үнийн дүнгийн 50% болох 27,500,000 төгрөгийн тодорхой хувь болох 6,875,000 төгрөг, хохирлын мөнгө болох 305,000 төгрөгийг тус тус гаргуулна. /энэ нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албанаас 2014.07.03-нд шүүхэд ирүүлсэн №14 ё/98 тоот албан бичиг, Д.Т-гийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдоно. И.Э- нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр өмчлөгчийн нэрийг хасах хэлцлийг гэрчилсэн учир нотариатын үйлдлийг хүчингүй болгох мөн ИХ-н 56.6-д зааснаар байрны зарагдсан үнийн дүнгийн тодорхой хувь болох 6,875,000 төгрөг, хохирлын мөнгө болох 305,000 төгрөгийг тус тус гаргуулна, Ц.Т- нь 2006.10.17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч хасах хэлцлийг ИХ-н 56.1.8-д зааснаар өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хийж бичвэрийг бичиж гарын үсэг зурсан. Энэ хэлцэлд үндэслэн Улсын бүртгэл хийгдсэн, дараа дараагийн хэлцлүүд хийгдсэн. Энэ нь ИХ-н 56.1.10 болно. 2006.10.17-ны өдрийн хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ИХ-н 56.6-д зааснаар хохиролд байрны зарагдсан үнийн дүнгийн тодорхой хувь болох 6,875,000 төгрөг, хохирлын мөнгө болох 305,000 төгрөгийг тус тус гаргуулах  М.Д- нь зарагдсан байрны үнийн дүнгийн нэхэмжлэгчид ноогдох хэсгийн үнийн дүнгийн тодорхой хувь болох 6,875,000 төгрөг, хохирлын мөнгө болох 305,000 төгрөгийг тус тус гаргуулах, Д- хохиролд хамаатай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Түүний оролцоогүйгээр хасах хэлцэл болон бусад хэлцэл хийгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өмчлөгч нар хэн нь ч 2006.10.17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгч хасах хэлцэлд гарын үсгээ зураагүй болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Мөн хасах хэлцэл хийх үед Д- нь уг байранд амьдарч байрыг эзэмшиж байсан. Анхны хасах хэлцлээс хойшхи бүх хэлцэлд оролцсон. Уг байрыг 55,000,000 төгрөгөөр худалдаж мөнгийг бэлнээр авах, төлбөрөө төлүүлж үлдсэн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх зэргээр авч захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хохирол болох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн зардал, бичиг баримт шуудангаар илгээхэд гарсан зардал, нотариатаар итгэмжлэл гэрчлүүлсэн зардал, байрны үнэлгээний ажлын хөлс зэрэг гарсан зардлыг хавсаргасан болно. Хохирлыг хариуцагч нараас ИХ-н 242.11-ээр адил тэнцүү хэмжээгээр гаргуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

        Хариуцагч М.Д- тайлбартаа: ...ИХШХШТХ-н 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлсон. М.Д- нэхэмжлэгч Х.Н-гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэзээ, ямар үйлдлээр, хэрхэн хохирол учруулсан нь тодорхойгүй. Иймд М.Д- нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурьдагдсан үйл баримтуудтай шууд холбоогүй тул хариуцагч биш болно. 2006.10.17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл нь А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд энэхүү харилцаанд М.Д- оролцоогүй. Харин 2009.08.04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр М.Д- уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ба энэхүү өмчлөх эрхийг хуулийн хүрээнд олж авсан тул хууль ёсоор олж авсан эд хөрөнгөтэй холбогдуулан М.Д-гээс шаардах нь үндэслэлгүй. Х.Н-тэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байсан А.Хишигням 2015.01.23-ны өдөр, Х.Даваатогтох 2013.11.19-ний өдөр нас барсан боловч өв нээлгэж, өвлөх эрхийн гэрчилгээг авсан тухай үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдохгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулахаар шаардах үндэслэлгүй юм. Хохиролд улсын тэмдэгтийн хураамж, тээврийн зардал, шуудангийн болон нотариатын зардал, байрны үнэлгээний ажлын хөлс зэрэгт 305,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь дээрх зардал нь мөн хариуцагч М.Д-гээс шууд шалтгаалахгүй нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч өөрийн эрхээ хамгаалахаар гаргасан зардал тул дээрх зардлыг М.Д- хариуцах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч И.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Хишигням, Х.Н- нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 2006 онд баталсан ба А.Хишигням нь өвчний учир гэртээ 16-р баг 19-р байр, 34 тоотод хүү Х.Даваатогтохын асаргаанд гарын үсэг зурах чадваргүй хэвтэж байсан ба охин Х.Н- нь өөрийн биеэр гэрээ хийх үед байсан бөгөөд А.Хишигнямын оронд төрсөн хүү Х.Н-, Х.Даваатогтох нарын нэг нь гарын үсэг зурсан. Тэгээд ч тус байр нь А.Хишигнямын гал голомтыг залгаж үлдсэн ганц хүү болох Х.Даваатогтох нь тус байрандаа аавын хамт 1990-д оноос хамт амьдарч байсан ба түүний өмчлөлд байр нь үлдсэн юм. Ингээд Х.Даваатогтох нь өөрийн өмчлөлийн байраа хэдийд хэнд ямар үнээр зарсан талаар би мэдэх боломжгүй ба мэдэх ч үндэслэлгүй юм. Мөн орон сууцаа зарах эсэх нь надад ямар ч хамааралгүй, энэ байрнаас би нэг ч мөнгө аваагүй учраас Х.Н-гийн нэхэмжлэл нь үндэслэлгүй. Мөн орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл хийгдээд бараг 13 жил болж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

