Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 102/2019/03875/И |
Дугаар | 001/ХТ2021/00532 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00532
Ц.Баяраагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1370 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ц.Баяраа
Хариуцагч: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам
нэхэмжлэл: 2019.11.11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт болон 13 дахь сарын цалин, цалингийн зөрүү нийт 42,440,935 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар 2020.07.31-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхсүх, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2016.09.21-ний өдрийн 228 тоот тушаалаар Дархан Цэрэгжүүлсэн хамгаалалтын салаан даргаар томилогдон ажилласан. Гэтэл 2017.04.04-ний өдрийн 58 дугаартай тушаалаар салаан даргын үүрэгт ажлаас чөлөөлж, харуулын ахлахаар томилон ажиллуулж байгаад 2017.09.13-ны өдөр албаны даргын дугаар 207 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлан ажлаас халсан. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу БГД-н ИХАШШ-ийн 2017.07.21-ний өдрийн 102/ШШ2017/02070 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.11-ний өдрийн 2024 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019.09.25-ны өдөр Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн томилсон. Ажилдаа буцаан томилогдож ажлаа хийгээд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байтал 2019.10.07-ны өдрийн А-469 дугаартай тушаалаар миний ажлын орон тоог цомхотгож, улмаар 2019.11.11-ний өдрийн 338 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд 2017.09.13-с 2019.09.25-г хүртэлх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38,383,361 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Мөн 2017 он, 2018 он, 2019 оны 13 дугаар сарын цалинд нийт 3,000,000 төгрөг гаргуулах, 2017.04.04-с 2017.09.13-ны өдрийн цалингийн зөрүүнд 1,057,574 төгрөг гаргуулна. Ажил олгогч Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019.11.11-ний өдрийн 338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 5. Ц.Баярааг Дархан-Уул аймаг дахь Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн шинээр бий болсон харуулын ахлахын орон тоонд эсхүл түүнтэй адилтгах ажилд эгүүлэн томилуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Баяраа УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017.04.04-ний өдрийн 58 тоот тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 онд шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баяраа ажлаас үндэслэлгүй халагдсанаар ажил олгогчийн зүгээс түүнд цалин олголгүй эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.11-ний өдрийн 2024 тоот магадлалаар түүний ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэснээс хойш 3 сарын дотор буюу 2017.12.11-ний өдрийн дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандах эрхтэй байсан. Ц.Баяраа ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь шүүх эцэслэн шийдвэрлэх үед энэ талаар мэдсэн бөгөөд тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. УБТЗ-ын дарга нь эрх бүхий байгууллагаас өөрт шилжүүлсэн эрхийн дагуу бүтцийн өөрчлөлтийг хийж, 2019.10.07-ны өдрийн А-469 тоот тушаалаар УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан. Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгодог. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогч хуулиар олгосон эрхийн хүрээнд өөрийн санаачлагаар ажилтанг ажлаас чөлөөлөх журамтай байдаг. Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийн дагуу Ц.Баяраад энэ тухай нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдаг. Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харьяанд нэгтгэж үйл ажиллагааг боловсронгуй болгох, улмаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийн даргын ажлын орон тоог хасах шалтгаан нь ажлын чиг үүргийг давхацсан буюу Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын анги нь Дархан, Цайдам болон ТЗ-ын аж ахуйн нэгжүүдийн гал түймрийн аюулгүй байдал хариуцан ажилладаг бөгөөд тус ангийн галын мэргэжлийн ангийн харьяанд Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааг шилжүүлэн нэгтгэж, нэг удирдлагаар хангах зорилгоор Салаан даргын орон тоог цомхтгосон болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага агуулгаараа ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь ажил олгогчоос тухай ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн үр дагавар бүхий акт, хэм хэмжээ байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч Ц.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй өөрийг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон А-469 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар шаардлагадаа илэрхийлээгүй байгаа нь гаргаад буй шаардлагын агуулгад нийцүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 1,651,914 төгрөгийг гаргуулан Ц.Баяраад олгох, нэхэмжлэлээс 40,789,021 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017.09.13-ны өдрөөс 2019.09. 25-ны өдрийг хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-р Ц.Баярааг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъя Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасгийн харуулын ахлахын ажилд томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-р нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 376,799 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагчаас 100,580 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1370 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 26,280,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 16,160,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, Ц.Баяраагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017.09.13-ны өдрөөс 2019.09. 25-ны өдөр хүртэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 болгож, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1730 тоот магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож ... гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Ц.