| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/01283/И |
| Дугаар | 196 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Хотгойд овгийн ******* ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* /Дархан-Уул аймаг, ******* байрлах, утас: *******, *******/-д холбогдох
“3,796,380 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие С.******* нь *******-д харуулаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Би хууль бусаар ажлаас халагдлаа гээд шүүхэд хандахад Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх намайг 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 311 тоот шийдвэрээр харуулын ажилд эгүүлэн тогтоосон. Өнөөдрийг хүртэл намайг харуулын ажилд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан 2017.03.17-ны өдрөөс 2017.12.31-ний өдрийг дуустал хугацааны цалин болох 3,796,380 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...С.******* нь Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажлаар хангах ёстой гэж дурдсан. *******-ийн харуулын албанд 4 орон тоо байсан боловч 2015 онд 5 хүн ажиллаж байсан учраас С.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож ажиллуулах орон тоо байгаагүй. Тиймээс *******-ийг С.*******ыг өөрийнх нь ажлын байранд ажиллуулсангүй гэж буруутгах зүйл байхгүй. С.*******ын хувьд харуулын албаны дарга ******* хувийн таарамжгүй харилцаатай байдаг тул маргаантай байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд ажилд нь эгүүлэн тогтоосон байдал ажилдаа оролгүй цаг алдаж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан нэхэмжлэгчийн данс руу 1 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс С.*******од дахин ажилгүй байсан хугацааны цалин гаргаж өгөх боломжгүй...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.*******ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 17-ноос 2018 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 4,071,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.******* нь тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 311 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 71 тоот магадлалаар *******-ийн харуулын ажилд эгүүлэн томилогдсон ажилтан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... гэснээр ажил олгогч ******* нь ажилтан С.*******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Зохигчдын шүүхэд гаргаж байгаа тайлбарт дурдсанаар ажил олгогч байгуулагад 4 харуул ажиллах орон тоо, бүтэц батлагдсан атал 5 харуул ажиллаж байгаа, орон тоо байхгүй гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 ...ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй... гэснээр ажилтны ажлын нөхцөлийг зохицуулах үүрэгтэй бөгөөд 311 тоот шийдвэрт энэ талаар дурдсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр хуульчилсан.
311 тоот шүүхийн шийдвэрээр ажил олгогч *******-д ажилтан С.*******ыг харуулын албан тушаалд эгүүлэн авахыг үүрэг болгосон тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогч сайн дураар биелүүлээгүй бол С.******* албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргах эрхтэй бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай захирамж бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 10 дугаар сард эхэлсэн нь ажил олгогчоос ажилтанд олгох ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээ нэмэгдсэн байх ч ажил олгогчид ажилтныг харуулын ажилд авах тухай шүүхийн шийдвэрээр үүрэг болгосныг ажил олгогч биелүүлээгүй, энэ талаар өөрийн эрх хэмжээнд тушаал шийдвэр гаргаагүй буруутай байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 1/223 тоот тогтоолоор нотлогдож байх тул С.*******ыг харуулын ажилд нь эгүүлэн аваагүй хугацааг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж тооцон 255 хоногийн цалин гаргуулах нь зүйтэй байна.
Түүний 1 өдөрт авах цалинг 18,340 төгрөг гэж Давж заалдах шатны шүүхийн 71 тоот магадлалд тооцсон тул / 255 хоног х 18,340 төгрөг/ 3,411,240 төгрөгийг *******-иас гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 660,240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн /100 төгрөг+75,600 төгрөг/ тэмдэгтийн хураамж 75,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 75,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар 3,411,240 төгрөгийг *******-иас гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгож, 660,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан /100 төгрөг+75,600 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 75,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 75,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