        Хариуцагч Д.Т- тайлбартаа: Миний бие өөрийн дүү Ц.Т-т туслах зорилгоор Х.Даваатогтохтой хийсэн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие тухайн үйл явдлын талаар ямар нэгэн зүйл үл мэдэх бөгөөд тухайн хэрэгт ямар ч холбогдолгүй. Х.Даваатогтохтой хийсэн гэрээний дагуу 2009 онд дахин гэрээ хийж байрыг нь буцаан шилжүүлж өгсөн. Миний хувьд хэрэгт ямар нэгэн холбогдолгүй бөгөөд байрыг нь буцаан өгснөөр ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзэж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Гуравдагч этгээд Л.Ч-, З.О-, Н.Ц- нар шаардлагадаа: ...Н.Ц- миний бие хамтран өмчлөгчид болох Л.Ч-, З.О- нарын хамт 2012.04.02-ны өдөр иргэн Х.Даваадорж, М.Д- нараас Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцыг худалдан авсан ба мөн өдрөөс хөлслүүлж эхэлсэн. Хөлслүүлэх явцад М.Д- нь түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй хойшлуулж ирсэн ба 2012.04.02-ны өдөр хамтран өмчлөгч Л.Ч-, З.О- мөн миний бие уулзахад 2014.04.07-ны өдөр гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг хийнэ, 05.20-ны өдөр байр чөлөөлж өгнө, төлбөрийг хугацаанд нь хийхгүй бол эхний 2 сарын алданги 400,000 төгрөг нэмж төлнө гэсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулж өгнө үү. ..Сүүлийн 3 сарын 2016.06.13-наас 09-13-ны 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо бид хууль ёсоор өмчилж авсан байраа өмчлөгч бус хүмүүсийн шударга бус эзэмшлээс суллуулж чадахгүй 5 сар болж байгаа уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

       Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 142/ШШ2019/00938 дугаар шийдвэр гаргаж, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Н- нарын хооронд 2006-10-17-ны өдөр хийгдсэн хэлцлийг гэрчилсэн нотариатч И.Э-ын нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Н- нарын хооронд 2006-10-17-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Ц.Т-, И.Э- нараас 305,000, төгрөг 305,000 төгрөгийг тус тус гаргуулж Х.Н-д олгож, нэхэмжлэлээс М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нараас тус бүр 6,875,000 төгрөг гаргуулах,  М.Д-, Д.Т- нараас хохирлын 305,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ч-, З.О-, Н.Ц- нарын М.Д-гээс байрны түрээсийн үлдэгдэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 1,358,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, И.Э-, Ц.Т- нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 44,900 төгрөгийг гаргуулж Х.Н-д олгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс төлсөн 297,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ч- нар төлсөн 140,228 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-07-25-ны өдрийн 142/ШШ2019/00938 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 56.6.-д зааснаар М.Д-гээс байрны үнэ 6,875,000 төгрөг, И.Э-оос 7,180,000 төгрөг тус тус гаргуулж, Х.Н-д олгож, Ц.Т-, Д.Т- нараас тус бүр 7,180,000 төгрөг, М.Д-гээс 305,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтанд “... 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь гэсний дараа Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг” гэж нэмж, Шийдвэрийн 5 дахь заалтанд “...И.Э-, Ц.Т- нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 44,900 төгрөгийг гаргуулж” гэснийг И.Э-оос 129,830 төгрөг, М.Д-гээс 124,950 төгрөг тус тус гаргуулж Х.Н-д олгож, шийдвэрийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтыг 1, 2, 3, 4, 5 болгон  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонбаатар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,400 төгрөгийг буцааж олгохоор шийдвэрлэсэн байна.

        Хариуцагч М.Д-, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэг. Х.Н- тус шүүхэд 2006.10.17-ны өдрийн А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан ба түүнээс хойш байгуулсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар маргаагүй гэдгийг хоёр шатны шүүх дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүх М.Д-гээс байрны үнэ 6,875,000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь 2009.08.04-ний өдөр Д.Т-, Х.Даваатогтох нар мөн 34 тоот орон сууцыг буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр М.Д- Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг 1-р хороолол 19-р байрны 34 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Уг гэрээ болон улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа ба М.Д-гээс уг хууль ёсоор эзэмшиж байсан хөрөнгийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ИХ-н 93.1. “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй байх ба давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Хоёр. М.Д- нь 2006.10.17-ны өдрийн А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын хооронд хийгдсэн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийг хүчин төгөлдөр эсэхийг мэдэх боломжгүй. 2006.10.17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах” хэлцэл нь А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд энэхүү харилцаанд М.Д- оролцоогүй. Харин 2009.08.04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр М.Д- уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн ба энэхүү өмчлөх эрхийн хуулийн хүрээнд олж авсан тул хууль ёсоор олж авсан эд хөрөнгөтэй холбогдуулан М.Д-гээс шаардах нь үндэслэлгүй. Хэдийгээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс хэлцлийн үр дагаврыг шаардаж болох боловч энэ тохиолдолд М.Д- хэлцэл хийсэн этгээд биш учир түүнд холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Х.Н-тэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчилж байсан А.Хишигням 2015.01.23-ны өдөр, Х.Даваатогтох 2013.11.19-ний өдөр нас барсан боловч өв нээлгэж, өвлөх эрхийн гэрчилгээг авсан хэрэгт тогтоогдохгүй байх тул эд хөрөнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулахаар шаардах боломжгүй юм. ИХ-н 56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэх заалтууд нь зөвхөн хэлцэл хийсэн талуудад хамааралтай зохицуулалт бөгөөд М.Д- хэлцлийн оролцогч биш байтал хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь буруу. М.Д- ямар үндэслэлээр 6,875,000 гаргуулахаар шийдвэрлэсэн ойлгомжгүй байна. Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 144 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хариуцагч М.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019.07.25-ны өдрийн 142/ШШ2019/00938 тоот шийдвэрт А.Хишигням, Х.Даваатогтох нар нь нас барсан байх ба тэдний өв залгамжлал шийдвэрлэгдсэн баримт авагдаагүй байхад уг орон сууцны зарагдсан үнээс ногдол хэсгийг хүваарилан шийдвэрлэх боломжгүй гэж зөв дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад Давж заалдах шатны шүүх орон сууц зарагдсан үнээс баримжаагаар нөхөн олговор ч юм уу, гэм хорын хохирол ч юм уу аль нь тодорхой бус мөнгөөр тодорхойлж хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. И.Э- нь зөвхөн тодорхой үйлдлийг гэрчлэх субъект болохоос биш, дээрхи орон сууцаас ямар нэг ашиг орлого хүртэгч биш учраас И.Э-оос ямар нэг төлбөр гаргах нь хууль бус үйлдэл юм. Тухайн үед нотариатч И.Э- нь бүх хүмүүсийг байлцуулан нотариатын үйлдлийг гэрчилсэн ба энэ талаар тодорхой гэрчилсээр байхад Х.Н-г байлцуулаагүй мэтээр, хэн нэг нь Х.Н-гийн гарын үсгийг дууриалган оронд нь гарын үсэг зурсан гэж шийдвэрлэж байгаа нь бусдыг илтэд гүтгэсэн үйлдэл болжээ. Мөн тухайн орон сууц нь бусдад зарагдсан үнэ тодорхой байхад хохирлын мөнгө гэж тодорхой бус мөнгөн дүн гаргаж, бид нараар төлүүлэх нь утгагүй асуудал юм. Х.Н- нь шүүхэд хохирлын болон гэм хорын хохирол тогтоолгох талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно. Орон сууцны өмчлөгч Х.Даваатоггох, А.Хишигням нар нь нас барсан байхад, мөн түүний гэр бүл болох М.Д- би 3 хүүхдийн хамт амьдарч байгаа нь хэрэгт авагдсан материалаар тогтоогдож байхад миний болон хүүхдүүдийн өв залгамжлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа хэнд хэчнээн төгрөг ногдох, хохирлын мөнгийг хэнээс гаргуулах зэрэг нь үнэн зөвөөр тодорхойлогдох ёстой гэж үзэж байна. Иймд магадлалыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Х.Н- 2014.04.15-ны өдөр шүүхэд хандаж М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нар тус бүрээс 7,180,000 төгрөг нийт 28,720,000 төгрөг гаргуулах, 2006.10.17-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” \цаашид 2006.10.17-ны өдрийн хэлцэл гэх\ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

         Гуравдагч этгээд Н.Ц-, Л.Ч-, З.О- нар нь Х.Н-, М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдуулан нийт 2,558,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот /цаашид 34 тоот гэх/ -ыг чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргажээ.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан М.Д-гийн гомдлыг хангахгүй орхиж,  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад  2006.10.17-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, М.Д-гээс 6,875,000 төгрөг, И.Э-оос 7,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

        Магадлалд нэхэмжлэгч Х.Н-, хариуцагч И.Э-, Д.Т-, Ц.Т-, гуравдагч этгээд Н.Ц-, Л.Ч-,З.О- нар гомдол гаргаагүй тул  магадлалын хэмжээнд   М.Д-гийн гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

         2. М.Д-гийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.    

      2.1. Хариуцагч М.Д- болон түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо “...Х.Н- хохирол тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй...” гэсэн нь  үндэслэлгүй байна.

      Х.Н- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлээ өөрчилж байсан, хяналтын гомдолд “...нэхэмжлээгүй зүйлийг шүүх шийдсэн...” гэсэн үндэслэл заасан байх тул энэ талаар тухайлан дүгнэлт хийх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Х.Н- 2014.04.15-ны өдөр өөрийн дүү Х.Даваатогтохын гэр бүл М.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот /цаашид 34 тоот гэх/, дөрвөн хүний буюу Х.Н- болон түүний эцэг А.Хишигням, эх Д.Лхамсүрэн, дүү Х.Даваатогтох нарын өмчлөлийн орон сууцны гэрчилгээг дэлгэрэнгүй лавлагааны хамт гаргуулахыг хүссэн /хх1-н 1/ байна.

      2014.06.12-ны өдөр нэхэмжлэлээ өөрчлөн, улсын бүртгэлээс хассан баримтад гарын үсэг зураагүйг тогтоолгох, 34 тоотын хамтран өмчлөгчөөр Х.Н-, А.Хишигням нарыг тогтоохыг Улсын бүртгэлийн газарт даалгах, 34 тоотыг худалдсан мөн буцааж худалдан авсан гэх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаарджээ. /хх1-н 64/

       2014.06.13-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж, М.Д- болон нотариатч И.Э- нарт холбогдуулан 2006.10.17-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцон хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгах, нотариатын 2006.10.17-ны өдрийн үйлдлийг хүчингүй болгох, 2006.10.17-ны өдрөөс хойш хийсэн бүх хэлцлийг  хүчингүйд тооцуулахыг хүссэн байна. /хх1-н 89/

       2014.10.15-ны өдөр шаардлагаа өөрчлөн “..2006.10.17-ны өдрийн хэлцлээс хойш хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулж, 34 тоотын өмчлөгчөөр тогтоолгоно...” гэжээ. /хх1-н 179/

       2014.11.28-ны өдөр 34 тоотыг худалдан авсан, буцаан худалдсан гэрээний тал болох  Д.Т-г хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан байна. /хх1-н 229/

      2016.02.01-ний өдөр нэхэмжлэлээ тодруулахдаа “...2006.10.17-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцох, М.Д-, Х.Даваатогтох нарт олгосон гэрчилгээг хүчингүйд тооцох, 34 тоотыг Н.Ц-, Л.Ч-, З.О- нарт худалдсан гэрээ болон тэдгээрт олгосон гэрчилгээг хүчингүйд тооцох, 2012.04.13-ны өдрийн хөлслөх гэрээг хүчингүйд тооцох, Х.Н-г өмчлөгчөөр тогтоохыг бүртгэлийн албанд даалгах, 34 тоотын ус дулаан цахилгааны мөнгийг М.Д-гээр төлүүлэх, хууль бус ажиллагаанаас учирсан хохирлыг төлүүлэх..” гэжээ. /хх2-н 172/

       2017.05.08-ны өдөр Д.Т-гийн дүү Ц.Т-ийг хариуцагчаар оролцуулахыг хүсэж, “...байр зарагдсан байна мөн зардал хохирол их гарч байна...” гээд тэдгээрээс тус бүр 7,180,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх4-н 91-94,107/

       2018.12.12-ны өдөр нэхэмжлэлээ өөрчилж, М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдуулан 2006.10.17-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцох,  28,720,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...34 тоотыг бусдад зөвшөөрөлгүй зарсан тул худалдсан үнэ 55,000,000 төгрөгөөс ногдох тал хувь 27,500,000 төгрөгийг авна..мөн нэхэмжлэлтэй холбоотой 1,220,000 төгрөгийн хохирол гарсан ...үүнд: нэхэмжлэл өөрчилсөн зардал 298,950 төгрөг, шуудангийн зардал 15,660 төгрөг,нотариатын 14,000 төгрөг, тээврийн зардал 272,400 төгрөг, байрны үнэлгээ хийсэн зардал 85,000 төгрөг, хоол 195,000 төгрөг... ” гэжээ /хх4-н 109-111,119/

        Дээр дурдсаныг дүгнэн үзвэл Х.Н- нь М.Д-, И.Э-, Д.Т-,  Ц.Т- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2006.10.17-ны өдрийн  хэлцлийг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны ногдох хэсэг 27,500,000 төгрөг, хохирол 1,220,000 төгрөгийг   М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нар тус бүрээс 7,180,000 төгрөг \27,500,000:4= 6,875,000., 1,220,000:4= 305,000., 6,875,000+305,000= 7,180,000\, нийт  28,720,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

        Зохигч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд мэтгэлцэж, шүүх дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нь өөрт нь хохирол учирсан гэж үзэж шүүхэд хандсан байх тул “...Х.Н-гийн нэхэмжлэлд дурдаагүй шаардлагын талаар шүүх шийдвэр гаргасан...”  гэх гомдол үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. 

        2.2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: 34 тоот нь 2006.10.17-ны өдрөөс өмнө А.Хишигням, Д.Лхамсүрэн, Х.Н-, Х.Даваатогтох нарын өмчлөлд байсан. Д.Лхамсүрэн 2001.12.07-ны өдөр нас барж, орон сууц А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын өмчлөлд үлдсэн. 2006.10.17-ны өдрийн хэлцлээр орон сууц нэг хүний буюу Х.Даваатогтохын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 2007.01.25-ны өдрийн гэрээгээр Х.Даваатогтох нь Д.Т-д 34 тоотыг худалдах, 2009.08.04-ний өдрийн гэрээгээр  Д.Т- нь 34 тоотыг буцааж, өмчлөгчөөр нь Х.Даваатогтох, М.Д- нар бүртгэгдсэн байна. Үүнээс хойш, 2012.04.02-ны өдөр Х.Даваатогтох, М.Д- нар  34 тоотыг худалдаж, Л.Ч-, З.О-, Н.Ц- нар өмчлөгч болсон байна. Х.Даваатогтох 2013.11.19-ний өдөр, А.Хишигням 2015.01.23-ны өдөр нас баржээ. 

        а\. Х.Н- нь  2006.10.17-ны өдрийн  хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргасан, энэ шаардлагыг шүүх хангасан, хариуцагч М.Д- эс зөвшөөрч гомдсон тул хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийнэ.

         А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нар  34 тоотын хамтран өмчлөгч болох нь тогтоогдсон, 2006.10.17-ны өдрийн  хэлцэл А.Хишигням, Х.Н-, Х.Даваатогтох нарын зөвшөөрөлгүй хийгдсэн нь баримтаар нотлогдсон байна.   

        Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр захиран зарцуулж болно. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

      Иймд хоёр шатны шүүх  2006.10.17-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

       Харин шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Анхан шатны шүүх  2006.10.17-ны өдрийн хэлцлийг “...хүчин төгөлдөр бус байна..” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон хэдий ч хэргийг шийдвэрлэхдээ хэлцлийг  хүчин төгөлдөр бус гэж “...тооцсон...” нь, давж заалдах шатны шүүх өөрчлөөгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

        Хэлцэл “хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх” тохиолдол нь “ хүчин төгөлдөр бус гэж тооцох” зохицуулалтаас өөр бөгөөд хоорондоо ялгаатай юм. Хэлцлийг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ тохиолдолд заавал нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй юм. Харин хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж “тооцох” үндэслэлийг Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан ба энэ тохиолдолд шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар   дүгнэлт хийнэ.   

        Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “..Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Н- нарын хооронд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай..” гэснийг 

       “..Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Н- нарын хооронд 2006.10.17-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл” нь  хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай...” гэж зөвтгөнө. 

        б\. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 34 тоотыг бусдад худалдсан үнийн тал хувь 27,500,000 төгрөг буюу хариуцагч тус бүрээс 6,875,500 төгрөг нэхэмжилсэн, шүүх нэхэмжлэгчид 6,875,500 төгрөг олгохоор шийдвэрлэснийг М.Д- эс зөвшөөрсөн тул  хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийнэ. 

          2006.10.17-ны өдрийн хэлцэлд зурагдсан гарын үсэг Х.Н-гийн гарын үсэг биш болох нь, 34 тоотыг Х.Д- гуравдагч этгээд нарт худалдаж, мөнгийг нь авсан нь нотлогдсон  байна. 

         Үндэслэлгүй олж авсан зүйлийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө.

       Иймд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Д-гээс 6,875,000 төгрөг гаргуулсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.     

        2.3. “...И.Э- нь орон сууцнаас ямар нэг ашиг орлого хүртэгч биш байхад төлбөр гаргуулсан нь хууль бус...” гэх М.Д-гийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.     

       Хариуцагч И.Э- давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, М.Д- болон түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нар И.Э-ыг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

        Иймд шүүхийн шийдвэр, магадлалын И.Э-од холбоотой хэсгийг эс зөвшөөрсөн М.Д- болон түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт нийцэхгүй юм. 

        Харин шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. И.Э-ын үйлдлээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь тогтоогджээ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан И.Э-од холбогдох нэхэмжлэлийг хангасныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болгож өөрчилнө.

        3. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах бусад үндэслэлийн талаар:

      Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт оруулсан зарим өөрчлөлт нь үндэслэлгүй болжээ. Шүүх Х.Н-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм.

       3.1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт “...Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох..” өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлгүй болсноос гадна анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаарх зарим хэсгийг шийдвэрлээгүй орхисон байдлыг залруулаагүй нь, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа шийдвэрийн  заалтыг ойлгомжгүй болгосноос гадна хэмжээг  дутуу тооцсон нь дутагдалтай байна.

        а\. Х.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд эцэст нь М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан болохыг дээр дурдсан.

       Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ямар нэг шаардлага тавиагүй, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн үр дагаврыг шийдвэрлэхийг хүссэн ч энэ тухай нэхэмжлэлээ өөрчилсөн тул Х.Н- нь Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ.

       Иймд шийдвэрт “хэргийг хэрэгсэхгүй болгох” өөрчлөлт оруулсан заалтыг магадлалаас хасах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ.

        Харин И.Э-од холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байгааг дурдах нь зүйтэй байна. 

        б\. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд нар хэнд холбогдуулан бие даасан шаардлага гаргасан болохыг тодорхой заагаагүй, давж заалдах шатны шүүх залруулаагүй нь тус тус дутагдалтай болжээ.     