Баярааг анх УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2016.09.21-ний өдрийн 228 дугаар тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргаар томилсон бөгөөд УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2017.04.04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд томилох тухай 58 дугаартай тушаалаар Ц.Баярааг салааны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг хууль бус тушаалыг эс зөвшөөрч Ц.Баяраа нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу БГД-н ИХАШШ-н 2017.07.21-ний өдрийн 102/ШШ2017/02070 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.11-ний өдрийн 2024 тоот магадлалаар тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. ИХШХШТХ-н 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-д Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Хариуцагчаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тодорхой хугацаанд биелүүлэхгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч, УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019.09.25-ны өдрийн 276 тоот тушаалаар Ц.Баярааг ажилд нь эгүүлэн авсан. Ц.Баярааг ажилд авснаас хойш 12 хоногийн дараа Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн даргын 2019.10.07-ны өдрийн Орон тоо хасах тухай А-469 тоот тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салаан даргын 1 орон тоог 2019.10.07-ны өдрөөс хасч шийдвэрлэсэн. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3 дахь заалт, Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, Ерөнхий хорооны 2009.04.17-ны өдрийн 04 дүгээр хурлын протоколыг үндэслэн гарсан байдаг. Гэтэл тушаалын үндэслэл болсон хуулийн заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3 дахь заалтын аль хэсэгт заасныг үндэслэж байгаа нь тодорхой бус бөгөөд Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт нь тушаал, шийдвэр гаргах, ажилчин, алба хаагчдыг ажилд авах ба халах зохицуулалтыг зохицуулсан байна. Үүнээс үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн даргын 2019.10.07-ны өдрийн Орон тоо хасах тухай А-469 тоот тушаалаар ажилтан, алба хаагчдыг ажлаас халах зохицуулалтыг тусгасан нь тухайн өдөр Ц.Баярааг ажлаас халсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл УБТЗ-н цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2019.11.11-ний өдрийн Цээпил овогтой Баяраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 338 дугаар тушаалыг ажлаас халах эрхгүй албан тушаалтан гаргасан болох нь Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлд зааснаар Замын даргад ажлаас халах эрх олгогдсон байна. Хавтаст хэрэгт Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-ийн даргын дээрх эрхийг Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргад шилжүүлсэн гэх үйл баримт авагдаагүй ба хариуцагчийн зүгээс ХХ-ийн 177-179 хуудас татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын 2009.04.17-ны өдрийн № 04 тоот тогтоолын 10.6 дахь заалтаас үзэхэд ... бүтэцийн салбар нэгжүүдийг байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэр гаргаж байхыг Замын даргад зөвшөөрсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтаас үзэхэд салбар, нэгж татан буугдах болон орон тоо хасах гэсэн ойлголтууд тус тусдаа өөр өөр бөгөөд Ерөнхий хорооны хурлын 2009 оны 04 дүгээр хурлын протоколоор Замын даргад орон тоо хасах эрх олгосон эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:, 16 дугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...эрхтэй гэж заасан. Улаанбаатар төмөр замын даргын 2020.01.02-ны өдрийн Орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаас харахад өмнөх оныхоос албан тушаалын орон тоо нь 5 орон тоогоор нэмэгдсэн ба харуулын ахлахын орон тоо 1-ээр нэмэгдсэн байна. Энэ ч үүднээс нэхэмжлэгч талаас ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ хүрээнд Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийн харуулын ахлахын албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын 1 орон тоог хассан нь цомхотгогдсон гэх хууль зүйн үндэслэл болох ба адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг нь ажил олгогчид байна. Өөрөөр хэлбэл хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбарт орон тоо хасагдсан албан тушаалтан, цомхотгогдсон албан тушаалтныг хооронд ялгаатай гэсэн байдлаар тусгаагүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 1730 тоот магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож ... гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Баяраа 2019-11-12-ны өдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2019.11.11-ний өдрийн 338 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт болон 13 дахь сарын цалин, цалингийн зөрүү нийт 42,440,935 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан байна.
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч энэ нь ямар ажил албан тушаал болохыг тодорхой заагаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулаагүй атлаа Ц.Баярааг Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харъяа Дархан дахь цэрэгжүүлсэн хамгаалтын тасгийн харуулын ахлахын ажилд ...томилж.. шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхисон байна.
Нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхой бус байхад хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчинө.
2. Хариуцагч ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019.09.25-ны өдрийн 276 тоот тушаалаар Ц.Баярааг ажилд нь эгүүлэн авсан атлаа 2019.10.07-ны өдөр Орон тоо хасах тухай А-469 тоот тушаал гаргаж, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салаан даргын нэг орон тоог хассан үндэслэл тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг тодруулж, зохигчийн хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн баримтыг үнэлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/01305 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1370 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД