Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00484

 
 

Химон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01882 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Химон констракшн ХХК

Хариуцагч: Ихминж ХХК

 

нэхэмжлэл: 21,612,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2020-01-02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндонгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тамжид, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Химон констракшн ХХК нь Ихминж ХХК-тай 2015.08.03-ны өдөр 2015103 дугаар Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ихминж ХХК нь нийт 432,993,500 төгрөгийн бараа материалыг Химон констракшн ХХК-д нийлүүлэх, төлбөрт нь Саншайн Виллаже хотхоны С блокны 4/405 тоот 121.97 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг авахаар харилцан тохиролцсон. Ихминж ХХК 2016.08.03-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг урьдчилан авч үлдэгдэл барааг 90 хоногийн дотор нийлүүлж дуусгахаар тохиролцох тухай Баталгааны гэрээ хийх хүсэлт гаргасан. Уг баталгааны гэрээгээр Ихминж ХХК нь 2016.08.01-ний өдрийн байдлаар нийт 432,933,500 төгрөгийн бараа материал нийлүүлэхээс 223,314,880 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр 209,678,620 төгрөгийн бараа материалыг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Ихминж ХХК-ийн нэр дээр шилжсэн өдрөөс 90 хоног хүртэлх хугацааны дотор бүрэн нийлүүлж дуусна гэдгээ хариуцлагатайгаар баталж байна гэсэн байдаг. Хариуцагч бараа материал борлуулсан тул НӨАТ төлж, манай компанид НӨАТ-ын баримт өгөх ёстой атал өгөөгүй. Талууд гэрээгээр тохирсон үнийн дүнгээс зөрүүтэй үнээр баримт бичиж, бараа нийлүүлсэн. Хариуцагч нь талууд тооцоо нийлсэн хугацаанд хамаарах 2016.07.20-ны өдрийн зарлагын падааныг 2017.01.01-ний өдөр гэж бичсэн, 55,423,680 төгрөгийн баримт гаргаж байгааг зөвшөөрөхгүй, уг баримт нь тооцоо нийлсэн үед хамаарах баримт юм. Шүүх талуудыг тооцоо нийл гэсэн боловч хариуцагч нийлээгүй. Иймд үлдэгдэл бараа материалын үнэ болох 21,612,020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Талууд 2015103 дугаар Бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай компани 432,993,500 төгрөгийн бараа материалыг Химон констракшн ХХК-д нийлүүлж, төлбөрт нь Саншайн Виллаж хотхоны С блокны 4/405 тоот 121.97 м.кв бүхий 4 өрөө байрыг авахаар тохиролцсон. Бидний хувьд гэрээнд заасан орон сууцыг бартерт авч бараа материалыг 2018.06.29-ний өдөр тасалбар болгон бүрэн нийлүүлж дууссан ба ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан харилцагчийн өглөг, авлагын дэлгэрэнгүй гүйлгээг харахад зарим бараа материалын үнийн дүн дутуу шивэгдсэн байдаг. 2016.07.20-ны өдөр Химон констракшн ХХК нь 39,115,980 төгрөгийн үнэ бүхий цахилгаан самбар авсан боловч нэмж тоноглуулан 55,423,680 төгрөгийн бараа, материал авсан атлаа үүнийг анхны үнийн дүнгээр шивж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний хавсралтад барааны үнийг тохирсон боловч самбарын иж бүрдлийг тохироогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 181/ШШ2019/01882 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д заасныг баримтлан Ихминж ХХК -иас 21,612,020 төгрөг гаргуулан Химон констракшн ХХК -д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266,010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01882 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ихминж ХХК-иас 5,301,420 төгрөгийг гаргуулан Химон констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,310,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 235,742 төгрөгийг буцаан олгохоор заасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалд Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх дээрх баримтыг нэг тал үйлдсэн төдийгүй ИХШХШТХ-н 44.2 ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна гэж дүгнэж, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад заасан бараа материалын үнийг буюу Цахилгааны самбар -ыг 39,115,980 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсоныг Химон констракшн ХХК-ийн талбайн инженер н.Барсаад /талуудын хооронд байгуулагдсан гэрээ, барааны үнийн талаар ямар ч ойлголтгүй ажилтан/ 2016-07- 20-ны өдөр хүлээлгэн өгөхдөө 55,423,680 төгрөг гэж Зарлагын падаан үйлдэж гарын үсэг зуруулсан баримтыг ач холбогдолтой нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болон талуудын тайлбарт дүгнэлт өгөхгүй шийдвэрлэж шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр цахилгааны самбарыг 39,115,980 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, мөн хариуцагч талын тайлбарлаж буй шиг цахилгааны самбарт нэмэлт тоноглол хийлгэх хүсэлтийг манай байгууллага гаргаагүй, нэмэлт тоноглол хийгдээгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй болно. Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд хаяглан албан бичгээр 2016.08.01-ний өдрийн байдлаар 223,314,880 төгрөгийн нийлүүлсэн, үлдэгдэл 209,678,620 төгрөгийн барааг нийлүүлэхээ мэдэгдсэн бөгөөд цахилгааны самбарыг 39,115,980 төгрөгөөр нийлүүлснээ хүлээн зөвшөөрсөн байхад цахилгааны самбарт нэмэлт тоноглол нэхэмжлэгчийн санаачилгаар хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас шүүхэд Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ-ний баримтыг эх хувиар нь гарган өгч хэрэгт хавсаргасан болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Химон констракшн ХХК 2019.05.14-ний өдөр Ихминж ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 21,612,020 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Ихминж ХХК-иас 5,301,420 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хариуцагч гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хэмжээнд магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

2. Ихминж ХХК Химон констракшн ХХК-д нийт 432,993,500 төгрөгийн бараа нийлүүлэх, нэхэмжлэгч 121.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх зохигч нарын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд нийцжээ.

Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэлийн үндэслэл болсон арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

3. Хариуцагчийн өмчлөлд орон сууц шилжсэн, энэ талаар зохигч маргаагүй тул уг үйл баримтыг нотлогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцжээ.

4. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулбарын үнэн зөв нь нотариатаар гэрчлэгдээгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь дутагдалтай байх тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

5. Ихминж ХХК нь 2016.07.20-ны өдөр Химон констракшн ХХК /н.Барсаа/-д 55,423,680 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн /хх 31, 70/ баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2, 274.3 дахь хэсэг, 275 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2013 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 239,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