       Гуравдагч этгээд Н.Ц-, Л.Ч-, З.О- нар нь нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргасан, давж заалдах шатны шүүх бие даасан шаардлагын талаар зөв дүгнэлт хийсэн боловч энэ нь Х.Н-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдож буйг  анхаараагүй орхисон байна.  

       Тодруулбал, гуравдагч этгээд Н.Ц-, Л.Ч-, З.О- нар нь  “...34 тоотыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нийт 2,558,000 төгрөг гаргуулах..” бие даасан шаардлага гаргахдаа “...М.Д- болон холбогдох этгээдүүдээс  түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 58,000 төгрөг, 2014.06.13-ны өдрөөс 2014.09.13-ны өдрийн түрээс 1,200,000 төгрөг авна... байраа чөлөөлүүлнэ...” /хх1-н 34, 157,166/ гэжээ.

        Гуравдагч этгээдийн шаардлагатай холбогдуулан хариуцагч, нэхэмжлэгч нар тайлбар өгсөн байна.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд бие даасан шаардлагатай  холбогдуулан тайлбар гаргаж, мэтгэлцсэн, давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий буюу Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

        Иймд магадлалд заасан үндэслэлээр Н.Ц-, Л.Ч-, З.О- нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага нь  Х.Н-, М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдуулан  гаргасныг тодруулсан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй байна.

       в\. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулахдаа зарим хэсгийг давхардуулснаас уг заалт ойлгомжгүй болсон, мөн хариуцагч нараас гаргуулах тэмдэгтийн хураамжийн хэмжээг дутуу тооцсон байх тул залруулах шаардлагатай гэж үзлээ. 

     Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 297,950 төгрөг нийт 369,150 төгрөгийг, мөн гуравдагч этгээдээс төлсөн 140,228 төгрөгийг шүүх тус тус  улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн нь зөв болжээ.     

      Харин нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа М.Д-, И.Э- нараас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг дутуу тооцсон байна.   

       Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөр өөр цаг хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөхдөө улсын тэмдэгтийн хураамж төлж байсан зэргийг харгалзан Х.Н-гийн төлсөн тэмдэгтийн хураамжийн хэмжээгээр тооцоог хийх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1., 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй гэж үзлээ.  

       Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  нийт 371,750 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс 369,150 \70,200+297,950\ төгрөг төлсөн байна.    

      Шүүх нэхэмжлэлээс хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг М.Д-, И.Э- нар тус бүрээс 35,100 \ 35,100х2=70,200\ төгрөг гаргуулах нь  хуульд нийцнэ.   

       Түүнчлэн, нэхэмжлэлийг хангасан хэмжээнээс тооцвол И.Э-оос гаргуулах 7,180,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 129,830 төгрөг, М.Д-гээс гаргуулах 6,875,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжид 124,950 төгрөг ногдож байгаа бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.   

        Иймд хариуцагч И.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 164,930 \35,100+129,830\ төгрөг, М.Д-гээс 160,050 \35,100+124,950\ төгрөг нийт 324,980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00938 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Даваатогтох, А.Хишигням, Х.Н- нарын хооронд 2006.10.17-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл”  нь  хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай...” гэж

 

3 дахь заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан М.Д-гээс 6,875,000 төгрөг, И.Э-оос 7,180,000 төгрөг тус тус гаргуулж Х.Н-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу Д.Т-гаас  7,180,000 төгрөг, Ц.Т-аас 7,180,000 төгрөг, М.Д-гээс 305,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж

 

4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Х.Н-, М.Д-, И.Э-, Д.Т-, Ц.Т- нарт холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, 19-р байрны 34 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нийт 2,558,000 төгрөг гаргуулах тухай Н.Ц-, Л.Ч-, З.О- нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж

 

 5 дахь заалтыг “.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид М.Д-гээс 160,050 төгрөг, И.Э-оос 164,930 төгрөг нийт 324,980 төгрөг гаргуулж Х.Н-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн 368,150 төгрөгийг, гуравдагч этгээд Л.Ч- нараас төлсөн 140,228 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэж тус тус өөрчлөн

 

шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч М.Д- түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2019/05478 дугаар захирамжаар М.Д- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД,                              Х.СОНИНБАЯР

                                                                                             Б.УНДРАХ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД